Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

Метро 2033

Оросын залуу зохиолч Дмитрий Глуховскийн "Метро 2033" зохиолыг орчуулан оруулж байгаадаа таатай байна.

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага

Suspense Novel зохиолын хатан хаан Агата Кристигийн алдартай нэгэн номыг орчуулан оруулж байгаадаа таатай байна!

Thursday, August 22, 2013

Дмитрий Глуховскийн "Метро 2033" (1-р бүлэг)

Анхааруулга: Би энэхүү зохиолыг ном болгон хэвлүүлэхээр ажиллаж байгаа тул үүнээс хойшхи орчуулсан байсан бүлгүүдийг unpublish хийсэн байгаа шүү.

1-р бүлэг : Газрын гүнд

      'Тэнд хэн байна? Артём, чи яваад шалгаад ирээч'
      Артём ил галын дэргэдэх тохилог суудлаасаа яаралгүйхэн шиг өндийж, удалгүй нуруундаа үүрсэн буугаа авч цээжнийхээ өмнө барилаа. Харанхуйн зүгрүү, хонгилын гүнрүү тэр алхсаар ил галын гэрэл туссан хэсгээс цааш хөдөлсөнгүй, тэгээд аль болох чангаар, хэрэндээ сүртэй өнгөөр "Зогс! Нууц үгээ хэл" гэж орилов. Ингэж хэлээд тэр гараа доош буулгаж хуруугаа бууныхаа гохон дээр байрлууллаа. Гэтэл хэдхэн хормын өмнө шуухитнан хяхтнах дуу гарч байсан өнөөх зүгээс гэнэт огцом хөлийн чимээ гарч, харанхуй хонгилын гүнрүү эргээд хэн нэг нь гүйж эхлэх нь тодхон сонсогджээ. Тэгээд Артёмын тод дуунаас цочсон золгүй тэр амьтны хөлийн чимээ хонгилоор нэг цуурайтах түүний цуурайн хамтаар төдий л удалгүй замхран одох нь тэр. Артём ил галын дэргэд эргэн ирээд Петр Андреевичид хандаж :
      'Тэд гэрэлд гарч ирсэнгүй эргээд гүйчихлээ.' гэв.
      'Мулгуу минь ээ, би чамд хэлсэн шүүдээ. Хэрэв тэд хариу өгөхгүй бол, бууд! Тэнд хэн байсныг нь чи яаж мэдэж байгаа юм? Магадгүй харанхуйд нойрсогчид ойртож байгаа ч юм билүү!'
      'Үгүйэ .... тэднийг хүмүүс байсан гэж бодохгүй байна ... тэд нэг л хачин сонсогдож байсандаа ... хөлийн чимээ нь ч хүнийхтэй адилгүй. Та чинь одоо намайг хүний хөлийн чимээг ялгахгүй гэж бодоод байна уу? Бас харанхуйд нойрсогчид гэнэ шүү, тэд мөн байсан ч тэгээд л зугтааж байх уу? Та өөрөө ч мэднэ шүүдээ, Петр Андреевич. Хэрэв тэд мөн байсан бол эргэлзэх зүйлгүйгээр бидэнрүү дайрах байсандаа. Пулемётын галны өөдөөс ч тэр, ажиг ч үгүй гүйж ирээд бараг нүцгэн гараараа шахуу харуулуудыг устгаж мэдэх л амьтад. Харин саяных бол зүгээр л ямар нэгэн мэрэгч амьтан байсан гэдэгт итгэлтэй байна.'
      'За за за мэдлээ, Артём! Чи харагдаж байгаагаасаа илүү ухаантай юм шиг байна. Гэхдээ дүрэм журам байсан цагт тэднийг сахин биелүүлэх л хэрэгтэй. Хэрэв тэр туршуул байсан бол яахав? Одоо тэр бидний хаана байгааг мөн бидэнд хэдий хэмжээний сум гарздах хэрэгтэй болохыг ч олоод мэдчихлээ. Бүр олуулаа болж аваад эргээд ирвэл яана! Тэгээд бидний хоолойд хутга тулгаад гахай шиг төхөөрч орхивол яах болж байна? Цаашлаад өртөөнийхнийг цөмийг нь хороож орхихыг ч үгүйсгэхгүй. Полезявская өртөөнд юу болсныг чи мэднэ биздээ ... Анхааралтай бай! Артём. Дараагийн удаад ингэвэл чинь тэдний араас гүйлгэнэ гэж мэдээрэй!'
      Үүнийг Артём сонсоод долоон зуу дахь метрээс цааш харанхуй хонгилоор гүйж явна гэж бодохоос хамаг бие нь зарсхийв. Хойд зүгийн тэрхүү хонгилд, долоо зуу дахь метрээс цааш явах зориг зүрхтэн уг өртөөнд байдаггүй байлаа. Харуулууд ихэвчлэн 500 метр хүртэл яваад харуулын пост дээр ирдэг бөгөөд тэндээс цааш дээрээ чийдэнтэй уурхайн тэргийг төмөр замаар илгээж ямар нэгэн ёрын зүйл тэнд нуугдаж буй эсэхийг алсаас шалгадаг байв, тэгээд тэд бушуухан тэндээс буцахын түүс болдог байлаа. Чийдэнгийн гэрэлд ихэвчлэн хулгана хархнууд үзэгдэж, харанхуй хонгилын зүгрүү гүйлдэн одох нь одоо нэгэнтээ хэвийн үзэгдэл болжээ. Мөн туршуул скаутууд - том залуус, хал цэргүүд гэхэд сайндаа л 680 метрээс цааш хэтэрдэггүй бөгөөд дориун тэдгээр эрс харанхуйд тамхи асааж уушиглахаасаа буцдаггүй ч гэлээ, тэндээс цаашхийг зөвхөн шөнийн харааныхаа тусламжтайгаар хардаг байв. Харин буцахдаа бараг л пост хүртэл аажуухан гэгч нь ухарч алхсаар, харанхуй хонгилоос хараагаа салгалгүй, нуруугаа хүртэл арагш харуулалгүй явдаг байжээ.
      Артём болон түүний нөхдийн хувьд тэд 450 дахь метр дээр байрлаж байсан ба энэ нь харуулын постоос 50 метрийн наана гэсэг үг юм. Харуулын постыг өдөрт нэг удаа шалгадаг бөгөөд өнөөдрийн хувьд тэд уг шалгалтыг хэдэн цагийн өмнө хийж дуусгачихаад буцаж яваа нь энэ байлаа. Одоо бол харуулуудаас үргэсэн амьтад эргээд харанхуй хонгилоор хэрэн хэсүүчлээд эхэлсэн нь лавтай. Тэд гэрэлрүү ойртдоггүй бөгөөд гэрлийн тусгал хүрээгүй харанхуй хэсгээр л эргэлдэх аж. Мөн хүн төрөлхтнөөс, өөрсдөөсөө аварга биетнүүдээс айх төрөлхийн чанар нь устаж үгүй болоогүй нь харин сайн хэрэг шүү.
     Артём эргээд өөрийн суудал дээр суугаад, 'Полезявскаяд юу болсон юм бэ?' гэж асуужээ.
Хэдий тэр цус асгаруулсан энэхүү түүхийг (өртөөний худаалдаачдаас сонссон) мэддэг ч, яг л толгойгүй мутантууд хийгээд багачуудыг хулгайлдаг харанхуйд нойрсогчдын тухай сонсохыг хүссэн хүүхэд шиг л ахин дахин сонсохыг хүсдэг байж гэнэ.
      'Полезявская гэнэ ээ? Чи сонсоогүй хэрэг үү? ...... Энэ ч их хачирхалтай түүх шүү. Хачин бас аймаар. Эхлээд тэдний туршуулууд алга болж эхэлсэн юм .... хонгилруу явцгаагаад дахиж ирээгүй гэдэг .... харин тэднийг манайхантай харьцуулах ч юм биш, бүгд ногоон малгайтнууд байсан залуус шүүдээ. Өртөөний хувьд бол манайхаас бага хүн амтай ч гэлээ тэнд амьдрал гэдэг буцалдаг газар байлаа. Заа тэгээд, эхлээд тэдний туршуулууд нь алга болж эхэлсэн юм. Эхэндээ тэдэнд саатах ямар нэгэн асуудал гаржээ гэж бусад нь бодож байлаа. Мөн нэмж хэлэхэд тэндхийн хонгилуудын эргэлт булан тохойнууд нь яг л манайхтай адилхан ...' Эдгээр үгсийг сонсоод Артёмын бие эвгүйрхэж эхэллээ. ' ..... Тэгээд тэд хэдэн цагаар гэрэл тусгаад ч харуулууд болоод пост дээр байсан өөр хэн нь ч тэднийг дахиж олж хараагүй юм гэдэг. Хэн ч эргэж ирсэнгүй - хагас цаг өнгөрлөө, нэг цаг өнгөрлөө, тэгээд хоёр цаг өнгөрлөө. Тэдгээр скаут туршуулуудыг яг хаашаагаа явчихсныг бусад нь мэдэхгүй байлаа, уг нь бол тэд ердөө нэг километрийн дотор л явах дүрэмтэй шүүдээ. Хэрэв тэд тэнэгүүд биш л юм бол км-ээс цааш явах хориотой гэдгийг мэдмээрсэн дээ ... Үлдсэн хэд нь ч удаан хүлээсэнгүй, түргэхэн шиг нэмэлт хүчийг араас нь илгээж л дээ, харин тэд хайгаад л, хайгаад л, мөн дуудаад л, нэрсийг нь дуудаад л байж гэнэ - гэвч өөрсдийн цуурайнаас өөр юуг ч олж сонссонгүй. Тэд үнэхээр алга болжээ! Хамгийн муу ёрын зүйл нь гэвэл тэд ямар ч дуу чимээг ... бүр ямар ч авиаг олж сонсоогүйд л хамаг учир байгаа юм. Мөн ямар ч ул мөр байгаагүй гэдэг ...'
      Артём энэхүү түүхийг Петр Андреевичээс асуусандаа харамсаж эхлэв. Петр Андреевич магадгүй дээр нь нэмж хачирлаад дэврүүлсэн байж болох ч дамын наймаачдын хувьд мөрөөдлөөс цааш хэтрэхгүйгээр, тэр бүү хэл үлгэр домог айлдагч ямар ч ерөөлч магтаалчаас илүү нарийн ширийн зүйлсийг нүдэнд харагдтал ярьж байлаа. Энэ бүхнийг сонсоод түүний нуруугаар хүйтэн төмрөөр хайрах шиг болжээ. Хэдий тэр дулаан галын дэргэд сууж байсан ч хамаг биенийх нь цус судсаар нь урсахаа болиод царцах шиг л болж гэнэ. Мөн харанхуй хонгилд дуугарах хамгийн гэмгүй чимээ ч түүний анхаарлыг гойд ихээр татаж байлаа.
       'Ийм л зүйл болсон юмдаа. Эцэстээ тэдгээр туршуулуудыг зүгээр л өртөөг хаяж явахаар шийдэцгээсэн байна гэдэгт итгэж эхэлжээ. Тархи толгойд нь ямар чөтгөр шүглэхээрээ, тийм үйлдэл хийдэг байнаа, хаа хүртэл явж, юу олж долооно гэж тэгж байгаа юм бол гэцгээж нэг хэсэгтээ л өртөөнийхний ярианы гол сэдэв болж гэнээ. Гэвч энэ бүхэн ингээд дууссангүй. Долоо хоногийн дараа бас нэгэн туршуулын баг алга болсон байна! Мэдээж хэрэг км-ээс цааш явах хориотой байлаа, тэгээд яахав түүх дахиад л давтагдлаа. Ямар ч дуу чимээгүй, мөн ямар ч ул мөр байхгүй. Яг л тэд агаарт уусаад алга болчихсон мэт .... Нэг долоо хоногт хоёр ч багийг алдсан тэд хэрхэн зүгээр суух билээ. Хонгилын 300 метр хэсэгт хамгаалалт барьжээ. Элсээр дүүргэсэн шуудайнуудыг дээр дээрээс нь овоолж, оройд нь пулемёт зоогоод, харанхуй хонгилруу акумуляторын хурц гэрлийг тусгасан байна. Удалгүй энэ ноцтой мэдээг дуулгахаар Беговаяа өртөөрүү мөн тусламж дуудуулахаар элч илгээжээ. Элч хамгаалалтын бүсийг өнгөрөөд цааш нь явсан байна. Юмыг яаж мэдэхэв гээд хоёрдахь элчийг ч мөн араас нь явуулж гэнэ. Эхний элч альхэдийнээ Беговаяад очоод хачирхалтай мэдээг хүмүүст дуулгаж амжсан байлаа. Харин хоёрдахь элч удалгүй хар хөлсөө цувуулсаар гүйж ирээд хамгаалалтын бүсэд байсан бүх харуулууд хүйс тэмтрүүлсэн байсан тухай аймар мэдээг дуулгах нь тэр дээ! Ямар ч буун дуун гараагүй атал хэн тэднийг хөнөөдөг билээ, гарцаа байхгүй дуг нойрондоо дугжирч байхад нь хоолойг нь хэрчээ биз. Гэвч ийм нөхцөл байдалд харуулын постон дээр нойрсох мулгуу хүн гэж байх уудаа?! Беговаяад ч үймээн дэгдэж, хөл толгойгоо алдав гэнэ. Хөгшин залуугүй  бүгдээрээ өвч зэвсэглэж аваад шүдээ хүртэл тоногложээ. Хашир туршлагатай хал цэргүүд нь цөмөөрөө бүрэн автомат буунуудыг гранат шидэгчдийн хамтаар авсан байна. Ингээд дайчдын бүлэг Полезявскаяд хүрч очиход тэд тэнд амьд хүний бараа нэгийг ч олж хараагүй гэдэг юм! Харин хаа саагүй цус тунарч, амьгүй болсон цогцоснууд хөл доор хөглөрч байсан гэсэн
. Ийм хараал идсэн ёрын зүйлийг хэн хийдэг билээ?, лав л хүн хийсэн гэдэгт би хувьдаа итгэхгүй байнадаг!'
      'Харин Беговаяад юу тохиолдсон бэ?' ингэж асуухдаа Артёмын хоолой чичирхийлж байлаа.
      'Тэд зүгээрдээ. Харин Полезявская хүрдэг хонгилыг 40 метр урт газраар нь тэсэлж нураасан гэсэн. Ийм байхад тусгай тоноглолтой машин байсан ч нүхэлж чадахгүй гэж мэд.'
      'Ингэхэд тиймэрхүү төрлийн машиныг хаанаас олдог юм бэ?'
      Петр Андреевич юу ч дуугарсангүй, чимээгүй гэгч нь улалзан асах галыг ширтэн сууж байлаа. Буруу зүйл асууснаа мэдсэн Артём худлаагаасаа ханиалгаад :
     'Уучлаарай, шал хэрэггүй юм асуучихлаа ...' гээд дэмий л толгойгоо маажиж суув.
      Энэ үед өртөөний зүгээс, харанхуй хонгилоос 'Хөөе, 400 метр дээр хүн байна уу, та нар зүгээр үү?' гэх дуу гарав. Петр Андреевич босч зогсоод, хоёр гараа агаар дээр зөрүүлэнгээ 'Бид зүгээрээ, нааш хүрээд ир, хэлэх зүйл байна' гэж хариулав.
      Удалгүй гурван бараан дүрс өртөөрүү хүрдэг хонгилын зүгээс тодрон гарч ирэв.

