Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

Метро 2033

Оросын залуу зохиолч Дмитрий Глуховскийн "Метро 2033" зохиолыг орчуулан оруулж байгаадаа таатай байна.

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага

Suspense Novel зохиолын хатан хаан Агата Кристигийн алдартай нэгэн номыг орчуулан оруулж байгаадаа таатай байна!

Showing posts with label Дракула Гүнтэн. Show all posts
Showing posts with label Дракула Гүнтэн. Show all posts

Friday, August 25, 2017

Дракула Гvнтэн (5~р Бvлэг)

5-р Бүлэг.

ХАТАГТАЙ МИНА МУРРЭЙ~с ХАТАГТАЙ ЛЮСИ ВЕСТЕНРА~д ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ.
5~р сарын 9~н.

    Миний хонгор Люси,
    Удаан хугацаанд захидал бичээгүйг минь өршөөгөөрэй. Үнэндээ, би чинь сүүлийн хэдэн өдөрт ажилд дарагдаад өндийх завгүй байлаа шүү, найз минь. Сургуулийн захирлын туслахын амьдрал гэдэг заримдаа үнэхээр туйлдуулмаар юм. Удахгүй чамтай уулзах тэр цаг мөчийг хүртэл би тэсэн ядан хүлээж сууна. Хоёулаа тэгээд, тэнгисийн эргээр зугаалж, чөлөөтэй ярилцахын зэрэгцээ яг л урьдын адил өөрсдийн мөрөөдлийн шилтгээнийг элсээр босгож яагаад болохгүй гэж? Мөн, сүүлийн үед завгүй байгаагийн маань учир гэвэл би Жонатаныг дууриаж таталган бичгээр бичдэг болохоор шийдсэнтэй маань холбоотой. Хэрвээ, би тийнхүү бичээд сурчихвал Жонатантай гэрлэснийхээ дараагаар түүндээ тус дэм болж чадна шүү дээ. Хэлэхийг хүссэн зүйлсийг нь түргэн гэгч нь тэмдэглэн авч, мөн бичгийн машинаар шивж гаргах болно. Ийм ч учраас би давхар бичгийн машин дээр сургуулилт хийгээд тун завгүй байна.
    Мөн, Жонатан бид хоёр заримдаа бие бие рүүгээ захидал бичдэг, тэгэлгүй яахав таталган бичгээр. Бас тэр маань хилийн чинад дахь аяллынхаа тэмдэглэлүүдийг өөрийнхөө өврийн дэвтэр дээр бичиж, тэмдэглэж яваа байх. Чамтай уулзахаараа ч гэсэн би тэмдэглэлээ мөн тиймэрхүү хэлбэрээр бичиж байна аа. Гэхдээ, булан дээр нь тухайн өдрийнхөө он сарыг тавиад, долоо хоногт 2~3 хуудас бичдэг тийм нэгэн тэмдэглэлийн талаар хэлээгүй юм шүү. Ер нь бол ямар нэгэн зүйл бичмээр санагдсан үедээ л бичиж тэмдэглэж байдаг тийм тэмдэглэл байх болно.
     Миний бичсэн зүйлс бусад хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаж чадахгүй л байх, тэгээд ч тэдэнд зориулагдаагүйгээс хойш. Хэрвээ, хэрэгтэй гэж үзвэл, хэзээ нэгэн өдөр би тэмдэглэлээ Жонатанд  уншуулах болно оо. Гэхдээ, тэмдэглэл маань одоогоор ноорог л гэсэн үг. Магадгүй би, эмэгтэй сэтгүүлчид ярилцлагыг яаж авч, харилцан яриагаа мартахгүйн тулд хэрхэн тэмдэглэж, мөн тайлбар бичдэг вэ зэргийг нь судлаж үзэх хэрэгтэй байх. Мөн жаахан дасгал сургуулилт хийхэд л тухайн өдрийн туршид болж өнгөрсөн бүхнийг эргэн санах юм уу, аль эсвэл бусдын хэлж ярьж байсныг дурсч чаддаг болдог гэж дуулсан юм байна.
    Яахав, харж л байя. Харин чамтай уулзах үедээ би өөрийнхөө бяцхан төлөвлөгөөний талаар чамд ярьж өгнө өө. Өө нээрэн, түрүүхэн би Трансилваниас Жонатаны хэд хэдэн яаралтай цахилгаануудыг хүлээн авлаа. Тэр эрүүл саруул байгаа бөгөөд долоо хоногийн дараагаар буцаж ирнэ гэдгээ бичсэн байсан. Түүнээс аяллынх нь сонин хачин бүхнийг дуулахыг би маш их хүсч байна! Харийн орныг үзэж харна гэдэг сайхан байх даа. Мөн заримдаа би гайхах юм, хэрвээ бид хоёр, Жонатан бид хоёр гэх гэсэн юм, тэр бүхнийг хамтдаа үзэж харах болов уу гэж. За, энд арван цагийн хонх дуугарч эхэллээ. Түр баяртай.
     Чиний хайрт найз
      Мина
      Мартсанаас, чи надад өөрийнхөө сонин хачныг бичээрэй. Надад чи энэ тухайгаа ярилгүй их удсан байна шүү. Хэрвээ миний сонссон цуурхал үнэн бол, тэр тусмаа өндөр, царайлаг бас буржгар үстэй тэр эрийнхээ талаар яриач дээ. ???

ЛЮСИ ВЕСТЕНРАГААС МИНА МУРРЭЙД ИЛГЭЭСЭН ХАРИУ ЗАХИДАЛ.
17, Чэтхэм Гудамж
Лхагва Гариг

     Хонгор Мина, минь,
     Чи ч намайг өршөөлгүйгээр шахаж шаардаж байна шүү. Чамаас салсныхаа дараагаар би чам руу хоёр ч удаа захидал илгээсэн биш бил үү? Харин, чиний сүүлийн захидал
 чинь ердөө хоёрд ахь зурвас чинь байлаа. Түүнчлэн, надад чамд хэлээд байх сонин содон зүйл огт алга. Үнэхээр л чиний сонирхлыг татах зүйл байхгүй юм чинь.
     Суурин маань амар амгалан байгаа болохоор эндхийн хүмүүс зураг галлерэй сонирхож, цэцэрлэгт хүрээлэнгээр морьтой зугаалж, бас алхах нь элбэг болоод байна. Чиний хэлсэн тэр өндөр бөгөөд буржгар үстэй эрхмийн тухайд бол түүнийг сүүлд эцэгтэй маань уулзахаар ирэх үед нь л надтай байхыг хэн нэгэн харсан байх. Тэгээд л худал үлгэр зохион ярьж байхгүй юу.
   Тэр хүн чинь ноён Холмвүүд байгаа юм. Тэр манайхаар үргэлж л зочилж байдаг төдийгүй ээжтэй маань их сайн харилцаатай байдаг нь сонирхол нэгтэйгийнх биз.
   Хэрвээ чи Жонатантай сүй тавиагүй байсансан бол, чамд тун ч гайхалтай тохирох нэгэн залуутай бид танилцсан шүү. Эелдэг бас царайлаг. Дээрээс нь үнэхээр ухаалаг. Бас тэр эмч мэргэжилтэй. Гайхалтай биш байна уу! Тэр ердөө л хорин есөн настай мөртлөө маш том сэтгэцийн эмнэлэгийг хариуцан ажилладаг гээд бод доо. Манай гэрт үзлэг хийхээр ирэх үед нь ноён Холмвүүд биднийг танилцуулсан юм л даа. Түүнээс хойш, тэр байнга л үүгээр эргэлддэг болсон. Түүнээс гадна, тэрнийг би амьдралдаа учирч байсан эрчүүдийн дотроос хамгийн зоримог нэгэн нь гэж зоригтой хэлэх байна. Гэсэн хэдий ч даруухан гэдгийг нь яана. Тэр үнэхээр дөлгөөн бас тайван. Мөн, түүнийг би өөрийн өвчтөнүүддээ ямар гээчийн гайхалтай анхаарал халамж тавьдаг бол оо хэмээн үргэлж боддог юм. Бас, тэр яг л бусдын оюун бодлыг унших гэсэн аятай хүмүүсийн нүүр царай руу эгцлэн харах зуршилтайг нь би ажигласан. Ялангуяа үүнийгээ над дээр их туршиж үзнэ гээч, гэвч би түүний хувьд хагалахад дэндүү хатуу самар байдаг бололтой. Үүнийгээ би толиноос олж харсан юм.
    Ингэхэд, чи өөрийнхөө царайг унших гэж оролдож байсан уу? Харин би оролдож үзсэн. Тэгээд чамд л гэж санал болгоход, чи ч мөн адил туршаад үзээрэй, дараагаар нь маш их тус болж мэдэх юм шүү.
    Өө, бас тэр намайг судлахад их сонирхолтой физиологийн сэдэв байна гэж хэлсэн, үнэхээр үнэн байж мэдэх юм. Мөн, чи мэднэ дээ, шинэ загварыг тодорхойлохын тулд хэзээнээс даашинз сонирхдоггүй байсныг минь. Даашинз өмсөнө гэдэг ямар уйтгартай бас яршигтай байдаг гэж санана аа. Би дахиад л үглээд л эхэллээ, гэхдээ тоох хэрэггүй дээ. Артур өдөр болгон л яншиж байдаг юм.
    Ингээд л боллоо, Мина минь. Бид балчир байхаасаа л бие биенээсээ юу ч нуулгүй бүгдийг ярьдаг байсныг санаж байна уу? Бид хамтдаа унтаж, хамтдаа хооллож, хамтдаа инээлдэн хөхрөлдөж мөн уйлдаг байсныг? Одоо ч гэсэн, чамд ярьсан ч гэсэн илүү их зүйлийг би яримаар байна. Өө, нээрэн, Мина минь, чи тааж чадах уу? Би түүнд хайртай. Тэгээд, яг одоо үүнийг бичиж байхдаа би ичингүйрэн улайж сууна. Хэдий түүнийг надад хайртай гэж би бодож байгаа ч, тэр одоог хүртэл надад сэтгэлээ илэрхийлээгүй л байна. Гэхдээ, Мина минь, би түүнд хайртай. Хайртай! Харж байна уу? Намайг ахиад л сайхан ааштай болгож орхилоо.
   Би чамтай хамт байсан ч болоосой, ил галын дэргэд яг л урьдын адил даашинзгүйгээр суугаад, өөрт ямар санагдаж байна тэр бүхнээ хуваалцахсан. Энэ захидлыг би чам руу хэрхэн бичиж байгаагаа хэлж үнэхээр мэдэхгүй юм. Би зогсох вий гэхээс айж байна, эсвэл би ураад хаячихаж мэдэх юм. Тийм учраас би зогсохыг хүсэхгүй байна, учир нь би чамд бүх зүйлийн талаар ярьмаар байна. Над руу эргээд хариу бичээрэй, бүгдийг бичээрэй. Чиний юу гэж бодож байгааг би мэдмээр байна. Мина минь, бас миний аз жаргалын төлөө залбираарай.
    Люси
    Жич. - Энэ бүхэн одоохондоо нууц гэдгийг чамд сануулан хэлэх шаардлагагүй байх гэж бодож байна. Тавтай нойрсоорой.
Л.

ЛЮСИ ВЕСТЕНРАГААС МИНА МУРРЭЙД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
5-р сарын 24-н.

    Миний, хонгор Мина,
    Баярлалаа, маш их баярлалаа, бас дахин баярлалаа, чиний найрсаг захидалд. Чамд энэ бүхний талаар хэлж, мөн хариуд нь чамаас талархал, таашаалын үгсийг харамгүй сонсоно гэдэг үнэхээр сайхан хэрэг байлаа.
    Хонгор минь, бороо заримдаа ордоггүй мөртлөө, нэг орохдоо хувингаар цутгадаг гэдэг. Энэ юутай үнэн үг вэ. Удахгүй, 9-р сард би хорин нас хүрэх болно, гэвч өнөөдрийг хүртэл гэрлэх санал хэн нэгнээс авч үзсэнгүй явлаа. Харин, өнөөдөр би гурвын гурван гэрлэх саналд дарагддаг байна шүү. Гайхалтай биш гэж үү! Ердөө ганцхан өдрийн дотор гурван санал гэдэг!  Бас энэ бүхэн үнэхээр харамсалтай юм! Үлдсэн хоёр залуу хархүүгээс уучлалт гуйгаад гуйгаад баршгүй нь. Өө, Мина минь, би дэндүү их баяртай байгаа учраас юу хийх ёстойгоо ч мэдэх юм алга. Гурван гэрлэх санал! Ингэхэд, чи бусад охидод энэ талаар дуулгаад хэрэггүй шүү, үгүй бол тэд өөрсдийгөө шархадсан мэтээр төсөөлж гэрт суух эхний өдрөө 6-г авах хүртлээ аягүй бол сэтгэл нь ханахгүй биз. Ихэнх охид үнэхээр бардам бас ихэмсэг байдаг шүү дээ! Чи бид хоёр, Мина, удахгүй сүй тавьж, нэг л мэдэхэд бардам зангаа гээж орхисон гэрлэсэн хөгшин бүсгүйчүүд болох болно. За тэгэхээр, би чамд тэр гурван залуугийн талаар хэлж өгье, харин чи хүмүүсээс нууцалдаг юм шүү, мэдээж хэрэг Жонатаныг эс тооцвол. Түүнд ч бас чи хэлж орхино биз, Артурт, хэрвээ би чиний оронд байсан бол мөн л Артурт хамгийн түрүүнд хэлэх байсан юм чинь. Эмэгтэй хүн гэдэг эр нөхөртөө бүх зүйлсийн талаар хэлж ярьж байх ёстой байдаг. Санал нэгдэж байна уу, хонгор минь? Тийм учраас би ч гэсэн шударга байх ёстой. Мөн эрчүүд эмэгтэйчүүдэд, тэр дундаа өөрсдийн эхнэрүүддээ илүү дуртай байдаг тул мөн л тэдэнтэй юуг ч нуулгүй, ил тод харилцдаг байх. Гэвч бүсгүйчүүд гэдэг үргэлж байх ёстой шигээ шударга байж чаддаггүй байх гэж эмээж байна.
     Тэгэхээр, хонгор минь, миний дугаар номер Нэг залуу маань үдийн цайны яг өмнөхөн нь ирсэн юм. Чамд түүний талаар би хэлсэн дээ, Доктор Жон Сьювардыг, сэтгэцийн эмнэлэгт ажилладаг, мөн өргөн духтай бас том дух шигээ хүчирхэг эрүүтэй тэр нэгэн эрийн талаар. Тэр үнэхээр дажгүй залуу, гэвч цаг үргэлж сандарч тэвдэж явдаг юм. Цаг үргэлжид л, ямар ч жижиг сажиг зүйлс байсан гэлээ өөрийгөө тэр хүмүүжүүлэн сургаж, тэднийг тогтоон авч явдаг хэрнээ өнөөдөр тэр өөрийнхөө торгон малгайн дээр золтой л суучихсангүй шүү. Эрчүүд сандрахаараа тиймэрхүү үйлдлүүд хийж эхэлдгийг нь чи мэднэ дээ. Харин түүнийг яг л мэс заслын хоёр иртэй хануур барьсан эмч аятай маш хянуур гэгч нь шулуун царайлаад, наашаа ойртож ирэх үед нь би золтой л хашгирчихаагүй шүү. Тэгээд, тэр надад хэлэх гэсэн зүйлсээ шууд л эхэлж эхэлсэн. Намайг өөрт нь ямар ялдам бас эрхэм болохыг, тэр бүү хэл намайг төдийлөн сайн мэдэхгүй хэрнээ надтай хамт байвал амьдрал нь ямархан гэрэл гэгээтэй болж өөрийн минь гэгээн дүр төрх өөрийг нь хичнээн их баясгахыг хэлж байлаа. Тэгээд бас болоогүй, намайг өөрийг нь хайрлаж халамжлахгүй бол ямар их сэтгэлээр унан гундаж эхлэхийг, мөн намайг уйлж гуниглаж байхыг олж харвал хэрхэн ханан хад болж тэдгээр асуудлуудыг амьдралд минь ойртуулахгүй байхыг хэлж суулаа. Удалгүй, тэр яриагаа төгсгөөд өөрийг нь тодорхой хугацааны дотор хайрлаж хайхардаг болохыг минь асуусан бөгөөд намайг толгойгоо сэгсэрсний дараагаар хоёр гар нь салгалан чичирж байхыг нь би анзаарсан. Харин, тэр огтхон ч эргэлзэлгүйгээр өөдөөс минь харж надад өөр хайртай хүн бий эсэхийг асуусан юм. Тэр биеэ үнэхээр гайхалтай тогтоон барьж байлаа, тэгээд зүрх сэтгэлийг маань надаас булаахыг хүсэхгүй байна гэдгээ хэлсэнсэн. Мөн, хэрэв зүрх сэтгэл маань хэзээ нэгэн өдөр сул чөлөөтэй болвол өөрт нь найдлага буй эсэхийг надаас асуусан юм. Одоо, миний түүнд өөрт минь хэн нэгэн байгаа гэдгийг хэлэх хүндхэн үүрэг ирлээ. Миний түүнд хэлсэн хариулт товч бөгөөд тодорхой байлаа. Энэхүү хариултыг маань сонссоныхоо дараагаар тэр өндийн босч ирээд гарнаас минь атгах үедээ дүнсгэр гэхдээ зоримог, зоримог хэрнээ дүнсгэр гэдэг нь аргагүй зогсч байсан ба надад аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд, хэрэв өөрт нь анд нөхөр хэрэгтэй бол өөрийг нь хамгийн сайн нөхрийн ёсоор хүлээн аваарай гэсэн юм.
     Өө, хонгорхон Мина минь, би уйлахаас өөр зүйлийг хийж чадахгүй нь. Мөн энэ захидал маань норж, дээр нь бичээстэй бэхнүүдийг маань урсгасан бол хүлцэл өчье. Хэн нэгнээс гэрлэх санал авна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг, гэвч хэдий сайхан байдаг шигээ хэн нэгний зүрхийг шархлуулан явуулна гэдэг даанч тусгүй явдал юм. Тэр хүн чамд тухайн үедээ юуг ч хэлж ярьж байсан ялгаагүй удалгүй чи түүний амьрдралаас тэр чигтээ холдон одно гэж бодохоор л. Хонгор найз минь, би энэ хүргээд түр завсарлая. Аз жаргалтай байгаа хэдий ч би тун гунигтай байна.

