Monday, August 28, 2017

'Өндөг' (Энди Вэйр)

Та магадгүй зохиолч Энди Вэйрийг 'The Martian' номоор нь мэдэх байх. Тэхх, кино нь байдаг шүү дээ, нөгөө Холливудынхан Метт Демоныг 700 дахь удаагаа авардаг кино ...

Ингээд Эндигийн 2009 онд бичиж байсан 'Өндөг' хэмээх богино хэмжээний өгүүллэгийг орчуулан оруулж байна.

   Чи үхэх үедээ гэр рүүгээ яарч явсан.
   Энэ автомашины осол байсан. Онцгой зүйл тэнд огт байгаагүй ч тун ноцтой осол байсан. Чиний ард эхнэр, хоёр хүүхэд чинь үлдсэн. Мөн чи өвдөлгүйгээр үхсэн. Түргэн тусламжийн эмч нар чамайг аврах гэж бүхий л нөөц бололцоогоо шавхсан ч энэ хангалттай байж чадаагүй. Тэгээд ч чиний бие маш хүнд гэмтсэн, надад итгээрэй, чи үнэндээ үхсэн нь дээр байсан юм.
   Харин чи ингэж л надтай уулзсан.
   "Юу ... юу болсон бэ?" гэж чи асуусан. "Би хаана байна аа?"
   "Чи нас барсан," гэж би товч бөгөөд тодорхой хариулсан. Надад хэлэх гэсэн үгсээ бөөрөнхийлөх хүсэл үнэндээ байсангүй.
   "Тэнд ... ачааны тэрэг явж байсан, тэгээд ..."
   "Тийм ээ," гэж би хэлсэн.
   "Би ... би үхсэн гэнэ ээ?"
   "Тийм. Надад үнэндээ харамсалтай санагдахгүй байна. Бүгд л үхдэг хойно."
   Чи ийш тийш сониучирхан харж байсан. Гэвч тэнд юу ч байгаагүй. Зөвхөн чи бид хоёр. "Энэ юун газар вэ?" гэж чи асуусан. "Энэ үхлийн дараах ертөнц мөн үү?"
   "Илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг тийм," гэж би хариулсан.
   "Та бурхан уу?" гэж чи асуусан.
   "Тийм ээ", гэж би хариулсан. "Би бол Бурхан."
   "Миний хүүхдүүд ... миний гэргий ..." гэж чи хэлсэн. "Тэд яах болж байна? Тэд зүгээр байгаа?"
   "Наадахыг чинь л би харахыг хүсч байлаа," гэж би хэлсэн. "Чи дөнгөж сая үхчихсэн, гэсэн ч чиний санааг зовоож буй гол асуудал гэр бүл чинь байна. Энэ ч сайн хэрэг шүү."
   Чи над руу гайхсан янзтайгаар харсан. Чиний хувьд, би огтхон ч Бурхантай адил харагдаагүй. Би ердөө л энгийн хүн шиг харагдаж байсан. Эсвэл эмэгтэй хүн шиг. Аль эсвэл үл тоомсорлосон эрх мэдэлтэн шиг. Магадгүй, гэгээнтнээс илүү дунд сургуулийн дүрмийн багш шиг л байсан байх.
   "Битгий санаа зов," гэж би хэлсэн. "Тэд алзахгүй. Хүүхдүүдийнхээ хувьд чи эгнэгт төгс төгөлдөр нэгэн хэвээр байх болно. Тэдэнд чамайг үзэн ядах цаг байгаагүй. Эхнэр чинь гаднаа уйлах боловч дотроо нууцхан тайвширна. Үнэнийг хэлэхэд, та хоёрын гэрлэлт сүйрч байсан. Харин тэр тайвширч байгаадаа гэмшиж эхэлнэ."
   "Өө," гэж чи хэлсэн. "Тэгвэл одоо яах уу? Би диваажин руу, аль эсвэл там руу ч юм уу явах болов уу?"
   "Аль нь ч биш," гэж би хариулсан. "Чи дахин төрөх болно."