Хонгилын гүнээс гар чийдэнгийн гэрэлнүүд гялалзаж гурван хүн гарч ирлээ. Тэд бол 300 метр дээрээс ирсэн харуулууд байлаа. Удалгүй ил галын дэргэд хүрч ирсэн тэдгээр эрс гар чийдэнгүүдээ унтраагаад дор бүрнээ түүдгийг тойрон сууцгаав.
      'Сайн уу, Петр. Тэгэхээр чи энд байсан байхнээ. Өнөөдөр хэнийг хонгилын төгсгөлрүү явуулсан болоо гээд гайхаж байлаа' ингэж хэлээд харуулын ахмад инээмсэглэв. Тэгээд тамхиа гаргаж ирэхээр халаасаа уудалж байх зуур Петр Андреевич :
     'Андрюх! Манай залуусын нэг нь тэнд ямар нэгэн зүйл байхыг харсан байна. Гэхдээ хүн биш гэнэлээ.'
     'Хүн биш гэнээ, тэгээд юу байсан хэрэг вэ?' гэж хэлээд Андрэй Артёмруу харлаа.
     'Би харж амжаагүйэ ... би түүнээс нууц үгээ хэлэхийг шаардтал тэр гүйгээд явчихсан, хойд зүгрүү. Хөлийн чимээ нь хурдан бас хөнгөн байсныг бодоход хүн биш л байсандаа. Яг л нэг дөрвөн хөлтэй амьтан шиг ...'
      'Эсвэл гурав!' гээд Андрэй нүүрээ үрчийлгэн хэргээр муухай царайлав.
      Артём гэнэт давхийн цочлоо, учир нь газрын дээд давхаргатай шууд холбогддог Филевскаяа хязгаарын өртөөнүүд дээр үзэгддэг гэх гурван хөлтэй хүмүүсийн талаарх цуу яриаг санах нь тэр. Тэндхийн өртөөнүүд газартай маш ойрхон бөгөөд цацраг идэвхит бодисны эсрэг ямар ч хамгаалалтгүй ажээ. Хоёр толгойтой, гурван хөлтэй гээд л үзлийн муухай амьтад тэрүүгээр доншуучилж байх нь хэвийн үзэгдэл болсон гэлцдэг юм.
     Андрей тамхиа гаргаж ирээд 'За тэгэхээр залуусаа, нэгэнт бид энд ирснийх хэсэг байвал ямар вэ? Хэрэв гурав, дөрвөн хөлтэй өнөөх золигнууд үүгээр үзэгдвэл та нарт дэмжлэг үзүүлж болох юм. Хөөе, Артём! Данх байна уу?' гэв.
        Петр Андреевич босч ирээд канистертэй уснаас зэвэрсэн, төмөр данхруу хийгээд гал дээр тавьлаа. Хэсэг минутын дараа данх шүгэлдэж, ус буцалж эхэллээ. Яагаад ч юм усны буцлах чимээ Артёмыг бага ч атугай тайтгаруулж орхив. Галыг тойрон суусан хүмүүсийг тэр ажиглалаа. Бүгдээрээ л хал үзэж, халуун чулуу долоосон, эцсийн мөчид ч найдаж болохоор найдвартай хүмүүс сууцгааж байсан юм. Нэг ёсондоо л өртөөний хамгийн сайн дайчид гэж хэлж болох бөгөөд бүгдээрээ бие биетэйгээ маш ойр дотно, бараг л төрсөн ах дүүс шиг болсон тийм л хүмүүс байлаа.
        Артёмын хувьд тэр энэ жил хорин нас хүрсэн бөгөөд газар дээр амьдрал хараахан сөнөөгүй байх үед анх энд ирсэн юм. Цацраг идэвхит тунадас болоод нарны гэрлээс зугтаж метронд амьдардаг тэдгээр цонхигор цагаан мөн туранхай хүмүүсийг бодвол бие бялдар сайтай нэгэн байлаа. Нарны гэрэл гэснээс Артём тэр дээр, газрын гадаргуу дээр нэг л удаа байж үзсэн байна. Ердөө хэсэгхэн хугацаанд. Мэдээж хэрэг маш жаахан байсан учраас тэр энэ тухайгаа хэрхэн санах билээ. Тэр үед цацраг идэвхийн хэмжээ маш их байсан бөгөөд сониуч нэгэнд нь хандаж хэлэхэд хүмүүс хэдхэн цагийн дотор л цацраг туяанд хордож, олон давхар хувцас хунар давхарлаад ч нэмэр бололгүй амьдаараа шаруулж, арьс үс нь зулмаран унаж байсан гэдэг юм.

      Артём эцгийгээ ер санадаггүй бөгөөд эх нь түүнтэй хамт 5 нас хүртэл нь хамт амьдаржээ. Тэд хамтдаа Тимирязевская өртөөнд оршин суудаг байсан бөгөөд өртөө нь хулгана хархнуудын үүр уурхай болох хүртэл тэндхийн амьдрал хангалуун сайхан байж гэнэ.
       Гэтэл нэг л өдөр, пэлцгэр том, үнсэн саарал, үсэрхэг нойтон хархнууд өртөөний харанхуй хонгилуудын нэгнээс урсан орж ирсэн байна! Энэ бол хойд зүгээс ирсэн хонгилуудын нэг нь бөгөөд энэхүү хонгил цааш газрын гүнрүү үргэлжилсээр бусад хэдэн зуун харанхуй хонгилууд бүхий метроны агуу том сүлжээнд нийлдэг байж л дээ - зүйрлүүлж хэлбэл энэ бүхэн яг л айдсын төөрдөг байшин гэлтэй. Гэхдээ өмхий үнэртэй, харанхуй мөн хүйтэн. Харин хархнуудын хаант улс хүрээгээ тэлсээр, тэдний тоо толгой нэмэгдэхийн хэрээр харанхуй хонгилуудыг нэг нэгээр нь эзлэн авч байлаа. Хамгийн зориг зүрхтэй аянчин ч хүртэл тэдэнрүү ойртохоос жийрхдэг байжээ. Хамгийн туршлагагүй нэг нь ч аль эсвэл гэнэ алдаж төөрсөн хэнбугай нь ч байсан тэдний нутаг дэвсгэрийн хил хязгаар дээр ирээд зогсдог байж гэнэ. Учир нь харанхуй хонгилын гүнд ямар нэгэн муу ёрын зүйл хуралдаж байгааг тэд зөнгөөрөө мэдэрдэг байв, тэгээд тэрхүү тахалд нэрвэгдсэн газар доорх хотын үүднээс эргээд хар хурдаараа зугтдаг байлаа.
       Хэн ч хархнуудыг оролддоггүй байв. Мөн тэдний газар нутагт хөл тавих нь байтугай хил хязгаарыг нь ч давж зүрхэлдэггүй байлаа.

       Гэвч тэд өөрсдөө хүмүүс дээр ирсэн юм. 

       Урьд өмнө үзэгдэж харагдаагүй цэлцгэр том хархнууд өмхий махан гол үүсгэн туннелүүдийн нэгнээр нь урсан орж ирсэн бөгөөд хамгаалалтын постыг ядах ямгүй нэвтэрч, өртөөрүү тэд цутган оржээ. Замдаа таарсан бүхнийг тэд залгиж, золгүй хамгаалагчид эхний хохирогчид нь болон хархан далайд живцгээсэн байна. Өөрсдийн төрлийг ч өөр нэгнийг нь ч, үхсэн, амьд ялгалгүй хэмлэн мэрж хүмүүсийн хөл доогуур галзуурсан мэт тэд давхилдаж байлаа.
       Энэ бүх галзуурал солиорлоос ердөө хэдхэн хүн амьд үлдсэн нь харамсалтай. Ямар ч эмэгтэйчүүд, ямар ч хөгшчүүл мөн хүүхдүүд амьд гарсангүй гэнэ, харин хамгийн түрүүнд аврагдах ёстой байсан тэдний оронд эрүүл чийрэг биетэй таван залуу эр эсэн мэнд үлдсэн нь шударга явдал мөн гэж үү. Шалтгаан нь гэвэл ердөө тэд өмнөд зүгийн хонгилыг манаж байсан цэргүүд байлаа, мэдээж хэрэг тэдэнд төмөр замаар явдаг уурхайн тэргэнцэр ч бас байсан юм. Өртөөний зүгээс орилоон хашгираан цуурайтахыг сонсоод тэдний нэг нь очиж шалгахаар хар хурдаараа буудлын тавцангийн зүг гүйжээ. Тэгээд өртөөний өргөн хаалгаар явж ороход Тимиризявская тэр чигтээ хархан далайд живж, хойд зүгээс ирсэн хонгилоор хулгана хархнууд улам бүр нэмэгдэн орж ирж байгааг үзээд, мөн тэдгээр олон хүмүүсийн хэнийг нь ч аварч амжихгүйгээ мэдсэн цэрэг эр эргээд гүйх гэтэл түүний гараас хэн нэг нь атгалаа. Тэр эргэж хартал хүүгээ тэвэрсэн нэгэн эмэгтэй 'Цэрэг эр минь, хүүг минь авраач дээ, гуйж байна' хэмээн орилж байхыг олж үзэв. Түүний цангинасан дуу хоолой өртөөгөөр дүүрэн бархиран хашгирч буй хүмүүсийн нүргээнээс ч тод сонсогдож байсан юм.

        Хүний амь аварч байна гэж бодох сөхөөгүй тэр цэрэг хүүгийн гараас шүүрч аваад хар хурдаараа харанхуй хонгилын зүг гүйлээ. Хонгилоор хархнууд орж ирж, цэрэг эр хүүг тэврээд үхэл дагуулсан хархнуудтай уралдан нөхөд нь хүлээж буй уурхайн тэрэгрүү хурдаллаа. Ойролцоох 10 өртөөнд ердөө нэг л байдаг тэрхүү тэргийг асаахыг 50 метрийн зайнаас нөхөддөө хашгиран тэр хэллээ, мотор ч тэр дорхноо асч явахад бэлэн болжээ. Хүүг тэвэрсээр цэрэг эр тэргэнд сууж амжив, тэгээд  удалгүй хонгилоор орж ирэх үй олон хархнуудад баригдахаасаа өмнө амжиж тэд хөдөлцгөөлөө .... байдаг хурдаараа эзэнгүй Дмитровская өртөөний зүгт! Алсад хүмүүсийн орилоон хашгираан хонгилоор нэг цуурайтаж, тэргэнд ойртсон хархнуудыг автоматаар шүрших мөчид сумны анивчсан гэрэлд харханд бариулж буй замын аянчид үзэгдээд өнгөрч байв. Хэдий золгүй тэдгээр аянчдыг аюулаас зугтаж чадахгүйг мэдсэн ч 'Зугтаарай, хархнууд' хэмээн залуус орилолдож байсан юм.
       Арагш галлахаа зогсоож, хурдаа тэд сааруулжээ. Тэд явсаар Савёловская өртөөний хамгаалалтын бүсийн өмнө тулж ирсэн нь энэ байлаа. Тэгээд алсаас уушигныхаа хэмжээгээр, байдаг чадлаараа 'Хархнууд! хархнууд ирж байна!' гэж хашгиралдсаар өртөөний харуулууд дээр хүрч очжээ. Аз болоход олон таван зүйлийг асуулгүй харуулууд тэдний тэргийг нэвтрүүлсэн байна. Тэднийг хөлсөө дуслуулан, хэрхэн Тимирязевскаяаас зугтсанаа тайлбарлах гэж ээрч муурч байх хооронд өртөөний цэргүүд хачирхалтай нэгэн зэвсгийг гаргаж иржээ.
      Энэ бол галаар шүршигч аварга буу байлаа. Хэдийгээр гар аргаар хийгдсэн бүдүүн болхи хийцтэй ч гэлээ түүний үзүүлэх хор хөнөөл нь үнэхээр ер бусын байсан юм. Хэдэн мянган хулгануудын исгэрэлдэх дуу тодорсоор, харанхуй хонгилоос эхний давалгаа гарч ирмэгц тэд галлаж эхэллээ! Шатахуунаа дуусан дуусах хүртэл тэд галласаар байлаа. Арван минут өнгөрч, удалгүй дахин нэг арван минут өнгөрлөө, хүчирхэг гал арван метр зайнд тусаж, хархнуудыг, тэднийг бүгдийг нь устгаж дуусах хүртлээ тэд галласаар байлаа. Хархнуудын шатаж, хуйхлагдсан өмхий үнэр хонгилоор нэг хан хийж, замхраагүй утааны цаана шатаж буй үй олон хархнууд исгэрэлдэн гүйлдэх нь яг л манан дунд төөрсөн гэрэлт цохнуудыг санагдуулж байв. Энэ үйл явдлын дараагаар Савёловская өртөөний харуулууд метроны ард иргэдийн дунд баатрын ёсоор хүндлэгдэх болж, нааш цааш явах метроны тэрэгнүүд аюулгүй байдлаа бодсон ч тэр заавал үүгээр дайрч өнгөрдөг бичигдээгүй хууль тогтож гэнээ. Энэ өдөр Тимирязевская өртөөнөөс таван хүн л амьд гарч чадсан юм, өө бас тэнд өөр нэг хүн байсныг мартаж болохгүй. Энэ бол бяцхан хүү, Артём байлаа.
      Хархнууд ялагдлаа. Хүмүүсийн зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг зэвсгийн хүчинд тэд хиар цохиуллаа. Тэгээд ч хөнөөх, устгах тал дээр бусад бодьгалиудаас хүмүүсийн дээр гарах амьтад бий гэж үү [гэвч одоохондоо ...]
      Хархнууд эргээд өөрсдийн үүррүү явцгаасан байна, гэвч тэдний жинхэнэ эх үүсвэр чухам хаана байдгийг хэн ч үл мэднэ. Мөн дараагийн давалгаа хэзээ хүрч ирэхийг ч бас хэрхэн тааварлах билээ. Төөрдөг байшин шиг энэ ер бусын хонгилуудад, газрын гүний харанхуй тэр хэсэгт өөр ямар ч нууц хадгалагдаж байдаг юм, бүү мэд. Ямартай ч энэ метрог хүмүүс барьсан гэдэг нь үнэн билээ, гэхдээ л итгэмээргүй ...
       Хуучин цагт, дайн болоогүй энх тунх байсан тэдгээр өдрүүдэд галт тэрэгний цахилгаанчин, холбогч инженерүүдийг ойшоож үздэг хүн ховор байсан юм. Харин одоо бол тэд олны дунд асар өндөр үнээр үнэлэгддэг бөгөөд тэднээс амьд үлдсэн нь бүр ч ховор тул арга ч үгүй биздээ.     

      Метроны амьдралын эхний он жилүүдэд харанхуй хонгилыг тэднээс сайн мэддэг хүн байсангүй. Москвагийн метронд, газар доорх нүсэр энэ вант улсад галт тэрэгнээс өөр айх аюулгүй зорчих, найдвартай унаа ч байсангүй. Өртөөний бараг хүн бүхэн холбоочны туслахад асар их хүндэтгэлтэй ханддаг бөгөөд хүүхдүүдээ тийм болгохыг хичээж, бүр багаас нь эхлээд бэлтгэдэг байлаа. Элэгдэж муудсан эрин галвын үеийн хувцастай, нүүр царайнд нь олон жилийн асар их туршлагын илрэл - гүн үрчлээс тогтсон, туранхай тэдгээр цахилгаанчдын гэгээн төрхийг Артём жаахан байхаасаа л олж үзсэн бөгөөд үхэн үхэх хүртлээ тэднийг мартахгүй бизээ. Бяцхан хүүгийн нүдэнд тэдгээр хуучны ертөнцөөс мэнд үлдсэн холбоочид яг л ширэнгэн ойд шинжлэх ухааны экспедицийг удирдан яваа шинжээч эрдэмтэд шиг харагддаг байжээ. Харин тэдний өмсгөл, хэдий гандаж муудсан ч гэлээ армиас халагдсан адмирал эргээд нэг удаа шинэхэн ёслолын хувцсаа өмсөөд олны өмнө гараад ирсэн юм шиг л түүнд санагддаг байж.
       Метроны нэгдсэн системийн засаглал удаан оршин тогтносонгүй, удалгүй тэд зад үсрэв. Харин өнөөх холбоочдын хувьд тэдний ихэнх нь өртөөнүүдийн удирдах албаны хүмүүс болон томилогджээ. Удсан ч үгүй, өртөөнүүд бие биенээсээ тусгаарлагдан хуваагдаж, хамгаалалт хоргодох байрнуудыг олноор нь байгуулж, нэг ёсондоо л иргэний дайны байдалд дөхөж очоод байсан үе билээ. Нэг хүчний дор нэгдэж чадаагүй тэдгээр өртөөнүүдийн хооронд эмх замбараагүй байдал бий болж, өртөөнүүд өөр өөрсдийн гэсэн засаг захиргааг тогтоож, цэрэгжсэн армийг гаргаж гадны аюулаас өөрсдийгөө хамгаалах болжээ. Тэд өөрсдийн гэсэн хуультай, өөрсдийн гэсэн удирдагчидтай болов. Зарим нэг нь хоорондоо найрамдлын гэрээ байгуулж байхад нөгөө нэг нь бие биетэйгээ дайсагналцсан хэвээр. Зэргэлдээх өртөөг эзлэн авч, оршин суугчдыг нь боолчлох зэргээр санаанд оромгүй зэрлэг балмад колончлолын үеийг санагдуулам уур амьсгал бий болох нь тэр!