Үдэш нь.
     Артур дөнгөж сая яваад өглөө, харин одоо би түрүүн бичиж байснаа бодвол бие маань хавьгүй дээрдсэн тул энэ өдрийн талаар гүйцээж бичье л дээ.
     Хонгор минь, удалгүй номер Хоёр эрхэм маань үдийн цайны дараагаар айлчлан ирсэн юм. Үнэхээр сайхан залуу. Тэгээд, хаа холын Техасаас хүрч ирсэн тэр Америк хархүү үнэхээр залуухан бөгөөд гэнэн томоогүй харагдаж байсан нь түүнийг тийнхүү олон газар нутгаар аялж, олон арван адал явдалтай учирч явдагт нь эргэлзэхэд хүргэж билээ. Мөн, би өөрийгөө яг л чихэндээ хор дусаалгуулсан хөөрхий Дездемона шиг л төсөөлж байлаа. Эмэгтэйчүүд бид, зөвхөн эрчүүд л өөрсдийг маань айдсаас гэтэлгэх юм шиг боддог бөгөөд ийм бодолтойгоор тэдэнтэй гэрлэдэг аймхай улсууд юм даа, гэж заримдаа бодогдох юм. Хэрэв би эрэгтэй хүн байсансан бол өөрт таалагдсан хэн нэгэн охиныг өөртөө дурлуулахын тулд юу хийх ёстойг мэддэг гэж бодож байлаа. Гэвч, үгүй юм байна. Ноён Моррис бидэнд өөрийнхөө түүхүүдийг ярьж өгсөн, харин Артур хэзээ ч ярьж байгаагүй, огтхон ч ...
     Хонгор минь, яагаад ч юм Ноён Кьюнси П. Моррис намайг ганцааранг минь байхад олоод ирсэн. Ер нь залуус охидыг ганцаараа байхад нь олдог байж мэдэх юм. Гэвч үгүй, тухайлбал, Артурын хувьд гэвэл тэр хоёр ч удаа боломжийг ашиглах гэж оролдсон, би ч мөн адил түүнд аль болох чадах чинээгээрээ л туслахыг хичээсэн, энэ тухай одоо ярихаасаа би огтхон ч санаа зовнихгүй байна. Мөн, юун түрүүнд Ноён Моррис хараал хэлэх нь байтугай дэл сул үг огт ярьдаггүй гэдгийг дуулгая, тэр тусмаа танихгүй хийгээд өмнөө байгаа хүмүүстээ. Бас, тэр үнэхээр их боловсролтойгоос гадна биеэ маш зөв авч явдаг нь харагдсан шүү. Гэвч, намайг өөрийг нь Америк хар яриагаар ярихыг нь сонсохыг хүсч байгааг тэр мэдээд тэр их олон хөгжилтэй зүйлсийг чөлөөтэй ярьж эхэлсэн. Тэгээд, тэнд цуглаж зогссон хүмүүс ер цочирдоогүй нь сонин хэрэг шүү. Гэхдээ, хонгор минь, түүнийг би ярьж хэлж байгааг зүйлсийнхээ ихэнхийг нь өөрөө зохиосон байх гэж эмээж байна. Гэхдээ л хар яриа хойно, ийм л байдаг юм чинь. Мөн, өөрийгөө би тэгж ярих эсэхээ үнэхээр хэлж мэдэхгүй юм. Бас, Артур үүнийг сонсоод түүнд таалагдах үгүйг ч төсөөлж чадахгүй нь, тэгээд ч түүнийг тийнхүү ярьж байхыг нь сонсоогүйгээс хойш.
     Тэгэхээр, ноён Моррис миний дэргэд ирж суулаа. Тэгээд, тэр аль болох л баяр хөөртэй харагдахыг хичээж байгаа гэдэг нь илт байв, гэвч би түүнийг мөн л сандарч байхыг нь олж анзаарсан юм. Тэр миний гарнаас атгалаа, тэгээд маш эелдэгхэнээр ....
     "Хатагтай Люси, таны бяцхан шаахайг засварлаж чадах хангалттай арга ухаан надад байхгүй ч дэнлүү барьсан долоон залуу охидыг араасаа дагуулсаар таныг алхахад танхимын төгсгөлд хүлээж зогсох нэгэн залуу бий гэдгийг хэлмээр байна. Хэрэв тэр залууг та намайг мөн гэж бодож байвал, дөрөө нийлүүлэн надтай хамт, морин тойруулгын талбайгаар хэсэг тойрвол ямар вэ?" гэлээ.
      Ямар ч байсан, тэр тун сэргэлэн цовоо бөгөөд баяр жавхлантай байсан нь өглөө над дээр зочилж ирсэн хөөрхий Сьювард эмч шиг тэр дор нь намайг татгалзахын аргагүй болгож байлаа. Хариуд нь би, тун намбалаг хоолойгоор морин дээр сундалж үзээгүй төдийгүй морьдын талаар юуг ч мэдэхгүй гэдгээ, морин тойруулгын талбайд хөл тавьж үзээгүй туршлагынхаа хамтаар учирлан хэллээ. Харин, тэр тун эелдэг гэгч нь өөрийгөө буруу зүйл хэлчихэв үү хэмээн өршөөл эрэхийн зэрэгцээ тун сэрэмжтэй бөгөөд ихэд болгоомжтой нь аргагүй хэлж ярьж байсан тул юу ч хэлсэн байлаа гэсэн түүнийг уучилмаар мэт санагдуулж байлаа. Тэр энэ бүхнийг үнэн голоосоо өчиж байсан бөгөөд тэр хүнийг дугаар номер Хоёр болно гэдэгт нь би өөрийн эрхгүй харамсч эхэлсэн билээ. Тэгээд, хонгор минь, тэр хамаг л энхрий ялдам бүхний охь нь болсон гэгээн хайрын уярам урсгалыг мяралзуулсаар, өлмий дор минь зүрх, сэтгэл хоёроо дэвсэн тавилаа. Түүний энэхүү хичээнгүй байдал нь яагаад ч юм намайг эргэлзэхэд хүргэснийг нуух юун, ахиад тэр үүнээс илүү үнэн зүрхнээсээ байж чадах болов уу гэж, дахиад тэр түүнээс илүү баяр баясгалантай байж дөнгөх болов уу гэж, учир нь тэр үнэхээр их баяртай байлаа. Харин түүнийг сонжиж харж байсан миний харц өөр дээр нь туссаныг тэр гадарласан бололтой, хэсэгхэн хугацаанд тэр зогсосхийгээд, тун ч эрэгтэйлэг байдлаар, гал дөлтэй гэгч нь надаас өөрийг хайрлаж чадах эсэхийг асуусансан ...
     "Люси, чамайг би шударга сэтгэлтэй охин гэдгийг чинь хэзээнээс мэднэ. Хэрэв би чамд өр зүрхнээсээ итгэж байгаагүйсэн бол энд ингээд л одоо байгаагийнх шигээ ярьж суухгүй байхсан. Нэг сайн найз, нөгөө нэг дотны анддаа хэлж байгаатай адил  надад хэлээч дээ, чамд сэтгэлтэй өөр нэгэн байдаг эсэхийг? Хэрэв, тийм нэгэн хүн чамд байдаг бол ширхэг үсэнд нь ч би садаа учруулахгүй гэдгийг амлаж байна, гэхдээ, хэрэв чи намайг зөвшөөрвөл, хамгаас илүү дотны нөхөр чинь болж би чадна."
     Миний хонгор Мина, эрчүүд яагаад тийм ихэмсэг бөгөөд бардам байхад эмэгтэйчүүд бид ийм өчүүхэн байдаг юм бэ? Би, сая бараг л, энэхүү сайхан сэтгэлтэй, үнэнхүү джентелман залуугаар тоглоом тохуу хийх гэж байлаа. Би ахиад л нулимс дуслуулахнуу дээ, хонгор минь, энэ нойтон захиа яавч олигтой болохгүй нь ээ, намайг өршөөгөөрэй.
    Яагаад тэд охидыг гурван эртэй гэрлүүлдэггүй юм бэ, эсвэл яагаад тэдний хүссэн тоогоор хуримлуулж энэ бүх асуудлыг нэг мөр цэгцэлж болдоггүй юм бол? Гэвч ингэвэл тэрс явдал болох хойно, ийм зүйлийн талаар би хэлж болохгүй.  Хэдий би усан нүдлэн уйлж суусан ч, ноён Моррисын царайг эгцлэн хараад, шулуухан гэгч нь түүнд ингэж хэлсэндээ баяртай байна ...
    "Тиймээ, хэдийгээр тэр надад хайртай үгүйгээ хараахан хэлээгүй байгаа ч надад хайрлаж бас харж явдаг нэг хүн бий.". Би товч бөгөөд тодорхой, шулуун бөгөөд шулууханаар ингэж хэлэхэд, тэр хоёр гараа гаргаж ирээд минийхийг атгалаа, тэгээд тэр ...
    "Ийм л зоригтой охин шүү дээ. Энэ орчлон хорвоо дээр ахиад зөндөө олон охид байгаа хойно, магадгүй чиний зүрх сэтгэлийг ялах гэсээр би хоцроогүй байгаа дээрээ амжих минь. Алив, битгий уйл, хонгор минь. Хэрэв надад санаа чинь зовниж байгаа бол битгий гунь охин минь, би ч харин нэг хагалахад хатуу самар юм шүү, энэ бүгдийг би төвөггүй гэгч нь давж гарч чадна. Харин, тэр залуу юу, ямар азтай байгаагаа тэр мэдэж байгаа болов уу ингэхэд, үгүй бол эртхэн мэдэж авах хэрэгтэй дээ, эс бөгөөс надтай тулна гэж мэд. Бяцхан охин минь, чиний үнэнч бас шударга зан чинь надад хайраас ч ховор нандин байдаг эрхэм найз гэгч зүйлийг авч ирлээ. Хонгор минь, би энэ эзэнт гүрнээр хөндлөн гулд нилээд хугацаанд ганцаараа явах хэрэгтэй болох нь. Тийм болохоор, надад чи үнсэлтээ харамлахгүй биз дээ? Ердөө ганцхан үнсэлт. Энэ нь хожим хойно урган гарч ирэх ямар нэгэн таагүй бодлыг минь үргээг. Хэрвээ, чамд хайртай үгүй нь хараахан мэдэгдээгүй байгаа тэр залуу чинь, чи мэднэ дээ, хэрэв чи санаагаа өөрчилбөл, чамд сэтгэлтэй өөр нэгэн залуу бий гэдгийг санаарай." гэсэн юм.
    Түүний хэлсэн эдгээр үгс намайг бага ч болов ялж чадсан шүү, Мина, харин түүн шиг зоригтой, ялдамхан бас язгууртан залуу өрсөлдөгч болно гэвэл бүтэхгүй биз дээ? Тэгээд, тэр их гунигласан, тийм ч учраас би түүн рүү тонгойгоод түүнийг үнссэн юм.
    Харин, тэр хоёр гарыг минь атгасаар босч ирээд миний царай руу доош харах үед би ичсэндээ минчийтлээ улайж орхисон байх гэж эмээж байна. Тэгээд, тэр "Бяцхан охин минь, би чиний гарнаас атгаж байна, бас чи намайг үнссэн. Хэрэв энэ бүхэн бид хоёрыг анд нөхөд болгодоггүй юм бол өөр юу ч болгож чадахгүй. Чиний үнэнч занд чинь баярлалаа, мөн баяртай." гэж хэллээ.
    Удалгүй тэр гарнаас минь тавилаа, тэгээд малгайгаа аваад эргэж харалгүйгээр өрөөнөөс минь гарч одсонсон. Бас ямар ч нулимсгүйгээр, ямар ч зогсоцгүйгээр, мөн ямар ч санаа алдалтгүйгээр. Харин, би гэдэг хүн яг л нялх хүүхэд шиг уйлж байлаа.
    Өө, тийм залуу эр, өөрийнх нь өлмий гишгэсэн газарт сөгдөж мөргөх нь халаг болсон өчнөөн олон охин байхад, тэр хархүү аз жаргалгүй байна гэж таарахгүй биз дээ? Хэрвээ, зүрх маань хэн нэгнийг хайрлаагүй байсансан бол маргаан байхгүй би түүнд сэтгэл алдрах байсан биз. Хонгорхон минь, эргээд энэ бүхнийг бодсон чинь би аз жаргал, баяр баяслын талаар бичиж даанч чадахгүй нь. Мөн, эргээд бүрэн сэтгэл хангалуун болох хүртлээ би дугаар Гурав эрхмийн талаар хэнд ч ярьмааргүй байна, бүр огтхон ч ...
   Люси
   Жич. - Өө, дугаар номер Гуравын тухайд бол, чамд олон зүйл хэлэх шаардлагагүй биз дээ? Тэгээд ч бичихэд үнэхээр төвөгтэй юм. Тэр, өрөөний минь үүдээр орж ирснээс хойш намайг тэврээд үнсэх хүртэл ердөө ганцхан хором өнгөрсөн юм шиг л санагдаж байна. Бас, би яг одоо үнэхээр их, бүр маш их жаргалтай байгаа төдийгүй энэ бүхнийг эдлэх болсон гавъяа шалтгаанаа бодоод, бодоод ер олохгүй юм. Одоо би бурханд надр уу ийм гайхалтай хайрын эзнийг, ийм нөхрийг, бас ийм найзыг илгээсэнд нь талархаад түүний энэ бүх ачийг хариулах л үлдлээ.
    Баяртай.

   ДОКТОР СЬЮВАРДЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ (фонограф)
   5-р сарын 25-н. Эбб~ийн идэх дуршил хөдөлсөн бололтой, харин надад юм идэх дур хүсэл нэг л төрж өгөхгүй байх чинь. Түүнчлэн сайн амарч хүртэл чадахгүй байгаа нь тоогүй хэрэг. Ингээд л оронд нь өдрийн тэмдэглэл бичиж сууна даа. Өчигдрийн үйл явдлаас хойш ахиад л санаа сэтгэл минь хоосон оргиж эхлэх нь юуных вэ? Энэ ертөнц дээрх юу ч надад хийхэд чухал мэт санагдахгүй байгаа нь ямар учиртайнх вэ? Иймэрхүү зүйлст тус дэм болох цорын ганц эмчилгээ нь завгүй ажиллах гэдгийг мэдэхээс хойш өвчтөнүүдийн дунд би явж орсон юм. Тэгээд надад сонирхолтой содон зүйлсийг зааж өгөх нэгнийг оллоо. Тэр хүн их хөгжилтэй учраас надад түүнийг ойлгоход тун хялбар байлаа. Харин өнөөдөр би түүний хачирхалтай нууцын зүрхэнд арай илүү ойртсон гэж бодож байна.
   Би түүнийг урьд урьдынхаасаа илүүтэйгээр асууж шалгаасан нь яг л түүний нүдэнд үзэгдэх хий үзэгдлүүдийнх нь нэгтэй адил санагдсан байх вий гэж эмээнэ. Миний тэнд хийж байсан үйлдлүүд, одоо бодоод байхад, жаахан харгис юм шиг. Би түүнийг солиорлыг хөхүүлэн дэмжиж, энэ хэвээр нь байлгахыг хүсч байсан, яг л тамын эрлэг гэлтэй.
   (Санамж., Ингэхэд надад тамын нүхнээс мултрах ямар шалтгаан бий гэж?) Омниа Ромае веналиа сант. Там өөрийн гэсэн шан харамжтай! Хэрэв энэхүү зөв совингийн минь ард эх ундарга руу нь эргээд самнаж болохуйц ямар нэгэн чухал зүйл байж гэмээнэ, би үүнийг даруй эхлэх хэрэгтэй, тиймээс ...
   Р. М, Ренфилд, 59 настай. Сангуин темпераменттай, физик чадал нь гайхалтай, сонирхолтой яриа өрнүүлдэг ч ихэнхидээ дүнсгэр байдалтай байдаг, эцэст нь миний ойлгохооргүй элдэв янзын зүйлсийг өгүүлж эхэлдэг. Сангуин темперамент, сэтгэцийн өвчин хоёр нийлэхээр хувиа хичээсэн биш юм гэхэд аюултай, тийм ээ маргаан байхгүй аюултай хүнийг бүтээдэг гэж бодож байна. Хувиа хичээсэн хүмүүст сонор сэрэмж гэдэг өөрсдийнх нь мөн чанарыг халхлах хуяг нь болж өгч байдаг. Эндээс юу гэж дүгнэж байна гэвэл, энэ яг л төвөөс зугтаах хүч болоод төвд тэмүүлэх хүчнүүд хоорондоо баланслагдан тэнцвэржсэн цэгтэй л адил. Харин үүрэг, хариуцлага зэрэг зүйлс уг цэг дээр орших үед, тэнд үйлчлэх хүч үлэмж их бөгөөд зөвхөн ар араасаа цуварсан осол эндэл л үүнийг тэнцвэржүүлж өгөх юм шиг санагдана.
 
   КЬЮНСИ П. МОРРИС~С ХОН. АРТУР ХОЛМҮҮД~Д ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
   5~р сарын 25~н.
   Хүндэт Арт минь,
   Титикакагийн эрэг дээр халамцуу өнгөрүүлсэн үдэш, Маркьюзаст газардсаныхаа дараахан нэг нэгнийхээ шархыг хэрхэн боосон нь, хээр талын түүдэг галын дэргэд дулаацсан шөнө гээд л бид хоёрт ярилцах зүйлс ер мундахгүй. Гэсэн хэдий ч цааш ярих ярианууд, эмчлэгдэх шарх шалбархайнууд, мөн эрүүл энхийн төлөө сөгнөх дарснууд олон бий гэдэгт итгэлтэй байна. Харин чи маргааш орой зав гаргаж, миний түүдгийн дэргэд ирэхгүй биз? Яг л цайны үдэшлэг зохион байгуулж буй хатагтай нар шиг чамайг урихаасаа би хэзээд нэрэлхэхгүй, тэгээд ч чи чөлөөтэй байгаа хойно. Тэнд биднээс гадна нэг л зочин бий, Солонгост байсан эртний танил минь, Жек Сьювард. Тэгээд хэдүүлээ уруулаа дарсанд дэвтээж, дуу дуугаа нийлүүлэн энэ өргөн орчлон дахь хамгийн аз жаргалтай хүн буюу Бурханы бүтээсэн яруу зүрхийг эзэмдэгч эзний амжилтын төлөө хундага сөгнөцгөөе. Бид чамайг халуунаар угтан авч, уриалгахнаар зочилж, хэрэв хоёр дахь хос нүдийг харах хүртлээ бор дарсыг хэтрүүлж гэмээнэ гэрт чинь хүргэж өгнө гэдгээ амлаж байнам. Чамайг урьж байна, ирээрэй!
   Хүндэтгэсэн,
   Кьюнси П. Моррис

   АРТУР ХОУЛМҮД~С КЬЮНСИ П. МОРРИС~Т ИЛГЭЭСЭН ЦАХИЛГААН
   5~р сарын 26~н.
   Чиний урилгыг хүлээн авахад хэзээд бэлэн гэж мэдээрэй. Хоёр чихийг чинь алт болгохуйц мэдээний хамтаар очимз.
   Арт

 6~р Бүлэг.
(Орчуулж дуусахаараа линк холбоно оо)

Monday, June 9, 2014

'Дракула Гүнтэн' . (4-р бүлэг.)

4-р Бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.

Би өөрийнхөө орон дотроо сэрлээ. Урьд шөнийн тэдгээр үйл явдлууд цөм зүүд мөн байсан ч, аль эсвэл үгүй байлаа ч гүнтэн намайг өргөөнд минь өргөж ирсэн нь лавтай. Үүнийг гэрчлэх мэт миний хэв маягаар эвхэгдээгүй хувцаснууд, гарт минь зүүлттэй хоносон бугуйн цагнаас эхлээд хэд хэдэн нотолгоонууд өрөө тасалгаанд маань үлдсэн байсан юм. Гэхдээ самуурч солиорсондоо би юу ч хийсэн байж мэдэх учраас энэ бүхэн хангалттай сайн баталгаа болж өгч чадсангүй. Тэгтэл гэнэт би тэмдэглэлийн дэвтрээ саналаа. Мөн орон дотроо нүцгэн биш хувцастайгаа хэвтэж байхыг бодоход лав л гүнтэн халаасыг минь нэгжээгүй болж таарав, магадгүй тэр ямар нэгэн зүйлд яарч явсан байх. Ямартай ч дэвтрийн минь талаар мэдэлгүй өнгөрсөн нь сайн хэрэг боллоо шүү. Хэрэв уншсан бол тэр хурааж авах байсан нь мэдээж хэрэг юм, аль эсвэл бүр түүнийг минь устгах байсан бизээ. Дараагаар нь би өрөө тасалгаагаа тойруулан ажиглалаа. Одоо бол энэ газраас, энэ өрөөнөөс, мөн гүнтэнгээс илүүтэй цусыг минь сорохыг завдаж, намайг хүлээж суусан өнөөх аймшигтай хүүхнүүд миний санааг зовоож байна.

5-р сарын 18.

Үнэн худлыг ялгахын тулд өнөөх хараал идсэн тасалгааг би өдрийн гэрэлд харахаар явсан юм. Харин  дээд давхрын шатны дэргэдэх, мөрлөж унагасан мөнөөх хаалгыг минь дахин янзалсан байх бөгөөд цоожилж мөн битүүмжилсэн байлаа. Хацар модонд нь тулгаад зэвтэй хадаасаар тун сайн гэгч нь хадсан байх тул эвдэх гэж хичнээн оролдоод ч хүчрэхээргүй болгож орхижээ. Хамгийн аймшигтай нь юу байсан гээч, уг хаалгыг гаднаас нь биш дотроос нь хадаж тогтоосонд байгаа юм. Тэгээд би уржигдар үдшийн үйл явдлууд жинхэнээсээ болж өнгөрсөн юм боловуу хэмээн эмээж эхлэв.

5-р сарын 19.

Би маш их ядарч байна, нүд маань их өвдөж байна. Урьд шөнө гүнтэн над дээр ирээд гурван захидал бичихийг шаардсан юм. Эхнийх дээр нь миний эндэх ажил бараг л дуусах гэж байна гэж бичлээ, хоёрдахь дээр нь маргааш өглөө би шилтгээнийг орхино гэж бичив, харин сүүлчийнх дээр нь би Биштрицэд ирчихээд байна гэж сийрүүллээ. Түүний бүрэн эрхэнд орсон тул эсэргүүцэл үзүүлнэ гэдэг дэндүү тэнэг бөгөөд даанч гэнэн алхам болох байлаа. Тиймээс би түүний сэжгийг төрүүлэх үйлдэл аль болох хийхгүйг хичээж, мөн түүний уурыг хүргэхгүй гэж хэрэндээ чармайж байв. Тэр намайг өөрийнх нь талаар дэндүү ихийг мэдэж байгааг мэднэ, түүний хувьд би маш аюултай хүн болсон учраас өөрийгөө би эндээс амьд мэнд гарна гэж бодохгүй л байна. Одоо бол миний хийж чадах цорын ганц зүйл бол өөрийн хувь заяанд найдах л үлдээд байна. Хэрэв аз хийморь минь намайг мартаагүй бол надад эндээс оргох боломж гарч ирэх байх, хүлээж л сууя. Ямар учраас ийм захидлуудыг бичүүлж байгаагаа гүнтэн надад ер хэлсэнгүй. Бодвол найз нөхдийг минь хуурах гэсэн хэрэг байх гэж эмээх юм. Намайг тийнхүү үг дуугүй түүнд захирагдаж, хамгийн сүүлчийнхээ захидлыг бичиж суухад гүнтэн намайг чимээгүй гэгч нь ажиглан зогсч байлаа. Тэгээд би түүнээс захидлуудынхаа он сарыг юу гэж бичих талаар асуув.
   Тэр бодож байснаа, "Эхнийх нь 6-р сарын 12-н байх ёстой, харин удаах нь 6-р сарын 19. Харин сүүлийнх нь 6-р сарын 29 байг." гэлээ.
   Арай энэ миний амьд мэнд байх сүүлчийн хугацаа юм биш биз? Бурхан минь надад туслаачдээ!

5-р сарын 28.

Одоо надад эндээс оргох боломж гарлаа. Үгүй юм гэхэд гэррүүгээ хэл сураг дуулгах бололцоо гарч мэдэх юм. Энд Сзганий хамтлаг ирсэн бөгөөд шилтгээний гаднах талбайд тэд буудалласан байна. Тэд цыганууд бололтой. Тэдний тухай мэдээлэл миний дэвтэрт бий. Яг л өөр ертөнцөөс ирсэн мэт тэд хаа таарсан газраа хоноглож явдаг хачин улс юм гэж бичсэн байна. Зөвхөн Унгар болон Трансилванид гэхэд л тэдний мянган хүн бий бөгөөд бараг л тэд хуулинд захирагдана гэж ер мэддэггүй улс. Гэхдээ тэд язгууртан ноён хийгээд Бояаруудад тун талтай байдаг бөгөөд бүр өөрсдийгөө тэдний нэрээр дуудах дуртай аж. Тэд шашин шүтлэгээс ангид байдаг ч, мухар сүсгийг өөрсөддөө хадгалж иржээ. Мөн тэд зөвхөн өөрсдийн Цыгань хэлээр хоорондоо ярилцах агаад дориун энэ үндэстнийг айлгах зүйл ховорхон аж.
   Би гэррүүгээ захидал илгээх хэрэгтэй байна. Магадгүй тэд надад тус хүргэх юм биш биз. Гэхдээ би альхэдийнээ тэдэнтэй ярилцахыг хичээж, цонхоороо харилцсаар муугүй нөхөрлөл тогтоогоод амжсан шүү. Тэд малгайгаа авч агаарт даллан, элдэв янзын дохио зангаа хийж үзүүлнэ. Гэвч тэдний хөдөлгөөнийг би тэдний ярилцах хэлний нь адилаар мөн үл ойлгоно ...
   Ямартай ч би захиагаа бичлээ. Минад зориулсан захидлыг би таталган бичгээр бичлээ, харин Ноён Хаукинсд зориулж түүнтэй минь холбоо тогтоохыг мөн хүслээ. Өөр зүйлийн талаар бичсэнгүй. Минад бичсэн захидалдаа би өөрийнхөө нөхцөл байдлын талаар тэгтлээ дэлгэрэнгүй бичсэнгүй. Эс бөгөөс хайрт түүнийг айлгаж мөн цочоож орхих вий. Гэвч одоохондоо эдгээр захиануудыг гүнтэн мэдээгүй байгаа тул, намайг өөрийнх нь талаар ямар их зүйлс мэдэж байгааг тэр гадарлахгүй байгаа ...
   Ингээд захидлуудаа би тэдэнд өглөө. Цонхны нарийхан салхивчаар захидлыг би шийдэхдээ гар цайлгах зүйлийг ч мөн мартсангүй. Тэгж гэмээнэ, захидал илгээгдэх найдвар илүү өндөр болох байлаа. Нэгэн эр тэрхүү захиаг маань авч, энгэртээ гаран тавин мэхийн ёслоод, малгайн дотроо хийчихлээ. Одоо харин би юу хийх билээ, тэгээд би эргээд ширээндээ суугаад ном уншихаар шийдэж, хуудсыг нь сөхлөө. Мөн би гүнтэнг эзгүй байгааг нь ашиглаад ийнхүү бичиж сууна ...
   Удалгүй гүнтэн орж ирэв. Тэгээд өврөөсөө хоёр захидал гаргаж ирээд их л намуухан хоолойгоор, "Цыгань хамтлагийн хөгжимчин надад энийг өглөө, хаанаас ирсэн, ямар учиртай захиа юм бүү мэд, харин чи үзмээр байна уу?" гэж хэлээд тэр захидлыг харж "Өө нэг нь чамаас ирсэн байна шүүдээ. Миний найз Петер Хаукинсд хаягласан байна. Харин нөгөөх нь" гээд захидлыг нээн уншиж үзэх тэр үед түүний царайнд өнөөх аймшигтай харанхуй өнгө аяс үзэгдэх нь тэр. Тэгээд, "Энд үнэхээр муухай булай зүйлсийн талаар бичиж. Нөхөрлөл болон найрсаг зангийн эсрэг чиглэсэн тун зохисгүй зүйлс байна. Гэхдээ, энэ бүхэн бидэнд ямар хамаа байнаа." гэж хэлээд Минад зориулан бичсэн хоёрдахь захидлыг минь дугтуйных нь хамтаар дэнгийн гэрэлний галд шатааж орхив.
   Тэгээд тэр цааш нь, "Харин Хаукинсд бичсэн захидлыг чинь би дамжуулж өгч болох юм, нэгэнт л чинийхээс хойш. Харин чиний захидал гэдэг миний хувьд тун эрхэм зүйл гэж мэд. Тэгэхээр, намайг уучлаарай найз минь, санамсаргүй би лацыг нь эвдэж орхилоо. Татгалзахгүй гэвэл дахиад лацдахыг хүсье." гэж хэлээд эелдэгхэн гэгч нь ёслоод, надад цоо шинэхэн дугтуйг гардуулав.
   Би юу ч хэлсэнгүй, чимээгүй гэгч нь захидлыг бэлэн болгоод түүнд буцаан өглөө. Харин түүнийг өрөөнөөс минь гарсны дараахан хаалганы нүхрүү түлхүүр орж аяархан гэгч нь эргэхийг сонссон юм. Харин минутын дараа би хаалганы дэргэд очоод түүнийг түлхэж үзвэл, яг л тааварлаж байсан шиг минь түгжээтэй байлаа.
   Удалгүй нэг эсвэл хоёр цагийн дараагаар гүнтэн дуу чимээ гаргалгүй өрөөнд минь орж ирээд намайг сэрээв. Энэ үед би буйдан дээр зүүрмэглэсэн байсан бөгөөд тэр их л баяртай нь аргагүй өнгөөр, "Тэгэхээр, залуу найз минь чи их ядаржээ дээ, янз нь? Орондоо ордоо. Тэгвэл илүү сайхан амарч авна байх. Өнөөдөр үдэш би их завгүй байгаа тул ярилцаж чадахгүй нь даанч тусгүй хэрэг. За сайхан амрахыг ерөөе." гэж хэлэв.
   Харин би унтлагын өрөөндөө явж ороод орондоо орлоо. Хачирхалтай нь тэр шөнө би юу ч зүүдлэлгүй, үнэхээр тайван унтаж амарсныг хэлэх байна.