   "Ахх," гэж чи хэлсэн. "Тэгэхээр Хиндучуудын хэлсэн үнэн байх нь,"
   "Бүх шашин үнэн байдаг юм аа, өөр өөрсдийнхөө замаар," гэж би хэлсэн. "Надтай хамт алхаач."
   Биднийг огторгуйн уудмаар хэсүүчлэх зуур чи намайг дагасаар явсан. "Бид хаашаа явж байна?"
   "Тодорхой зорьсон газар алга," гэж би хэлсэн. "Зүгээр л ярилцангаа алхаж явах нь надад таатай байна."
   "Тэгвэл ямар хэрэг байна аа?" гэж чи асуусан. "Намайг дахин төрөхөд бүх зүйл харанхуй байна, тийм үү? Би эргээд нялх хүүхэд болно. Тэгэхээр, миний энэ амьдралдаа хийсэн бүхэн, мэдэрсэн бүх цөм хэрэггүй болно."
   "Огтхон ч үгүй!" гэж би хэлсэн. "Чамд өнгөрсөн амьдралуудын чинь бүх мэдлэг, туршлагууд бий. Одоохондоо чи зүгээр л тэднийг санахгүй байгаа хэрэг."
   Би алхахаа зогсоод, чиний мөрөн дээр гараа тавьсан. "Чиний сүнс чиний төсөөлж байгаагаас ч илүү үзэсгэлэнтэй, гайхалтай, бас сүр жавхлантай. Хүний ой той гэдэг зөвхөн чамайг хэн бэ гэдгийг илтгэх өчүүхэн жаахан хэлтэрхийг л өөртөө агуулж чаддаг. Энэ яг л хуруугаа шилэн аягатай усанд дүрээд, халуун байна уу, хүйтэн байна уу гэдгийг нь мэдэх гэж оролдохтой адил. Чи өөрийнхөө өчүүхэн нэг хэсгийг вааранд хийснийхээ дараагаар гарган авч үзэхэд, бүх л төрлийн туршлагыг өөрт шингээсэн байхтай ижил.
   Чи өнгөрсөн 48 жилийн турш хүний дотор байсан, тийм ч учраас бие чинь сайн тэлж, өөрийнхөө гайхалтай оюун ухааныг хараахан мэдрээгүй байна. Хэрэв хоёулаа энд хамтдаа арай илүү удаан ярилцаж суусан бол чи бүгдийг санаж эхлэх байсан нь лавтай. Гэвч амьдрал болгоны хооронд үүнийг хийх нь утгагүй зүйл."
   "Тэгвэл би хэдэн удаа дахин төрсөн юм бэ?"
   "Өө олон удаа, маш, бүр маш олон удаа, олон өөр амьдралд," гэж би хэлсэн. "Энэ удаад чи МЭ 540 онд Хятад тариачин охин болж мэндэлнэ."
   "Байзаарай, юу гэнэ ээ?" гэж чи түгдэрсэн. "Та намайг өнгөрсөн рүү илгээх гэж байгаа хэрэг үү?"
   "Яахав, техникйин хувьд бол тийм. Чиний мэддэгчлэн, цаг хугацаа, энэ зүйл зөвхөн танай ертөнцөд л байдаг. Харин миний ирсэн газарт бүх зүйл өөр байдаг юм."
   "Та хаанаас ирсэн бэ?" гэж чи асуусан.
   "Өө, тэгэлгүй яахав," гэж би тайлбарлаад, "Би хаа нэгтээгээс ирсэн. Хаа нэг газраас. Мөн тэнд надтай адил өөр бусад нь бий. Чамайг тэнд ямар байдгийг мэдэхийг хүсч байгааг чинь мэдэж байна, гэхдээ чи ойлгохгүй ээ."
   "Өө," гэж хэлээд, чи сэтгэл дурамжхан хоцорсон. "Гэхдээ, хүлээгээрэй. Хэрэв би өөр газруудад, өөр цаг үеүдэд дахин мэндэлсэн юм бол хаа нэгтээд, хэзээ нэгэн цагт би өөртэйгөө уулзсан байж болох юм."