       Олон нийтийн дайсны эсрэг заримдаа тэд хамтран тэмцдэг ч, аюул заналхийлэл өнгөрсний дараагаар эргээд л нэг нэгнийхээ хоолойд хутга тулгадаг байлаа. Амьдрах орон байр, хоол унднаас эхлээд олон зүйл тэдний хоорондоо дайтах шалтгаан болно. Үржил шимт ургамлын суулгацууд, наргүй орчинд ургадаг мөөгний ургацууд, илчлэг муутай өндгөн мөөгөөр бордуулдаг тахиа, гахайнууд хүртэл тэдний эзлэн түрэмгийлэх шалтгаан болдог байв. Мэдээж хэрэг тэд цэвэр усны төлөө хамгийн ихээр тэмцэлддэг байсан юм. Балмад зэрлэгүүдийн хувьд тэд шүүлтүүрийн усны системийг хэрхэн ашиглахыг мэддэггүйгээсээ болж цацраг идэвхи ихтэй усанд хордож үхэх тохиолдол элбэг байсан агаад хий дэмий л генераторын эх үүсгүүртэй, гар аргаар хийгдсэн усан цахилгаан станц бүхий соёл иргэншилт суурингуудын бат бөх харуул, хамгаалалтыг хараан зүхэж суудаг байв. Харин тэдгээр соёлжсон газруудад усны шүүлтүүр нь байнга шинэчилэн солигддог бөгөөд эмэгтэйчүүдийн гараар боловсруулагдсан хөрснөө өндгөн цагаан мөөгнүүд ургаж, гахайнууд нь хүртэл хангалттай сайн тэжээл авдаг байна.
       Тэдний хэзээ ч үл барагдах мөнхийн хүсэл хэрэгцээ болоод байнгын айдас түгшүүр нь эцэстээ эзлэн түрэмгийлэх эсвэл хамгаалан тэмцэх гэсэн хоёр далд ухагдахууныг тэдний ой тойнд гүн гэгч нь суулгаж өгжээ. Амжилттай сайн хамгаалалт гэдэг өртөөний амьдралын амар амгалан байдлын эх үндэс болдог байлаа. Сайн гэгч нь бэлтгэгдсэн, мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн, зохион байгуулалттай байнгын бэлэн дивизүүд нь зэрлэгүүд, садистуудаас эхлээд гадны элдэв түрэмгийллийн эсрэг бат бөх хэрэм цайз л гэсэн үг. Өртөөний хүн ам нэмэгдэж, орон зай хэрэг болсон үед тэд хүрээгээ тэлэх хэрэг гарна. Харин хүн ам шигүү суурьшсан газруудад метр квадрат бүрийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөдөг байв. Түүнээс гадна хонгилын зай завсар, нүх сүв бүрийг нэгжин шалгаж, шаардлагатай хэсгүүдэд өдөр шөнийн 24 цагаар харуул манаа гаргадаг нь араатан амьтдаас болсон хэрэг. Эволюцийн хуулийг зөрчин, ёрын муухайгаар буглан хувилж буй тэдгээр амьтдын хөгжлийг хараад Дарвин хүртэл цочирдох байсан бизээ. Эрт цагт хүн төрөлхтний мэддэг байсан тэдгээр амьтад одоо танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байна. Нарны гэрлээс ангид газарт, мөнхийн харанхуй хонгил туннелд дахин төрж буй тэд, өөр ямар аймшигтай эсвэл гайхамшигтай чадваруудыг эзэмшиж байгааг чөтгөр бүү мэд. Одоохондоо тэд хүнээс үргэсэн хэвээр байгаа ч цаана нь илүү аюултай өөр ямар зүйл нуугдаж байгаа бол? Тэд хэзээ хүмүүс дээр айлчлан ирэх бол? Дотоодын тэмцлээс гадна эдгээр асуудлууд нь хүмүүсийг үргэлж зовоодог байлаа.
        Амьд гарах. Ямар ч хамаагүй аргаар амьд гарах. Энэ бол метроны ертөнцийн цорын ганц дүрэм нь болжээ.
        Артём цагаан паалантай аягаа гаргаж ирээд, ил гал дээр буцалсан аагтай халуун цайнаас аялгалахад бэлдэв. Хэрэг дээрээ энэ бол хатаасан мөөг болоод бусад жижиг амтлагчууд орц найрлаганд нь орсон мөөгний ханд байлаа. Жинхэнэ цайны хувьд маш ховор тул зөвхөн онцгой баяр наадмын үеэр хэрэглэдэг бөгөөд үнийн хувьд ч жирийн мөөгний хандаас хэд дахин илүү үнэтэй байв. Хэдий тийм ч тэд өөрсдийн өртөөний бүтээгдэхүүнд дуртай бөгөөд мөөгний хандыг 'цай' гэж нэрлээд сурчихжээ. Амтанд нь дасаагүй болохоор анх амссан зочид гийчид мөөгний хандыг нулимж гаргадаг байв, гэхдээ амтанд нь дасаад ирэхээр уухгүй байхын аргагүй болдог нь сонирхолтой шүү. Бүр сүүлдээ аюул ослыг үл ажран, өртөөнүүдийн хооронд цай наймаалцдаг дамын худаалчид гарч ирэх тэр. Удалгүй тэдний энэ "шидэт" мөөгний ханд маш алдартай болсон бөгөөд ВДНХ даяар зарагддаг болов. Бүр Ханзагийнхан хүртэл тэдний цайг сонирхох болжээ. Үүнийг дагаад тэдний орлого мөнгө ч нэмэгдэх болов. Харин мөнгө байсан цагт буу зэвсэг, түлээ мод болон чухал хэрэгцээтэй витамин, амин дэмүүдийг худалдан авч болно. Энэ бүхэн байсан цагт амьдрал үргэлж байдаг байлаа. Хэдийгээр бусад өртөөнүүдэд ВДНХ-тэй адил төрлийн цайг хийж зардаг болсон ч, өртөөнөөс ирж цай худалдан авагсдын тоо огт буурсангүй. Мөн тэд ВДНХ-д гахайнуудаараа алдартай байв гэнэ. Яаж яваад хаанаасаа ч олсон юм бүү мэд, гэвч адтай чөтгөрүүд гахай үржүүлгийн павильоныг хүртэл нээгдээд амжсан байна гээч!

 'Аан гээч, Артём - ингэхэд Сухой маань юу болж байнадаа?' гээд Андрей жижиг аягатай халуун цайгаа үлээгээд оочих зуураа асуулаа.
'Саша ахыг хэлж байна уу? Зүгээрдээ, бүх юм сайн. Нээрэн, тэр манайхны хэсэг хайгуулчидтай хамт доод зурвасруу явчихаад буцаад ирсэн. Та мэднэдээ, яагаав ... нөгөө экспедиц.'
       Андрей, Артёмоос арван таван насаар ах байлаа. Зарим нэг нь түүнийг скаут байсан ч гэдэг юм билээ. Гэхдээ тэр хамгаалалтын постын ахлагчийн хувьд 400 болоод 500 метрээр хааяахан үзэгддэг бөгөөд ихэвчлэн 300 метр-д үүрэг гүйцэтгэдэг байв. Хэдий тийм ч тэр сониуч зандаа хөтлөгдөж үе үе худал анхааруулга, түгшүүрээр түрий барин харанхуй хонгилоор сэлгүүцэх муу зуршилтай болоод удаж байна. Товчхондоо бол тэр харанхуй хонгилын цаадах амьдралыг мэдэхийг маш их хүсдэг байж л дээ. Тэр туннелд байх дуртай бөгөөд хонгилын талаар ч сайн мэддэг байлаа. Харин өртөөнд бол огт өөр, фермерүүд, ажилчид болон худалдаачдын дэргэд тэр туйлын тав тухгүй байгаагаа мэдэрдэг байжээ. Учир нь өөрийгөө хэзээ ч тиймэрхүү зүйлд зориулагдсан хүн биш гэж боддог бөгөөд үнэхээр ч хөрсөнд мөөг суулгаж, эсвэл саравчны гахайнд тэжээл өгөөд зогсч байх хүн биш байсан юм. Тэр үргэлж л цэрэг байсан, цаашид ч тийм байх болно. Үүнийгээ тэр бүхий л зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байж. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг, хахуульд автсан эрх мэдэлтнүүд, ааш муутай худалдаачид, өмхий үнэртэй фермерүүдийг хамгаалахаас өөрийг хийж байгаагүй ч гэлээ энэ ажил үүргээрээ тэр бахархдаг бөгөөд мөн түүний өөртөө итгэлтэй, бардам ихэрхүү занд нь хүүхнүүд татагддаг байлаа. Түүнийг халамжлан, сайхан байлгаж чадна гэж тэд амладаг ч мань эрийн жинхэнэ аз жаргал нь хонгилын 500 дахь метрээс цаана байдаг байжээ. Алсад харагдаж байгаа тэр хэсгээс цааш, түүний цаана нуугдаж буй ямар нэгэн нууцлаг зүйлд л тэр дурладаг байсан юм.
       Одоо бол тэр ил галын дэргэд дулаацаж, халуун цайны ууранд норсон сахлаа ханцуйгаараа арчсан шигээ сууж байна. Элэгдэж хуучирсан ногоон берет малгайгаа дэргэдээ авч тавьжээ. Тэгээд тэр Артёмын хойт эцгийн өмнө зүгрүү хийсэн аяллын талаар нь мэдэхийн бөөн хүслэн болж, элдвийн асуулт асуухаар зэхэж сууна. Артёмын хойд эцэг нь түүнийг 15 жилийн өмнө Тимирязевская өртөөнөөс авч гарсан өнөөх цэрэг эр байлаа! Тэгээд бяцхан хүүг тэр өөр дээрээ авч, өсгөж хүн болгосон байна.
'За дүү минь, чи надад эхнээс нь эхлээд сайн гэгч нь дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу. Би сайн сонсч авмаар байна' гэж Андрэй шалгаав.
Артём өөрийн хойт эцгийн талаарх элдэв хууч түүхийг ярих тун дуртай бөгөөд түүнийг сонссон хүмүүсийн ам нь ангайж ирээд сонсдогт туйлын сэтгэл ханамжтай байдаг байв.
'За, тэгэхээр та тэднийг хаашаа явсныг нь мэднэ дээ ...' гэж Артём яриагаа эхлүүлэв.
'Би мэднээ, тэд өмнөд зүгрүү явсан. Бас тэдний явсан хэрэг нь маш нууц. Мөн чи тэднийг "аялагчид" гэсэн байхаа' гээд Андрэй инээлээ. Тэгээд 'Тэд өртөөний захирагчийн тушаалаар тусгай даалгаварт явсан гэсэн. Бүр маш нууц. Дуулсан биз' гэж хэлээд өөрийн хүмүүсийн нэгэнрүү нүдээ ирмэв.
'За больдоо, ямар юмных нь нууц байх билээ. Бас аялагчид гэнэ шүү.' гээд Артём дургүйлхсэн байдалтайгаар гараа зангав.'Тэд ердөө л үнэн зөв мэдээлэл цуглуулах гэж л явсан хэрэг шүүдээ. Гадны хүмүүст мөн дамын худалдаачдад итгэхэд үнэхээр бэрх болсон цаг байна шүү, заримдаа тэднийг санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж явдаг байх ч гэж бодох юм'
'Дамын худалдаачдад бол итгэж яасан ч болохгүй. Тэд чинь наймаагаа хийхийн тулд элдэв янзын зүйлс бурж явдаг улс. Нэг өдөр тэд чиний цайг Ханза-д зарсан бол, дараагийн өдөр нь чамайг өөрийг чинь ч худалдаалж мэдэх улс. Ер нь тэгээд би өөрсдийнхөндөө ч бас итгэддэггүй юмдаа.'
'Та ч их буруу бодолтой хүн байна шүү, Андрей Аркадич. Манайхан чинь сайн залуус шүүдээ. Мэдээж хэрэг тэд мөнгөнд дуртай, бусдаас илүү амьдрахыг хүсч байгаа л даа. Гэхдээ тэдний ихэнхийг нь сайн танихын хувьд тэд огтхон ч матаач хийх хэмжээний улс биш' гээд өртөөнийхөө худалдаачдыг өмөөрөв.
'Наадахыг чинь л хэлээд байна шүүдээ. Тэд мөнгөнд дуртай. Бусдаас илүү гарахыг хүсдэг. .... Тэднийг туннелиэс гараад явсныхаа дараагаар юу хийдгийг нь бид мэдэхгүй шүүдээ. Өртөөнөөс гараад л дараагийн өртөөн дээр хэн нэгний гар хөл болоод мэдээлэл гадагшлуулж байхыг хэн байг гэхэв. Чи үүнийг мэдэхгүй биздээ.'
'Хэний гар хөл болно гэж?'
'Чи залуу байна Артём. Чиний мэдэхгүй зүйлс ч олон бий. Тиймээс ахмадын үгийг сонсч, анхаарлаа хандуулж бай.'
'Худалдаачид мөн ч бай, биш ч бай хэн нэгэн тэдний ажлыг хийх хэрэгтэй биздээ? Эсвэл тэгээд давсан сумаар бууддаг, Бердан буунаас өөр зэр зэвсэггүй хоосон сууж байх болж байна уу. Өө бас харанхуйд нойрсогчдыг ирэхээр нь ингээд л цайгаа уугаад сууцгааж байя' гээд Артём мөчөөгөө өгсөнгүй.
'За за эдийн засагч минь, тайвширч үз. Харин чи Сухойн тэнд юу үзэж харсныг л хэлээд аль. Манай хөршүүдэд байдал ямар байна? Алексеевад юу болж байна? Бас Рижскаяад?'
'Алексеевад уу? Онцын зүйлгүйэ. Алексеева л болсон хойно, өөр юу байхав. Тариалан, тариан талбайнууд, тэгээд л боллоо ...'. Удалгүй Артём чухал мэдээ хэлэх гэж буй бололтой дууны өнгөө намсгалаа : 'Тэд бидэнтэй нэгдэхийг хүсч байгаа гэнэ. Рижскаяа-ын хувьд ч мөн эсэргүүцэхгүй байгаа бололтой. Хүн бүр л өмнөд зүгээс ирж буй ямар нэгэн заналхийллийн тухай ярих боллоо. Тэд бүгдээрээ ямар нэгэн зүйлээс айцгааж байна, тэгсэн мөртлөө чухам юу гэдгийг нь мэдэх хүн алга гэнэ. Зарим нэгний нь ярьж буйгаар бол өмнөд зүгийн зурваст ямар нэгэн шинэ хүч гарч ирж буй бололтой, бүр Ханзагийн Отрядыг хүртэл тэднээс эмээж байна гэж сонслоо шүү. Ямартай ч Рижскаяа, Алексеева өртөөнийхөн бидэнтэй нэгдэхээсээ татгалзахгүй байгаа гэнэлээ.'
'Тийм байдаг байж, харин тэд хариуд нь юу санал болгож байх юм? Юун дээр тохиролцох юм болдоо?' гэж Андрэй асуулаа.
'Тэд бидэнтэй нэгдэж хамгаалалтын системийг сайжруулах талаараа ярьсан гэнэ. Туннелийн бүх хэсэгт, 200 метр тутамд давхар хамгаалалтын постууд байгуулж, өдөр шөнийн 24 цагаар харуул манаа хийж, алслагдсан хонгилуудыг хооронд нь телефон утасны шугамаар холбох юм гэсэн. Түүгээр ч зогсохгүй өртөөнд цагдаагийн алба байгуулж, орж гарах тэрэгнүүдийг шалгаж байх тухай ярьсан байна ... бас тэд эдийн засгийн хувьд хамтарч ажиллах сонирхолтой байгаа юм билээ.'
'Бидэнд тэдний туслалцаа хэрэгтэй байхад тэд хаана байсан болж таарч байна? Ботаникын Цэцэрлэг, Медведковоос хортон мэрэгчид өртөөрүү ирж байхад тэд хаана байсан юм? Харанхуйд нойрсогчид бидэнрүү халдах үед тэд хаана байсан хэрэг вэ?' гэж Андрэй уурлав.
'Битгий муу ёрло, Андрэй, үгээ бодоорой.' гэж Пётр Андреевич санууллаа. 'Харанхуйд нойрсогчид үүгээр үзэгдэлгүй нилээд хугацаа өнгөрлөө. Тэгээд ч бид тэднийг зогсоосон юм биш. Тэдний өөрсдийнх нь дунд, тэднийг номхруулсан ямар нэгэн зүйл байсан. Эсвэл тэд одоохондоо хүчээ нөөцөлж байж ч болох юм. Хөршүүдтэйгээ найрсаг байж, тэдэнд тусалж мөн тэдний тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй.'
'Тэгээд л бид юунд ч дийлдэшгүй хүчирхэг, ахан дүүсийн нэгдэл болох болно!' гэж Андрей ёжилсон өнгөөр хариу барив.
'Цааш нь тэгээд сонсмоор байна уу, үгүй юу?' гэж Артём хэллээ.
'За алив, ярь ярь. Артём, үргэлжлүүл' гэж Андрэй хэлээд 'Хэрэв Пётр бид хоёр маргалдвал, энэ хэрүүл бараг хэзээ ч дуусахгүй байх.'
гэв.
'За за. Ямартай ч тэдний удирдагчид уг саналыг их нааштайгаар хүлээн авч байгаа бололтой. Өөр нарийн ширийн зүйлсийг нь хэлж мэдэхгүй юм. Удахгүй гэхдээ хурал цуглаан болох л байлгүйдээ. Эсвэл санал асуулга ч юмуу.'
'Санал асуулга гэдэг чинь юу юм? Хэрэв хүмүүс тийм гэж хэлбэл тийм, үгүй гэж хэлбэл за тэгээд бусад нь гомдох зүйлгүй гэсэн үгүү.' гэж Андрей цаашлуулав.
'Тийм байдаг байж, Артём. Харин Рижская өртөөнөөс цааш юу болж байнадаа?' гээд Пётр Андреевич Андрейн үгэнд төдий л анхаарлаа хандуулсан шинжгүй асуулаа.
'Тэрний цаана юу байдаг билээ? Проспект Мира өртөө байдаг шүүдээ. Ханзагийн Отрядтай холбогддог гол түшиц газар. Эцгийн маань хэлж буйгаар Ханза болон Улаантнуудын хооронд байдал бахь байрандаа байгаа гэнэлээ. Одоогоор тэдний хэн нь ч дайтахыг хүсэхгүй байгаа бололтой.' гэж Артём хариулав.
       'Ханзагийн Отряд' (The Hanseatic League). Цагтаа тэднийг 'Тойрог зурвасын өртөөнүүдийн Эвсэл' (Concord of Ring Line Stations) гэдэг байлаа. Учир нь тэдгээр өртөөнүүд нь олон газраас зам салаалан ирж нийлсэн хонгилуудын огтлолцол дээр байдаг байж л дээ. Тийм ч учраас гэрээ хэлэлцээр аль эсвэл худалдаа наймаа хийхэд туйлын тохиромжтой газар байсан юм. Энд ирсэн зарим нэг бизнесменүүд гэрлийн хурдаар баяжих болж, тэдний хөрөнгө мөнгө, худалдаа наймаа нь бусдын анхаарлыг хэтэрхий их татах болсон тул өөрсдийнхөө бизнесийг хамгаалах зорилгоор өөр хоорондоо эвсэн нэгдсэн байна. Анхны нэр болох Конкордыг 'Ханза' (Дундад Зууны үеийн Германд, худалдаа наймааны журмаар нэгдсэн хотуудыг ийнхүү нэрлэдэг байжээ) болгож өөрчилсөн нь эхэндээ хүмүүсийн дунд тун ч хачирхалтай сонсогдож байж. Эхэндээ Ханзад цөөхөн өртөөнүүд харъяалагддаг байлаа. Удалгүй Умардын Арк гэж нэрлэгддэг Проспект Миртэй холбогдсон Киевский тойргоос Курская, Таганская болон Октябрская зэрэг өртөөнүүд нийллээ. Тэгээд дараагаар нь Зүүн Аркын Павелецкая болон Добрынская өртөөнүүд элсэн орлоо. Харин Өмнөд болон Баруун Аркуудыг нэгтгэхэд хамгийн том саад тотгор болж байсан газар нь Соколын Шугам билээ.
       Артёмд хойд эцэг нь энэхүү Соколын Шугамны талаар олон ч удаа ярьдаг байж. Метроны газрын зурагруу зэрвэс харсан хэний ч харцыг энэхүү шугам өөртөө татаж чадна гээч. Нэгдүгээрт энэ нь шулуун шугаман зураасаар тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёдугаарт улаан өнгөөр дүрслэгдсэн байдаг аж. Түүнийг дагаад Красноселская, Красне Ворота, Комсомолская, Библиотека имена Ленина болон Ленинские Горы (Лениний нэрэмжит номын сан) өртөөнүүд байрладаг байв. Тэдгээр газруудын нэрнээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байв уу, аль эсвэл метроны системийн төвд байдаг болоод ч тэр үү хүмүүс энд ирж олноороо суурьших болжээ. Залуус хүүхдүүд уг газрын талаар сайн мэдэхгүй ч ямартай ч эдгээр өртөөнүүдийн нэрс хуучны яруу алдарт Зөвлөлтийн нийгэмтэй холбоотой гэдэг дээр маргалдаггүй байсан юм.
      Тэндхийн өртөөнүүдийн нэг нь хуучны нийгмийг санагалзсан бололтой коммунист үзэл суртлыг дэмжиж эхэлснээр энэ бүхэн эхэлсэн гэдэг. Удалгүй өртөөнүүд тэдний шугамд нэг нэгээрээ нэгдэн нийлж социалист дүрэм журмыг мөрдөж эхлэх нь тэр! Хуучны Комсомолчууд, улаан намын батлахтай байсан ахмадууд хамгийн түрүүнд эдгээр хувьсгалт өртөөнүүдэд элссэн байна. Тэд бараг л Лениний үеийг санагдуулам, шинэ хувьсгалыг олон нийтэд түгээхийн төлөө бүлэг байгуулж, социалист үзэл суртлаар бамбай хийн 'Interstational' нэрийн дор нэгдэн нягтаршжээ. Тэгээд мэргэжлийн болон сайн дурынхны хувьсгалчид, суртал ухуулга тараагчдыг зэргэлдээх өртөөнүүдрүү илгээх болж гэнэ. Чин үнэнийг хэлэхэд Соколын шугамын хувьсгалт өртөөнүүдэд цус урсч, халдлага хийх болоод бусад гэмт хэргийн гаралтууд ч үлэмж хэмжээгээр багасч тэд бүгдээр шударга ёс, эрх тэгш байдал буюу эгалитаризмыг баримталж эхэлсэн гэдэг. Өртөөний хонгилуудад ассан энэхүү улаан гал төд удалгүй дүрэлзэж хувьсгал болон дэгдсэн юм. Чистие Пруди эргээд Кировская болж, Любянка - Жерзинская, Охотный Ряд - Проспект Маркс болж солигдлоо. Энгийн нэртэй байсан өртөөнүүд өөрсдийн нэрсийг учир утгатай болгох зорилгоор өөрчилж эхэллээ. Спортивный - Коммунистическая болж, Соколники - Сталинская, Преобрашенская Плошад - Знамя Революция болж дахин нэрлэгдлээ. Соколын шугамыг хүмүүс "Улаан Шугам" гэцгээдэг байсан бол одоо харин албан ёсоор тийнхүү нэрлэгдэх болсон байна. Улаан Шугам. Тэдний тухай яриа метронд гэрлийн хурдаар тархсан бөгөөд хуучны Зөвлөлтийн засгийг санагалзаж байсан хүмүүс метроны ард иргэдийн дунд хэтэрхий олон байсан юм. Нөгөө нэг хэсэг нь тэднийг хүн төрөлхтний мөхлийн эхлэл, амьд организмыг амьдаар нь булшлагч, соёл иргэншлийн хавдар хаван гэцгээн туйлаас дургүйцэж байсан ба
уриа лоозон барьсан тэдгээр нөхдүүдийг үзэгдсэн газар нь хөөж туун, ирсэн газарруу нь буцаах тохиолдлууд ч бишгүйдээ л гарч байв. Харин суртал ухуулагчид, хувьсгалчид өөрсдийн нь шинэ зөвлөлт засагтай нэгдсэн өртөөнүүдэд цахилгаан тогийг харамгүй өгнө гэдгээ амлаж байсан бөгөөд  тэдэнтэй нэгдээгүй хөрш өртөөнүүд нь улам бүр нэмэгдэн асч буй улаан галаас, шинэ хувьсгалчдын энэхүү хүчирхэгжилтээс эмээж эхэллээ.