5-р сарын 31.

Өнөөдөр өглөө би халаасандаа мөн цүнхэндээ авч явсан хэсэг цаас болоод дугтуйнуудаа ашиглаад дахиад нэг захидал бичихээр шийдлээ. Магадгүй ахиад надад боломж олдох ч юм бил үү. Гэтэл яасан гэж санана! Бас нэгэн гэнэтийн бэлэг намайг угтах нь тэрдээ.
   Надад байсан бүх цааснууд алга болжээ. Тэдэн дунд миний тэмдэглэлүүд, санамж бичгүүд, төмөр зам болоод аялалтай холбоотой баримт бичгүүд, томилолтын хуудас, үнэмлэх, пасспорт гээд нэг ёсондоо л шилтгээнээс гарсны дараагаар хэрэг болох зүйлс цөм байсан шүүдээ. Гэтэл бүгд алга болжээ! Тэгээд өлгүүрт хийсэн чемоданаа санаж очиж шалгатал бас байдаггүй шүү!
   Миний энд ирэхдээ өмсч ирсэн хүрэм, борооны цув бас алга болсон байлаа. Эрээд эрээд би олсонгүй. Маргаан байхгүй гүнтэнгийн хийж буй башир аргуудын нэг нь байх ...

6-р сарын 17.

Өнөө өглөө би хийх зүйлгүй дэмий л духаа алгадан, орон дээрээ хэвтэж байтал гадаа чулуун зам дээр тэрэгний дуу, морьдын тах болон ташуурын дууны хамтаар сонсогдож шилтгээнд сүйх тэрэг хүрч ирэх нь дуулдлаа. Намайг баяр хөөр эзэмдэж, цонхруу би яаран очвол найман агт адууг хөллөсөн хоёр ч сүйх тэрэг ирсэн байв. Тэднийг өргөн малгай духдуулсан, том аралтай тэлээгээр өмдөө бүсэлж, савхин гутал өмссөн Словакууд жолоодож ирсэн байв. Гартаа тэд урт гэгч нь саваануудыг барьжээ. Би хаалгаруу ухасхийлээ, магадгүй төв танхимд амжиж очиж чадвал магадгүй тэдэнтэй зөрөөд хаалгаар би оргож чадах ч юм билүү. Гэтэл ахиад л! Өрөөний минь хаалга түгжээтэй байх нь тэр.
   Тэгээд би цонхон дээр очоод орилж гарлаа. Тэд яг л тэнэг юм шиг надруу харж байх хооронд тэрэгнээс өнөөх золигийн Цыгань залуу гараад ирдэг юм байна. Тэгээд цонхруу минь тэд зааж, ямар нэгэн зүйл хэллээ. Үүний дараагаар тэд намайг шоололдон хөхрөлдөв.
   Үүнээс хойш яаж ч орилж хашгираад, тэднийг хараан зүхэж, элдвээр дуудаад ч намайг тэд нэг нүдээрээ ч тоож харсангүй. Морь тэрэгнүүдээс тэд шилтгээний дэргэд том хайрцагнуудыг буулгаж тавиад эргээд ирсэн газарруугаа хөдлөхийг завдав.
   Ачаа бараагаа тэд эдлэн газрын том талбайн нэг буланд тавьсан байлаа. Тэгээд Цыганчууд тэдэнд мөнгө өгч буй бололтой гарт нь ямар нэгэн зүйл атгуулсны дараагаар тэд яаралгүйхэн шиг морьд дээрээ хүрч очив. Удалгүй Словак эрс морьдоо ташуурдаж, удсан ч үгүй тэрэгний дугуй, морьдын тахны чимээний хамтаар алслагдсаар, эцэстээ сонсогдохоо болив.

6-р сарын 24.

Өнгөрсөн үдэш гүнтэн намайг эрт орхин гарлаа шүү. Энэ завшааныг ашиглаад би өргөн чулуун шатаар хурдалж, өмнө зүгрүү харсан цонхоор доош ширтлээ. Гүнтэнг олж хар магадгүй гэж, мөн түүнийг чухам юу хийж байгааг нь мэдэх гэсэндээ л тэр тэр шүүдээ. Цыганиуд шилтгээний талбайд байсан хэвээр байх агаад ямар нэгэн зүйлийг хийгээд тэд учиргүй завгүй байгаа харагдав. Тэндээс мөн алх дөш хийгээд хүрз жоотууны чимээ дуулдана. Юу ч байлаа гэсэн маргаан байхгүй сайн сайхан зүйл биш гэдэг нь лавтай.
      Харин би өнөөх цонхоор хагас цаг хиртэй харж зогссоны эцэст гүнтэнг өрөөнийх нь цонхоор сая нэг олж харсан юм. Ингээд би болгоомжтой гэгч нь цонхны чулуун хүрээний цаагуур ороод болж буй үйл явдал бүхнийг чимээгүйхэн ажиглаж зогслоо. Бас ахиад л гүнтэн надад гэнэтийн бэлэг барих нь тэрдээ! Тэр шинэ хувцас өмссөн байлаа, тэгээд мөрөн дээрээ өнөөх бүсгүйчүүдийн аваад явдагтай адилхан шуудайг тэгнэн барьжээ. Гэвч харин хувцасны тухайд яривал тэр миний хослолыг, бүр миний хүрмийг өмссөн байв! Түүний энэхүү хорон зэвүүн төлөвлөгөө чухам юу юм бол, тосгоныхон, суурин гацааны иргэдийн дунд намайг гишгэх газаргүй болгох гэсэн нь тэр гэж үү!?
    Түүний энэ бүх үйлдэл нь миний уурыг маш их хүргэж байлаа. Жинхэнэ хоригдол ч гэсэн хууль ёсны дагуу эрхээ эдэлж, хуулийн хамгаалалтан дор амь зуудаг биш бил үү? Гэтэл одоо би энд хоригдохын дээр шилтгээнээс гадна ертөнцөд эрэн сурвалжилагдах болж таарч байна уу?
    Тэгээд би түүнийг эргэж ирэх хүртэл нь цонхны дэргэд хүлээж зогсохоор шийдэв.  Удалгүй сарны гэрэлд нүүгэлтсэн хар дүрс тодрон гарч ирэх нь шөнийн тансар хилэн тэнгэрт тодхон үзэгдэв. Яг л нэг бөөн тоос бужигнаад, хоорондоо нийлж мөн эргэн сарних мэт алсаас харагдаж байлаа. Харин би тэвчээртэй гэгч нь тэднийг ойртохыг хүлээж, хананы цаанаас ажиглаж байсан юм.
    Тэгтэл гэнэт алсад нохдын хуцаж улих чимээ цуурайтаж намайг цочоож орхив. Тэдгээр чимээ миний эндээс харагдахгүй газраас дуулдаж байв. Хачирхалтай нь өнөөх нүүгэлтсэн хар тоосонцорыг ойртох тусам чихэнд чимэггүй өнөөх дуу чимээ дагаад тодорч байсан нь сонирхолтой. Төрөлх зөн совингоороо би өөрийгөө энэ зүйл яавч сайн зүйл биш болохыг нь мэдэрч байлаа. Гэвч тэдний учир битүүлэг дуудлаганд би автаж, мөн ховсдуулж эхлэх нь тэр.
     Нүүгэлдсэн хар үүлс ойртсоор бас ойртсоор л. Сарны туяаг тэд халхалж, наашаа улам бүр ойртсоор л байлаа. Нааш дөхөх тусам тэнгэрийг тэд нилэнхүйд нь бүрхэж, зэрвэс харвал эгээ л хий үзэгдлийн мэт дүрсийг үүсгэх нь хачин гэж жигтэйхэн! Гэнэтхэн би сэхээ орж, аймшигтай тэр дүр зураглалыг үзээд дуу алдан цонхноос холдлоо.
     Сарьсан багваахайнууд нэгдэн нийлж, хүн дүрсэнд орон хувилаад өнөөх намайг сүйд хийх дөхдөг гурван эмэгтэй тэдний дундаас тодрон гарч ирэх нь үнэхээр аймшигтай!
     Харин удалгүй би өөрийн өрөөний зүг хар хурдаараа зугтааж байгаагаа анзаарсан юм. Аз болоход харанхуй хонгилыг дэнгийн гал гэрэлтүүлж байсан нь айдсыг минь бага ч атугай нимгэлж байсныг хэлье.
    Удалгүй хэн нэгний орилох дуун хонгилын гүнээс гарах шиг болов. Худал эсвэл үнэн сонссон эсэхдээ эргэлзэж байтал өнөөх чимээ эргээд нам гүм болох шиг ... энэ бүхнийг залгуулаад орчны анирыг эвдэх ямар ч дуу шуугиангүй хэтэрхий нам гүм байдал ноёлсон нь намайг зовоож эхэллээ.
   Хэсэг хугацаа өнгөрөхөд цонхон дор минь эмэгтэй хүний ихэр татан уйлах чимээ сонсогдов. Тэгээд би цонхны салхивчаар доош өнгийж, сараалжин төмөрний завсраар гадагш харахад үсээ сул задгай тавьсан нэгэн эмэгтэй хоёр гараа цээжиндээ зөрүүлж бариад чулуун хашааны дэргэдүүр уйлж явах нь тодхон харагдав. Цөхөрч гүйцсэн бололтой хөөрхий тэр бүсгүй тэгээд хүйтэн чулуун ханыг налаад газарт ойчоод өглөө. Тэгснээ тэр тэнгэр өөд харахдаа цонхоор цухуйх миний царайг олоод харчихав. Харин тэр эмэгтэйн заналтай нь аргагүй дуугаар 'Муу мангас минь чи миний хүүхдийг буцааж өг!' хэмээн бархирч байсан ба золгүй тэр эмэгтэйн орилох дуу нь үнэхээр тэсвэрлэхийн аргагүй байсныг хэлэх байна!
    Өвдгөн дээрээ тэр сөхрөөд хоёр гараа дээш өргөж элдвийн зүйлсийг амандаа бувтнаж, цурхиран уйлах тэр мөчид яг л зүрхийг минь хутгаар зүсэх шиг болж билээ. Үсээ зулгааж, цээжээ балбах тэр эмэгтэй хамаг л итгэл найдвараа гээж, бүрмөсөн өөртөө бууж өгжээ. Түүнийг урагш алхаж шилтгээнрүү ойртох үед түүнийг би харах боломжгүй болсон авч төдий л удалгүй тэртээ доор шилтгээний том хаалгыг нүцгэн гараар нүдэх чимээ дуулдлаа. Ингэлээ гээд гүнтэн түүнд хаалга тайлж өгнө гэж үү?
    Яг энэ үед ордны хаа нэгтээгээс, аль нэгэн өндөр цамхгийн орой дээрээс гүнгийн хүйтэн зэвүүн өнгөөр исгэрэх нь сонсогдох шиг болов. Яг л үүнийг гэрчлэх гэсэн мэт, яг л түүнд хариу өгч буй гэлтэй алсаас улих чонын улиан сонсогдлоо! Сонссон зүйлдээ би итгэж удахгүй болох зүйлсийг амьсгаа даран хүлээж зогстол зэрлэг чонын сүрэг эдлэн газрын өргөн талбайд өөрсдийн биеэр залрах нь тэр дээ!
    Нэг л мэдэхэд бүсгүйн уйлах дуун чимээгүй болж, харин чонон сүргийн улиан алслагдан холдож эхэллээ.
    Уг эмэгтэйн өмнөөс би харамссангүй. Хүүхэд нь одоо үгүй болсон тул амьдрах нь түүнд утга учиргүй санагдаа биздээ.
    Гэвч би юу хийж чадах билээ? Мөн одоо би юу хийх вэ? Энэ аймшигтай хийгээд муу ёрын шөнийг бас хэрхэн давж өнгөрүүлэх билээ? Би хэлж үнэхээр мэдэхгүй юм.

6-р сарын 25.

Бүхэл шөнийг тарчлан шаналж өнгөрүүлсний эцэст өглөөний нарны туяаг олж харна гэдэг ямар баяртай үйл явдал болохыг ер төсөөлөх хүн бий болов уу? Нар дээр хөөрч, өтгөн шугуйн дээгүүр тэр хөөрсөөр харанхуй шилтгээний хүйтэн цонхыг нэвт гийгүүлэх тэр мөчид зүрх сэтгэлийг минь хичнээн ихээр бүлээцүүлж байсныг минь мөн төсөөлөх гээд үз л дээ!
   Зориг тэнхээ орсон дээрээ би өнөөдөр л ямар нэгэн зүйлийг төлөвлөхгүй бол болохгүй нь! Миний илгээсэн, хэтэрхий хуучирсан захидлуудын эхнийх нь урьд шөнө эзэндээ очсон байх ёстой, хэрэв тэд илгээгдсэн бол шүүдээ. Эдгээр захианууд намайг амьд мэнд явааг, газрын хөрсөн дээр эсэн мэнд байгааг илчлэх магадгүй цорын ганц баримт болж үлдээ биздээ, хөөрхий.
   Харин би ийнхүү бодлогоширч, цагаа дэмий үрэх хэрэг юу байна. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж шийдэв.
   Ер нь бодоод байхад, өдрийн цагаар би гүнтэнг олж харж байснаа санахгүй юм. Арай тэр бусдыг сэрж байхад орондоо орж, харин бусдыг нойрсохоор хэвтэх үед сэрдэг юм биш биз? Түүнийг өмнө нь цонхоор олон удаа харж байсан, харин яагаад би цонхоор орох аргыг сэдэж олоогүй юм бол? Энэ төлөвлөгөө маань маш аюултай бас осолтой боловч миний хувьд одоо бол яахаас ч буцахгүй, юу ч хийхээс сийхгүй эгзэгтэй үе ирээд байна. Нэг л амьдрахаас хойш, үзээд алдах хэрэгтэй, эрсдэлтэй ч гэлээ туршаад нэг үзье! Гэгээн дарь эх минь, надад та туслаарай! Хэрэв би бүтэлгүйтвэл ... ямартай ч, урьдчилаад салах ёс гүйцэтгье, баяртай миний Мина. Баяртай анд найзууд минь, нөхөд минь. Баяртай бүгдээрээ. баяртай. Бас дахин баяртай Мина минь!
 
Энэ өдрийн орой нь.

Аз болоход би эсэн мэнд өрөөндөө эргэж ирлээ! Тэнгэр бурхан минь танд би талархаад баршгүй нь! Харин одоо тэндээс олж харсан зүйлсээ эхнээс нь эхлээд нэг бүрчлэн сийрүүлэх минь ... Зүрх минь итгэл зоригоор буцалж, юу ч хийхээс буцахгүй болсон тэр үеийг ашиглаад би өмнө зүгрүү харсан шилтгээний цонхоор авирч гарлаа. Дүнсгэр энэ харшийн чулуун хана туурганууд он цагийн эрхэнд элэгдээд, зарим нэг нь эх биенээсээ салж ойчжээ. Хий гишгэж гэнэ алдахгүйн тулд би гутлаа тайлж хөл нүцгэн явав. Харин доош өнгийж харахад толгой минь эргэж, дотор минь муухай оргиж байлаа. Тэгээд хэрвээ би нэг л хальтрах юм бол ёроолгүй нүх шиг харанхуй тэр ангал хавцалруу унахаар байв. Би доош харахгүйг хичээж, гүнзгий гэгч нь амьсгаа аваад гүнгийн тасалгааны цонхыг сайн мэдэхийн хувиар эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шуудхан тийш хөдөлж эхлэв. Чулуун ирмэгээр би алхсаар, бас алхсаар л, удалгүй би гүнгийн өрөөний цонхонд ойртож ирлээ, тэгээд түүний цонхны тавцан дээр хөл тавиад дотогш орох үедээ би чулуун ирмэг дээгүүр алхаж байхаасаа илүүтэй ихээр сандран айж байсан юм. Тэгээд хөшгийг нь ярж үзэхэд, аз болоход тасалгаа хоосон байв! Харин өрөөн дотор бараг л эзэнгүй байдаг боловуу гэмээр хамаг л тавилга хэрэгслүүд нь тоосонд дарагдаж, аалзны торонд далдлагджээ. Хамгийн түрүүнд би ямар нэгэн түлхүүр олох найдлага тээсээр өрөөн доторхыг шалгасан боловч эрээд, эрээд юуг ч олж чадсангүй. Гэвч тэндээс би юуг олсон гэж санана! Тасалгааны буланд Ромын, Британы, Австрийн, Унгар бас Грек, Туркын гээд л бүх л төрлийн мөнгөн тэмдэгт, алтан гулдмайнууд овоолоостой байж байлаа! Мөн л гар хүрэлгүй удсан болов уу гэмээр тоос шороонд дарагдаж орхижээ. Хамгийн хачирхалтай зүйл нь юу вэ гэвэл багадаа л гэхэд 300 жилээс дээшгүй урт настай байх аж. Бас тэнд зүсэн зүйлийн алт мөнгөн эдлэлүүд, эрднийн чимэг зүүлтнүүд өрөөстэй байв. Мөн л их эртний хийцтэй юм гээч!
   Тасалгааны нөгөө талын буланд хаалга байхыг би олж үзэв. Нэгэнт ямар нэгэн түлхүүр эрээд олж чадаагүйгээс хойш хэдий итгэлгүй байсан ч эргэлзүйлгээр хаалгаруу очоод бариулыг нь эргүүлж үзлээ. Энэ удаад аз миний талд байдаг байгаа! Харин хаалга хүйтэн чулуун хонгилруу харан нээгдсэн юм.
   Шилтгээний хуучин тоосгонууд, модон хаалган дахь түлхүүрийн нүхээр л тусах гэрлийг эс тооцвол хонгил бүхэлдээ харанхуй байх агаад бүдэрч унахгүйн тулд би урдах замаа анхааралтай гэгч нь харж явав. Цаашлах тусам өмхий үнэр ханхийж, үзэгдэх орчин улам харанхуй болж ирлээ. Эцэстээ энэ бүхэн үнэхээр тэсвэрлэхийн аргагүй болж эхэлсэн шүү. Тэгж явсаар би хонгилын төгсгөлд ирж, хүнд модон хаалгыг цааш түлхэснээр хуучны цагийн ариун ёслолын танхим сүндэрлэж асан балгасанд явж оров. Гэхдээ сайн ажвал мөргөлийн танхим гэхээсээ илүү булшны газар шиг юм. Цоорхой дээврийн нүхээр тусах нарны туяа орчныг харах боломжийг надад олгож байлаа. Харин тэнд, газрын гүнрүү гүнзгий гэгч нь ухсан нүх байхыг би олж үзэв. Шороо хаягдлуудыг нь тэгээд модон хайрцганд хийж өржээ. Маргаан байхгүй Словакчуудын авчирсан хайрцаг гэдэг нь тодорхой.
  Тэнд хэн ч байхгүйг, мөн өөртөө олдсон энэ боломжийг би ашиглаад уг газрын инч бүрийг нь нэгжин шалгаж үзэхээр шийдлээ. Эцэстээ би тэндхийн бүх нүс сүвийг шалгасны эцэст газрын гүний харанхуй тэр нүхрүү орохоор сэтгэл шулуудсан юм. Гэвч тэнд хуучин авснууд бас нойтон шорооноос өөр юу ч байсангүй. Миний тоолсноор бол тэнд шинэхэн шороогоор дүүргэсэн 50 орчим хайрцаг өрөөстэй байлаа. Харин тэдгээр хайрцагнуудыг шалгаж яваад намайг юу олсон гэж санана! гүнтэнг!
   Тэрний үхсэн эсвэл унтаж байгааг нь би хараад ялгаж чадсангүй. Зовхи нь нээлттэй, нүд нь ширтээстэй байх авч хувхай цагаан царай нь түүнийг амьд гэдгийг нь гэрчлэх мэт хацар нь улаа бутран байлаа. Уруул нь мөн урьдын адил цус шиг улаан хэвээрээ байх бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн, ямар нэгэн амьсгал, ямар нэгэн зүрхний цохилтыг би мэдэрсэнгүй!
   Түүний дээгүүр би тонгойн харж, эцэстээ бүр түүнийг амьд гэдгийг гэрчлэх ямар нэгэн баталгаа олох гээд барсангүй. Гэхдээ л гүнтэн тэнд хэвтээд удаагүй гэдэг нь тодорхой байлаа. Хэдий тэр ухаангүй мэт боловч нээлттэй нүднээс нь яагаад ч юм өш хонзонгийн дөл мэдрэгдэх шиг болж билээ. Тийм ч учраас гүнгийн халаасыг ухах гэснээ би зүрхэлсэнгүй. Тэгээд түргэхэн гэгч нь өөрийн ул мөрийг би баллаж орхиод, тэр газраас явсансан. Удалгүй гүнгийн өрөөний цонхоор гадагш авиран гарч, шилтгээний ханыг дагаж цааш явсаар унтлагын өрөөндөө хүрч ирсэн нь энэ юм. Тэгээд би амьсгаагаа дарж ядан орон дээрээ хэвтэхдээ түрүүний бүх хачирхалтай үйл явдлуудыг эргэцүүлэхийг хичээж байсан юм.
 
6-р сарын 29.

Өнөөдөр бол миний сүүлчийн захидал дээр хаяглагдсан тэр өдөр билээ. Харин гүнтэнгийн хувьд мөн л түүнийг өрөөнийхөө цонхоор гарч шилтгээний ханыг даган гүрвэл шиг буухыг нь би харлаа. Бас л миний хослол, хүрэм хоёрыг тэр өмсжээ. Хэрэв болдогсон бол яг ингээд явж байхад нь буудаад унагахсан! Гэвч ямар ч хүйтэн зэвсэг байлаа гээд түүнд нөлөөлөхгүй байх гэж бас эмээх юм. Энэ удаад Түүнийг эргэн ирэхийг нь би хүлээсэнгүй. Гэвч түүний эзгүйд өнөөх шулмын бүсгүйчүүд над дээр айлчлан ирэхвий гэдгээс маш их айж байлаа. Тэгээд би номын санруугаа эргэн орж унтах хүртлээ элдвийн зүйлсийг уншиж суув.
   Гүнтэн намайг сэрээлээ. Тэгээд тэр, 'Маргааш найз минь, бидний салах өдөр. Чи үзэсгэлэнт Англи оронруугаа явах болно. Харин би эндээ үлдээд зарим нэг ажлаа хийж дуусгах хэрэгтэй байна. Магадгүй бид хэзээ ч эргэн уулзахгүй байх. Захидлуудыг чинь би илгээчихсэн, одоо хүрэх ёстой эзэд дээрээ нэгэнт очоо биз. Маргааш би эзэнгүй байж мэдэх юм, гэвч чамайг эндээс явах тал дээр бүх зүйлийг хангасан тул санаа зовних хэрэггүй. Маргааш өглөө эндэх ажлаа хийж гүйцээхээр Цыганууд ирэх ёстой. Словакчууд ч бас хамт ирнэ. Тэгээд тэднийг явсны дараагаар миний сүйх тэрэг эндээс чамайг Боргогийн гарамруу хүргэж өгөх ба тэндээс та Буковиногоос Биштрицрүү хүрэх тэргэнд суух бүрэн боломжтой. Энд, Дракулагийн шилтгээнд, чиний талаар илүү ихийг мэдэж авсан ч болоосой доо.' гэж хэллээ.
  Түүний эелдэг бөгөөд уриалгахан эдгээр үгэнд нь би нэг л итгэж өгсөнгүй. Харин би түүнийг сэжиглэж байсан бөгөөд,
  'Яагаад би өнөө орой явж болохгүй гэж?' гэж асуулаа.
  'Учир нь, залуу эрхэм минь, миний хөсөг морьд, сүйх тэрэг өөр ажлаар явсан байгаа.'
  'Гэхдээ би хоёр хөлөөрөө алхаад явчихаж дөнгөнө шүүдээ. Тэгэхдээ ч дуртай байх болно.'
  Тэр инээмсэглэлээ. Бүр маш эелдэгхэн хийгээд гэмгүй гэхэд дэндүү гэмгүй гэмээр тэр инээмсэглэлийн ард асар муухай хорон санаа нуугдаж байгаа гэдгийг нь би бүр гадарлаад байлаа. Тэгээд тэр,
  'Харин таны ачаа тээш яах болж байна?' гэлээ.
  'Одоо надад хамаагүйэ. Татгалзахгүй бол дараагаар нь миний араас илгээчихгүй юу.' гэж би хариулав.
  Гүнтэн босч зогсоод их л найрсгаар ингэж хэлэв, би бүр гайхсандаа нүдээ нухаж үзмээр санагдсан шүү. Энэ бүхэн үнэхээр үнэмшилтэй байсан юм. 'Англи хүн чи миний сэтгэлийг хөдөлгөж чадсан шүү. Бояар бидний дунд 'Ирснийг угтаж ав, явагсдыг үдэж явуул' гэх уламжлал байдаг юм. Нааш ир намайг дагаад яв залуу найз минь. Нэгэнт чи ингэж шийдсэн бол надад чамайг хориглох шалтгаан гэж алга. Гэвч чамаас салахдаа харамсалтай л байна. Нааш ир!' гэж хэлээд тэр намайг дагуулж явлаа. Тэгээд өргөн чулуун шатаар доош бууж, анх энэ шилтгээнд орж ирэхдээ хөл тавьсан төв ёслолын танхимд хүргэж ирлээ. Тэгээд тэр 'Харк!' гэж хэлэхэд алсад чонын улиан дуулдах нь тэр! Гүнтэнг тэгээд гараа нааш цаана хөдөлгөхөд тэдгээрийн чонон сүргийн улиан яг л симфони оркестр шиг эгшиглэж байлаа. Хэсэг хугацааны дараагаар тэр урагш алхаж, өнөөх шилтгээний төв хаалгаруу дөхөж очоод замган түгжээг нь мулталж, том төмөр гинжнүүдийг нь суллаад, хаалганы түгжээг тайлж орхив.
   Энэ бүхэнд би бүр итгэж чадсангүй. Тэгээд би сэжигтэй харцаар эргүүлж тойруулан хараад ямар нэгэн түлхүүр гүнтэнд байгааг олж харсангүй. Гэвч хаалга онгойх нь тэр!
   Гэтэл хаалга нээгдэхтэй зэрэгцээд зэрлэг чононуудын улих нь тодхон бөгөөд их ойрхон сонсогдов.
   Удалгүй хаалганы цаанаас хурц соёо шүдтэй тэдний улаан хошуу нь мохоо хумстай сарвууных нь хамтаар үзэгдэх нь хичнээн аймшигтай байсан гэж санана! Ийм нөхцөл байдалд гүнгийн эсрэг тэмцэнэ гэдэг даанч тэнэг үйлдэл болох байв. Тэр тусмаа ийм хүчирхэг араатнууд түүний мэдэлд байхад би юу хийж чадах билээ.
   Гэвч хаалга алгуур гэгч нь онгойж, онгорхой завсрыг гүнтэн биеэрээ халхлан зогсов. Энэхэн мөчид би сэхээ авч учиргүй ихээр айж балмагдав. Учир нь, яалт ч байхгүй өлөн зэлмүүн чонын идэш болох нь гэдгээ би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Гүнгийн дотор тэр зэргийн хорон санаа байх нь одоо нэгэнтээ гайхалтай зүйл байхаа больжээ, харин би амьсгаагаа аваад эцсийн мөчид, 'Хаалгаа түгжээч! Маргааш өглөөг хүртэл хүлээе гэм!' хэмээн бархирав. Тэгээд итгэл найдвар минь тасарсны баталгаа болж нүднээс урсах нулимсаа би арчаад нүүрээ алгаараа дарлаа.  Харин гүнтэн хүчирхэг гараа ухасхийн урагш сунгаад, тасхийтэл хаалгыг хаах тэр мөчид хаалганы замган түгжээнүүдийн начигнах чимээ танхимаар нэг цуурайтав!
  Аниргүйг үл үргээн, чимээ шуугиангүйхэн шиг бид номын санруу эргэн очлоо. Удалгүй нэгээс хоёр минут өнгөрөхөд унтлагын өрөөнд бид явж орцгоосон байлаа. Хамгийн сүүлд Дракула гүнтэнг харахад хоёр нүд нь улаанаар эргэлдээд, надтай тэр салах ёс үйлдэхдээ тамд шатах Иудас хүртэл бахархмаар инээмсэглэх нь хорсолтой!
  Өрөөндөө ганцаараа суугаад орон дээрээ гарч хэвтэхээс өмнө хаалганы минь гадна хэн нэгний шивнэх нь дуулдах шиг болов. Харин би аяархан гэгч нь гэтэж очоод чих тавин чагнаж үзэв. Чих минь намайгаа хуураагүй л байлтай, үнэхээр би гүнгийн ярихыг нь олж сонсов.
  'Буцацгаа! Холдоцгоо! Цаг чинь болоогүй гэм. Хүлээж үз! Тэвчээртэй бай гэм! Өнөө шөнө бол минийх. Харин маргааш үдэш бол та нарынх!'
  Удалгүй хонгилд бүсгүйчүүдийн айлгүйтэн инээлдэх нь дуулдав. Уурлаж хилэгнэсэндээ би хаалгаа нээж үзвэл, уруул амаа долоосон аймшигтай өнөөх гурван бүсгүйг хонгил дотуур алхаж явахыг нь олж харав. Намайг хараад тэд учиргүй ихээр инээлдсээр хонгилоор цааш холдож одлоо.
  Өрөөндөө би эргэн очоод өвдгөө дэрлэн газарт суухаас өөр зүйлийг хийсэнгүй. Өнө мөнхөд айлчлахаар мөхөл маань надруу ойртож байна гэж үү? Маргааш! Маргааш! Бурхан минь, надад туслаач, мөн надад эрхэм бусдад маань ч мөн адил!

6-р сарын 30-н.

Энэ магадгүй уг тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж буй хамгийн сүүлчийн маань үгс болж мэдэх юм. Үхэл над дээр өөрийн биеэр айлчлан ирэхэд бэлэн байгааг минь анзаараасай гэсэн шиг үүр цайхаас өмнөхөн би сэрж орхив.
  Сая л нэг гэгээ орж, өглөө болж байгааг би мэдлээ. Тахиа донгодож эсэн мэнд байгааг минь надад сануулав. Зүрх сэтгэл минь бага ч болов уужрахын зэрэгцээ хаалгаа би нээж орхиод төв танхимын зүг хурдалснаа санаж байна. Хаалга түгжээгүй байлаа, эндээс зугатах гарц өмнө минь нээлттэй байна! Энэ үед зүрх сэтгэл минь учиргүй ихээр догдолж байлаа. Салгалан чичирсэн гараар би хаалганы дэгээг мулталж нүсэр том замган түгжээг нь арагш татлаа.
  Гэвч хаалга хөдөлж өгсөнгүй шүү! Ахиад л цөхрөл намайг эзэмдэв. Татаад л байлаа, татаад л байлаа, эцэс сүүлд нь би хаалганы бариулнаас чанга гэгч нь атгаад сэгсэрч үзлээ. Нүсэр том хаалга дэмий л байрандаа дүнсийн зогсохоос онцын зүйл ер тохиолдсонгүй. Харин түлхүүрний түгжээ цоожтой байгааг төд удалгүй би анзаарсан юм. Маргаан байхгүй гүнтэн энд ирж цоожилсноос зайлахгүй.
  Тэрхэн мөчид ямар ч хамаагүй аргаар хаалганы түлхүүрийг өөрийн болгох гэсэн хүсэл учиргүй ихээр төрж билээ. Тэгээд би өнөөх ханаар дамжаад, гүнгийн тасалгаанд хүрч очихоор шийдсэн юм. Гай таарвал гүнтэн намайг хөнөөх биз, гэвч үхэл гэдэг одоо надад даанч хөнгөхөн мэт санагдах юм. Зогсолтгүйгээр би гүйсээр зүүн зүгийн цонхонд хүрч очлоо. Тэндээс цааш урьдын адил чулуун шилтгээний ханаар дамжин уруудсаар гүнгийн өргөөнд явж очлоо. Яг л миний төсөөлж байсан шиг тэнд хэн ч байсангүй. Түлхүүр ч мөн адил алга байв. Гэвч уул овоо шиг өрсөн алт эрдэнэс байрандаа байж байлаа. Тасалгааны буланд байрлах хаалгаар би гарч, хуучин чулуун шилтгээний элэгдэж муудсан шатаар доош уруудав ... одоо бол би тэрхүү мангасыг хаана үзэж харснаа мэдэх хойно.
  Том хайрцаг мөнөөх л байрандаа байгаа харагдана. Хананд ойрхон тэрхүү хайрцаг энэ удаад таглаатай байлаа. Мөн хэзээ мөдгүй хадагдахаа хүлээх адил хадааснууд дээр нь зоолттой байх аж.
  Аймшигтай түүний биенээс хаалганы түлхүүрийг эрж олохын тулд авсны тагийг нээж аваад арын ханыг нь түшүүлэн газарт тавьсны эцэст яг л миний төсөөлж байсан шиг өнөөх айхавтар дүр зураг өмнө нь тодрон ирэх нь тэр. Өөрийн биеэр тэнд өнөөх гүнтэн маань нойрсч байгаа нь тодхон үзэгдэнэ. Гэвч залуу насных нь цог золбоо сэргээ юу гэлтэй арьс нь туяа дааж гэгээтэй харагдах нь хачин бас нууцлаг. Цагаан үс, хууз сахал хоёр нь хар саарал өнгөтэй болон хувирчээ. Хацар нь дүүрч, цонхигор цагаан арьс нь үл ялиг улаа бутрах ажээ. Урьд урьдынхаасаа илүү улаан харагдах түүний урууланд шинэхэн цусны мөр үлдсэн байсан нь завжаар нь урсч эрүү болоод хүзүүрүү нь дуссан байх нь бие жихүүцүүлэм юм. Дэнгийн бүдэг гэрэлд, харанхуй нүхний хар ёроолд ч гэсэн үхээрийн хоёр нүд нь тод харагдахын зэрэгцээ авсны дотор тал ч мөн адил цус болсон байсан нь хачин хэрэг. Ханаж цадахыг мэддэггүй хачин энэ амьтан хахаж цадсан байртай хэвтэх нь бүр ч хорсолтой.
   Доош тонгойн түүний биед хүрэх үед хамаг бие маань зарсхийв. Түүний биед хүрэх тоолонд хамаг биений минь цус царцах шиг болж байсан ч эрлээ би цааш үргэлжлүүлсээр л байлаа, эс бөгөөс маргаан байхгүй эндээ би үүрд үлдэж хоцрох болно. Магадгүй миний бие энэ үдэш өнөөх шулмын хатагтай нарын зоог болох ч юм билүү, хэн мэдлээ. Харин түлхүүр байгаа ямар ч ул мөрийг би олж чадсангүй. Хэсэг зуур азнаад гүнрүү би эргэж харлаа. Ханаж цадсан түүний нүүрэнд ёжилж буй гэлтэй ёрын инээмсэглэл тодрохыг хараад уур хилэнгийн гал минь буцалж эхэллээ. Энэ зэрлэг амьтанд би туслаад Лондонруу нүүлгэх гэж байсан юм шүүдээ, хэрэв тэгээд тэнд очсон бол хэдэн сая хүний дунд хэдэн зууны туршид цусанд улайрах хүслээ хангаж явах байсныг хэн мэдэхэв. Хөөрхий ардын дунд хэдэн ч хөнөөлт хамтрагчидтай болоод хүрээгээ хаа хүртэл тэлэх байсан бол, бүү мэд.
  Энэ бүх бодол минь миний уурыг маш их хүргэж байлаа. Тэрхэн мөчид адгийн энэ араатныг алаг дэлхийн хөрснөөс арчиж хаях гэсэн хүсэл минь хосгүй ихээр оволзож ирснийг хэлэх байна. Гарт минь, мөн биенд маань зэвсэг хийчихээр зүйл байсангүй. Харин хайрцгийг шороогоор дүүргэж асан ажилчдын орхиж явсан хүрз хараанд минь өртөх нь тэр. Түүнийг аваад би өндөр гэгч нь далайж байгаад үзлийн муухай царайн дундуур нь буулгаж орхив! Энэ мөчид гүнгийн толгой надруу эргэж, хоёр харц нь над дээр туслаа. Ёрын муухай хоёр нүд ёлтойн байрандаа хөдлөлгүй зогсох аж. Харин түүний зэтгэрийн царай гарт минь байх хүрзний ирэнд ойн харагдах аж. Гэвч түүний духан дээр ердөө л өчүүхэн жаахан шалбархайг үлдээжээ. Атгаж байсан хүрз маань гарнаас минь мултран уналаа. Унахдаа хананд түшүүлж тавьсан байсан авсны тагийг цохисноор хайрцагны таг тавхийн унаж үзэшгүй түүний төрхийг нүднээс минь далдалж орхив.
  Дараагийн маань алхам юу байх билээ? Уураг тархи минь түмэн бодолд дарагдаад эгээтэй л шатах нь халаг болж байсан гээч! Энэ мөчид мухардал, цөхрөл намайг бүрэн эзэмдлээ. Харин тэрхэн мөчид алс хаа нэгтээгээс хоолой нийлүүлэн уянгалах чимээг олж сонсох нь харанхуй хонгилын үзүүрт гэрэл асаах шиг л болов! Тэдний дуутай зэрэгцээд тэрэгний дугуй чахран эргэлдэж, ташуур тас нясхийх нь алсаас дуулдана. Гүнгийн ярьж асан өнөөх Цыган болоод
Словакчууд энд иржээ. Дракула гүнгийн биеийг далдалсан өнөөх хайрцгийг би эцсийн удаагаа харж аваад гүнгийн тасалгааруу хурдаллаа. Учир нь төв танхимын хаалга нээгдсэн байх ёстой! Гүйх замдаа чих тавин чагнавал, ямар нэгэн хаалгаруу түлхүүр орж, түгжээ цоож тайлагдаж буй чимээг олж сонсов. Маргаан байхгүй энд өөр гарц байдаг байх нь, аль эсвэл түгжээтэй хаалгануудад нэвтрэх түлхүүр өөр хэн нэгэнд байдаг байж таарах нь!
  Төд удалгүй дуу шуугиан шилтгээний танхимаар нэг хадаж, олон хүний хөлийн чимээтэй зэрэгцээд ордны хуучин хонгилоор цуурайтаж эхлэхэд онгорхой хаалга олно хэмээн горьдлого найдвар тээсээр би харанхуй нүхний хар мухараас тэнхээ мэдэн гүйж гарлаа. Гэвч хүчтэй салхи өөдөөс минь үлээж, өмнө минь байсан хаалгыг тоос татуулан хааж орхив. Гүйж очоод би онгойлгохыг завдаж, хичнээн боловч татсан ч гэлээ одоо нэгэнтээ оройтжээ, ахиад л би хоригдол болох нь тэр! Түүгээр үл барам мөхөл минь улам бүр ойртсоор л байна. Хором мөч бүрээр тэр надруу ойртсоор байна.
  Энэ бүгдийг бичиж тэмдэглэж байх зуур миний дээр олон хүний хөлийн чимээ дуулдаж, шороогоор дүүргэсэн хайрцагнуудыг тэд ийш тийш нь зөөх нь тодхон сонсогдоно. Алхны дуу тэндээс мөн гарч байна. Хайрцгийг хадаж байгаагаас зайлахгүй. Яг одоо чихэнд минь миний дээрх танхим хонгилуудаар хүнд хөнгөн хөлийн чимээнүүд нааш цааш холхилдох нь сонсогдсон хэвээр л байна.
  Хаалга түгжигдлээ. Гинжний жингэнэх чимээ араас нь дуулдлаа. Цоожны нүхэнд түлхүүр орж эргэх чимээ удалгүй цуурайтлаа. Тэгтэл бас нэгэн хаалга нээгдэж, нээгдсэнийхээ дараагаар дахин хаагдах нь сонсогдов. Түлхүүр бас цоож. Би тэднийг сонсож байна.
  Ай даа! Шилтгээний гадна, чулуун зам дагуу дугуй тэрэгний дуу ташуурын чимээтэй хослоод дуу дуугаа авалцах Цыгануудын хамтаар алсад замхран одлоо.
  Харин би гэдэг хүн энэ шилтгээнд цор ганцаархнаа, өнөөх айхтар хүүхнүүдийн хамт үлдэж хоцорлоо гэж үү!
  Би тэдэнтэй хамт үлдэж яасан ч болохгүй. Би эндээс гарах ёстой! Юутай ч хэрэг болж мэдэх учраас, гүнгийн алтнуудаас авч яагаад болохгүй гэж. Ямар ч байсан энэ аймшигтай газраас явах хэрэгтэй!
  Тэгээд би гэртээ харих болно! Хамгийн түрүүнд таарсан, хамгийн хурдан галт тэргээр би гэртээ харих болно! Хараал идэгдсэн энэ газраас, албин чөтгөр хийгээд түүний хамсаатнуудын оромж болсон нүгэлт энэ нутгаас явах болно!
  Ядаж л бурхан тэнгэрийн шийтгэл мангасуудаар дүүрсэн энэ хавцалт хөндийгөөс хамаагүй дээрсэн. Ядаж л эцсийн мөчийг хүртэл эр хүн шиг байсаар хорвоог орхих минь. Баяртай бүгдээрээ, хагацая даа Мина минь!

Friday, August 30, 2013

'Дракула Гүнтэн' (3-р бүлэг)

3-р бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.

Өөрийгөө би хоригдол болсон гэх бодол минь цаг хугацаа урсан өнгөрөх тутамд улам бүр даамжирч, эцэстээ намайг шаналган зовоох болов. Шатаар би өгсч бас уруудсаар, хаалга бүрийг, цонх бүрийг татан үзэж байснаа санаж байна. Хаалга бүхэн түгжээтэй, цонх бүхэн торон хамгаалалттай байх бөгөөд дээрх үйлдлийг би хэдэн удаа давтан хийснээ ч мөн  хэлж мэдэхгүй юм. Удалгүй цөхрөл минь намайг бүрэн эзэмдэж, бусад бүх мэдрэмжүүдийг минь үгүй хийх тэр мөчид яг л хавханд орсон хулгана мэт өөрийгөө төсөөлж, ухаан санаа минь самуурч эхлэх нь тэр. Яаж яваад, бас яагаад энэ бүхэн ийм ээдрээтэй болчихвоо гэж би өөрөөсөө асуусаар чимээгүйхэн газарт суун бодол болов. Өнгөрсөн амьдралаа би дурслаа. Тэгээд өөрийгөө юу хийж болох байсан, мөн чухам юуг зөв, бас юуг буруу хийв гэдгээ тунгаан бодож суухдаа л  амьдралдаа урьд өмнө ийм эгзэгтэй байдалд орж байгаагүй гэдгээ ухаарсан юм. Бодоод л бас бодоод л, эцэстээ би олигтой шийдвэрт хүрч чадсангүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой байсан бөгөөд энэ бол өөрийн бодож санаж, сэтгэж мөн сэдэж буй зүйлийг гүнтэнд хэлж хэрхэвч болохгүй гэдгийг л мэдэж байлаа. Гүнтэн энэ бүгдийг өөрөө зохион байгуулсан тул намайг энд хоригдох болсныг тэр мэдэж л байгаа биз. Хэрэв тэгээд гэнэ алдаж түүнд бүрэн итгэх юм бол маргаан байхгүй намайгаа мэхэлж орхих биз. Харин одоо миний хийж чадах эцсийн зүйл гэвэл ухаан санаагаа эрүүл байлгаж, айдсаа дотроо хадгалж, мөн нүдээ нээлттэй байлгах л болоод байна. Үгүй бол яг л чихрэнд хууртах жаахан хүүхэд шиг өөрийн айдас болоод төсөөлөлд ч мөн адил хууртагдаж орхихыг үгүйсгэх арга үнэндээ алга. Хэрэв тэгвэл яах ч аргагүй мухардалд би орох учраас тархи оюун санаагаа эдгээр сөрөг бодолд автуулж хэрхэвч болохгүй, хэрхэвч.
       Гэнэт доод давхраас том хаалга хаагдах бөглүү чимээ гарахыг сонсоод би гүнтэнг эргэн ирснийг нь мэдлээ. Ингээд түүнийг дээд давхарруу гарах үед араас нь сэмхэн дагахаар шийдсэн юм, тэгтэл яасан гэж санана, гүнтэн номын санг өнгөрч шууд унтлагын минь өрөөнд явж орсон ба орыг минь засч янзалж байхтай нь таарч орхив. Энэ бүхэн надад үнэхээр хачин санагдсаныг нуух юун. Гэхдээ түүний энэхүү хачин үйлдэл нь уг шилтгээнд түүнд зарц барлаг байхгүй гэдгийг нь давхар гэрчлэх мэт. Харин түүний дараагаар хаалганы нугасны нарийхан завсраар харж байхад минь гүнтэн зоогийн өрөөнд ширээ засч байлаа. Хэрэв энэ бүх ажлыг тэр өөрөө хийдэг юм бол гарцаа байхгүй уг шилтгээнд түүнээс өөр хүн байхгүй хэрэг. Бүр магадгүй намайг энд хүргэж ирсэн тэрэгний жолооч хүртэл гүнтэн өөрөө байсан байж мэдэх юм! Хэрэв энэ бодол минь үнэн бол яана вэ?, тэрэгний жолооч ердөө нэг гараа өргөөд л сүрэг чоныг эрхэндээ оруулж, чимээгүй болгож орхисон биш билүү! Яагаад Бишртицэд байхад тэндхийн хүмүүс, мөн сүйх тэрэгний зорчигчид миний өмнөөс тэгтлээ их айж эмээж байсан болж таарч байна? Надад тэд загалмай, сармис, зэрлэг сарнай, болон уулын шорооноос өгч байсан нь юу гэсэн үг вэ?
       Хүзүүнд минь загалмай зүүж өгсөн тэр сайн эмэгтэйг бурхан тэнгэр ивээх болтугай! Загалмайнд гар хүрэх бүрт сэтгэл санаа дагаад ч тэр үү тун таатай санагдаж, зориг чадал минь ч нэмэгдэх шиг болж байв. Иймэрхүү зан үйл, сүсэг бишрэлийн зүйлс зөвхөн ганцаардаж цөхөрсөн болоод тусламжаар дутагдаж гачигдсан золгүй хүмүүст, тэр дундаа тэдэнд эцсийн мөчид л хэрэг болдог биз гээд тэгтлээ их ойшоож үздэггүй байснаа би санаж байна. Хачин хэрэг шүү. Үнэхээр уг зүйлд онцгой хүч нуугдаж байна уу, аль эсвэл өөр шалтгаан байна уу, мэдэх юм ер алга. Гэхдээ би үгүйсгэхгүйэ. Ямартай ч энэ тухай дараа нь тунгааж үзье, харин одоо бол ухаан санаагаа илүү чухал зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд Дракула гүнгийн талаар аль болохыг ихийг олж мэдэх шаардлагатай байна. Өнөө орой тэр надтай ярилцах ёстой, харин би тэр үед нь ярианы сэдвийг өөрчилж чадвал магадгүй тэр надад өөрийнхөө талаар ярьж өгөх байх. Харин би болгоомжтой байхгүй бол тэр сэжиг авчихаж мэднэ.