Харин удалгүй мөргөлдөөн болсон юм.

Ханзагийн Отрядаар удирдуулсан өртөөний дайчид Улаан Шугамруу нэвтэржээ. Зохион байгуулалтай эсэргүүцэлтэй тулна гэдгээ тааварлаагүй Улаантнууд өөрсдийн гэсэн эсэргүүцэх хүчнийг байгуулах ёстойгоо тэгэхэд л ухаарсан байна. Амархан байгуулсан ялалтандаа сэтгэл амарсан Ханзагийнхан улаан галыг улам бүр өрдөж орхисноо мэдсэнгүй. Удалгүй цус асгарч ...
тулалдаан бараг нэг жил, мөн дахиад хагас жил үргэлжилж метроны туннелээс олон ч урвагчид, олон ч баатрууд, мөн олон ч дайснууд төрөн гарч гэнэ, гэвч түүнээс гадна олон арван хүн тэдний хөлд үрэгдсэн билээ. Цэргийн ажиллагааг амжилттай явуулж, арми дивизүүд туршлага сууна. Эргээд удалгүй стратегийн байршлууд, эзэлсэн газруудаа дайснуудад алдаж орхино. Гэвч ялагдал нь тэднийг хурцалж дараагийн тулалдаанд нь бас бэлтгэж өгнө. Эцэс төгсгөлгүй мэт дайн тулалдаан үргэжилсээр л. Харин олзны хүмүүсийг хороож эхэлсэн мөчөөс тэд дайснуудруугаа нүд цавчилгүй буудаж чаддаг болсон байна. Товчхондоо бол тэд хүн хөнөөж сурч байлаа ... энэ бүхэн нь эцэстээ Ханза болон Улаантнуудыг хооронд нь фронтын шугамаар зааглагдаж бие биеийнхээ эсрэг бууныхаа амыг өнө мөнхөд шагайхад хүргэсэн юм.

        Удалгүй тэд дайн тулалдаанаас 'уйдаж' эхэлжээ. Хувьсгалчдын хувьд тэдний зэвсгийн нөөц нь ч барагдаж эхлээд байлаа. Гэхдээ тэд Хувьсгалын Өртөөг чөлөөлж авахыг юу юунаас ч илүүтэйгээр хүсч байсан юм. Мэдээж хэрэг дан ганц нэрнээс нь болоод тэр биш л дээ. Уг өртөө Кремлин болоод улаан талбайтай холбогддог хамгийн ойр дөт газар байсан бөгөөд зөвхөн Кремлийн орой дээрх шүрэн улаан таван хошууг харахын тулд тэд дэлхийн гадаргуу дээр гарахаас ч сийхгүй байлаа. Мэдээж хэрэг Кремлийн дэргэд Бунхан байдаг байв. Тэнд Лениний бие байгаа үгүйг хэн ч мэдэхгүй, гэвч түүнээс илүүтэй битүүмжлэгдсэн уг бунхан нь тэдний хувьд тасралтгүй асах гал, зогсолтгүй үргэлжлэх хүчнийх нь билэгдэл болж байсан билээ.
        Эрт үед агуу удирдагчид энд ёслол парад хийдэг байсныг одоохондоо хүмүүс мартаагүй байна. Тэд ч мөн үүнийг хүсч бас хүлээж байлаа. Мөн Хувьсгалын Талбайн өртөөнд, бунхан доторх лабораториуд руу орох нууц гарц, түүнд хүргэж өгөх далд хаалга бий гэдэгт тэд итгэх болжээ.
        Улаантнуудын гарт Проспект Маркс буюу хуучнаар бол Охотный Ряд өртөө байсан бөгөөд Хувьсгалын Талбайг чөлөөлөх довтолгоог хийхэд хамгийн тохиромжтой газар нь энэ байв. Ханзагийнхан энэ газрыг тэдний хувьд ямар чухал болохыг нь олж мэджээ. Тэгээд ямар ч үнээр хамаагүй хамгаалахаар шийдэж гэнэ. Тэгээд зөвхөн хамгийн их цус асгаруулсан, хамгийн ширүүн тулалдаанаар л эзлэж авахаар тийм хүчтэй хамгаалалтыг Ханзагийнхан барьж босгосон байна. Хувьсгалын галыг зүрхэндээ тээсэн зарим нэг нь гартаа гранат атгаад хүнд бэхлэлтийн өөдөөс гүйсэн тохиолдлууд ч мэр сэр гарч байлаа. Цус их асгарч, заримдаа тэд баатарлагаар тулалдсаар Хувьсгалын өртөөг эзлэн авдаг ч нэг өдрөөс цааш хэтэрдэггүй байсан бөгөөд дараах өдөр нь туннелийн гүнээс шүдээ хүртэл өвч зэвсэглэсэн, урьд өмнөхөөсөө ч илүү хүчирхэг Ханзагийн дайчид довтлон ирж тэднийг хиар цохидог байв.
       Эсрэгээрээ Лениний номын сангийн дэргэд мөн үүнтэй адилхан тулалдаан болж байлаа. Уг газрыг Ханзагийнханд алдвал Улаан Шугамыг тэд эзэлж улаантнуудыг хоёр хэсэгт хуваахаар тийм их стратегийн онцгой чухал газар байсан юм. Дайснуудын хүчийг сарниулахаас гадна цааш бусад өртнөөдрүү нийлэх гурван салаа туннел сул чөлөөтэй болох байв. Ханзагийн хувьд
ВДНХ, Рижксая, Алексеевская болон Проспект Мир зэрэг өртөөнүүдээс гадна алслагдсан бусад газруудтай холбоо тогтоох цорын ганц зам нь энэ байсан юм. Ийм ч учраас Лениний Номын санг ямар ч үнээр хамаагүй эзлэн авах хэрэгтэй байлаа.

      Эцэстээ тэд энэ бүх дайн тулалдаанаас залхаад хэсэг хугацаанд азнахаар болж гэнэ. Улаан гал энэ удаад бусад газруудад тархалгүй зөвхөн дотроо асах болжээ. Дэлхийн нэгдүгээр дайнтай харьцуулбал улаантнуудад энэ удаад ямар нэгэн давуу тал байсангүйэ. Тэд аажмаар унтарч эхэллээ. Дайн тэмцлээс халширсан олон иргэд намжмал байдлыг ашиглаад Ханзагийн өртөөнүүдээс хэсэг хэсгээрээ, бүлэг бүлгээрээ, гэр бүлээрээ хамтдаа нүүн одож өртөөнүүд бараг л эзэнгүй шахам болжээ. Худалдаа наймааны хувьд ямар сайн байхав, өмнө нь худалдаачдын хөл тасардаггүй байсан тэдгээр замууд одоо хоосон эл хуль газар болсон байна. Дахин бие биесийн эсрэг гал нээхээс өмнө энэ дайныг зогсоохын тулд дайчдаар хамгаалуулсан хоёр талын дипломатчид уулзалт хийлээ. Хоёр талаас тэдний удирдагчид болох, Ханзагийн ерөнхийлөгч Логинов ирсэн бол нөгөө талаас Арбатын конфедерацийн Колпаков нар ирж уулзалдав.
       Эв найрамдлын гэрээнд тэд даруйхан гарын үсэг зурцгаалаа. Улаан Шугамныхан Хувьсгалын Талбайг авч, хариуд нь Лениний Номын санг Ханзагийнханд өглөө. Энэхүү зөвшилцөлд хүрэхэд аль аль талд нь хэцүү байсан нь тодорхой. Харин Лениний номын сангийн хувьд уг газар хэн хэнд нь хамааралгүй бөгөөд, хэн нь ч өөрсдийн болгон өмчлөх эрхгүй болов. Ханзагийн хувьд уг газраар цааш нэвтрэх нь л тэдний зорилго байсан тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн нь тодорхой. Мэдээж хэрэг Ханзагийнханд уг гэрээ илүү ашигтай туссан юм. Дайн дуусч, дипломатчид чимээгүй боллоо. Одоо бол өнөөх суртал ухуулагчдын ээлж ирж өртөөгөөр тэд өмнөх шигээ олуулаа явахаа больсон ч хааяахан ганц нэгээрээ үзэгдэж дайнд өөрсдийгөө ялсан хэмээн тунхаглах болжээ.
        Эв нэгдлийн гэрээнд гарын үсэг зуралцсан уг дурсгалт өдрөөс хойш нэг жил өнгөржээ. Улаан Шугамаар нэвтэрсэн Ханзагийнхан олон ч сайн эдийн засгийн хамтрагчидтай болоод амжив гэнэ. Москвагийн газар доорх коммунист намын нарийн бичгийн дарга нөхөр Москвиноор удирдуулсан улаантнууд метроны бусад хэсгүүдэд хэрхэн хувьсгалын галыг түгээх талаар зөвшилцөхийн сацуу газрын гүнээс дээш дэлхийн гадаргуу руу гарах хүсэл мөрөөдлөө ч мөн орхиогүй билээ.
        Болж өнгөрөөд удаагүй энэ түүхийг Артём яг л хойд эцгийнх нь түүнд ярьж өгдөг шиг сонирхолтой, содон зүйлс шиг нарийн сайн тогтоож авсан байна. 

'Энэ бүх тулаан тэмцэл дууссан нь сайн хэрэг шүү' гэж Пётр Андреевич хэлээд 'Гэхдээ л Улаан Шугамнаас цааш явах бараг л боломжгүйдээ. Тийш ойртох тусам худалч хүнд бол хамгаалалтын постууд бараг метр тутамд байх бөгөөд тэр тоолонд бичиг баримтыг чинь хэдэн зуун удаа шалгах болно. Би цааш явж үзээгүйэ, Проспект Мирээс цааш намайг явуулаагүй. Золтой л намайг хананд тулгаад буудчих дөхөөгүй шүү тэд.' гэв.
'Тиймүү? Та бидэнд энэ тухайгаа ярьж байгаагүй шүүдээ, Пётр ... тэгээд та яаж тэднээс мултарсан билээ' гэж Андрэй сонирхон асуув.
      Пётр Андреевич гар чийдэнгээ унтраагаад газарт тавихыг Артём ажиглалаа. Энэ бол түүнийг өөрт тохиолдсон түүхийг ярих дуртай байгааг илтгэнэ. 

'Яахав ... тэд намайг улааны тагнуул байна гэж бодохгүй юу. Проспект Мир Ханзагийнхны хамгаалалтанд байдаг хойно, тийш нэвтрэхэд Пасспорт шалгалт хийдэг байв. Хэдий худалдаачид, наймаачид тэнд олон байдаг ч ...' 
'Алив л дээ, бидэнд лекц унших хэрэггүй, бид нар мэднэ ... харин тэнд яг юу болсныг яриадхаач' гэж Андрэй түүний яриаг тасаллаа.
'Пасспорт шалгалт', гэж Пётр Андреевич давтан хэлээд хөмсгөө зангидаж ирснээ 'Тойргийн гаднах өртөөнүүдэд зах зээлийн газрууд олон бий шүү ... гадныхан ч тийшээ нэвтрэх бүрэн эрхтэй. Гэхдээ та нар хилийн шугамыг даваад тойрогруу орж чадахгүй. Проспект Мирд очих үедээ би биедээ хагас килограм цай авч ... мөн хэдэн багц сумтай явсан юм. Яахав худалдаа хийнэ л гэж бодож очихгүй юу. Гэвч дотогшоогоо зэр зэвсгийн зүйлс нэвтрүүлдэггүй хуультайг нь мэдсэнгүй. Хүмүүстэй ярилцах гэсэн боловч надаас халгаж зутгаад болдоггүй шүү. Харин нэг хүн хүрч ирснээ "Юун сум бэ, тэнэг минь ... эндээс хурдан явж үз, аягүй бол тэд чамайг матчихсан байгаадаа" гэж шивнэлээ. Би түүнд талархаад чимээгүй гэгч нь туннелрүү эргээд алхав. Яг гарахын даваан дээр тэндхийн нэг харуул нь намайг зогсоолоо. Удсан ч үгүй бусад нь гүйгээд ирэв. Тэгээд бичиг баримтыг маань шалгаж гардаг юм байна. Би түүнд пасспортоо, өртөөнийхөө тамганы хамт үзүүллээ. "Харин чиний дамжин нэвтрэх бичиг чинь хаа байна?" гэж асуухаар нь "Юун бичиг билээ?" гэж хариуллаа. Гэтэл хаалганы нь дэргэд жижиг ширээн дээр тасалбар өгдөг байж л дээ.
     Яаж яваад тэднийх нь дэргэдүүр өнгөрснөө ч би мэдэхгүй байлаа ... Яагаад тэр хөлдүү толгойтнууд намайг зогсоосонгүй вэ? Ингээд бүгдийг харуулуудад тайлбарлах хэрэг гарлаа. Нэг халзан толгойтой нөхөр нь намайг харж зогссоноо "Наадах чинь нууцаар нэвтрээд орчихсон юм бишүү!" гэх нь тэрдээ. Тэгснээ миний пасспорт дээрх Сокол өртөөний тамгыг харснаа нүд нь улаанаар эргэлдээд "Гараа өргө! муу новш минь!" гэж бархирлаа. Өмнө нь би Соколд амьдардаг байсан юм чинь, яах билээ. Тэдний сургуулилт сайтай гэдэг нь илт байлаа, тэр дор нь намайг хүзүүн дээр минь дарж унагаад гавлаж орхив. Тэгээд өртөөн дундуур дагуулж явсаар хэсгийн ахлагч дээрээ хүрч очив бололтой түгжээтэй хаалганы өмнө зогсоод "Чи зугтаагаад үзээрэй. Одоохон би даргаас тушаал гаргуулаадахъя. Тэгээд удахгүй чамайг хананд тулгаад буудаж орхих оо мэдье ээ, туршуул минь" гэж заналхийлэв.Энэ үед миний хамаг биений хүйтэн хөлс асгарч байсныг тод санаж байна. Тэгээд би өөрийгөө зөвтгөхөөр "Юун тагнуул, туршуул байх билээ! Би бол ердөө л худалдаачин хүн! Би ВДНХ-ээс цай авчирсан." гэж хариуллаа. Харин тэр цайнуудыг минь аманд минь чихээд, бууныхаа бөгсөөр араас нь цохино шүү гэж сүрдүүлэв. Хэрэв дээрээс тушаал ирсэн бол намайг хонгилын 200 дахь метрд аваачаад, хууль ёсны дагуу толгойг минь ханаруу харуулж зогсоогоод буудах байсан биз. Тэгтэл байдал огцом өөр тийшээгээ эргэсэн юм ... Өнөөх махан толгойт чинь даргатайгаа уулзаад намайг хаана буудах талаараа ярьж байгаа нь сонсогдов. Би өрөвдөлтэй царайгаар даргаруу нь хартал хэн байсан гэж санана! Манай ангийн анд Пашка Федотов маань гэгээн дүрээрээ зогсч байдаг байгаа! Сургуулиас хойш түүнтэй ер уулзаагүй явсан юм ... ' 

'Тосоор гоож гэж! Чи намайг бүр айлгаж орхилоо шүү! Би тэнэг юм шиг л тэд чамайг удахгүй алах байхдаа гэж бодож байлаа' гэж Андрей хэлсний дараагаар 450 метр дэх хонгилын хэсэгт ил галын дэргэд бөөн инээдэм, ханиадам болжээ.
      Пётр Андреевич хүртэл, эхэндээ Андрей рүү муухай харж байсан бол, удалгүй шүдээ ярзайлган инээж эхлэв. Тэдний инээд туннелиэр нэг цуурайтаж байлаа ... гэтэл гэнэт хаа нэгтээд ямар нэгэн зүйл хяхтнах шиг болжээ. Бүгд чимээгүй болов. Өмнө зүгийн хонгилоос нэгэн хэмнэлээр шуухитнах чимээ сонсогдож эхэллээ.
     Андрей үүнийг хамгийн түрүүнд олж сонсжээ. Тэгээд тэр гараа даллан бусдадаа чимээгүй байхыг сануулаад, газарт тавьсан автомат буугаа аваад сууж байсан газраасаа аажуухан гэгч нь өндийв. Артём ч мөн түүнийг даган өндийлөө. Сониуч зандаа хөтлөгдсөн Артём түүнээс араас алхах гэтэл Андрей хөмсөг зангидан түүнрүү эргэж харснаа мөн бусад нөхөддөө хандаж 'Алив гэрэл тусгаадах!' гэв.
       Удалгүй нэг нь машины урд хамраас авсан хүчирхэг аккумляторын гэрэл гаргаж ирээд харанхуйн зүг нэвт гийгүүлэв. Гэрэлд ямар нэгэн зүйл торжээ, их хол байсан тул юу гэдгийг ялгах аргагүй байлаа. Ямартай ч аюул заналхийлэл учруулах хэмжээний сүртэй харагдаагүй бөгөөд жижигхэн тэр амьтан хойд зүгрүү эргээд зугтаж байв.
Артём удалгүй, чанга дуугаар :
'Буудаарай! Тэр зугтаж байна!' гэж орилов.
Харин яагаад ч юм Андрей гал нээсэнгүй. Пётр Андреевич автомат бууныхаа замгийг татаад:
'Андрюха! Чи амьд уу?' гэж хашгирав.
Залуус ил галын дэргэд, хүчирхэг аккумляторын гэрэлний хажууд санаа зовсон байдалтай харж суулаа. Удалгүй Андрей харанхуйгаас гэрэлд гарч ирээд, хувцасныхаа тоосыг гөвөн :
'Тиймээ, би амьд байна, амьд байна' гэж хэлээд, тэр инээв.
'Юундаа жуумалзаад байгаан?' гээд Пётр Андреевич сэжиглэсэн байртай асуув.
'Гурван хөлтэй байсан гэв үү! Тэгээд бас хоёр толгойтой мутантууд байсан гээд байгаа юм шүү! Харанхуйд нойрсогчид энд байна! Тэд бидний бүгдийнх нь хоолойг хэрчинэ! гэнээ. Бууд эсвэл тэд зугтчихна шүү! Тэд олуулаа байгаа! гэцгээгээд байл уу, айн' гэж хэлээд Андрей хөхөрч гарав.
'Яагаад чи буудсангүй вэ? Манай залуус ч яахав, тэдний нас нь бага байна, ойлгож болох юм гэхсэн. Гэтэл чи чинь өөршүүдээ. Полезевская өртөөнд тохиолдсон явдлыг дуулсангүй юу!' гээд маш ууртай дуугаар Пётр Андреевич Андрэйг ил галын дэргэд эргэж ирэх үед нь асуулаа.
'Мэдээж би хар мянган удаа сонссон, тэрийг чинь.' гэж хэлээд Андрей  'Ердөө л нохой байна шүүдээ. Яг ч нохой биш л дээ, гөлөг ... галд дулаацах гэж л ирсэн байнадаг. Гэтэл та нар юу юу гээд байлаадаа'.
'Нохой байсан гэдгийг нь би яаж мэдэх юм?' гэж Артём өөрийгөө өмөөрөв. Тэгснээ 'Гэхдээ их хачин чимээ гаргаад байсан шүүдээ. Тэгээд ч долоо хоногийн өмнө тэд гахайн дайны том хэмжээтэй хархыг харсан гэсэн байх шүү'.
'Чи үлгэрт итгэдэг хэрэг үү! Хүлээж бай, би чамд тэр хархыг чинь аваад ирье!' гэж хэлээд Андрей галын дэргэдээс босч, харанхуйн зүгрүү алхав. Минутын дараа харанхуйд шогшрох чимээ гарч, удалгүй Андрей өөрөө өөртэйгөө ярьж эхлэв.
'Нааш ир, хүрээд ир, бяцхан амьтан минь. Битгий ай!'
Бараг арван минут хэртэй энэ бүхэн үргэлжилсний дараагаар тэр сая нэг галын дэргэд хүрч ирэв. Тэгээд инээмсэглээд хүрэмнийхээ дотроос нүдэнд нь айдас хуралдсан, халтар бас нойтон гөлгийг гаргаж ирэв. Гөлөг газарт буунгуутаа эргэж зугтах гэтэл Андрэй шаламгай гэгч нь барьж аваад хүрэмнийхээ дотор хийлээ.
'Бяцхан гөлөг дулаацах хэрэгтэй' гэж тэр хэлэв.
'Алив л дээ, Андрей, энэ чинь бөөстэй юм бишүү! Энэ чинь халдвартай байгаад өртөөнийхөн дунд тахал тараавал яах болж байна?' гэж Пётр Андреевич ундууцлаа.
'За, Пётр, одоо хангалттай, дахиж битгий гонгиноод бай. Хар л даа!' гээд айж, даарснаасаа болоод чичирсэн гөлгийг хүрэмнээсээ гаргаж үзүүлэв. 'Нүдийг нь хар, нүд хэзээ ч худал хэлэхгүй!'.
Пётр Андреевич гөлгийг сайн харж авав. Түүний нүд нь айсан ч гэлээ, гарцаа байхгүй эрүүл гэдгийг нь илтгэнэ.
'Зааз ... энэрэнгүй сэтгэлт минь ... Хүлээгээрэй, надад түүнд өгөх зүйл байна' гэж бувтнаад Пётр үүргэвчээ уудалж гарав.
'Харж байна уу, энэ бяцхан амьтан өсч том болоод бидэнд ямар ч тус үзүүлэх юм билээ, тийм биз' гээд Андрей гөлгийг дулаан галруу ойртуулав.
'Гэвч гөлөг яаж яваад энд хүрээд ирэв? Тэр зүгт хүмүүс амьдардаггүй шүүдээ. Зөвхөн харанхуйд нойрсогчид л бий. Тэд нар тэгээд нохой тэжээдэг болж байна уу?' гэж өнөөг хүртэл чимээгүй суусан туранхай, арзгар үстэй Андрэйн залуусын нэг нь хэлэв.
'Чиний зөв, Кирилл' гэж Андрэй хариулаад 'Миний мэдэхийн харанхуйд нойрсогчид амьтан тэжээдэг гэж дуулаагүй юм байна.' гэлээ.
'Ингэхэд тэд яаж амьдардаг юм бол? Юу иддэг бол?' гэж хяхтнасан дуугаар сахалтай эрүүгээ маажсаар өөр нэг залуу асуув.
      Тэр бол өндөр том биетэй, өргөн мөртэй, халзан толгойтой бөгөөд маргаан байхгүй туршлагатай нэгэн гэдэг нь илт байлаа. Мөн урт бөгөөд сайн оёдолтой цув өмссөн байна. Одоо үед ч ийм хувцас ховорхон шүү.
'Юу иддэг вэ  гэнээ? Хог хаягдлаас өөр юу л идэв гэж. Тэд хамгийн бузар зүйлсийг иддэг. Тэд харх ч иддэг, хүнийг ч иддэг. Тэд юуг л бол юуг иддэг гэж мэд' гэж Андрей хариулаад ярвайлаа.
'Ханибалууд юм биздээ?' гээд өөр нэг халзан толгойтой эр гайхсан шинжгүйгээр асуув. Яг л тэр өмнө нь ханнибалуудтай учирч байсан мэт. 

'Ханибалууд гэнээ ... Тэд хүмүүс бишээ. Бас тэд үхдэггүй. Ямар гээчийн амьтад болохыг нь ёстой чөтгөр бүү мэд! Харин тэд зэвсэг хэрэглэдэггүй нь сайн хэрэг шүү. Ингэхэд Пётр! Санаж байна уу, 6 сарын өмнө бид тэдэнд олзлогдсон нэг хүнийг олсон шүүдээ'.
'Санаж байнаа' гэж Пётр хариуллаа. 'Тэр хоёр долоо хоног манай өрөөнд суусан, тэгэхдээ манай уснаас уугаагүй, бүр хоолонд ч гар хүрээгүй шүү. Хооллох гэж яаж зовсон гэж санана биднийг.'
'Та нар тэгээд тэрнийг байцаасан л биздээ?' гэж нэг нь асуув.
'Тэр бидний хэлийг ойлгоогүйэ. Цэвэр Орос хэлээр яриад байхад юу ч ойлгоогүй. Тэр дуугүй л суугаад байсан, яг л амандаа ус балгачихсан юм шиг. Бүр зодож ч үзсэн, нэмэр болдоггүй шүү. Хоол өгсөн ч ялгаагүй байхгүй. Бас тэр архираад л байсан. Харин үхэх үедээ өртөөнийхнийг тэр чигт нь сэрээж орхихоор ямар муухай орилсон гэж санана аа! ...'
'Ингэхэд нохой яаж ирсэн байх билээ?' гэж Кирилл тэдэнд өмнөх ярианы сэдвийг нь сануулж өгөв.
'Тэрийг хэн мэдэх билээ ... магадгүй тэднээс зугтаад ч ирсэн юм билүү. Энэ бяцхан гөлөг тэгээд хоёр километр зам туулаад ирлээ гэж үү? Мэдэхгүй юмдаа. Хэн нэгнийх л байж таарлаа. Гөлөгний хувь заяагүй эзэн нь магадгүй өмнөдөөс ирээд харанхуйд нойрсогчдын гарт өртөө биз. Гэхдээ бяцхан гөлөг энд яаж ч ирлээ гэсэн ямар хамаа байна. Хар л даа. Энэ хөөрхөн амьтан та нарт мангас шиг харагдаад байна уу?' Эсвэл мутант шиг үү? Энгийн л нэгэн гөлөг байна шүүдээ. Тэр бидэн дээр ирснийг бодоход хүмүүстэй ойр дотно байсных биздээ. Үгүй бол тэр яагаад бидэнрүү гурван ч удаа ойртож ирнэ гэж?'
Кирилл чимээгүйхэн бодолд дарагдан сууна. Харин Пётр Андреевич өнөөх данхаа канистертэй уснаас дүүргэж аваад 'Дахиад цай нэмүүлэх хүн байна уу? Энэ сүүлийнх нь шүү. За тэгээд бүгдээрээ хөдөлцгөөе' гэв.
'Цай гэнээ - Одоо л чи хүн шиг ярьж байна! Дахиад ууя' гэж Андрей хариуллаа. Бусад нь ч мөн ууцгаах болов.