Шөнө дунд.

Гүнтэнтэй би их удаан ярилцлаа. Эхлээд би түүнээс Трансилванийн түүхийг асуухад, уг сэдвийн талаар тэр маш их мэдлэгтэй гэдэг нь илт байв. Уг нутгийн хүмүүс болоод бусад зүйлсийн тухай, нэн ялангуяа энд болж өнгөрсөн дайн тулалдаануудыг ямар сайн мэдэж байсан гээч, тэгээд яг л тэр өөрөө тэнд байсан юм шиг л ярьж байлаа. Дараагаар нь тэр Бояар гэдэг үгний утгыг тайлбарлаж өгөв. Энэ нь түүний удам угсаа, овгийн нэр бөгөөд өөрийн өвөг дээдэс, үүх түүхээрээ тэр маш их бахархаж, мөн хайрлан хүндэтгэдэг гэдэг нь ярих болгондоо би биш "бид" хэмээн дуудаж байснаас нь тодхон харагдана. Түүний ярьж хэлж буй эдгээр зүйлсийг бичиж тэмдэглэсэн ч болоосой, энэ бүхэн үнэхээр сонирхолтой санагдаж байлаа! Бараг л тэр надад улс орныхоо бүх түүхийг яриад өгчихсөн гэхэд хилсдэхгүй шүү. Ярих тусам гүнгийн сэтгэл хөдлөл нь улам бүр нэмэгдэж, цагаан сахлаа илэнгээ өрөөн дотуур тэр алхаж, тасалгаан доторх зарим эд хогшлуудыг бараг л бяц атгах шахам их хүчээр барьж явлаа. Ингээд түүний ярианаас нэг хэсгийг нь би чадах ядахаараа сийрүүлэхийг хичээе.
       "Сзекелисчүүд бид бахархах түүхтэй улс. Бидний судсаар эрт нэгэн цагт хаан ширээний төлөө арслан барс мэт тулалдаж асан олон зоригт үндэстнүүдийн цус урсан буй. Харин энд, Европын энэ олон ардуудын дунд нэгэнтээ, Тор болон Водины дайчин хийморьтой, Исландаас гаралтай Угрикчууд заларч гэнээ. Тэгээд тэр Европын эргийг тэр аяар нь сандаргаж хөдөлгөөнд оруулсан байна, эй, Ази болон Африкыг бас мартаж хэрхэвч болохгүй, тэр цагт хүмүүс яг л хүн чонын сүрэг тэдэн дээр гэгээн дүрээрээ айлчлан ирсэн гэлтэй сандран мэгдэж мөн чичрэн дагжиж байсан гэдэг. Харин тэд энэ нутагт тулж ирээд Хүннү нартай таарсан байна. Дайны онгод асаагч, улангассан тэдгээр дайнч ард түмний хөлд газрын хөрс улаанаараа эргэж, урсах усан буцлан ширгэж байсан гэлцдэг. Цөл дунд чөтгөрүүдтэй тулалдсан Скитчүүдийг хүртэл тэд бут ниргэжээ, биеэр нь эртний цагийн бөө сахиус, удган чөтгөрийн цус гүйх тэднийг тэгээд хэн зогсоох билээ. Тэнэгүүд, тэнэгүүд! Өөрсөдтэй нь адил цус тэрний судсаар урсч байхад, Атиллаг давж гарах ямар чөтгөр бас ямар шулам байж таарах вэ?" гэж хэлээд гүнтэн гараа өргөж "Магиарчууд, Ломбардууд, Аварчууд, Болгар болон Туркууд, тэд бидэндтэй дайтаж, бидэнд ялагдаж, биднээс зугтааж байсан юм. Ийм байхад бид бахархах зүйлгүй ард түмэн гэж үү? Арпад болон тэдний легион Унгарыг хөндлөн гулд туулсаар энэ газарт ирээд эндээс биднийг олсон юм. Тэгээд Хонфоглаласын төгсгөл энд дуусах ёстой байсанд нь гайхах зүйл байна уу? Унгарчуудыг сүүлээ хавчин өмнөдрүү зугтаж байхад Сзекелисчүүд бид Магиаруудыг ялан дийлж, дархан цолоо мандуулж байсан юм. Тэгээд одоогийн энэ Туркын газар нутгийг олон бас олон зууны туршид сахин хамгаалсан билээ. Туркууд хүртэл нэгэнтээ эцэж цуцашгүй бидний харуул манааг бахдаж 'ус мөрөн нойрсч байхад, харин бидний дайснууд нойрсохгүй юм' хэмээн дуу алдаж байсан гэдэг. Дөрвөн хаант улсын сэнтий цусаар будагдаж, бидний дайчин алдар эзэн хааны зарлигаас ч хурдан европын чихнээ хүрч байхад биднээс илүү баяртай хүмүүс хаа байх билээ? Харин манай үндэстний шившиг, Казовагийн шившиг хэдийд мартагдсан гэж санана, Валлачуудын далбаа Магиарчуудын хамтаар Кресентийн дор бөхийхөд тэр биш гэж үү? Воиводег дайран өнгөрч Данубе мөрнийг гаталсаар Туркчуудыг хэн эх газарт нь бут цохисныг мэдэж байна уу? Тэгэлгүй яахав, энэ бол Дракула байлаа. Түүний итгэл даагаагүй дүү нь гүрэн улсынхаа хамтаар задран унаж, туг нь Турк цэргийн гутлын улан дор тахлахдахад ард иргэд нь боол болж тэдэнд арилжигдсан юм. Энэ үед Дракула үндэстэн олноо нэгтгэж Туркын газар нутагруу дайлаар морджээ. Заримдаа тэр ялна, заримдаа тэр ялагдана. Гэвч тэр хэзээ ч бууж өгсөнгүй, дайрсаар довтолсоор ялагдсаар мөн ухарсаар л. Заримдаа тэр цуст тулааны талбараас ганцаараа эргэж ирэх агаад адаг сүүлд нь цор ганцаараа үлдэх хүртлээ тэр тулалдсан юм. Хүмүүс хэлэхдээ түүнийг амин хувиа хичээдэг байсан гэлцдэг. Ахх! удирдагчгүй бол тариачид тэд яана вэ? Удирдагч хүний зүрх болон тархи байхгүй цагт дайны төгсгөлийг бид харж чадна гэж үү? Харин удалгүй Мохакчуудтай хийсэн тулалдаанаар бид Унгарын дэглэмийг унагаж чадсан билээ. Эхх, залуу найз минь, Сзекелисчүүд, Дракулагийн судсаар тэдний цус урсч байхад, тэдний ухаан санаа тархинд нь байсан үед, мөн тэдний илд гарт нь атгаастай байхад Хэпсбургчүүд болон Романофчуудын санаархаад ч хүрэхгүй яруу алдарт хүрэх болно. Гэвч дайн тулалдааны он жилүүд нэгэнт ард хоцоржээ. Ямар ч алдар хүндгүй эдгээр газруудад цус гэдэг дэндүү үнэ цэнэтэй зүйл болж, эртний дайчин улсуудын үүх түүх нэгэнтээ үлгэр домог болоод судар номонд л хадгалагдан үлджээ."
         Гүнтэнг ийнхүү ярьж дуусахад гадаа үүр цайж байсан юм. Харин бидний унтах цаг болж салцгаасан билээ. (Санамж : энэ тэмдэглэл яг л "Арабын мянга нэгэн шөнийн үлгэр" болж эхэлж байна шүү, аль эсвэл зөвхөн үдэш орой үзэгдээд өглөөн нарны туяанд замхран одох Гамлетын эцэг шиг зөвхөн нууцлаг шөнийн ертөнцийн нууцлаг үйл явдлууд бичигдэх боллоо.)

5-р сарын 12.

Номноос би уншиж, мөн бусад эх сурвалжуудаар баталгаажуулагдаад маргахын аргагүй болсон зарим нэг баримтуудыг өөрийн бодол санаа болоод дүн шинжилгээтэй хослуулах хэрэг гарлаа. Гэхдээ би тун болгоомжтой хандахгүй бол болохгүй. Харин өнгөрсөн үдэш гүнтэн над дээр зочилж ирээд өдрийн туршид юу хийснийг минь асуухын зэрэгцээ өөр бусад зүйлсийн талаар ч мөн лавлаж асуулаа. Миний хувьд өдрийг бүхэлдээ ном шагайж өнгөрүүлсэн бөгөөд өмнө нь Линкольны оюутны дотуур байранд судалж байсан материалаа үргэлжлүүлэн уншиж суув. Мөн гүнгийн асуултанд ямар нэгэн логик дараалал байх шиг надад санагдсан юм. Тэгээд энэ бүгдийг би бүр бичиж тэмдэглээд авчихсан шүү, яахав дараагаар нь надад хэрэг болох ч юм билүү хэн мэдлээ, тэгээд ч ер нь мэдэж байхад илүүдэхгүй шүүдээ.
     Эхлээд гүнтэн надаас Англид хүн хуулийн хоёр зөвлөхтэй байж болох эсэх талаар асуулаа. Хэрвээ хүсвэл хэдэн ч хуулийн зөвлөхтэй байж болох бөгөөд, харамсалтай нь ажил хэрэг хөтлөн явуулахад нэгээс илүү байх ёсгүй гэж би хариулав. Тэр үүнийг ойлгосон бололтой толгой дохив, тэгээд мөн хуулийн зөвлөхөөсөө алс хол газарт байхад, бие даан мөнгөн шилжүүлгэ хийх болоод худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тал бий юу гэж асуув. Түүнд би буруу хариулт өгөхийг хүсээгүй учраас, мөн түүний юун тухай асуусныг сайн ойлгоогүй тул тодруулж өгөхийг хүслээ.
    "Би тэгвэл тайлбарлая л даа. Чиний болон миний найз ноён Петер Хаукинс Лондонгоос алс хол газарт, Экзетер дэх үзэсгэлэнт цогчин дуганы сүүдэрт амьдарч бас ажиллаж байсан хэрнээ, чамаар дамжуулж Лондонд надад газар худалдан авч өглөө шүүдээ. Энэ үнэхээр сайн хэрэг! Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр, Лондонгоос алс хол газарт худалдааны үйл ажиллагаа явуулахад тэнд хөндлөнгийн зуучлагч байгаасай гэж хүсэхгүй байна. Ердөө л би орон нутгийн хэн нэг нь миний хүсэл шаардлагад нийцүүлэн ажиллаж чадахгүй байхвий л гэж эмээсэн хэрэг. Лондонгийн иргэн хүний хувьд хувьдаа би төлөөлөгчтэй байж болох болов уу, зөвхөн надад үйлчилдэг тийм хэн нэгэн. Хэрвээ би Ньюкастлруу ч юмуу, аль эсвэл Дурхам, Харвич болон Доверруу бараа таваар илгээх хэрэг гарвал өөрийнхөө өмнөөс итгэж найдсан тэр хүндээ даатгаад явуулчихвал хичнээн амар байхыг мэдэж байна уу?"
     Би түүнд үүн шиг амархан зүйл байхгүй гэж хэллээ, бидэн шиг хуулийн зөвлөхүүдийн дунд үйлчилдэг систем бий бөгөөд энэ төрлийн дотоодын үйл ажиллагааг зөвхөн тухайн орон нутгийн дүрэм журамд нь нийцүүлж чадах л юм бол аль ч газрын хуулийн зөвлөхөөс тусламж авч болно. Товчхондоо бол үйлчлүүлэгч өөрийн үйл хэргийг хэн нэгэн хүнд даатгаж орхичихоод санаа амар сууж байх боломжтой юм.
     "Гэвч", гэж тэр хэлээд, "Би хувийн нууцаа хадгалж чадах уу?" гэж асуув.
     "Бололгүй яахав", гэж би хариулаад, "Бизнес эрхлэгч ямар ч этгээд өөрсдийн ажил хэргийг бусдаас нууцлах бүрэн эрхтэй" гэлээ.
      "Сайн байна!" гэж гүнтэн хэлээд, ачаа бараа тээвэрлэлтийн талаар, мөн тэднийг зөөвөрлөхөд ямар ямар арга сонголтууд байдаг болон учирч болох эрсдэл зэрэг их л нарийн зүйлсийг лавлаж асуулаа. Би ч түүнд сайн хариулт өгөхийн тулд чадах хэмжээгээрээ л хичээж суув. Харин удалгүй гүнтэн намайг алмайруулж орхидог байна шүү. Өөр нутаг оронд нэг их аялж үзээгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд гар бие оролцож байгаагүй гэхэд гүнгийн наймааны арга ухаан үнэхээр гайхалтай юм гээч. Тэгээд би, хэрэв гүнтэн хуулийн зөвлөх болбол маш чадварлаг ажилтан болох нь дээ хэмээн биширч суулаа. Би түүнд дээрх бүгдийг нотлохын тулд өөрт байгаа номнуудаасаа тайлбарлан үзүүлж, гүнтэн ч мөн цааш ярьсаар эцэстээ түүний сэтгэл санаа нь бүрэн ханажээ. Тэгээд тэр гэнэтхэн босч ирээд, "Чи бидний найз Петер Хаукинсд захиа илгээснээсээ хойш өөр хэн нэгэнрүү юм бичив үү?" гэлээ.
     Түүнд би үгүй гэж хэллээ. Яасан гунигтай хэрэг вэ, үнэхээр ч надад өөр хэн нэгэнрүү захидал илгээх боломж гараагүй юм чинь.
     "Тэгвэл одоо бич, залуу найз минь" гэж хэлээд тэр баривгар том гараа мөрөн дээр минь тавиад, "бидний найз Хаукинсд болон өөр хэнд ч байдаг юм, дахиад нэг сар надтай хамт энд байх болсон гэдгээ бичээрэй" гэх нь тэрдээ!
     "Та намайг ийм удаан хугацаанд энд байлгахыг хүсээ юу?" гэж хэлэхдээ зүрхэнд минь айдас хуралдахыг би мэдэрлээ.
      "Би маш их хүсч байна. Эй, нээрэн би татгалзсан хариу хүлээж авахгүй шүү. Чиний дарга чинь чамайг өөрийнхөө өмнөөс явуулсан шүүдээ. Мөн энд зөвхөн миний л хүсэл шаардлагын дагуу ажил хэрэг явагдах болно гэдгийг ч бас хэн хэн маань мэдэж байгаа. Би ч тэгтлээ их яарахгүй байна, чи ч бас ажлаа л хийж байна, үгүй гэж үү?" гэв.
      Хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж толгой дохихоос өөр юуг хийж чадах билээ би? Үнэхээр ч энэ бүхэн минийх биш, ноён Хаукинсын ажил хэрэг тул түүнийг хүндэтгэж үзэхгүй бол болохгүй байлаа. Түүнчлэн Дракула гүнтэнгийн сүүлийн хэдэн минутанд хэлсэн эдгээр үгс болоод түүний харц нь мартагдаад байсан өнөөх шилтгээнд түгжигдсэн хоригдол болсон гэх бодлыг минь сануулж орхив. Хичнээн их хүслээ ч надад өөр сонголт ер байсангүй. Намайг бөхийн ёслохыг гүнтэн хараад өөрийн ялалтандаа тун их сэтгэл хангалуун байгаа бололтой зогсов. Түүний дуу хоолойноос өнөөх захирангуй өнгө нь алга болжээ, тэгээд тэр аядуу тайвнаар,
     "Үнэхээр сайн байна, миний сайн залуу найз минь. Захиандаа чамайг ажил хэргээс өөр зүйлийн талаар бичихгүй гэж найдая. Найзууддаа чи өөрийгөө эрүүл саруул байгаа гэдгээ л мэдэгдэх хэрэгтэй шүүдээ. Тэгээд бас удахгүй гэртээ харинаа гээд сэтгэлийг нь бас амирлуулна биздээ?" гэлээ.
     Ингэж хэлээд гүнтэн надад гурван хэсэг цаасыг, гурван дугтуйны хамтаар өглөө. Маш нимгэн тэрхүү дугтуйг би хараад, дараа нь гүнтэнрүү бас харлаа. Энэ үед тэр инээмсэглэн зогсох бөгөөд тийнхүү мишээх үед нь өнөөх хурц цагаан шүднүүд нь дээд уруулных нь дороос цухуйж үзэгдэв. Захианд бичих зүйлдээ би маш болгоомжтой хандахгүй бол гүнтэн унших магадлал тун өндөр юм. Эхэндээ би маш бөөрөнхий бүдүүн тойм хэлбэрээр бичихээр шийдсэн ч нэг л мэдэхэд харин ч эсрэгээрээ урт бас дэлгэрэнгүй бичээд эхэлсэн байлаа. Ноён Хаукинс болон Минад зориулж гүнгийн нүдийг хариулж нууцаар бичихийн дээр түүнийг эргэлзэж бас төөрөгдүүлэхүйц таталган бичгээр бичив. Тийнхүү би чимээгүй гэгч нь суугаад хоёр захидлаа бичиж суухад, гүнтэн ном уншихын зэрэгцээ номон дээрээ тэмдэглээ хийж зогсов. Бичиж дууссаны минь дараагаар тэр захидлуудыг минь авч ширээн дээрх бусад бичиг баримтынхаа дэргэд үлдээсэн ба хаалга түүний ард талд хаагдаж, гүнтэнг гарсны дараагаар л би гүнзгий гэгч нь амьсгаа авав. Харин сониуч зан минь хөдөлж ширээрүү би өнгийж үзэхээр шийдлээ.
     Нэг захидал нь Витбай, Кресент, номер 7, Самуэл Ф. Биллингтонд гэж хаягласан байв, харин дараагийнх нь Ноён Леутнер, Варна гэсэн байлаа. Гуравдахь дээр нь Коуттс энд Ко., Лондон гэж бичжээ. Тэнд бас дөрөвдэх захидал байсан бөгөөд Херрен Клопсток энд Биллрютийн банкны ажилчдад, Буда Пешт гэж хаяглажээ. Хоёрдахь болон дөрөвдэх захидлуудыг нь яагаад ч юм лацдаагүй байв. Тэднийг би сонирхож, уншихаар завдан гараа явуулж байтал гэнэтхэн хаалганы бариул хөдлөх нь тэрдээ! Ухасхийн суудалдаа би үсрэн суугаад гарт таарсан номоо шүүрэн авлаа, тэгээд гүнтэнг орж ирэхэд нь ном уншиж байгаа дүр эсгэлээ. Гүнтэн гартаа бас нэгэн дугтуйтай захидал барьсаар орж ирэв, ширээрүү тэр ойртож өнөөх захидлуудыг нямбай гэгч нь нягталж үзээд, лацдаж орхилоо. Тэгснээ надруу эргэн харж,
     "Таныг намайг уучлана гэдэгт итгэж байна. Энэ үдшийн тухайд гэвэл би гадуур ажиллах хэрэгтэй боллоо, надад маш их ажил байна. Мөн таныг би уйдахгүй гэж найдая." гэлээ. Тэгээд тэр хаалганы дэргэд очиж зогсоод, хэсэг хугацаанд чимээгүй зогсч байснаа эргэн харж, "Залуу хонгор найз минь, чамд л гэж зөвлөхөд ... Эй. Чамд л гэж анхааруулахад, хэрэв чи унтахаар болбол энэ өрөөнүүдээс бусад шилтгээний аль ч өрөө тасалгааг сонгох гэсний хэрэггүй шүү. Хэтэрхий хуучин энэ шилтгээн дэндүү олон дурсамжийг өөртөө хадгалж байдаг тул унтахдаа та ухаалаг хандахгүй бол муу зүүд таныг эзэмдэх вий. Танд би ахин дахин анхааруулъя! Тиймээс та унтах гэвэл өөрийнхөө унтлагын өрөөнд саатагтун, аль эсвэл энэ бусад өрөөнүүдэд. Тэгвэл аюулгүй байх болно. Эс бөгөөс ... " гэж гүнтэн яриагаа дуусгаад, гараа дээш өргөж хооронд нь алгаа хавсраад угааж байгаа юм шиг хөдөлгөөн үзлээ. Гүнтэнг ярианыхаа уур амьсгалыг тийнхүү аймшигтай болгоно гэж хэрхэн төсөөлөх билээ! Мөн түүний сүүлд хийж үзүүлсэн тэр хөдөлгөөнийг нь ч би бараг л ойлгох шиг болов. Бас ямар ч аймар хар дарсан зүүд байлаа гэсэн яг одоо миний байгаа шиг ийм аймшигтай, эвгүй мөн сэтгэл түгшим нөхцөл байдлын дэргэд илүү аймар байж чадна гэж үү?

Хэсэг хугацааны дараа.

Одоо бол би гүнгийн байхгүй газарт л тайван унтаж амарч чадах нь шиг байна. Хүзүүн дэх загалмайгаа авч орныхоо толгойд өлгөлөө. Тэгээд энэ нь намайг ёрын муухай бодлууд болоод хар дарсан эвгүй зүүднээс ангид байлгана гэдэгт итгэхийг хүслээ.
     Гүнтэнг явсны дараагаар би унтлагын өрөөрүүгээ явж орсон бөгөөд чимээ чагнаж хэсэг хугацаанд чимээгүй суусан юм. Тэгээд би хаалга нээн өрөөнүүдээс гарч, өмнө зүгрүү хөтөлсөн өргөн чулуун шатаар доош уруудлаа. Харин шатны дэргэдэх цонхоор гадагш харахад хэдий тэнд хүрэх боломжгүй мэт боловч  харанхуйд харлан үзэгдэх эдлэн газрын цэлгэр том талбайг олж үзээд хол байсан ч гэлээ өчүүхэн ч болов эрх чөлөөг тэндээс би мэдрэх шиг болж билээ. Шилтгээний цонхоор тийнхүү ширтээд шөнийн цэнгэг агаараас цээж дүүрэн амьсгалж зогсохдоо, өөрийгөө би хоригдол болсон гэх бодол минь улам бүр хүчтэй болж буйг мөн анзаарч байлаа. Удалгүй би өөрийнхөө сүүдрийг олж үзээд эргэн тойрноо нэг харж, хаана хүрч ирснээ тэгэхэд л мэдсэн юм. Ахиад л ёрын муухай бодлууд, аймшигт төсөөллүүд уураг тархин дотор минь амь орж дотроос минь хэмлэн мэрж эхлэх нь гаслантай. Энэ хараалд идэгдсэн газраас ямар ихээр айж байсныг минь ганцхан бурхан тэнгэр л гадарлах бөгөөд айдсыг минь зөвхөн хилэн тэнгэрт мандсан мөнгөлөг саран хийгээд орчныг гийгүүлэх түүний зөөлөн шаргал туяа нь л хуваалцаж байв. Тэгээд хүүхэн хараа минь өргөсч харанхуйд харах боломжтой болоход яг л намайг тайтгаруулахыг хүссэн гэлтэй алсад дуниартан харагдах уул толгодын орой сүүдэр татуулан сүндэрлэхийг олж үзээд сэтгэл санаа минь бага ч атугай тайтгарсныг нуух юун. Тийнхүү байгалийн хосгүй гоо үзэсгэлэнд  автаж, шөнийн ертөнцийн агаараас шуналтай нь аргагүй амьсгалж зогсохдоо би эрх чөлөө хийгээд амар амгаланг хичнээн ихээр хүсч бас хүлээж байсан гэж санана!
       Тэгтэл гэнэт, нүдний минь буланд ямар нэгэн зүйл торж, өөрийн эрхгүй намайг доош харахад хүргэсэн нь харанхуй шилтгээний, эзэнгүй олон тасалгаануудын нэг нь гэрэл цацруулан ассан явдал байв. Харин түүнийг би гүнгийн өргөө хэмээн сэтгэлээ. Тэнгэр өөд сүндэрлэсэн цагаасаа хойш уг шилтгээн хэдий хэр хугацааг элээснийг би мэдэхгүй, цаг хугацааны эрхэнд элэгдэж бас хуучирсан өргөн хийгээд өндөр цонхны гантиг чулуун хүрээний ардаас энэ бүгдийг би чимээгүй гэгч нь ажиглаж зогслоо.
      Эхлээд цонхоор хэн нэгэн хүний толгой үзэгдэв. Нүүр царай нь харагдахгүй байсан авч шилэн хүзүү хийгээд нуруу, мөн хоёр гараар нь би түүнийг гүнтэн мөн гэдгийг нь танив. Энд ирсэн цагаасаа л хойш гүнгийн хоёр гар нь анхаарлыг минь гойд ихээр татаж байсан тул буруу зүйл хараагүй гэдэгтээ би бүрэн итгэлтэй байв. Хэдий баярлаж догдлох мөч биш боловч өөрийн минь таамаглал зөв байсанд ихээхэн олзуурхаж, гянданд хоригдсон хүнд өчүүхэн ч гэлээ зүйлс уйтгар гунигыг нь үргээж, дур сонирхлыг нь татдаг болохыг мэдэж авсан юм. Гэвч төдий л удалгүй хоромхон зуурын баяр баясал минь эргээд айдас хүйдсээр солигдох нь тэрдээ.  Харин намайг юу харсан гэж санана! Гүнтэнг цонхны тавцан дээр гарч зогсох тэр мөчид нөмрөг нь салхинд дэрвэж яг л түүнийг жигүүр шиг бүрхэж байлаа. Удалгүй бүр ч солиором үйл явдал болж цонхноос тэр зүүгдэж шилтгээний өндөр ханыг даган дооших буухыг завдав. Эхэндээ би хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Сарны гэрэлдэх харанхуй сүүдрийн хуурмаг үзэгдэл байв уу гэж бодлоо, гэвч төд удалгүй энэ бүхэн цөм үнэн гэдэг нь батлагдлаа. Салхи нарны нөлөөгөөр элэгдсэн чулуун хананы ан цаваар тэр хөлөө тааруулан хийж, чулуун тоосгоны ирмэгээс гараараа барьсаар яг л ханан гадаргуу дээгүүр гүйх гүрвэл лугаа адил нүд ирмэхийн зуурт доошлон уруудаж эхлэв.
        Ямар гээчийн хүн бэ тэр, аль эсвэл ямар гээчийн амьтан болж таарч байна, үгүй бол тэр хүн амьтны холимог юм болов уу? Айдас хүйдэс хамаг биеийг минь бүрхэн авлахад хүйтэн төмрөөр ар нуруугаар минь хайрах шиг болж, судсаар гүйх цус минь царцах шиг болов. Энэ бүхнийг би мартахгүй бас бодохгүй байж чадсангүй.