Ус буцаллаа. Пётр Андреевич цай уухыг хүссэн нэгэнд нь аягалж өгөв. Тэгээд :
'Залуусаа ... харанхуйд нойрсогчдыг яриад яах вэ. Хамгийн сүүлд биднийг яг ингэж суугаад элдвийг дэмий донгосч байх хооронд тэд алсаас гэтэж байсан гэдэг биздээ. Бусад залуус ч мөн үүнтэй адил зүйлсийг хэлж байхыг би сонссон юм байна. Би мухар сүсэгтэн биш, гэхдээ юмыг яаж мэдэхэв. Хэрэв тэд энэ бүгдийг мэдэрдэг бол яахав, биднийг алсын зайнаас харж, сонссдог байхыг үгүй гэх газаргүй шүүдээ. Нэмж хэлэхэд манай ээлжийн цаг дуусчихаад байна, хөдөлцгөөе' гэлээ.
'Тиймээ, магадгүй ... ' гэж Артём дэмжлээ.
'Заа за, одоо хангалттай. Та нар юундаа айцгаасан юм бэ, шувуун зүрхтнүүд минь! Хэзээ нэгэн өдөр бид туннелийн төгсгөлд хүрэхдээ л хүрэх болно!' гээд Андрей, Артёмыг сэргээх гэсэн боловч тус болсонгүй.

      Харанхуйд нойрсогчдын талаарх түрүүний бяцхан яриа тэднийг туйлын тавгүй байдалд оруулжээ. Хэдийгээр айдсаа нуух гэж хичээж байсан ч Андрей хүртэл үнэн голоосоо айж байлаа. Уг нь бол түүнийг айлгадаг хүн гэж байхгүй юмсан, ямар ч дээрэмчин тонуулч, ямар ч хоолой хэрчигч анархистууд, мөн ямар ч Улаан Армийн цэргүүд. Гэвч тэр үл үхэгсдээс цэрвэдэг байлаа. Бүгд чимээгүй, нам гүм болов. Ил галын дэргэд суусан эрчүүдийн дунд ер бусын нам гүм байдал ноёрхов. Галд шатах мод чад пад хийн асч, хааяахан алс хонгилоос маш бөглүү чимээнүүд гарна. Яг л метроны хаа нэгтээд, газар доор ямар нэгэн мангас нуугдаад уг чимээг гаргаж буй гэлтэй. Санаа дагаад ч тэр үү уг бөглүү чимээ улам бүр ойртоод байгаа юм шиг санагдаж тэднийг мөн түгшээнэ.

Monday, August 12, 2013

Брам Стокерын "Дракула Гүнтэн" (1-р бүлэг)

Жонатан Харкерын тэмдэглэл.
5-р сарын 3. Биштриц


5-р сарын 1-ний үдэш 8 цаг 35 минутанд би Мюнхень хотоос гарч дараагийн өглөө нь Виеннд хүрч ирэв. Уг нь бол галт тэрэг хуваарийн дагуу 6:46-д ирэх ёстой байсан л даа, гэвч ирэх ёстойгоосоо нэг цагаар хоцорч ирсэн юм. Тэгээд галт тэрэгний цонхоор харж явахад Будапешт их сайхан хот шиг санагдаж билээ. Тэнд буугаад хотын захын гудмуудаар алхаж үзэх боломж надад байсан ч галт тэрэг энд хоцорч ирсэн шигээ түрүүлээд явчихвий гэсэндээ буудлаас холдож ер зүрхлэсэнгүй.
       Тэгээд би цааш явахдаа Данубе голын дээгүүрх эртний хэв загвартай чамин гүүрийг өнгөрөхдөө л өрнөдийг ардаа үлдээж дорнодруу нэвтрэн орж буйгаа анзаарсан юм даа. Энэ газраас эхлээд цаашлах тусам, эртний түүхийн өлгий болсон Туркын газар нутагруу улам бүр ойртох тутамд, дорнын их соёл уламжлал биднийг бүрхээд авах шиг л болж байлаа.
       Тэнд удсан ч үгүй галт тэрэг маань хөдөлж, бид цааш явсаар шөнө дундын хирд Клаузенбургт хүрч ирэв. Энд би шөнийг өнгөрүүлэхээр шийдэж "Рояал" гэх зочид буудалд өрөө захиалсан бөгөөд тэнд би оройн зоогоо барьсан юм. Улаан чинжүүгээр хачирласан тахианы мах нь амттай гэж жигтэйхэн ч жаахан аргуу байлаа. (Санамж : Хоолны жорыг нь Минад зориулаад тэмдэглээд авчихсан шүү.) Нэрийг нь "Паприка Хендл" гэж нэрлэдэг талаар үйлчлэгчээс нь олж сонсов. Мөн үндэсний зоог болсон уг хоолыг аль ч газрын Карфатчуудаас сурах боломжтой юм гэнэ.
       Харин энд миний хазгай муруй Герман хэл их л хэрэг боллоо шүү хө. Хэл мэдэхгүй бол яажшуухан явах байснаа төсөөлөхөд ч үнэхээр бэрх байна.
       Лондонгоос явахаасаа өмнө би зориуд өөртөө цаг гаргаж Британий Үндэсний Музейг зорьсон юм. Яахав, Трансилванитай холбоотой газрын зураг, мэдээ сэлтийг сонирхох гэж л тэр байхгүй юу. Газар нутаг, соёлынх нь талаар тодорхой мэдээлэлтэй байвал миний харилцах гэж байгаа тэр язгууртан хүнд тааламжтай санагдах нь тодорхой.
       Мөн тэр хүний зааж өгсөн газрыг нь би хайсаар улс орны бүр хамгийн зүүн хэсэгт буюу Карпатын уулсын дундах Трансилваниа, Молдавиа болон Буковино гурван мужийн хил дээр байдгийг нь олж мэдэв. Маргаан байхгүй энэ хэсэг газар бол Европт тэр бүр хүмүүсийн мэдээд байдаггүй, очоод байх нь ч ховорхон зэлүүд буйд газар байлаа.
      Чухамхүү Дракулагийн шилтгээнийг л яг таг заасан газрын зургийг би эрээд эрээд олсонгүй дээ. Гэхдээ бас хоосонгүйэ, Дракула гүнтэнгийн нэрлээд байсан Биштрицийг нь би олж дөнгөлөө. Эрж олоход ч төвөгтэй байсангүй. Харин би энд хожим хойно аяллынхаа тухай Минад ярьж өгөхөд хэрэг болгох үүднээс зарим нэг чухал хэрэгцээтэй баримтуудыг бичье.
Трансилвани мужийн хүн ам дөрвөн үндэстэн ястанд хуваагддаг :
       Өмнө зүгт Саксончууд болон Дацийн үр удам болсон Валачууд амьдардаг бол баруун хязгаарт Магиарчууд нутагладаг юм байна. Харин умард болон зүүн хэсгээр нь Сзекелисчүүд аж төрдөг аж. Тэдэн дээр би сүүлд нь зочилж очноо. Тэднийг Аттила болон Хүннүчүүдийн хойч үе гэдэг юм билээ. Энэ нь ч үнэний ортой байж болох бөгөөд 11-р зуунд Магиарчууд уг газрыг эзлэн түрэмгийлэхэд энд Хүннү нарыг нутаглаж байсан гэх мэдээлэл байдаг юм байна лээ.
       Хэрэв мухар сүсэг бишрэлийн үүсэл гарлыг судалж үзвэл маргаан байхгүй энэ газартай холбогдох биз. Бараг л ихэнх мухар сүсэг бишрэл цөм Карпатчуудын морины тахнаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ. Үнэхээр сонирхол татаж байна шүү (Санамж : энэ талаар би Гүнгээс сайтар асууж лавланаа)
       Хэдий ор маань тохилог, хэвтэхэд тухтай байсан ч гэлээ элдэв янзын утга учиргүй зүүд зүүдэлснээсээ болоод сайн унтаж амарч чадсангүй. Мөн цонхон доор минь шөнөжингөө ноход хуцаж хоносныг яана. Эсвэл орой идсэн тэр улаан шинжүүнээс ч болов уу гэж бас бодлоо. Тэгээд би орноосоо босоод өөрийнхөө галуун хүзүүт лонхон доторх бүх усыг дуустал нь ууж орхив, гэвч удалгүй дахиад л ам цангаж эхлэх нь тэрдээ. Тэгж ингэж янз бүр болсоор байгаад үүр цайхын алдад ашгүй нэг нойр минь хүрч дуг хийх боломж гарсан юм. Тэгээд өглөө нар дээр хөөрсөн хойно өрөөний минь хаалгыг тогших чимээнээр сэрж орхив. Өглөөний цай бэлэн болсон нь тэр байж.
       Зоогон дээр би дахиад л улаан чинжүүнээс хэрэглэв, гэхдээ нилээд ихийг шүү. Мөн эрдэнэ шишийн гурилаар хийсэн овъёосны агшаамал идэж үзлээ. Үүнийг "мамалига" гэж нэрлэдэг юм байна, мөн "имплетата" гэдэг татсан махаар чигжсэн маш амттай баклажан идэж үзэв. (Санамж : Мөн л хийх жорыг нь би тэмдэглээд авчихсан) Ингээд өглөөнийхөө цайг түргэхэн гэгч нь уучихаад би 7:30 гэхэд галт тэрэгний өртөөнд хүрч очлоо. Гэвч уурын тэргийг хөдлөх хүртэл дахиад цаг гаруй хүлээж суусан юм даа!
       Дорно зүгрүү явах тусам яагаад ч юм галт тэрэг нь жижигрээд байх шиг санагдаж билээ. Хэрэв тэд Хятадад хүрч очвол яах болж байнаа?
       Ингээд бүх л өдрийн туршид бид байгал дэлхийн түмэн гоо үзэсгэлэн хосолсон өргөн уудам газар нутгийг хөндлөн гулд туулж явав. жижигхэн суурин гацаанууд хааяа нэг үзэгдэж, ном уншлага үйлддэг болов уу гэмээр сүм дуганууд уул толгодын орой дээр байгаа харагдана. Замын дэргэд сайр чулуу ихтэй жижиг горхинууд олон таарч, удалгүй урсгал нь салаалж мөн дахин нийлж, ус нь нэмэгдсээр заримдаа бүр өргөн гол мөрөн болж хувирна гээч.
       Зарим өртөөнд ердөө л хэсэг бүлэгхэн хүмүүс зогсч байсан бол бусад нэгэнд нь буудалд багтаж шингэхгүй шахам олон хүн галт тэргийг хүлээж байлаа. Мөн тэнд ямар л бол ямар хувцастай хүмүүсийг харж болно шүү. Тэдний зарим нь эдлэн газартаа байгаа тариачид шиг хувцасласан байхад өөр нэг нь миний Герман болон Францад үзсэн шиг нэхмэл өмд, богино хүрэм өмсч дугуй бүрх духдуулсан хээнцэр эрхмүүд байлаа. Мөн ганган дэгжин гэдэг нь дэндсэн догь хүүхнүүд залуус ч олон үзэгдэв.
       Цээж бэлхүүс хэсгээрээ өргөн л болохоос биш нутгийн бүсгүйчүүд нь дур булаам юм. Тэд ихэвчлэн цагаан ханцуйтай цамц өмссөн байх бөгөөд дээгүүр нь том зузаан гэгч нь бүсийг тэлээлж орхисон нь цамцных нь хормойг дэрвийлгэж яг л баллетын өмсгөл шиг харагдуулж байлаа. Мэдээж хэрэг доогуураа өмд банзал өмссөн байлгүй л яав гэж.
       Харин миний үзсэн хамгийн хачирхалтай дүр зураглал чухамхүү Словакчуудад байв. Бусдыгаа бодвол тэд илүү барбар маягийн хүмүүс юм. Толгой дээрээ ковбой малгай тавьж, бариу цагаан цамц өмсч, тоос шороонд дарагдсан өмдөө зэс аралтай асар том суран бүсээр тэлээлжээ. Урт түрийтэй гутал өмсч өмдөө дотуур нь чихсэн байна. Мөн урт бараан гэзэгтэй бөгөөд гил хар сахалтай юм. Харахад сүрлэг сайхан ч гэсэн тийм ч цэвэр цэмцгэр биш тэднийг учир мэдэхгүй хүн бол зэрлэг өрнөдийн дээрэмчид байна гэж эндүүрмээр. Гэхдээ тэд харагдаж байгаа шигээ улс огтхон ч биш юм шүү. Харин ч эсрэгээрээ гээч.
       Боргогийн гарамнаас Буковина хүртэл маш их салхи шуургатай байна гэж замдаа би сонсч явлаа. Харин сэтгэл санаа дагаад ч тэр үү энд салхи сэвэлзээд эхлэх чинь ... Тэгээд бид цааш явсаар Биштрицэд хүрч ирэхэд гадаа альхэдийнээ гэгээ тасраад харуй бүрий болсон байсан юм. Энэ хотын тухайд гэвэл, тавин жилийн тэртээд ээлж дараалсан аймшигт түймрийн галд өртөж байжээ. 17-р зууны эхэн үед гурван долоо хоногийн туршид дайснуудын бэхлэлтэнд байж 13.000 хүн энд нас барж, дайныг залгуулаад өлсгөлөн болоод өвчин тахал нүүрлэж байсан айхавтар үйл явдлууд болсон гэдэг.
       Дракула гүнгийн надад санал болгосон "Голдэн Кронэ" зочид буудлыг би төвөггүй гэгч нь олж чадлаа. Яг л миний төсөөлж байсан шиг эртний хийцийн барилга бүхий тун сонирхолтой газар байв.
       Намайг хаалгаар нь явж ороход жирийн тариачдын өмсдөг шиг даашинзныхаа гадуур цагаан дотортой урт хормогч зүүсэн, баясгалантай төрхтэй настай хатагтай өмнөөс минь угтаж авав. Тэр дэргэд минь ирээд бөхийн хүндэтгэл үзүүлээд "Та Англи хүн үү?" гэсэн юм.
      "Тийм байна" гэж би хариулаад, "Жонатан Харкер" гэж нэрээ хэллээ.
       Тэр инээмсэглэснээ, дэргэдээ зогсч байсан хөгшин эрд хандаж ямар нэгэн үг хэлэв. Мөнөөх эр удсан ч үгүй гартаа захидал барьсаар хүрч ирлээ. Тэгээд би дугтуйг нээж үзэв.
"Найз минь. -Карпатын уулсад тавтай морилно уу. Би таныг сэтгэл түгшин хүлээж суулаа. Эндээ сайхан амраад ав. Тэгээд маргаашийн гурван цагт Буковиноруу хөдлөх тэргэнд амжиж суугаарай. Боргогийн гарам дээр миний сүйх тэрэг хүлээж байгаа бөгөөд чамайг над дээр хүргэж ирэх юм. Чиний Лондонгоос энэ хүртэл хийсэн аялал чинь чамд өндөр сэтгэгдэл үлдээсэн гэдэгт итгэж байна, мөн миний үзэсгэлэнт нутаг орон чамд таалагдсан гэж найдъя. -Чиний нөхөр, Дракула." захианд ийнхүү бичсэн байлаа.