5-р сарын 15.

Гүнтэнг тийнхүү доош бууж, зуун фитийн доор үзэгдэх түнэр харанхуй сүүдэррүү явж ороод, толгойг нь далд ормогц цонхоор би доош өнгийж хэрэндээ сайн харах гэж хичээсэн боловч тус болсонгүй. Хэтэрхий хол байсан тул тэндээс юу ч харагдсангүй. Гэхдээ би түүнийг шилтгээнийг орхиж, эндээс өөр газарруу явсан гэдгийг нь гадарлаж байлаа. Тэгээд би зориг гаргаж шилтгээний бусад газруудыг судалж үзэхээр шийдээд өрөөндөө эргэн очиж дэнгийн гэрэл авав. Удалгүй би бүх хаалгануудыг нэг нэгээр нь татаж бас түлхэж үзэв, яг л миний тааварлаж байсан шиг бүгд түгжээтэй байх нь тэр. Цааш би явсаар өргөн чулуун шатаар доош уруудаж анх энэ шилтгээнд хөл тавьсан гол танхимд хүрч очлоо. Замган түгжээнүүдийг нь тайлахад огтхон ч төвөгтэй байсангүй, гэвч хаалга цоожтой, мөн тэнд түлхүүр нь байхгүй байлаа! Маргаан байхгүй гүнгийн өрөөнд байгаа биз. Харин тэр хаалгыг би заавал онгойлгох ёстой, тэгж гэмээнэ осолдолгүй эндээс оргож чадна. Тэгээд би шилтгээний бусад өрөө тасалгаануудыг эхнээс нь эхлээд шалгаж үзлээ. Шат гишгүүрээр дамжиж явсаар төв танхимын дэргэдэх хоёр жижигхэн тасалгааны хаалга түгжээгүй байхыг анзаарсан юм.  Гэвч тэнд эрвээхийнд идэгдэж, элэгдэж бас хуучирсан тавилга мөн тоосонд дарагдсан эд хогшлуудаас өөр юу ч байгаагүй нь тун тоогүй хэрэг. Тохиолдлоор би шатны дэргэд, дээд давхарт өөр нэг хаалга байхыг олж үзлээ. Түгжээтэй боловч цоож нь тун хэврэг бололтой хаалга нааш цааш ганхан хөдөлж байв. Хүч гарган би хаалгыг жаахан хүчтэй түлхтэл нугасаараа тэр салж, чулуун шалан дээр хавтгайгаараа унах нь тэрдээ. Чанга дуу чимээнээс цочсон боловч шилтгээнд надаас өөр хүн байхгүй гэдэгт итгэлтэй байсан тул санаа минь амарлаа. Тэгээд гүнзгий гэгч нь амьсгаа аваад магадгүй дахиад олдохгүй байж мэдэх энэ л боломжийг ашиглахаар би сэтгэл шулуудлаа. Одоо бол би шилтгээний баруун жигүүрт байна. Мөн л олон өрөөнүүдтэйгээс гадна олон давхар юм. Өмнө зүгт хөтөлсөн урт харанхуй хонгилоор явахдаа би төөрч орхив, тэгээд дэнгийн гэрлээ барьсаар цааш алхаж, өмнө болон баруун зүгрүү харсан цонхтой хамгийн сүүлчийн тасалгаанд тулж ирлээ. Шилтгээн бүхэлдээ хадан цохион дээр сүндэрлэсэн тул гурван талаас нь нэвтэрнэ гэдэг боломжгүй хэрэг бөгөөд нэг ёсондоо л энд харуул хамгаалалт хэрэггүй, бусдаас тусгаарлагдаж, тун сайн далдлагдсан газар байв. Харин баруун зүгт гүзгий том хавцгай байх агаад тэндээс цааш явсаар алсад хөхрөх өндөр уулсын бэлтэй хаяа залгах хүртлээ үргэлжилсэн байна. Хаашаа л харна хатуу чулуун хад үзэгдэнэ, харин хаа нэгтээ өргөст ургамлын бутнууд ургасан байгаа харагдана. Цагийн сайханд шилтгээний энэ хэсэгт эмэгтэйчүүд бүсгүйчүүд амьдарч байсан бололтой тавилга хогшлууд нь эрхэмсэг бас чамин гэдэг нь аргагүй юм.
      Хөшиггүй цонхнуудаар нь сарны гэрэл нэвтэрч, хагархай шилэнд эргэн ойж түмэн өнгөөр солонгороод өнө удаан жил эзэнгүй байсны баталгаа болсон тоос шороонд дарагдсан эртний энэ тасалгааг бүхэлд нь гийгүүлж, илч гэрлээ харамгүй хайрлан байхад гартаа дэнгийн гэрэл барьж явах нь илүүц юм шиг санагдлаа. Гэхдээ шилтгээний бусад харанхуй хэсгүүдэд зүрхийг минь бүлээцүүлж, айдсыг минь хуваалцаж явсныг мөн хэрхэн мартаж болох билээ. Одоо бол би өмнө нь үзэн ядаж байсан өөрийнхөө өрөөг дахин голж чадахгүй байх, удалгүй харин сэтгэл минь түгших нь багасч, ухаан санаа минь үймэрхээ больсон тул хэсэг хугацаанд амсхийх боломжтой боллоо. Тэгээд би жижигхэн царсан ширээний ард суугаад тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирлээ. Эрт хэзээ нэгэн цагт энд эрхэмсэг ялдам авхай сууж байжээ. Маш их бодож бас харуусч бичсэн нь илэрхий бүтэлгүй дурлалын захидал тэнд байх агаад эзэндээ очоо болов уу бүү мэд ширээн дээр нь үлдэж хоцоржээ. Харин тэмдэглэлийн дэвтрээ би нээгээд хамгийн сүүлд хавцсыг нь хаасан тэр мөчөөс хойш өөрт минь тохиолдсон бүхнийг бичиж эхэллээ. Одоо бол осолдолгүй 19-р зуун билээ. Өш хонзонгоор буцалсан 19-р зуун. Гэвч сэрэл мэдрэмж минь намайгаа хуураагүй бол яг л энэ мөчид эртний цаг үед очсон юм шиг л надад санагдаж байна.

Хэсэг хугацааны дараа.
5-р сарын 16-ны өглөө.

Бурхан тэнгэр байдаг бол надад туслаач, эрүүл саруул ухаанаа гээгээгүй гэдгийг минь хэлж өгч үзээч! Яг энэ мөчид нэг л зүйлийг хүсэх байна, уураг тархи минь самуурч санаа сэтгэл минь битгий үймрээсэй билээ, аль эсвэл, магадгүй би солиорчихоод байгаа юм болов уу? Хэрэв үгүй бол хар дарсан зүүдний биелсэн талбар болсон аймшигт уг газар гүнгээс илүү аймшигтай санагдана гэж үү? Гэгээн дарь эх минь! Өршөөлт сахиулсан тэнгэр минь, намайг тайвшруулж үзээч, энэ бүх галзуурал солиорлын дундаас намайгаа аварч хайрлаач! Урьд намайг эргэлзүүлэхэд хүргэдэг байсан зарим нэг зүйлсийг би одоо ойлгож байна. Өмнө нь Шекспирийн Гамлет дээр, "Миний эмнүүд! Миний эмнүүд, тэднийг хурдан өгөөд аль!" гэх үгийг уншихдаа түүнд ямар санагдаж байсныг анзааралгүй өнгөрчээ ... Мөн толгой тархинд минь дэгдсэн балмад энэ шуурга намдаж өгөхгүй намайг тарчилган зовооно ... Ухаан санаагаа эрүүл байгаа эсэхийг шалгахаар би тэмдэглэлээ гаргаад, эргэн нэг нээж үзлээ. Магадгүй юм бичих нь намайг тайвшруулах ч юм билүү ...
       Гүнгийн хамгийн сүүлд хэлсэн өнөөх нууцлаг анхааруулга намайг маш их айлгасан бөгөөд одоог хүртэл бодогдсоор л байна. Гэвч түүний хэлсэн үгнээс бус ирээдүйд болох үйл явдлуудаас би эмээж байлаа. Мөн тэрнийг чухам юун тухай хэлэх гэснийг нь таах гэсээр би бүр цөхөрч гүйцлээ!
       Тэмдэглэлээ би бичиж дуусгаад үзэг дэвтрээ авч халаасандаа хийлээ. Нойр минь хүрч, маш их ядарснаасаа болоод хамаг бие минь сульдаж орхижээ, нэг л мэдэхэд би эвшээлгээд эхэлсэн байв. Толгойд минь гүнгийн надад анхааруулсан өнөөх үгс орж ирэх авч түүнийг би зөрчихөөсөө мөн татгалзсангүй. Сарны зөөлөн туяа шөнийн үлээх салхины хамтаар намайг бүүвэйлж, өөрийн эрхгүй би уйтгартай бас дүнсгэр өөрийн өрөөнд биш эрт нэгэн цагт үзэсгэлэнт авхай нарын амьдарч, дуулж мөн ярилцаж байсан энэ өрөөнд, дайнд явсан хайртай залуугаа хүлээж сэтгэлдээ шаналж, гуниглан гансарч мөн нулимс дуслуулан уйлж суусан энэ л тасалгаанд нойрсохыг би хүслээ. Хөлөө би зөөж, нэг хоёр алхалсаар өмнө болон зүүн зүгийн ханыг налж, тасалгааны буланд тоосод даарагдсан өргөн буйдан дээр толгой тавив уу үгүй юу бодох санах  зүйлгүйгээр бөх гэгч нь нойрсч эхлэв. Харин түүнээс хойш болж өнгөрсөн бүхэн надад туйлаас үнэмшилтэй санагдсаныг хэлэх байна! Яг л одоо өглөөний нарны туяанд энэхүү тэмдэглэлийг бичиж суугаатай адил урьд шөнийн үйл явдлууд тун их бодитой санагдсан нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тэгээд энэ бүхэн ердөө зүүд байсан гэдэгт үнэндээ би итгэж чадахгүй нь.
        Би тэнд ганцаараа биш байлаа. Үүнийгээ би мэдэрч байлаа. Ганцхан сарны тод гэрэлд тоостой шалан дээгүүр алхсан миний гутлын мөрнүүдийг эс тооцвол өрөөнд анх орж ирснээс хойш тэнд ямар л байсан бүх зүйл хэвээрээ байх аж. Харин удалгүй миний эсрэг талд, өрөөний голд даашинз өмссөн гурван залуу авхай зогсч байгаа нь сарны туяанд тодхон харагдах нь тэр шүү! Тэрхэн мөчид би өөрийгөө унтсан байх ёстой биш билүү хэмээн эргэлзэхийн зэрэгцээ шалан дээрээс тэдний сүүдрийг олж хараагүйдээ итгэж ядан байв. Тэд надруу ойртон ирж, намайг хэсэг хугацаанд ажиглан зогсоод өөр хоорондоо шивнэн ярилцлаа. Тэдний хоёр нь яг л гүнгийн адил урт нарийн хамартай агаад саргүй шөнө шиг хар нүдтэй юм. Гэхдээ сарны шаргал туяатай сүлэлдэж харанхуйд бараг л улаан өнгөөр гэрэлтэх шиг. Үлдсэн нэг нь цаснаас цагаан царайтай, алтан шаргал үстэйгээс гадна индранил эрднийн мэт хоёр нүд нь үзэсгэлэнтэй гэдэг нь аргагүй юм. Гуравдахь энэ эмэгтэйн царай төрх яагаад ч юм надад танил санагдаж,  урьд өмнө хаана бас хэзээ үзсэнээ эрээд эрээд би дурсамж санамжаасаа олж чадсангүй. Сарнай цэцгийн дэлбээ мэт час улаан уруулны нь завсраар ил гарах түүний өөгүй цагаан шүднүүд эгээ л зүйрлүүлж хэлбэл шүр чулуугаар чимэглэсэн сувд эрдэнэ мэт үзэгдэнэ. Хэдий айдас хүйдэс зүрхийг минь эзэмдэж байсан ч гэсэн хүсэл сэрэл минь намайгаа дийлж, хосгүй гоо үзэсгэлэнтэй тэднийг, тэгээд бас амтлаг улаан уруулаараа намайг үнсээсэй гэж дотроо би хүсч байсан юм. Хэрэв хэзээ нэгэн цагт энэ Мина эдгээр мөрүүдийг олж уншвал, энэхүү тэмдэглэлд иймэрхүү зүйлсийг бичих нь тусгүй хэрэг болох вий. Гэхдээ л энэ бүхэн үнэнээс хойш яалтай билээ. Тэгээд нэг нэгнийхээ чихэнд үг шивнэж, гурвуул тэд инээд алдан хөхрөх нь яг л хөгжмийн аялгуу мэт сонсогдож байлаа. Цонхигор цагаан охин нь толгойгоо маягтай нь аргагүй сэгсэрч, харин нөгөөх хоёр нь түүнийг уруу татна.
      Нэг нь, "Алив л дээ! Эхлээд чи эхэл, харин дараагаар нь бид чамайг дагая." гэнэ.
      Харин нөгөөх нь нэмж, "Тэр залуухан бас хүчирхэг юм. Тэр бүгдийг минь баярлуулж чадна." гэж байх юм.
      Би чимээгүй гэгч нь хэвтэж, өөрийн эрхгүй бас мэдэлгүй удахгүй болох зүйлсийг амьсгаа даран хүлээж байлаа. Удалгүй хүсэн хүлээсэн мөч ирж цонхигор цагаан охиныг миний дээрээс өнгийх тэр үед нь түүний бүлээн амьсгалыг би мэдэрлээ. Яг л зөгийн бал мэт амтат үнэр ханхийж, харин түүний шивнэх уран наалинхай үгс нь зөгий хатгаж буй гэлтэй зүрхэнд минь тусч байсан юм. Гэвч анхилам зөөлөн үнэрний цаана цусны эхүүн үнэр бас үнэртэх шиг.
       Эмээж мөн догдолсондоо би удтал анисны эцэст сая л нэг зовхио нээхэд миний харсан эхний зүйл гэвэл үзэсгэлэнт бүсгүйн моддын навчис мэт өтгөн сормуусны дороос намайг цоо ширтэх хоёр цэнхэр нүд байв. Удалгүй тэр уруулаа шуналтай нь аргагүй долоож бас хазах агаад энэ бүхэн нь миний ухаан санааг нэгмөсөн балартуулж орхив. Сарны гэрэлд түүний норсон шүр мэт улаан уруул нь гялалзаж, түүний завсраар өнөөх сувд мэт цагаан шүд нь цухуйж үзэгдлээ. Тэр доошилсоор, улам бүр доошилсоор түүний уруул нь миний урууланд хүрэх нь үү гэтэл тэр дахин доошилж хүзүүнд минь ойртлоо. Энэ үед түүний шүлсээ залгиж шүд болон уруулаа шүлстэн долоохыг нь би сонссоны дээр хүзүүнд минь амьсгалах түүний халуун бүлээн амьсгалыг нь мөн мэдэрч байлаа. Тэр ойртсоор бас ойртсоор, бүсгүйн уруул удалгүй хүзүүг минь шүргэлээ. Хүзүүний минь эмзэг арьс энэ бүгдийг хэрхэн тэсвэрлэж байсныг би мэдэхгүй харин зүрх минь цээжин дотор тэсрэх гэж байсныг би санаж байна.
        Удалгүй уруулны нь оронд түүний шүднүүд хүзүүнд минь мэдрэгдэх тэр мөчид аянга цахилгаан тасалгаанд минь ороод ирэв үү гэлтэй галзуурч, солиором үймээн самуун дэгдэх нь тэр! Нүдээ нээж намайг харвал цагаан царайтай өнөөх бүсгүйг гүнтэн багалзуурдаж, хүчирхэг гараараа тэр газарт аваад чулуудаж орхилоо. Гүнтэн маш их уурсаж, бас хилэгнэжээ! Цэнхэр нүд нь уур хилэнгийн галд дүрэлзэн шатаж, цонхигор цагаан царай нь улаа бутраад, час улаан уруулны нь цаанаас хурц цагаан шүднүүд нь ярзайгаад ямар аймшигтай харагдсан гэж санана! Гэвч гүнтэнг, зөвхөн тамын чөтгөр ороолонгуудад л баймаар тийм аймшигтайгаар уурсан хилэгнэнэ чинээ би огт төсөөлсөнгүй! Царай нь өмнөх өмнөхөөсөө илүү цайсан харагдах агаад түүний хоёр нүд нь ган төмрийг хүртэл цоолж орхимоор ширүүнээр ширтэж байлаа. Хамар дээгүүрээ нийлэхээ дөхсөн өтгөн хөмсгөө тэр зангидаж ирээд цус царцаж, зүрх зүсэм аймшигтай өнгөөр ийнхүү өгүүлэв.
        "Та нар яаж түүнд гар хүрч зүрхэлдэг байна?! Хориотой гэж хэлсээр байхад яагаад та нарын харц түүн дээр тусдаг билээ? Та нарт би хэлсэн биш билүү! Энэ хүн бол зөвхөн минийх! Ахиж та нар түүнд ойртвол чинь зүгээр өнгөрүүлнэ гэж санаад ч хэрэггүй байх шүү." гэлээ.
         Цонхигор цагаан өнөөх охин тас тас хөхөрч, "Чи бусдаар хайрлагдаж үзээгүй хэрэг үү. Чи өрөө ч бас бусдыг хайрлаж мэддэггүй байх л даа" гэхэд бусад нь мөн дагаад шоолон инээлдэх нь сонсогдов. Энэ үедээ тэд яг л шулмас шиг сонсогдож байсныг хэлэх байна!
        Харин гүнтэн эргэж миний царайруу харах зуураа, аяархан дуугаар, "Тиймээ. Би хайрлаж чадалгүй яахав. Саяны үгийг чи өнгөрсөн үеэ дурсаж хэлээгүй байлтай. Харин энэ залуу дээр хийх ажлаа дуусгамагц нь түүнийг би та нарын мэдэлд үлдээе." гэж хэлээд тэр дуугаа өндөрсгөж "Одоо явцгаа! Явж үз!" гэж зандарлаа.
        "Тэгээд бид өнөө үдэш юу ч үгүй хоцрох гэж үү?" гэж хэлээд тэдний нэг нь шалан дээр хэвтэх шуудайруу заагаад хөхөрлөө. Гэтэл өнөөх шуудай өөрөө хөдөлж, дотор нь ямар нэгэн амьд зүйл байх нь тэр! Гүнтэнг чимээгүй гэгч нь толгой дохиход, бүсгүйчүүдийн нэг нь шуудайг шүүрэн аваад нээж үзэхэд .... хэрэв миний нүд бас чих намайг мэхлээгүй бол тэнд өлгийтэй жаахан хүүхэд байж байлаа! Айж цочирдсондоо хоёр нүд минь харанхуйлж, хөл дээрээ би арай ядан тогтов. Харин нэг л мэдэхэд тэдгээр гурван бүсгүй алга болсон байв. Шуудай ч мөн адил байсангүй! Гэтэл тэдний дэргэд хаалга байгаагүй шүүдээ, надад тэд анзаарагдалгүй энэ тасалгаанаас гарна гэж баймааргүйсэн. Яг л тэд сарны гэрэлд уусаад, цонхоор нисээд одсон мэт ...

Sunday, August 25, 2013

"Дракула Гүнтэн" (2-р бүлэг)

2-р Бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.