5-р сарын 4. Биштриц

Зочид буудлын эзэн ч мөн адил гүнгээс захидал хүлээн авсан гэдэг нь илт байв. Намайг дагуулсаар буудлаас үдэж, суудлын тэргэнд минь хүргэж өгөхөөр тэр хамт алхсан юм. Гэвч түүнээс зарим нэг зүйлсийн талаар лавлахад миний Герман хэлийг ойлгоогүй мэт цариалж, таг дуугүй алхаж явсан нь үнэхээр сонин санагдаж байлаа.
       Тийм байж таармааргүй л юм, өчигдөрхөн л миний яриаг гайхалтай сайн ойлгож байсан биш билүү, ядаж л юм асуухад минь хариулт өгч байсансан.
       Намайг угтаж авсан өнөөх төлөв даруу хатагтайн хувьд уг эрхмийн гэргий нь аж. Гэхдээ яагаад ч юм тэр хоёр надаас жийрхээд байх шиг санагдаж билээ. Дугтуйн дотор хамт мөнгө хийж илгээсэн байсан тул буудлын эзэн надаас өөр юуг ч хүссэнгүй. Дракула гүн болоод түүний амьдардаг харшийн талаар асуухад мань эхнэр нөхөр хоёр, хоёр биенрүүгээ учиртай гэгч нь харц чулуудаж, олигтой зүйлийг ярилгүй мэдэн будилж байсан нь ярих хүсэлгүй байгааг нь бэлхэн гэрчилнэ. Үнэндээ тэр хоёроос өөр энэ тухай асууж лавлах хүн олдоогүй бөгөөд тэдний ийнхүү аашлахыг хараад дотор минь өөрийн эрхгүй эвгүйрхэж эхэлснийг нуух юун.
       Харин намайг буудлаас явахаас яг өмнөхөн нь хөгшин хатагтай өрөөний минь үүдэнд ирж надаас "Чи заавал явах хэрэгтэй гэж үү? Өө! Залуу минь. Заавал явах шаардлагатай юм уу?" гэж их л учирлан асууж билээ. Түүний хазгай муруй Герман хэлнээс бусад ямар хэлээр яриад байгаа юм бол бүү мэд, өөр бусад аялгыг нь би сайн ойлгосонгүй. Тэгээд би түүнд явах цаг болсон тухайгаа, чухал хэргээр явах гэж байгаагаа ойлгуулаад хөдлөхийг завдтал тэр дахиад л намайг шалгааж :
       "Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байна уу?" гэж асуув. Өнөөдөр бол 5-р сарын 4-н гэж би хариулав. Гэтэл тэр толгой сэгсрээд :
       "Тиймээ! Би мэдэж байна! Гэхдээ чи өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байна уу?" гэж дахин асуув. Тэгээд миний хариу хэлэхийг ч тоохгүйгээр цааш үргэлжлүүлж :
       "Өнөөдөр чинь гэгээн Жоржийн өдөр юм шүүдээ. Өнөөдөр орой, цагийн зүү шөнө дундыг заах үед ертөнц дээрх бүх л муу ёрын зүйлс амь ордог гэж ярьдгийг дуулаагүй юу? Ингэхэд чи хаашаагаа яараад байгаагаа мэдэж байна уу, очиж юу хийх гэж байгаагаа мэдэх үү?" гэж хэлээд өнөөх хатагтай шалгааж гарав. Түүнийг тайтгаруулах гэж оролдсон ч тус болсонгүй. Гэнэтхэн тэр бүр өвдгөн дээрээ сөхрөх нь халаг болж намайг битгий яваач, ядаж хоёр гурван хоног хүлээж болдоггүй юмуу гээд л гуйж эхлэв. Энэ бүхэн намайг үнэхээр тухгүй болгож байлаа. Одоо яая гэхэв, бүх зүйл төлөвлөгдсөн байсан тул үүнийг өөрчлөх аргагүй юм даа.
Би хатагтайг гарнаас нь түшиж босголоо. Намайг ятгаад нэмэргүй гэж бодсон бололтой тэр уруу царайлж зогсов. Тэгээд надад хэрэг болно гээд өөрийнхөө хүзүүнд зүүж явсан загалмайг өгдөг юм байна.
       Хэдийгээр би багаасаа сүмд явж, бүсэг бишрэлтэй хүмүүсийн дунд өссөн шүтлэгтэй Англи хүн боловч, чухам энэ зүүлт ямар учраас надад хэрэг болохыг ер ойлгосонгүй. Гэлээ гээд хөгшин настай хүн надад юм өгч байхад татгалзана гэдэг ёс зүйгүй хэрэг болно шүүдээ.
Тэгээд тэр хатагтай намайг эргэлзэж буйг гадарласан бололтой гараа сунгаж өнөөх зүүлтийг хүзүүнд минь зүүж өгөхдөө "Ээжийн чинь төлөө залбиръя" гэж хэлсэн юм. Тэгж хэлээд өрөөнөөс минь гарч одов.
       Яг одоо энэхүү өдрийн тэмдэглэлийн энэ хэсгийг би суудлын тэргийг ирэхийг хүлээх зуураа бичиж байна. Мэдээж хэрэг ирэх ёстой цагаасаа бас л хоцорч дээ янз нь. Харин өнөөх загалмайн хувьд хүзүүнд минь зүүлттэй л явна.
       Өнөөх хатагтайн гуйлтаас болов уу, аль эсвэл энэ газрын талаар дуулсан олон арван хий үзэгдлийн түүхээс болсон уу, эсвэл энэ зүүлтнээс болоод байна уу бүү мэд сэтгэл санаа минь нэг л тайван бус байх чинь. Хэрэв энэ дэвтэр намайг харихаас өмнө түрүүлээд Минад хүрэх болбол, миний өмнөөс салах ёс гүйцэтгэнэ биздээ хэхэ. Өө тэр, тэрэг маань хүрээд ирлээ.

5-р сарын 5. Шилтгээнд.