        Маргаан байхгүй би дуг нойрондоо дугжирч явснаас зайлахгүй, хэрэв үгүй бол ийм ер бусын газарт ирснээ анзааралгүй өнгөрнө гэж таарахгүй. Бидний дэргэдүүр нь өнгөрсөн дугуй арктай өргөн чулуун хаалга хүртэл өдий төдий зай байх агаад эдлэн газрын уг хэмжээ нь маш том мэт санагдаж байв. Гэвч одоохондоо энэ бүгдийг өдрийн гэрэлд харахад цаг эрт байна.
       Сүйх тэргийг зогсох үед, тэрэгний жолооч газарт шалавхан гэгч нь бууж надад туслахаар гараа тэр сунгасан юм. Энэ удаад түүний тусламжаас би татгалзсан боловч мөн л гарных нь ер бусын их хүчийг мэдрэх шиг болж билээ. Сарны гэрэлд цэв хүйтэн төмөр шиг харагдах түүний гарнаас баривал, хэрэв тэгээд тэр жаахан л хүчлэх юм бол минийхийг бяц атгах юм шиг санагдаж байлаа. Удалгүй жолооч эр ачаа тээшийг минь аваад шилтгээнрүү орох их хаалганы өмнө зогсч байсан миний дэргэд авчирч тавив. Хуучирч өнгө төрхөө алдсан уг хаалга зэвэнд идэгдсэн том хадааснуудтайгаас гадна урагш түрсэн гантиг чулуун хүрээтэй юм. Бүрэнхий байсан ч гэлээ чулуун дээрх сийлбэрүүд нь тод гэгч нь харагдах бөгөөд цаг хугацааны эрхэнд элэгдэж бас мууджээ. Морьтон удалгүй тэргэндээ заларч, морьдоо тэр хөтөлсөөр харанхуйд замхран одоход яах учраа ололгүй би зогсч байсан газраа ганцаар үлдэж хоцров. Хонх эсвэл хаалга тогших тогшуур уг хаалганд байдаггүй бололтой. Дүнсгэр энэ шилтгээний зузаан хана туургануудыг, хүнгүй мэт харанхуй цонхнуудыг нь лав л миний дуу хоолой нэвтлэнэ гэж бодохгүй байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Дотроо би тээнэгэлзэхийн зэрэгцээ эмээж эхэллээ. Ямар гээчийн газарт хүрээд ирэх нь энэ вэ? Бас ямар хүмүүсийн дунд? Мөн ямар янзын харанхуй адал явдалтай би орооцолдож орхив? Англи дахь үл хөдлөх хөрөнгийг гадны хүнд худалдахаар явсан хуулийн зөвлөхийн амьдралд тохиолддог жирийн хэргүүдийн нэг нь энэ гэж үү? Лондонг орхихоосоо өмнөхөн шалгалтаа амжилттай өгсөн тухайгаа дуулсан юм, одоо бол би бүрэн эрхтэй хуулийн ажилтан, тангарагтан албан хаагч болсон шүүдээ! Унтаагүй гэдгээ мэдэхийн тулд би нүдээ нухалж, хацраа чимхэж үзлээ. Энэ бүхэн надад яг л хар дарсан зүүд шиг санагдаж билээ. Тэгээд би сэрэнгүүтээ өөрийгөө гэртээ байгаагаа мэдэх болно, яг одоо цонхоор тусч байгаа шиг нарны гэрэл өрөөг минь гийгүүлэхэд, ажилд дарагдсан хүнд өдрийнхөө алжаалыг тайлахаар шүлэг нойрны ертөнцөд нойрссон би тэндээс эргэн ирэх болно .. Гэвч туршилтын үр дүн тэр дорхноо гарч хорсох хацар, улайх нүд хоёр минь намайг зүүдлээгүй гэдгийг мэдрүүлэв. Би үнэхээр сэрүүн байлаа, сэрүүнээр барахгүй Карпатын уулсын дунд, үл мэдэгдэх шилтгээний нүсэр том хаалганы өмнө цор ганцаараа зогсч байсан юм. Миний чадах цорын ганц зүйл бол тэвчээртэй байж, өглөө болохыг хүлээх байв.
       Ийнхүү бодож зогстол гэнэтхэн хаалганы цаана хөлийн чимээ дуулдаж, завсар зайгаар нь гэрэл тусах нь тэр! Төмөр гинж хангинан дуугарч, замган түгжээ тайлагдах нь сонсогдов. Цоожны нүхрүү түлхүүр орж, гурвантаа эргэснээр том хаалга сая нэг нээгдэв.
       Хэн байсан гэж санана. Өндөр нуруутай, цагаан сахалтай, хөлнөөсөө толгой хүртлээ өөлөх зүйл үгүй, дэгжин байрын хөгшин зогсч байв. Гартаа тэр эртний хийцийн мөнгөн дэнлүү барьжээ. Дэнлүүний гэрэл харанхуй орчныг гийгүүлж урт сүүдэр татуулсаар хоосон мэт байшингийн хөндий том тасалгааг гийгүүлж байлаа. Сайх хөгшин эр нуруугаа эгцлэн зогсоод, их л эелдэг байдлаар баруун гараа зангаж хэдий хачин аялгатай ч Англиар тун цэвэрхэн гэгч нь мэндэллээ.
       "Миний байшинд тавтай морилно уу! Биеэ барих хэрэггүй, гэртээ ирсэн юм шиг л байгаарай!" Ингэж хэлээд тэр яг л хөшөө шиг гацаж орхилоо. Хөл нь байрнаасаа огт хөдөлсөнгүй. Эвгүй байдалд орохгүйн тулд би өөрөө түрүүлж алхан босго давтал хөгшин эр ухасхийгээд гарнаас минь атгаад авдаг байгаа. Мөс шиг хүйтэн байсан гэж бодож байна уу, тэрнээс ч долоон дор, амьд гэхээсээ илүү үхсэн хүнийх шиг санагдаж билээ. Тэр дахиад л
       "Миний гэрт тавтай морил! Алив ор ор." гэлээ. Түүнтэй гар барилцаж байх үедээ морьтон эрийн гарнаас атгаж байх үеийнхтэй адилхан ер бусын их хүчийг би мэдрэв. Тэрхэн мөчид би тээнэгэлзэж адилхан хүнтэй би ярилцаж байна уу гэж эргэлзэхэд хүрснээ нуух юун. Түүнрүү би асуусан харцаар харж "Дракула гүнтэн үү?" гэж хэлэв.
       Тэр мэхийн ёслоод "Таныг угтан авч буй энэ хүн бол би байна. Дракула. Гэрт минь ор л доо ноён Харкер. Гадаа их жихүүн байна. Та алжааж бас өлсч цангасан л байх, тиймээс та хооллож бас амрах хэрэгтэй." Ийнхүү ярьж байхдаа тэр дэнлүүгээ хананд өлгөөд, ачаа тээшийг минь газраас авлаа. Татгалзах гэсэн боловч тэр надад үйлчлэхийг өөрөө хүссэн юм.
       "Яалаа гэж, та чинь миний зочин шүүдээ. Цаг их орой болжээ, манай үйлчлэгч нар гэр гэртээ харьцгаасан байна. Танд би өөрөө үйлчлэх болох нь." гэж тэр хэлэв. Бид хоёр байшинд орж, маш том дугуй шатаар дээш өгсөж, боржин чулуун шалтай урт хонгилоор явлаа. Харанхуй урт хонгилд бидний алхаа гишгээнээс өөр орчны анирыг эвдэх дуу чимээ ер байгаагүй юм. Нуруугаар хүйт оргиулам уг аялал удаан үргэлжилсэнгүй, ингэж явсаар бид нэгэн хаалганы өмнө хүрч ирэв. Тэгээд гүнтэнг тэр хаалгыг нээх үед дотор минь цэлмээд ирэх шиг л болж билээ! Ханан дахь ил зууханд нь хийгээд удаагүй байгаа болов уу гэмээр том гэгч нь дүнз моднууд шад пад хийн шатах агаад өрөөний голд өргөн ширээний дээр оройн зоогийг бэлдэж зассан байгаа нь тод харагдана. Энэ ч сайны дохио шүү.
       Гүнтэн миний цүнхийг доош буулгаж, хаалгыг хаалаа. Тэгснээ тэр өөр нэгэн хаалгыг нээж өөр нэгэн өрөөнд явж орлоо. Найман ханатай жижигхэн энэ танхимыг ердөө ганцхан дэнлүү гэрэлтүүлж байх бөгөөд цаана нь бас нэгэн хаалга байх юм гэнэ. Гүнтэн тэр хаалгыг ч мөн адил нээж орхиод намайг орохыг урьсан юм. Ханандаа бас ил зуухтай, зуух нь шинэхэн моддоор сэлбэгдэж илч гэрлээ харамгүй хайрласан тохилог дулаан уг тасалгаа унтлагын өрөө байлаа.
       Гүнтэн миний цүнхийг унтлагын өрөөнд оруулж тавиад хаалга хаан гарахаасаа өмнө ингэж хэлэв. "Энд танд хэрэгтэй бүх зүйлс бий. Тэнд мөн угаалгын өрөө байгаа тул та өөрийгөө засч цэвэрлэж болно шүүдээ. Харин та бэлэн болохоороо эсрэг талын тасалгаанд ороод ирээрэй. Оройн хоолоор би таныг дайлж байна." гэв.
       Энэ бүх дулаан уур амьсгал, гэрэл бас гэгээ, мөн гүнгийн элгэмсэг дотно хүлээн авалт энэ бүхэн миний бүхий л айдас хүйдсийг үргээж орхих нь тэрдээ. Хэсэг хугацааны дараагаар би хэвийн байдалдаа орох үедээ л өөрийгөө маш их өлссөн байсныг мэдэрсэн билээ. Ингээд угаалгын өрөөнд орж өөрийгөө угааж цэвэрлэж аваад оройн зоог бэлдсэн өрөөрүү би явлаа.
       Гэрийн эзэн хананд тулсан дулаахан ил зуухны дэргэд зогсоод гараараа тэр ширээрүү зааж,
      "Тавтай хооллохыг танд хүсье. Намайг та өршөөж болгооно уу. Оройн хоолоо би альхэдийнээ барьчихсан тул тантай хамт хооллож чадахгүй болсондоо түмэнтээ хүлцэл өчье." гэлээ.
       Харин би түүнд ноён Хоукингийн илгээсэн захидлыг гардууллаа. Гүнтэн захидлыг нээж үзээд их л сэтгэл тааламжтай уншиж зогсов. Тэгснээ эелдэг гэгч нь инээмсэглээд захидлыг надад өгч уншихыг санал болгосон юм. Энэ нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.
       "Үргэлж л өвчин зовлонд ээрэгдэж байдаг би гэдэг хүн тулай өвчнөөс болоод хэсэг хугацаанд өөрийн бүх төлөвлөгөө, томилолтыг хойшлуулах хэрэгтэй боллоо. Тантай уулзаж чадахгүй болсондоо маш их харамсч байна. Харин би танруу өөрийгөө орлох хэн нэгнийг, мөн тун их итгэж найддаг энэ хүнийг илгээсэндээ сэтгэл хангалуун байна. Тэр бол эрч хүчээр дүүрэн, авъяастай, эелдэг зан харилцаатай залуу хүн байгаа юм. Мөн хянамгай, үг цөөтэй талдаа байж мэдэх ч миний удирдлаган дор боловсорч бэлтгэгдсэний хувьд энэ залуу танайд байх үедээ таны зааварчилгааг ягштал биелүүлэх болно гэдэгт итгэж байна." гэж бичжээ.
       Гүнтэн ширээрүү дөхөж ирснээ, хоолны бүтээлгийг сөхөж авахад амталж шарсан тун амттай тахианы махны үнэр ханхийв. Мөн ногооны салат, бяслаг бас дарс тэнд байлаа. Энэ дарснаас би хоёр хундгыг ууснаа санаж байна. Тийнхүү хооллож байх бүхий л хугацаанд гүнтэн надаас аяллын минь талаар хэл ам сугалчих шахам асууж, би ч нэрэлхэлгүй нэг нэгэнгүй хариулж суулаа.
      Зоог барьж дууссан ч гэлээ гэрийн эзний хүсэл сонирхол нь буурсангүй, ил зуухны дэргэд түүнтэй хамт суухдаа санал болгосон тамхийг нь би татаж суув. Бид хоёр яриад л бас яриад л заримдаа тэр тамхи татдаггүйдээ надаас уучлалт хүснэ. Надад ч мөн гүнгийн талаар мэдэж авах тун аятайхан боломж гарч ирсэнд ихээхэн олзуурхаж байлаа.
      Гүнгийн царай төрх нь тун сүрлэг бөгөөд дориун юм. Зүйрлүүлж хэлбэл яг л бүргэд шиг. Түүний урт нарийн хамар нь үл ялиг монхор ба хамрын нүх нь сартгар том, түүний дух нь хагас дугариг хэлбэртэйгээс гадна буурал суусан үс нь альхэдийнээ халцарч эхэлсэн боловч бусад хэсгээрээ өтгөн юм. Саглагар том хөмсөг нь бараг л хамар дээгүүрээ хоорондоо нийлэх дөхжээ. Харин түүний төрхийг улам илүү хурц болгох живэр сахалных нь дороос түүний амыг ажиглаж харна гэдэг амаргүй хэрэг байв. Гэвч яагаад ч юм түүний шүднүүд нь урт бас их шовх юм шиг санагдаж билээ. Улаан уруул, бараг л үрчлээсгүй цонхигор цагаан царай. Энэ бүхэн түүний насны хүнд байж боломгүй мэт санагдана. Бусад зүйлсийн тухайд цааш дурьдвал, чих нь өндөр нарийн дэлбээтэй, эрүү нь өргөн бөгөөд хүчирхэг, хацар нь нимгэхэн хийгээд хүнхэр. Биеийнх нь ерөнхий өнгө ер нь л цонхигор цагаан юм.
        Мөн миний ажигласан өөр нэг зүйл гэвэл түүний хоёр гар нь байлаа. Ил галын дэргэд өвдгөн дээрээ гараа тавин суух үед нь би сайн харж авав. Зузаан том бөгөөд навтгар хуруунуудтай түүний гар нь яагаад ч юм бээрсэн хүнийх шиг хувхай цагаан санагдаж билээ. Гаран дээрээ бага зэрэг үстэй, харин урт нарийхан хумснууд нь хурц үзүүртэй юм. Гүнтэнг санамсаргүйгээр надад хүрэх үед нь мөс шиг хүйтнийг би мэдэрч цочсондоо өөрийн эрхгүй татасхийж орхив. Надруу ойртох үед гүнгийн амьсгал нь огиудас хүргэм өмхий үнэртэж байсан гэдгийг онцлох байна. Мэдээжийн хэрэг энэ бүгдийг би өөрт нь мэдэгдэхгүйг хичээж суусан нь тодорхой.
       Гэвч гүнтэн энэ бүхнийг өөрөө мэдсэн үү яав, надаас зайгаа барьж эхлэх шиг болов. Тэгээд тэр үл ялиг инээмсэглээд эргээд буйдангаа налж суусан юм. Харин түүнийг инээмсэглэх үед ахиад л жирийн хүнд байж боломгүй мэт хурц цагаан шүднүүд нь ил гарах нь тэр. Бид хоёр хэсэг хугацаанд чимээгүй сууцгаав. Удалгүй үүр цайж, цонхоор харагдах харуй бүрий орчин бага зэрэг гэгээтэй болж эхлэв. Тэгтэл яг л урьд шөнийх шигээ ойн тэртээхээс чононуудын улих дуун сонсогдож эхэллээ. Энэ үед сүүдэрт суух гүнгийн нүд гялалзаж,
      "Сонсож байна уу, та тэднийг. Шөнийн хүүхдүүд. Ямар гээчийн аялгууг тоглож байгааг нь сонсооч гэм!" гэлээ. Тэгээд гүнтэн миний нүүрэнд тодорсон айдсыг анзаарсан бололтой "Аах, хот газарт оршин суугч та нарт анчны мэдрэмж хаанаас байх билээ." гэж хэлэх нь аймар ч юм шиг. Ингэж хэлээд тэр суудлаасаа өндийж,
       "Та их ядарсан байх. Маргаашийн үд дундыг өнгөртөл миний бие нь завгүй тул та ханатлаа унтаж амарч болно. Сайн нойрсоорой мөн сайхан зүүд зүүдлээрэй." гэж хэлэхдээ гүнтэн намайг хүндэтгэн бөхийгөөд өнөөх найман ханатай жижигхэн тасалгааны хаалгыг нээж үлдээгээд зоогийн өрөөнөөс гарч одов.
        Миний дотор хариултгүй үлдсэн түмэн асуулт эргэлдэж байв. Би эргэлзэж, мөн эмээж байсан юм. Мөн элдэв янзын хачирхалтай бодлууд толгойд минь хөвөрнө. Хэрэв бурхан тэнгэр гэж байдаг бол, хэрэв тэд намайг мартаагүй л бол өчүүхэн намайг харж үзээсэй билээ.

5-р сарын 7.

       Нар дээр хөөрч, гадаа өглөө болсон байв. Өнгөрсөн хорин дөрвөн цагийн ихэнхийг нь унтаж өнгөрүүлсэн тул орондоо дэмий хэвтэлгүй аяндаа босмоор санагдав. Хувцаслаж аваад би өөрсдийн оройн зоог барьж суусан зэргэлдээх өрөөнд явж орлоо. Тэнд өглөөний цайг хэн нэгэн бэлтгэж тавьсан байх агаад халуун зуухан дээрх төмөр данхтай кофег эс тооцвол бусад нь хөрч хүйтэн болжээ. Харин гүнтэн надад зурвас үлдээж, ширээн дээр орхиод явсан байна.
      "Би хэсэг хугацаанд шилтгээнд байхгүй байж мэдэх юм. Тиймээс намайг хүлээх хэрэггүй шүү. Д." тэнд ийнхүү бичсэн байлаа, товч бөгөөд тодорхой. Өглөөний хоолоо би амтархан идлээ. Тэгээд үйлчлэгч нарыг дуудах санаатай хонх дуугаргах гэсэн боловч эрээд эрээд би тэр тасалгаанаас олсонгүй дээ. Ийнхүү байдаггүй хонхыг эрж байхдаа би гүнгийн хөрөнгө мөнгөтэй, баян чинээлгийн баталгаа болсон өрөөн доторх ер бусын тавилгуудыг нь ажигласан юм - харин энэ бүхэн намайг үнэхээр алмайруулж орхисон шүү! Бидний дээр нь зоог барьж суусан ширээ гэхэд л сайн чанарын цэвэр алтаар бүрхэгдсэн байна, бодвол тэнгэргүй их үнэтэй эд байх! Цонхноос унжих хөшигнүүд, сандал болон буйдангийн бүрээс, мөн унтсан орны минь бүтээлэг даавуунууд гээд л цөм маш үзэсгэлэнтэй бөгөөд басхүү үнэтэй материалуудаар хийгдсэн байх аж. Мөн харахад их л хуучных юм шиг мөртлөө цоо шинээрээ мэт л санагдаж байлаа.
       Элэгдэж муудаад өнгө төрхөө алдаж, цагаан эрвээхийнүүдэд идүүлсэн л болохоос биш иймэрхүү зүйлсийг би зөвхөн Хэмптоны Харшид л үзэж байснаа санаж байна. Харин би тасалгаануудаас толь олох гээд мөн л барсангүй. Угаалгын өрөөнд нь хүртэл байхгүй байсан нь үнэхээр хачирхалтай хэрэг шүү. Ямар азаар би сахлаа хусахдаа хэрэглэдэг жижигхэн толь цүнхэндээ авч авсан юм бол, түүнгүй бол хэцүүхэн хэрэг болох байлаа. Түүнчлэн гүнгийн дурьдсан өнөөх үйлчлэгч нарынх нь нэг нь ч над дээр орж ирсэнгүй. Тэр бүү хэл алсад хааяа нэг улих чонын улианыг эс тооцвол өөр бусад ямар ч дуу чимээ сонсогдохгүй байсан нь уг том байшинд өөрийгөө цор ганцаархнаа байгаа юм шиг л сэтгэгдэл төрж суулаа. Хэсэг хугацааны дараагаар би өглөөний дутуу орхисон хоолныхоо үлдлэгдлийг идлээ, оройны 5,6 цаг болж байсан тул үүнийг үдийн хоол эсвэл өглөөний зоогийн алин болохыг нь ялгахаа болив. Мөн би гүнгийн зөвшөөрөлгүйгээр харш дотор сэлгүүцэхийг хүсээгүй тул өрөөндөө гиеүрч суухаас өөр арга байсангүй. Уйдсандаа би гэдэг хүн гэнэтхэн юм уншмаар санагдаж эхлэв нь тэрдээ. Тэгээд өрөөнүүд дотуур мөн л эрэл хайгуул боллоо. Ном, сонин харагдсангүй, бүр бичиж тэмдэглэх ямар нэгэн цаасны өөдөс ч байсангүй, худалч хүнд бол өрөөн дотор бараг л юу ч байхгүй байсан гээд хэлчихэд буруудахгүй байгаа. Харин найман ханатай жижигхэн тасалгаанд унтлагын өрөөрүү нэвтрэх хаалга мөн зоогийн өрөөнөөс гарах бас нэг хаалганаас гадна хоёр ч хаалга байсныг би саналаа.
       Унтлагын өрөөний минь эсрэг талд байх нэг хаалга яагаад ч юм түгжээтэй байх нь тэр. Ямар цоожийг нь эвдэж доторхыг нь үзэлтэй нь биш. Харин хоёрдахь хаалгыг нээж үзтэл, бурхны аврал гэж! үнэхээр миний эрж байсан зүйлс тэнд байдаг байна шүү. Товчхон хэлэхэд хэмжээгээр жижиг л болохоос биш тун гайхалтай номын сан байх нь тэр.
      Уг номын сангийн тавиурууд дээр нь англи номнууд өрөөстэй байх бөгөөд бүр сонин хэвлэл болоод сэтгүүлүүд дугаар дугаараараа эгнээстэй байх аж. Номын сангийн голд байрласан ширээн дээр мөн хэсэг бүлэг сэтгүүл, сонингийн материалууд дэлгээстэй байлаа. Гэвч их хуучных юм. Харин номнуудын хувьд тэнд бараг л бүх төрлийн номнууд байв : түүх, газар зүй, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засаг, ургамал судлал, геологи, хууль эрхзүй гээд л, мөн тэдний ихэнх нь Англи оронтой холбогдож байсан нь тун их сонирхол татав. Бүр Лондонгийн төв хэвлэлийн газраас эмхлэн гаргасан "улаан" болон "цэнхэр" лавлах толь, Вайтекарын он дарааллын бичиг, хуурай болон усан замын цэргийн дүрэм журам гээд л эдгээр ер бусын цуглуулган дотор миний мэргэжлийн ном болох хуулийн жагсаалт байсан нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.
       Тийнхүү эдгээр сонирхолтой номнуудыг ажиглаж байх хооронд тасалгааны хаалга нээгдэж, гүнтэн ороод ирэх нь тэр. Намайг тавтай нойрссон эсэхийг минь асуугаад их л элэгсэг дотноор мэндчиллээ. Тэгээд тэр :
       "Энэ газрыг олсон чинь их сайн хэрэг болжээ. Чамд таалагдана гэдгийг би бүр мэдээд байсан юм. Энэ хэдэн номнууд - " гэж хэлээд тэр тавиур дээрх номнуудруу зааж "өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд надад их л хань болж байлаа шүүдээ. Лондонруу явахыг би эртнээс шийдсэн байсан тул энэ номнуудтай би олон арван гайхалтай цагийг хамтдаа өнгөрүүлсэн гэдгийг хэлье. Тэгээд би танай сайхан Англи орны чинь тухай судлах тусам би улам ихээр шунан дурлаж суулаа. Ард олны чинь дунд би хөл тавьж, ахуй амьдралыг нь судалж, зол жаргал, уйтгар гуниг болоод үхэл хагацал бүхнийг нь хамтдаа хуваалцаж байлаа. Ай даа! Эдгээр номнуудын ачаар л би танай хэлийг сурлаа шүүдээ. Чамд л гэж хэлэхэд, найз минь одоо ч гэсэн би суралцаж байна." гэлээ.
       "Гэхдээ, Гүнтэн минь. Та чинь Англиар ус цас мэт л ярьж байна шүүдээ" гэж би хариуллаа. Харин тэр инээд алдаж,
      "Баярлалаа, чиний магтаалд найз минь. Намайг ингэж хөөргөх хэрэггүй. Аян замтай зүйрлэвэл аяллынхаа ердөө би эхэнд нь л явж байна. Яахав дүрэм болоод зарим үгсийг мэддэг байж болох ч, яажшуухан чөлөөтэй ярихаа одоог хүртэл мэдэхгүй л байна."
      "Ойлголоо. Гэхдээ та маш сайн ярьж байна"
"Тийм ч сайн бишээ" гэж тэр хэлээд, "Хэрвээ би танай Лондонд явж очвол тэнд намайг мэдэхгүй хүмүүсийн дэргэд би танихгүй гадны хүн болох байх. Надад энэ хангалттай бишээ. Харин энд бол би язгууртан шүүдээ. Би бол Бояар. Маш олон хүн энд намайг мэднэ, заримынх нь хувьд би тэдний ноён нь. Гэвч танихгүй газар оронд буй танихгүй хүн бол хэн ч биш л гэсэн үг. Хэн ч түүнийг танихгүй, танихгүй юм чинь хэн ч түүнийг ойшоож үзэхгүй. Энэ тохиолдолд би бусдын л адил жирийн хүн болох учраас, хэн ч намайг хараад зогсохгүй, хэн ч миний үгийг сонсоод яриагаа таслахгүй. Харин хэл мэдэхгүй бол бүр ч долоон дор хэрэг болох биз. Энэ бүхнээс хагацахад хэцүү л санагдах байх. Гэхдээ би язгууртан ноён болоод их удаж байна, цаашид ч энэ хэвээрээ дуусах болно. Үгүй юм гэхэд хэн ч миний дээр гарах ёсгүй. Чи бол над дээр миний найз Петер Хоукинсын өмнөөс, Лондон дахь шинэ эзэмшлийг минь талаар тайлбарлах гэж ирсэн хүн шүүдээ. Тийм учраас чи энд байх хугацаандаа бусдын л адил надад итгэх хэрэгтэй, мөн би чамаас Англи хэлний аялгыг сурч авмаар байна. Ярьж байх явцдаа өчүүхэн төдий алдаа гаргасан ч гэсэн надад сануулж байхыг хүсч байна. Мөн намайг өршөөгөөрэй, өнөөдөр би тун их завгүй байлаа."
        Мэдээж хэрэг би гүнтэнд чадах хэмжээгээрээ туслах болно гэдгээ амлалаа. Тэгээд бас энэхүү номын санд орж байж болох уу гэж мөн асуусан юм. Харин гүнтэн, "Бололгүй яахав" гэж зөвшөөрөөд,
       "Чи шилтгээнд хүссэн газарруугаа очиж, сонирхож үзэж харж байж болно. Харин цоожтой хаалгануудруу ойртож хэрхэвч болохгүй шүү, орох гэж санахын ч хэрэггүй. Хэлж болохгүй, харж болохгүй зүйл гэж байдаг юм. Зөвхөн чи миний нүдээр харж, ухаанаар минь ухаарсан үедээ л үүнийг ойлгох байлгүй дээ." гэлээ. Түүний юун тухай ярьсныг нь сайн ойлгоогүй ч би үг дуугүй зөвшөөрлөө. Гүнтэн мөн цааш нь,
        "Бид Трансилванид байна. Харин Трансилваниа бол Англи биш. Тийм ч учраас чи бидний ёс жаягийг дагах хэрэгтэй, мөн энд маш олон зүйлс чамд сонирхолтой санагдаж байгааг чинь мэдэж байна. Мөн чи өөрөө ч надад ярьж өгсөн шүүдээ." гэлээ.
       Энэхүү харилцан яриа цааш үргэлжилсээр бүр их удаан үргэлжилсэн юм. Гүнтэн ярьж хөөрөх маш их сонирхолтой нь илт байлаа. Түүний яриан дундуур ч би асуух гэсэн олон арван асуултынхаа хариуг олж авсан билээ. Заримдаа хачирхалтай асуулттай тулгарсан үедээ  ярианыхаа сэдвийг тэр өөрчилж, мушгиж гуйвуулна, аль эсвэл намайг ойлгоогүй мэт булзааруулна. Гэхдээ л ерөнхийдөө би асуухыг хүссэн зүйлсдээ ерөнхийд нь хариулт авч чадсан гэдгийг хэлэх байна. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрлөө. Гүнтэнтэй нүүр хагарахын зэрэгцээ би түүнээс илүү сонирхолтой зүйлсийн талаар асуумаар санагдав. Тэгээд би уржигдрын үйл явдлууд, хачирхалтай цэнхэр дөлнүүдийн тухай, мөн яагаад тэрэгний жолооч эдгээр дөлнүүдийг хармагцаа, тэдний зүгт явсан талаар нь эхлээд асуулаа. Харин гүнтэн хэлэхдээ энэ бол жил бүрийн нэг л өдөрт, нэг л цагт үзэгддэг маш ховор үзэгдэл гэсэн бөгөөд олны ярьдгаар бол тэр шөнө, миний хувьд урьд өдрийн өмнөх тэр шөнө газар дэлхийн хамаг л муу ёрын зүйлс бүхэн амилж, хөдөлгөөнд орон ийш тийш доншуучилдаг юм гэнэ. Харин тэдгээр цэнхэр дөлнүүдийн тухайд бол зөвхөн эрдэнэс нуусан газарт л үзэгддэг болохыг гүнтэн ярьж өглөө.
        "Чиний урьд шөнө нааш ирэхдээ явж өнгөрсөн газарт", гэж хэлээд тэр цааш нь "эрдэнэс булагдсан гэдэг юм билээ. Итгэхэд үнэхээр бэрх ч гэлээ бодоод үзвэл эргэлзэх шалтгаан байхгүй шүү. Учир нь энэ газар нутгийн төлөө, их олон жилийн өмнөөс л Туркууд, Саксончууд болон Валлачууд өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн юм. Хөлөг баатрууд, эх орончид, гадны түрэмгийлэгчид гээд л уг газарт хүний цус дусаагүй хөрс нэг ч үлдээгүй гэлцдэг. Цаг үе ороо бусгаа байсан тэдгээр он жилүүдэд нэгэнтээ Австри болон Унгарчууд энэ газарт хөл тавьсан байна. Харин нутаг орноо хамгаалах гэсэн зоригт эрчүүд тэднийг угтан очжээ. Найман настай балчираас наян настай өвгөд хүртэл тэдний дунд байсан гэдэг юм. Чулуун гарам дээр тэднийг отож, хадан цохион дээр тэд хүлээцгээж байлаа. Хүсэн хүлээсэн мөч удалгүй ирэхэд чулуу моддыг дээрээс нь нүүлгэж, хиймэл хөрсний нурангиар тэднийг бүгдийг нь газартай нь булж орхисон гэдэг."
        "Тийм зүйл байж болно гэж үү?", гэж би гайхан дуу алдав. Тэгээд "Хэдий тийм байлаа ч тэдгээр газарт нэгжлэг хийлгүй өдийг хүртэл байх уу даа. Уг газрыг нээж үзэх хүсэлтэй хүн байхгүй байсан гэж үү?" гэж асуув. Гүнтэн энэ үед инээмсэглэлээ. Ийнхүү инээх үед нь мөнөөх л жирийн хүнд байж боломжгүй хурц цагаан соёонууд нь ил гарах нь тэр.
         "Яагаад гэвэл цаад тариачид чинь хулчгар бас мулгуу мангуу улс юм! Жилийн зөвхөн нэг л шөнө, нэг л цагт тэдгээр цэнхэр дөлнүүд үзэгддэг юмшүүдээ. Харин тэр өдөр нь өнөөх тариачид чинь гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй юмдаа. Хэдий тэр дөлнүүдтэй тааралдлаа ч гэсэн дараагаар нь өдрийн гэрэлд уг газрыг дахин эрж олно гэдэг бараг л боломжгүй хэрэг. Эрхэм та ч мөн адил тэдгээр газрыг дахин хэзээ ч олж чадахгүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна."
        "Ойлгомжтой." гэж би хариуллаа. Тэгээд "Таны зөв. Би бүр хаанаас нь эхлээд хайхаа ч төсөөлөхгүй л байна." гэлээ. Төд удалгүй бид өөр зүйлсийн талаар ярилцаж эхлэв.
        "Ингэхэд нээрэн" гэж гүнтэн хэлээд "чи надад Лондон хот болоод нэн ялангуяа миний худалдан авах гэж буй эзэмшлийн талаар ярих хүн үү, үгүй юу" гэлээ. Өөрийнхөө хайнга байдлын өмнөөс би уучлалт хүсээд, унтлагын өрөөрүүгээ явж цүнхэн дотроосоо бичиг баримтын зүйлсийг авчрахаар явлаа. Баримт бичгүүдийг би дугаарлан тоолж байх явцад зэргэлдээх өрөөнөөс хятад шаазан болоод мөнгөн халбага, сэрээнүүдийн тачигнах чимээг сонсов. Сонирхоод би өрөөний хаалгаар шагайтал ширээ цэвэрлэгдсэн байх бөгөөд дэнгийн гэрэл хоосон ширээг гийгүүлж байлаа. Тэгэхэд л гадаа харанхуй болсон байсныг би анзаарсан юм. Харин дэнгийн бүдэг гэрэлд би гүнтэнг буйдан налж суугаад, Брадшавын лавлах толь болоод бусад номын хуудаснуудыг эргүүлж байхыг нь харлаа. Бичиг баримтаа цэгцэлж дуусгаад би номын санд эргэн очив. Уншиж байсан ном, сонингуудаа гүнтэн ширээнээс холдуулж ирээд л их сонирхож байгаа бололтой суув. Үнэхээр ч тэр миний тайлбарлаж өгсөн бүх зүйлийг тун их сонирхон сонсч байсан юм. Тэгээд надаас энэ юун газар вэ, тэр юу вэ гэхчилэн өчнөөн олон асуулт асуусан гээч. Очих газрынхаа талаар тэр маш их судалсан нь илт байсан бөгөөд эцэстээ бараг надаас ч ихийг мэддэг болж таарлаа шүү. Гүнтэнгийн энэ бүх мэдлэг, хичээл зүтгэлийг нь магтахад тэрбээр,
         "Хаанаасдаа, гэхдээ найз минь, энэ бүхэн надад үнэхээр хэрэг болохгүй гэж үү? Тэнд очсон үедээ би цор ганцаархнаа л байх болно шүүдээ, харин миний найз Харкер Жонатан, эй уучлаарай, өөрийнхөө улсын заншил ёсоор би овгийг чинь түрүүлээд дуудчихлаа. Лав л тэнд миний найз Жонатан Харкер надад тус дэм болоод үргэлж дэргэд минь байхгүй шүүдээ. Тэр тэндээс их хол газарт, магадгүй шүүх зөвлөлийн танхимд бичиг цаасны ажил эрхлээд өөр нэг найз Петер Хаукинсын минь хамтаар сууж байх биз. Тийм үү?" гэлээ.
         Бид шууд л үндсэн ажил хэрэгтээ орж, Пюрфлит муж дахь эдлэн газрын талаар хэлэлцэж эхлэв. Чухал хэрэгцээтэй дүрэм заалтуудыг түүнд тайлбарлаж, бичиг гэрээнд гарын үсгийг нь зуруулж, ноён Хаукинсд илгээх дугтуйны хамтаар бэлэн болголоо. Харин гүнтэн надаас эзэмшил газрын талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэлт тавихад нь урьд өмнө хэрэг гаргаж бичиж тэмдэглэн авсан зүйлсээ би түүнд уншиж өгөхөөр шийдэв.
         "Пюрфлит  мужид, замын дэргэд, хуучин эзэн нь худалдахаар шийдсэн нэгэн байшинтай таарлаа. Хуучирч муудсан ч гэлээ миний шаардлагыг хангаж байсан нь сайн хэрэг шүү. Мөн уг байшин нь тойроод том зузаан гэгч нь чулуун хашаатай бөгөөд гаднаас нь харахад их л эртний хийцтэй барилга байв. Мөн засварт оролгүй их удсан нь тодорхой байлаа. Харин хаалганууд нь маш зузаан царс мод аль эсвэл төмрөөр хийгдсэн байх бөгөөд өмхөрч, муудаад мөн зэвэнд идэгджээ.
          Уг эдлэн газрын нэрийг Карфакс гэдэг юм байна. Харин 4 ханатай байшингийн хувьд хуучны Куатре Фачийн хууль бус хөрөнгөөр боссон гэдэгт нь маргах зүйл алга. Талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 20 акр бөгөөд дээр дурьдсан чулуун ханаар хүрээлэгдсэн ба хашаан дотор модод олон байсан нь уг эдлэн газрын ерөнхий дүр төрхийг нилээд дүнсгэр харагдуулж байв. Мөн моддын дунд хаврын горхиноос эх авсан жижиг хэмжээний цөөрөм байгаа харагдана. Байшингийн хувьд маш том хэмжээтэй бөгөөд дундад зууны гэмээр хийцтэй уг барилгын нэг хана нь гэхэд бүхэлдээ маш зузаан том гэгч нь чулуунуудаас бүтсэн байх агаад тороор хамгаалагдсан маш цөөхөн цонхтой юм. Ерөнхийдөө гаднаас нь харвал яг л эртний сүм дуган шиг харагдах аж. Мэдээж хэрэг надад түлхүүр нь байгаагүй тул байшин дотор орж үзэж чадсангүй. Гэхдээ Кодак аппаратынхаа тусламжтай нилээд хэдэн зураг дараад амжсан шүү. Мөн эдлэн газрын ерөнхий байр байдал нь тун замбараагүй байсан ба газрын хэмжээ нь магадгүй миний тооцоолсон хэмжээнээс ч их байж мэдэх юм. Гэхдээ л хангалттай хэмжээний том юм. Эдлэнгийн ойролцоо хэд хэдэн байшин байна. Тэдний нэг нь болох том барилгыг тун саяхан барьж байгуулсан бөгөөд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлэг нэрээр ашиглалтанд оржээ. Энэхүү байшин эдлэн газраас тун тодхон харагдана."
           Намайг уншиж дуусахад, гүнтэн "Хуучирсан бас том гэнээ. Надад таалагдаж байна. Би их хуучинсаг үзэлтэй хүн тул шинэ байшинд амьдарч ер чаддагүй юм. Бас би эртний сүм мөргөлийн газруудад дуртай шүү. Манай Трансилванийн язгууртнууд нас барсан хойноо өөрсдийн ясыг лав л энгийн хүмүүсийн дунд тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх байсандаа. Мөн залуу хүмүүс шиг нарны гэрэл, хурц тод өнгө төрхөнд дурлахаа болиод би удаж байна. Энэ байшин маань ч их хуучирч муудсан байна. Сүүдэр багасч, эвдэрхий хашаануудын минь завсраар хүйтэн салхи сийгэх боллоо. Би сүүдэр болон харанхуйд дуртай, учир нь хэн ч бас юу ч миний бодол санааг надаас үргээж чаддагүй тул аятайхан байдаг юм." Ийнхүү гүнтэнг ярьж суух үед нь түүний үгс нь нүүрний хувиралтай нь зохицохгүй байх шиг санагдав. Түүний цонхигор нүүрэнд тодорсон инээмсэглэл нь яагаад ч юм надад хорон муухай юм шиг санагдаж билээ.
        Удалгүй гүнтэн надаас уучлалт хүсээд түр хугацаанд гарчихаад ирье гэж хэллээ. Тэр яваад нилээд хугацаа өнгөрлөө, тэгээд би эргэн тойрондоо буй номын сангийн номнуудаас сонирхож эхлэв. Нэгэн атлас номыг аваад нээж үзвэл Англи орны газрын зураг гараад ирлээ, энэ нь уг хуудсыг олон удаа уншсан гэсэн үг. Газрын зураг дээр тэмдэглээнүүд байх бөгөөд нэг нь Лондонгийн ойролцоох эдлэн газрыг тэмдэглэжээ, харин нөгөөх нь Йоркшайр эрэг дэх Экзетер болон Витбайг дугуйлсан байна.
       Тэгтэл гэнэт гүнтэн ороод ирэв. Тэгснээ тэр "Аха!" гэж хэлээд, "Номоо уншсаар л байна уу? Сайн байнаа! Гэхдээ та үргэлж ажиллаад байж болохгүй шүүдээ. Алив нааш ир! Таны оройн зоог бэлэн болсон гэдгийг хэлэх гэсэн юм." гэлээ. Тэгээд гүнтэн гарнаас минь сугадаад хоолны өрөөнд ороход үнэхээр ч ширээн дээр арааны шүлс асгаруулам сайхан хоол ундыг бэлтгэсэн байв. Гүнтэн мөн л сүүлийн удаагийнх шиг надаас уучлалт хүсээд оройн зоогоо барьчихсан тухайгаа хэлэв. Тэгээд мөн л урьд өдрийн өмнөх шөнийх шиг ширээнд надтай хамт суугаад, намайг хооллож байх хооронд элдвийн зүйлсийн талаар ярилцав. Хоолны дараагаар яг л өмнөх шөнө шиг намайг тамхиар дайлж, бас л янз бүрийн зүйлсийг асууж суув. Цаг их орой болжээ. Гэвч би юу ч хэлсэнгүй. Учир нь би гэрийн эзний хүсэл шаардлагыг дагаж байх үүрэг авсан шүүдээ. Бараг л өчигдрийг тэр чигт нь унтаж өнгөрүүлсэн тул миний нойр тэгтлээ их хүрээгүй ч өдрийг шөнөөр сольж буй энэ зуршилд би дадаж өгөхгүй байлаа. Хүмүүсийн ярьдгаар бол нас барах цаг нь тун дөхсөн хүмүүс үүрээр аль эсвэл өдөр шөнө солигдох мөчид өнгөрдөг гэлцдэг. Харин эрүүл саруул хүний хувьд иймэрхүү уур амьсгалын өөрчлөлтөнд маш их ядардаг болохыг би биеэрээ мэдэрсэн билээ. Гадаа тахиа донгодохыг сонсоод өглөө болтол ярьж суусандаа би итгэж чадсангүй.
      Дракула гүнтэн суудлаасаа өндийж, "Яагаад дахиад өглөө болчихов оо! Яахаараа би анзааралгүй танд ингэтлээ их төвөг удаж орхив оо. Чи миний шинэ нутаг Английн талаар ярихдаа арай бага сонирхлыг минь татахаар ярих хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол уйдсандаа би урсан өнгөрч буй цаг хугацааг ажиглах байлаа шүүдээ." ингэж хэлээд гүнтэн бөхийн салах ёс хийгээд, хаалга нээн өрөөнөөс гарч одлоо.
      Би унтлагын өрөөндөө ороод хөшгөө нээж үзтэл үзэгдэж харагдах зүйлс ховор бөгөөд харин миний харж чадах зүйл гэвэл ердөө алсад гэгээ орж буй саарал тэнгэрийн хаяа л байв. Тэгээд би хөшгөө хааж орхичихоод, энэхүү тэмдэглэлийг бичиж сууна.

5-р сарын 8.

Энэхүү тэмдэглэлийг бичиж суухдаа би маш их айж байна. Одоо би энэ өдөр тохиолдсон хачирхалтай зүйлсийг, мөн энэхүү хачин газрын талаарх бие сэтгэл тавгүй болгосон зүйлсийн талаар нэг нэгэнгүй бичье. Зөвхөн би эндээс эрүүл саруул буцахыг л хүсч байна, аль эсвэл энэ газарт ирээгүй байсан ч болоосой! Ордонд ирснээсээ хойш гүнтэнгээс өөр хэнтэй ч таарсангүй, хэнтэй ч ярилцсангүй. Яг л би энэ том байшинд түүнтэй хамт амьдарч буй цорын ганц амьд хүн юм шиг л өөрийгөө төсөөлж сууна. Эхлээд би тайвшрах хэрэгтэй. Үгүй бол төсөөлөл бас айдас минь намайг эзэмдэх нь багасахгүй ... ингээд юун түрүүнд би өөрт минь ямар санагдаж байгааг эхэлж бичье.
       Орондоо орсноосоо хойш би ердөө хэдхэн цаг л унтлаа. Нойр минь хүрэхгүй байсан тул босохоос өөр арга байсангүй. Ингээд би цонхны дэргэд очиж зогсоод шилний тусгалд ойх өөрийхөө дүрсийг харж зогсов. Удалгүй сахлаа хусахаар шийдэж татуургаа гарган ирж, эрүүндээ тулгах тэр мөчид хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавих нь тэр дээ! "Өглөөний мэнд" гэх гүнгийн дууг олж сонссондоо би бараг л итгэсэнгүй. Тэгээд айж цочсондоо уулга алдаж орхилоо. Өрөө минь бүхэлдээ цонхны шилний тусгалд харагдаж байсан атал гүнгийн тийнхүү ард минь гэнэтхэн гарч ирсэнд үнэхээр их балмагдав, магадгүй би орж ирснийг нь анзаараагүй хэрэг байх. Энэ үедээ би арьсаа хутганы хурц ирэнд исгэсэн байснаа мөн л мэдсэнгүй. Гүнтэнд би хариу мэндчилээд, эргэлзээгээ тайлахын тулд эргэж цонхруу харав. Осолдолгүй миний ард гүнтэн гэгээн дүрээрээ зогсч байсныг нь олж хараад сэтгэл бага ч атугай тайтгарав. Харин тэгтэл яасан гэж санана! Цонхны дэргэд байсан толинд минь түүний төрх харагдсангүй! Надаас өөр мөн өрөөн доторх тавилгуудаас өөр юу ч тэнд байхгүй байлаа! Арай би буруу хараагүй байгаа даа?
        Энэ бол бусад хачирхалтай үйл явдлуудын ердөө эхлэл нь байсан юм. Мөн түүнээс хойш гүнтэнг миний дэргэд байх үед нь туйлын тав тухгүй санагддаг боллоо. Эрүү минь зүсэгджээ, жижигхэн ч гэлээ тэр шархнаас багагүй цус гарсан байна. Сахлын татуургаа би доош нь тавьж , шархны наалт эрэхээр биеэ хагас эргүүлэв. Харин энэ үед гүнтэн миний царайг олж хараад, хоёр нүд нь улаанаараа эргэлдэх нь тэр, үнэхээр аймшигтай! Тэгээд тэр яагаад ч юм мөрнөөс гараа авч, тэгээд миний хүзүүг илж эхлэв. Надад үнэхээр эвгүй санагдсан тул биеэ түүнээс аль болох холдуулахыг хичээлээ. Тэгэхэд гүнгийн гар хүзүүнд минь зүүлттэй байсан загалмайн гинжинд хүрч орхисон нь түүнийг тэр дор нь өөрчилөх нь тэр дээ. Улаанаараа эргэлдэж байсан аймшигтай нүд нь эргээд аядуу зөөлөн харцаар солигдов.
        "Болгоомжтой байхгүй дээ", гэж тэр хэлээд "ер нь энд мэдэлтэй байхгүй бол энэ улс орон чиний төсөөлж байгаагаас чинь ч илүү аюултай газар шүү." гэв. Тэгээд тэр сахал хусахдаа хэрэглэдэг жижиг толийг минь авснаа "Харин энэ эд хогшил чинь үүргээ гүйцэтгэж, хангалттай хуучирсан байна. Тан шиг залуу эр хүнд ийм зүйл хэрэгцээгүй. Хаях хэрэгтэй!" гэж хэлээд цонх онгойлгож, толийг минь гаргаж шидэхэд удалгүй тэр доор чулуунд бут үсэрч, хэдэн мянган хэсэгт хагарах нь тодхон сонсогдов. Ингээд гүн юу ч хэлэгүйгээр гараад явчихлаа. Одоо би сахлаа хэрхэн хусах болж байна? Аз болоход сахлын татуурганы гэр нь гялгар металиар хийгдсэн байна, аль эсвэл бугуйн цагнийхаа ард талыг харах уу.
        Намайг зоогийн өрөөнд явж ороход, өглөөний цай бэлэн болсон байх бөгөөд харин гүнтэнг би олж харсангүй. Ингээд би ганцаараа өглөөний цайгаа ууж дуусгалаа. Мөн гүнтэнг ямар нэгэн юм ууж бас идэж байхыг харж байгаагүй нь үнэхээр хачин санагдаж эхлэв. Тэр үнэхээр хачирхалтай хүн юм! Цайлж дууссаныхаа дараагаар би шилтгээнийг үзэж сонирхохоор энд ирснээсээ хойш анх удаагаа өрөөнөөсөө гарч үзлээ. Шатаар би доош уруудаж, харанхуй хонгилоор явсаар удалгүй өмнө зүгрүү харсан цонхтой нэгэн тасалгааны дэргэдүүр зүгээр өнгөрчихөж чадсангүй.
        Анхаарлыг минь гойд их татсан тул цонхных нь дэргэд явж очив. Эндхийн байгаль орчин үнэхээр гайхалтай ажээ! Мөн уг шилтгээн маш гүнзгий ангалын ирмэг дээр байдгийг нь тэр үед л мэдсэн юм. Зөвхөн цонхноос доош шидсэн чулуу юунд ч хүрэлгүйгээр бараг л мянган фит газарт унахаар санагдаж байлаа! Харин ангалын нөгөө ирмэгээс цааш алсын бараа тасрах хүртлээ шигүү ой модод үргэжилжээ. Моддын завсар зайгаар гялалзах мөнгөн тууз мэт үзэгдэх гол горхинууд урсан байгаа харагдана.
        Гэвч одоо би байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулах хүсэлгүй байна. Хаалга, хаалга, хаалганууд, хаа сайгүй хаалганууд байлаа. Бүгд түгжээтэй бас цоожтой. Шилтгээний цонхнууд нь маш сайн торон хамгаалалттай тул лав л тэндээс гарах боломжгүй байх. Энэ шилтгээн үнэнхүү гяндан шиг ажээ. Харин би хэн болж таарав!