Өглөөний манан будан арилж, нар дээр хөөрөхийн зэрэгцээ алс тэртээд хөрөөний ир шиг хөх судал татаж эхлэв. Хэтэрхий хол байсан тул толгодын орой аль эсвэл моддын үзүүр алин болохыг нь ялгах аргагүй байлаа. Эсвэл хоёулаа ч байж мэдэх юм.
       Миний хувьд яг одоо тийм ч нойрмог биш байна. Ямартай ч би унтах цаг болох хүртлээ бичихээр шийдлээ.
        Харин сүүлийн хэдэн цагт сонирхолтой үйл явдлууд олон болж өнгөрлөө шүү, магадгүй Биштрицээс гарахынхаа өмнө идсэн үдийн зоогийнхоо талаар эхэлж бичих хэрэгтэй байх.
Тэдний хэлдгээр "Хулгайчдын Бифстэйк" гэдэг хоолыг нь амталж үзлээ. Үхрийн бас гахайн махыг шоронд өлгөөд сонгино болоод өнөөх улаан чинжүүгээр амталж гал дээр шарсан байна.
Мөн "Голден Медиаш" гэдэг дарснаас нь амсаж үзлээ. Хэл ам дарвигнуулсан их хачин амттайг нь яана, гэхдээ л татгалзах аргагүй юм билээ. Уг дарснаас би хэд хэдэн хундгыг барьж орхив, өөр юу ч уусангүй.
       Харин тэргэн дээр явж очиход жолооч нь суудал дээрээ байсангүйэ, тэр өнөөх буудлын хатагтайтай ярьж зогсоо харагдана.
       Тэр хоёр надруу байн байн хараад л нэг зүйлийн талаар их л нухацтай ярьж байгаа бололтойдог шүү. Мөн дэргэд нь гадны хэд хэдэн хүн очиж суугаад яриаг нь чагнаж байх юм гэнэ. Тэгснээ тэд ч мөн надруу их л харамсч байгаа бололтой харцгааж эхлэв. Тэдний яриан дундаас би хэд хэдэн нутгийн үг удаа дараа давтагдаж байхыг олж сонслоо. Ингээд би толь бичгээ гаргаж тэдгээр үгнүүдийг нь хайж үзсэн юм.
      Харин эдгээр үгс нь намайг огтхон ч баярлуулаагүй гэдгийг хэлэх байна, тухайлбал "Ордог"-Чөтгөр, "Покол"-Там, "стрегоика"-шулмас, "вролок" болон "влкослав" - энэ хоёр үг адилхан утгатай, нэг нь Словак үг нөгөөх нь Серби юм. Хоёулаа хүн чоно, цус сорогч гэсэн утгыг илтгэх аж. (Санамж, эдгээр хачин мухар сүсгийн зүйлсийг би гүнгээс асууж лавланаа).
Явах цаг ч болж, тэрэг маань ч хөдөллөө. Харин эргээд хартал өнөөх хүмүүс чинь мухлагийн үүдэнд цуглаж зогсоод хоёр гарынхаа хуруунуудыг зөрүүлж загалмай үүсгээд надруу харуулж байх нь тэр.
       Хамт яваа зорчигчоосоо би юу гэсэн утгатайг нь асуулаа. Эхэндээ тэр хариулсангүйэ, тэгснээ намайг гадны хүн болохыг мэдээд тэгсэн үү яав, ам нээж, эдгээр тэмдэг нь чөтгөрийн нүдний эсрэг хамгаалагч сахиус болдог талаар хэлж өглөө.
       Энэ бүхэн надад огтхон ч таатай санагдсангүй. Тэр тусмаа огт мэдэхгүй газар оронд явж, урьд өмнө уулзаж байгаагүй танихгүй улсын дунд байгаа хүнд бол шүүдээ. Гэхдээ л эндхийн хүмүүс нь их сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан, хэдий тэд уйтгартай дүнсгэр боловч тэдний зарим нь намайг үнэн голоосоо өрөвдөж байгаа нь илт байлаа.
        Дэн буудлын үүдэнд цуглаад гар хуруугаа зөрүүлж зогссон тэдгээр хүмүүсийг, мөн тэрхүү зураглалыг магадгүй би хэзээ ч мартаж чадахгүй байх. Ялангуяа хашааны голд тарьсан ногоон хайстай хулслаг улаан цэгцүүхэй болоод жүржийн модны ногоон навчис, бас биднийг хооронд нь тусгаарлах дугуй арктай хонгил-энэ бүхэн энэхүү дүр зураглалыг улам илүү чимж өгч байсан билээ.
        Удалгүй жолоочийн зотон даавуун өмд бүхээгний урд цонхыг бүхэлд нь хааж, өндөрт далайх түүний ташуур, "готза" хэмээн орилох дууны нь хамтаар дөрвөн жижиг морьд урагш ухасхийж, бидний аялал эхэлсэн юм.
        Замд таарах байгалийн түмэн гоо үзэсгэлэн өнөөх хар бараан бодлуудыг минь тэр дорхноо сарниаж орхив. Мөн хамт зорчигчдынхоо хэл усыг бага сага гадарлахын хувьд би огт ганцаардсангүй. Хөвчит ой моддоор дүүрсэн ногоон тал газрууд, фермийн байшингууд дэргэдүүр өнгөрнө. Урд зөвхөн эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх бидний зам дурайн харагдана. Алимны, чавганы, лийрний, интоорын гэх мэт олон жимсний модод хаа сайгүй тааралдаж, өндөр моддын доор навчинд хучигдсан ногоон зүлгүүд үзэгдэх нь нэн таатай. Энэхүү гайхалтай ногоон толгодын цаадах газрыг нутгийн ардууд "Миттел Ланд" гэж нэрлэх аж. Бидний зам тахирлан чиглэлээ өөрчилж, нарс моддын цаагуур халхлагдаж, толгод гүвээний ардуур нэг орж нэг гарсаар явах бөгөөд заримдаа хад чулуутай газрууд ч мөн таарч байлаа. Хэдий тийм ч бид их хурдтай урагшилж байсан юм. Тэрэгний жолоочийг яагаад ингэтлээ яараад байгааг нь мэдэх юм алга, харин бид тун удахгүй Борго Прунд-д хүрч очно гэдгээ л мэдэж байлаа. Энэ хэсгийн замын тухайд гэвэл зун цагт дээгүүр нь явахад урамтай сайхан байдаг ч өвлийн анхны цасны дараагаар хүн амьтан явахын аргагүй болдог юм гэнэ. Энэ хавийн замыг засварладаггүй нь учир шалтгаантай аж. Эртний Хоспадарчууд ч энэхүү замыг засахгүй байсан биз, үгүй бол Туркууд тэднийг цэргийн хүчээ хуримтлуулах гэж байна, дайнд бэлтгэж байна гэж бодох байсан байх.
       Миттел Ландын ногоон толгодын цаана Карфатын өндөрлөг хэсэгт тэмүүлсэн ой модот хөндийнүүд байгаа харагдана. Харин бидний баруун, зүүн талд уул толгодын сүүдрүүд гүн хөх хийгээд нил ягаан өнгөөр тунарч, чулуу бас өвснүүд нийлээд бор мөн ногоон өнгөөр гэрэлтэнэ. Хөрөөний ир шиг хад асганууд алсад бараа тасрах хүртлээ үргэлжилж, харин тэндээс эхлээд алсын шовх өндөр уулсын цаст оройнууд үзэгдэнэ. Оройн наран илчит гэрлээ харамгүй хайрлаж, байгаль ертөнцийг түмэн өнгөөр солонгорон гэрэлтэх боломжийг олгосон нь энэ билээ.
       Зорчигчдын нэг нь миний гарнаас барьж алсад хөхрөх цаст өндөр уулын оройг зааж,
"Хараач! Истэн сзек!" - "Бурхны сэнтий!" - гэж дуу алдав.
       Эцэс төгсгөлгүй мэт бидний зам цааш үргэлжилсээр, жаргах наран уулсын араар улам бүр бөхийсөөр нэг л мэдэхэд биднийг сүүдэр бас харанхуйн дунд үлдээлээ. Жолоочийг харанхуй болохоос урьтаж эцсийн зогсоолдоо хүрэхээр яарч явсныг нь би тэгэхэд л ойлгосон юм. Хэдий тийм ч цаст өндөр уулсын орой нарны гэрлийг үзсэн хэвээр байх аж. Замдаа төрөл бүрийн хувцас өмссөн Чехүүд бас Словакчуудтай зөрж өнгөрч байлаа. Гэхдээ тэдний дунд бамбай булчирхайн өвчин түгээмэл байдгийг би олж анзаарсан юм. Замд огцом эргэлтүүд олон таарч тэдний заримаар нь явж өнгөрөх бүрт морь тэрэг дайвалзаж, зорчигчид бие биенээсээ зуурч амжина. Сүсэг бишрэлдээ үнэнч тариаланчид биднийг дэргэдүүр нь явж өнгөрөхийг ч тоолгүйгээр мөргөлийн шүтээндээ залбирч суугаа харагдана. Маш олон зүйлс миний хувьд шинэ байлаа. Ойн захад овоолсон өвсөн бухалнууд, ногоон навчсын дундаас мөнгөн өнгөөр гялалзах хус модод алсад байгаа нь үзэгдэнэ.
       Бидэнтэй адил морь тэрэгнүүд зөрөг замаар зөрөөд өнгөрч байлаа. Тэдний ихэнх нь тариачдын уналага байх агаад зарим нь дүүрэн хүнтэй байхад нөгөө нэг нь морь тэрэгчнээс өөр зорчигчгүй байх аж. Өдөржингөө ажилласан тариаланчид гэртээ харьж явна. Цагаан цамцтай Чехүүд, хонины арьсан хувцастай Словакчууд зэрэгцэж өнгөрнө. Гартаа тэд урт гэгч нь саваа мод мөн хурц сүх барьжээ. Оройн наран улам бүр доошилж газар дэлхийд харанхуй сүүдрийн хаанчлал газар авах бүрт алс тэртээд найгах нарс бас царс, хус болон шилмүүст моддыг дов толгод, хөндий цайдам газруудаас ялгах аргагүйд хүрч байв. Гадаа бас их хүйтэн болж байлаа. Санаа сэтгэл дагаад ч тэр үү моддын сүүдэр амь орох шиг болж, Карфатын тэнгэрт хөвөх үүлс хий үзэгдэл шиг харагдаж үдшийн хярууны хамтаар бодолд дарагдсан ухаан санааг минь сарниулж эхэллээ. Удаан сууж залхсан би сүйх тэрэгнээс бууж алхахыг хүсэхэд "Үгүй, үгүй!" гэж тэрэгний жолооч толгой сэгсэрнэ. "Та энд бууж болохгүй. Эндхийн ноход зуудгаараа хэзээнээс нэртэй" гэж тэр учирлана. Тэгээд зорчигчдыг тэр тойруулан харж түүнийг дэмжсэн бусдынх нь инээмсэглэлийг олж үзээд наргиан болгож "Унтахаасаа өмнө та хэрэг төвөгт орооцолдохыг хүсээгүй л байлтай" гэж хэлээд урдах замруугаа эргэн харав. Зөвхөн тэр сүйх тэрэгнийхээ дэнг асаах гэж л зогссоныг нь би санаж байна.
       Гадаа харуй бүрий өтгөрөх тусам зорчигчдын сониуч зан нь дагаад нэмэгдэнэ. Тэрэгний хөтөчтэй яриа өдөж түүнийг шалавхан давхихыг тэд мөн хүснэ. Чанга ширүүн дууны хамтаар морьтон урт ташуураа өндөрт далайж тэрэгний морьдыг өршөөлгүйгээр шавхуурдаж байв. Удалгүй харанхуй замын эхэнд, хавцал толгодын дундуур, нарийн зүйдэл газраар бүдэгхэн гэрэл тусч эхлэв. Зорчигчдын сонор сэрэмж дээд цэгтээ туллаа. Морьдын тах чулуун зам дээр дээр начигнаж, сүйх тэрэгний хурд улам нэмэгдэх нь шуурган дундах тэнгист завиар сэлүүрдэж байгаа мэт санагдаж байв. Суудлаасаа унахгүйн тулд би биеэ барьж явлаа. Замын энхэл донхол арилж тэгшрэх тусам бид нисэх мэт хурдалж эхлэв. Алсад харагдаж байсан өндөр уулс өмнөхөөсөө илүү ойртсоор, тэргийг тойроод бидний дээрээс бөхийж эхлэв. Бид Боргогийн гарамд тулж ирлээ. Удалгүй зорчигчид надад татгалзах аргагүй "бэлгийг" ээлж дараалан санал болгосон юм. Надад ерөөл магтаал хайрлаж, намайг тэд адислаж байсан нь Биштриц дэх дэн буудлын гадна олж үзсэн тэрхүү дүр зураглалыг надад сануулж орхив. Тэгтэл гэнэт тэрэгний жолооч урагш бөхийж, тэргэнд сууж явсан зорчигчид маань хоёр тийш болцгоож цонхноосоо толгойгоо гарган харанхуйн зүгрүү өлийн харж эхлэв. Ямар нэгэн хачирхалтай зүйл болж байгаа аль эсвэл болох гэж буйг би гадарлалаа. Тэднээс асуусан боловч хэн нь ч надад ойлгомжтой хариу хэлсэнгүй. Энэхүү гайхшрал минь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удалгүй дорно зүгт, бидний өмнө Боргогийн гарам харагдаж эхлэх нь тэр. Гадаа харанхуй байсан ч өтгөн үүлс тэнгэрт хуралдаж, ширүүн аадрын өмнөх шиг ер бусын нам гүм байдал ноёлж байсныг ч мөн хэлье. Яг л энэ том уулын хоёр талд цаг агаар хоёр өөр янзаар хувирч байгаа юм шиг санагдаж билээ. Харин бид аадрын үүлс хуралдсан тэр хэсэгрүү нь орох гэж байлаа. Миний хувьд намайг гүнгийн шилтгээнрүү хүргэж өгөх тээврийн хэрэгслийг хайж явлаа. Харанхуйн дундаас ямар нэгэн гэрэл үзэгдэхийг би хүлээж байв. Гэвч юу ч харагдсангүй. Энэ газарт гэрэлтэж байсан цорын ганц гэрэл нь бидний тэрэгнийх байх агаад амьсгаадсан морьдын амнаас уур савсч байсан нь дэнгийн гэрэлд тодхон харагдаж явав. Элсээр хучигдсан зам бидний өмнө зурайн гарч ирлээ, гэвч урд ямар ч тэрэг байгаа шинж харагдсангүй. Зорчигчдын дуу хөөр ч нэмэгдэж, эргээд тэд шуугицгааж эхлэв. Энэ нь яг л тэд ямар нэгэн зүйлд баярлаж байгаа мэт санагдаж байв.
       Тэрэгний хөтөч халаасны цагаа гаргаж харснаа зорчигчдод хандаж маш сул дуугаар нэг зүйлийн талаар хэлэв. Би бодохдоо "Бид очих ёстой цагаасаа нэг цагаар хоцорч явна" гэсэн болов уу гэж бодож байтал хөтөч надруу харж ингэж хэлсэн юм. Тэр Герман хэлээр надаас ч муу ярьж байлаа.
       "Энд ямар ч тэрэг алгадаа. Эрхмээ, магадгүй та эндүүрсэн байх. Хэрэв энд тэрэг ирсэн бол маргаан байхгүй эргээд Буковиноруу буцсан байх. Тийм бол маргааш, үгүй бол тэрний цаад өдөр ирэх биз. Тиймээс бүгдээрээ бушуухан ..." гэлээ. Морьд янцгааж, хуухирч эхэлсэн тул хөтөч ингэж хэлээд яриагаа таслахаас өөр аргагүйд хүрэв. Тэгтэл гэнэт сүйх доторх зорчигчид дуу шуу болоод явчихлаа шүү. Эргэж хартал бидний ардаас нэгэн морь тэрэг ирж байгаа нь тодхон харагдав. Аажим аажмаар дөхсөөр дэнгийн гэрэлд тодорсоор бидний тэрэгтэй зэрэгцээд ирэх нь тэр. Уналга морьд нь яг л нүүрс шиг хар өнгөтэй байх агаад аргагүй сайхан хүлэг морьд байлаа. Харин тэргийг урт хүрэн сахалтай, том хар малгайтай өндөр хүн жолоодож байв. Яагаад ч юм тэр эрхэм нүүрээ биднээс нууцлаад байгаа юм шиг санагдав. Тэгээд түүнийг бидэнрүү харах үед том малгайн дороос дэнгийн гэрэлд хоёр нүд нь улаанаар гялалзаж байлаа.
       Тэр хөтчид хандаж "Найз минь, чи их эрт хүрж иржээ" гэж хэлэв.
       "Англи эрхэм их яарч байсан юм" гэж хариулахдаа хөтөч ээрч муурав.
       "Эсвэл чи түүнийг Буковинаруу хүргэж өгөх гэж байсан юм бишүү. Тэгж ярихгүйэ найз минь. Би хэтэрхий ихийг мэднэ, миний морьд хамгийн хурдан нь."
       Ингэж хэлээд тэр инээмсэглэх үед дэнгийн гэрэлд цонхигор цагаан царай, улаан уруул, хурц шүднүүд үзэгдэх нь тэр. Зорчигчдын нэг нь ухасхийн цочиж нөгөөдөө Бургерын "Леноре"-ийн мөрнөөс шивнэлээ.
       "Денн ди Тодтен райтен Шнелл." ("Үхэгсдийн хувьд аялал гэдэг нүд ирмэхийн зуурт")
Учир битүүлэг тэр морьтон энэхүү үгсийг сонсоод мөн л инээмсэглэлээ. Өнөөх зорчигч нүүрээ доош нь буруулж, хоёр хуруугаараа загалмай үүсгэн чичирч эхлэв. Бусад нь ч мөн таг дуугүй сууцгаана. Бүгдэнгийнх нь царай цонхийжээ. "Надад Англи эрхмийн ачаа тээшийг өгнө үү", гэж өнөөх морьтон хэлээд цүнхийг минь уриалгахан гэгч нь аваад тэргэн дээрээ ачлаа. Хоёр тэрэг маш ойрхон байсан тул газарт буух шаардлага байсангүй. Харин учир битүүлэг морьтон надад гар сунгаж туслахаар завдаж бугуйнаас минь атгах үед түүний гар нь мөс шиг хүйтэн мэдрэгдэж билээ. Яагаад ч юм тэрний хүч нүсэр их мэт надад санагдсаныг нуух юун.
       Ингээд тэр юу ч хэлэлгүй морьдоо эргүүлж харанхуй замруу хөтөллөө. Арагш би эргэн харахад тэргэнд өлгөөстэй дэнгийн гэрэлд хамтран зорчигчид маань хоёр хуруугаа зүрүүлсэн байгаа нь тод харагдсан юм. Тэрэгний хөтөч бушуухан гэгч нь морьдоо ташуурдаж, тэд Буковинаруу цааш хөдөлсөн билээ. Тэднийг удалгүй харанхуйд замхран одоход миний айдас улам ихээр нэмэгдэж, хэдий мөрөнд минь цув нөмрөөстэй, өвдгийг минь өмд халхалж байсан ч хамаг бие зарсхийгээд явчихлаа. Харин морьтон Герман хэлээр тун цэвэрхэн гэгч нь : "Шөнөдөө их жихүүн байдаг шүү, ноёнтон минь. Мөн миний гүнтэн надад хандаж таныг харж хандахыг захисан юм. Татгалзахгүй бол энэ суудал доор байгаа сливовицээс (нутгийнхны уудаг чавгатай бренди) балгачих." гэв.
       Би уусангүйэ. Миний бие нэг л тавгүй болж, айж байгаагаа би мэдэрч байлаа. Төдий л удалгүй тэрэгнээс буугаад эргээд явмаар санагдаж эхлэх нь тэрдээ. Гэвч ачаа тээш маань баглаатай, нөгөөтэйгүүр Буковина хүрэх замаас салаалж өөр тийшээгээ дэндүү хол явчихсан байв. Надад өөр сонголт байсангүй. Бид урагш яваад л, яваад л байлаа. Энэ бүхэн надад яг л нэг газраа эргэлдээд байх шиг санагдаж билээ. Морьтноос асуух зүйл мундахгүй их байсан ч, ам нээж түүнээс асуулт асуухаас зүрхшээж явав.
       Хэдий хэмжээний хугацаа өнгөрснийг бүү мэд. Чүдэнз зурж би халаасны цагаа гаргаж харахад цагийн зүү шөнө дундын 12 цагийг заахад хэдхэн минут үлдсэн байв. Гэнэтхэн би нутгийн ардын ярьдаг элдвийн муухай мухар сүсгийн яриануудыг санах нь тэр. Энэ бүхэн намайг улам тав тухгүй болгож орхив.
       Тэгтэл замын хаа нэгтээгээс нохой хуцах чимээ дуулдаж эхлэв ээ. Тэгснээ айснаасаа болоод хуцахаа больж удаан гэгч нь улиж эхлэх шиг болов. Түрүүчийн нохой чимээгүй болж амжаагүй байхад бас нэгэн нохой дуугарна, түүний дараагаар бас нэг нь гэх мэтээр үргэлжилнэ. Бид тариаланчдын эдлэн газрын дэргэдүүр явж байлаа. Ноход яг л галзуурсан мэт хуцаж бас ульж байсан юм. Эхний улилтыг эс тооцвол морьд маань цочиж үргэсэнгүй.
Эндээс бас тэндээс ууль шувуу уухилж, морьд хуухиран янцгаана. Харин морьтон хийгээд түүний хүлэг морьд юу ч болоогүй гэлтэй явж байхыг хараад айсандаа ар нуруугаар минь цэл хүйтэн төмрөөр хайрах шиг болж хамаг биений минь хар хөлс цутгаж эхлэв. Төд удалгүй энэнээс ч дор зүйл сонсогдож, алс тэртээх уулсын хөндийгөөс чонын улих чимээ дуулдаж эхлэв! Цочсондоо би огло үсэрч, морьд ч мөн булгин бусгалаа. Тэрэгний жолооч морьдын өмнө гарч зогсоод жолооноос нь атган тэднийг номхтгон тогтоож дөнгөв.
       Тэднийг тайтгаруулж, яг л эмнэг сургагчид шиг чихэнд нь ямар нэгэн зүйлс шивнэх аж. Үр дүн нь үнэхээр гайхалтай байв. Хэдий бусган булгиж байсан ч эргэж тэднийг унах боломжтой болох нь тэр. Жолооч эргэн суудалдаа тухалж тэргийг үргэлжлүүлэн залж эхлэв. Энэ удаад бид зөрлөгөөс нилээд зайтай газарт нарийн жимээр баруун гар талыг барин уруудлаа. Жим удалгүй хөвчит ой мододтой хөвөө залгуулж моддын дундуур явж оров. Бидний зам чулуурхаг болж, хэдий моддын навчис биднийг халхалж байсан ч үлээх салхины чимээ нохдын хуцах дууг бидэн дээр авчирсан хэвээр л. Шилмүүст моддын мөчир салхинд найган ганхах нь яг л тэд хоорондоо ярилцаж буй гэлтэй. Цаг агаар улам хүйтэрч, нойтон хяруу унаж эхэлсэн байна. Ойн гүнрүү бид улам гүнзгий орохтой зэрэгцээд чонын улих чимээ бүр илүү тодорч, эцэстээ тэд яг л биднийг тойрон хүрээлж байгаа юм шиг санагдаж эхлэв. Би маш их айж, айдсыг минь морьд хуваалцаж явлаа. Харин жолоочийн хувьд мөнөөх л янзаараа юу ч болоогүй юм шиг явах нь аймаар ч юм шиг. Заримдаа тэр толгойгоо хоёр тийш нь болгож баруун бас зүүн талаа харж явна. Гэвч харанхуйн дундаас би юуг ч олж үл чадна.
       Тэгтэл гэнэт миний сууж явсан талд цэнхэр дөлнүүд гэрэлтэх нь тэр! Тэрэгний жолооч мөн үүнийг олж харсан бололтой өнөөх зүгрүү ажиглан харах нь намайг хоосон зүйл хараагүйг гэрчлэх мэт. Жолооч удалгүй морь тэргийг зогсоож, газарт үсрэн буугаад харанхуй ойн зүгрүү уусан алга болов. Харин би юу хийх ёстойгоо мэдэлгүй дэмий л айж суулаа. Чононуудын улих чимээ анх дуулдаж эхэлсэн шигээ алслагдан замхарч эхлэв. Аз болоход жолооч маань ойн гүнээс гараад ирлээ шүү хө, хачирхалтай нь тэрээр юу ч хэлэлгүй тэргэндээ эргэж суугаад, морьдынхоо жолооноос атгаснаар бидний аялал цааш үргэлжлэх болов.
       Тэрэгний дугуй эргэлдэж, харанхуй ойн жимээр бид урагшилсаар л. Энэ бүхэн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, нэг л мэдэхэд нойр минь хүрч би эвшээлгэж эхлэв. Заримдаа бүр унтаж байгаа сэрүүн байгаагаа ч мэдэлгүй энэ бүхэн дэмий л хар дарсан зүүдний нэгэн хэсэг мэт бодогдоно. Хааяахан өнөөх муу ёрын цэнхэр нүднүүд ойн хөвөөгөөр гялсхийх нь гаслантай. Тэр тоолонд тэрэгний жолооч хурдаа нэмж явах нь төвөгтэй санагдаж байв.
Эсвэл би хий зүйлс хараад байна уу, харанхуйд дассан хүүхэн хараа минь намайгаа хуураад байна уу. Нүд минь намайг мэхэлж болох ч чих минь хуурч болно гэж үү. Чонын аахилж уухилах чимээний хамтаар бид бүрэнхий моддын дундуур урагшилсаар л байлаа. Ахиад л жолооч эр тэргийг зогсоож газарт буун харанхуй ойруу сажлав. Түүнийг эзгүйд хүлэг морьд нь бусган булгиж, дориун эдгээр амьтад урьд өмнөхөөсөө илүүтэй догшин аашилцгаана. цэнхэр дөлнүүд үзэгдэхээ больж, чонын улих дуун сонсогдохгүй болсон байхад айсандаа чичрэн салгалах тэднийг хараад би айх шалтгаан юу байсныг нь эрээд эрээд олсонгүй.
       Энэ үед харанхуй үүлсийн цаанаас хавирган саран цухуйж, нарсан ойг тэр чигт нь гийгүүлэв. Сарны гэрэлд би ойн цоорхойд чонын тэдгээр сүрэг цагираг үүсгэн суугаад араа шүдээ яралзуулан, улаан хэлээ унжуулан байгаа аймшигт дүр зураглалыг олж үзэв. Шөрмөслөг хөлтэй, сэгсгэр үстэй, хурц савартай тэдний ийнхүү чимээ аниргүй суух нь аахилж уухилаас нь илүүтэй аймар санагдаж билээ. Айж эмээснээсээ болоод хамаг биений минь цус царцах шиг болж хөдөлж чадалгүй хөшиж орхисноо би тод санаж байна. Хүн гэдэг зөвхөн айдастай улаан нүүрээрээ тулгарсан үедээ л үнэнхүү мөн чанар нь танигддаг болохыг би тэр үед л ойлгосон юм.
       Удалгүй бүр ч хачирхалтай үзэгдэл болж өнөөх олон чонын сүрэг сарны гэрэлд зэрэг зэрэг дуу дуугаа авалцан улилдаж эхлэв. Тэрэгний морьд бусган булгиж, аврал эрсэн өрөвдөлтэй харцаар надруу ширтэж байлаа. Ойгоос чононууд нэг хоёроороо гарч ирсээр, цагираг үүсгэн суух чонын сүрэгт нэгдэн нийлж байв. Яах учраа ололгүй би аврал ирж морьтны араас дуудсан билээ. Эндээс зайлах цорын ганц арга зам бол чонын цагирагийг дайраад өнгөрөхөөс өөр сонголт байсангүй. Зэргэлдээ алхах чононуудыг би айлгах гэж, хэрэндээ энэ боломжийг ашиглаад морьтныг хүрээд ирээсэй гэсэндээ дэмий л тэрэгний хажуу хаалгыг балбаж байлаа. Харин тэр яаж яваад тэнд хүрч очсоныг чөтгөр бүү мэд, захирангуй ширүүн дуу цуурайтахыг би сонсоод урдах замруу харахад морьтон эр замын голд зогссон байгаа харагдана. Урт гараа тэр өндөрт өргөж бургас модны гишүү мөчрийг угз татаж аваад чонын сүргийг үргээхийг завдлаа. Зарим нь зугтаж, харин зарим нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Энэ үед хавирган саран үүлсийн араар халхлагдаж орчин тойрныг үзэх аргагүйд хүрлээ.
Замхран алга болох сарны гэрлийн хамтаар айдас хүйдэс минь улам ихээр нэмэгдэж ухаан санаа минь балартаж эхлэх тэр үед морьтон эр тэрэгрүү гүйн хүрч ирэв. Хөшиж хөдөлгөөнгүй болоод үг хэлж чадалгүй хэл ам минь орооцолдож байх тэр үед морь тэрэг харанхуй ойн жимээр хар хурдаараа давхиж байсан юм.
       Хэдий хэр хугацаа өнгөрснийг би мэдэхгүй байна, ямартай ч бидний зам өгсүүр болж байсныг би санаж байна. Харин жолооч морьдын жолоог татаж, тэрэг зогсох үед л хаана ирснээ би анзаарсан юм. Бид хуучин цайзын дэргэд ирсэн байлаа. Гэрэлгүй цонхнууд нь онгойн харлаж, өнө эртний дайн тулалдааны гэрч болон үлдсэн сүрлэг хана хэрэмнүүд нь тэнгэр өөд сүндэрлэн харагдаж байв.