   "Мэдээж хэрэг. Үргэлж л тохиолдож байдаг. Харин хоёр амьдрал чинь хоёул зөвхөн өөрсдийнхөө л амьдралыг мэдэхээс хойш тэнд чухам юу болоод байгааг чи мэдэхгүй."
   "Тэгвэл энэ бүхний учир шалтгаан гэж юу байна аа?"
   "Тоглоод байна уу?" гэж би асуусан. "Чи үнэхээр тоглоод байна уу? Надаас амьдралын утга учрын талаар асууна гэнэ ээ? Энэ чинь жаахан хэвшмэл асуулт гэж бодохгүй байна уу?"
   "Яахав, ядаж л энэ үндэслэлтэй асуулт," гэж чи зөрсөн.
   Дараа нь би чиний хоёр нүд рүү харсан. "Амьдралын утга учир бол, энэ бүх ертөнцийг бүтээсэн миний шалтгаан гэвэл, чамайг ухаан суугаасай гэснийх билээ."
   "Та хүн төрөлхтнийг хэлж байна уу? Та биднийг томоожоосой гэж хүссэн?"
   "Үгүй дээ, зөвхөн чамайг. Би бүхэл бүтэн энэ ертөнцийг зөвхөн чамд зориулан бүтээсэн. Шинэ амьдрал тутамдаа чи өсч томорч, улам хэрсүү болж, ухаан чинь тэлж байдаг."
   "Зөвхөн би? Бусад нь яасан гэж?"
   "Бусад хүн гэж байхгүй," гэж би хариулсан. "Энэ ертөнцөд зөвхөн чи бид хоёр л гэж бий."
   Чи над руу хоосон ширтсэн. "Гэхдээ, дэлхий дээрх бүх хүмүүс ..."
   "Тэд бүгд чи. Бүгд чиний өөр хувилбарууд."
   "Хүлээгээрэй, би бүх хүн гэнэ ээ!?"
   "Одоо чи ойлгож байна," гэж би хэлсэн. Тэгээд нуруун дээр чинь баяртайгаар алгадсан.
   "Би тэгвэл урьд өмнө амьдарч байсан бүх хүн?"
   "Эсвэл хожид амьдрах хүн бүр, тийм ээ."
   "Би Абрахам Линкнольн байсан хэрэг үү?"
   "Тийм ээ, бас чи Жон Вилкес Бүүт ч мөн адил байсан." гэж би нэмж хэлсэн.
   "Би Гитлер байсан гэж үү?" гэж чи гайхан асуусан.
   "Тэгээд чи сая сая хүнийг устгасан."
   "Би Есүс байсан?"
   "Тэгээд олон зуун хүн чамайг дагасан."
   Чи дуугаа хураасан.
   "Чи бусдыг хохироох тоолонд," гэж би гэж хэлсэн, "чи хэрэг дээрээ өөрийгөө л хохироож байсан. Сайн сайхны төлөө хийсэн бүхэн чинь, зөвхөн чи тэднийг өөртөө л зориулан хийсэн. Хүн төрөлхтний мэдэрсэн, мэдрэх бүхий л аз жаргалтай хийгээд гунигтай мөчүүдийг чи өөрөө л мэдэрсэн."
   Чи их удаан бодолхийлсэн.
   "Яагаад?" гэж чи надаас асуусан. "Яагаад энэ бүгдийг хийж байгаа юм бэ?"
   "Яагаад гэвэл хэзээ нэгэн өдөр чи над шиг болох болно. Энэ бүхэн тийм учиртай. Чи бол бидний нэг. Чи бол миний хүүхэд."
   "Хөөх," гэж чи гайхшран хэлсэн. "Намайг та бурхан гэх гээд байна уу даа?"
   "Үгүй дээ, одоохондоо биш. Чи бол үр хөврөл. Чи одоо өсч томорч байна. Харин чи бүхий л цаг хугацааны туршид бүх хүний амьдралаар амьдарсныхаа дараагаар, төрөхөд хангалттай хэмжээнд хүртлээ өссөн байх болно."
   "Тэгэхээр, энэ бүх ертөнц," гэж чи хэлсэн. "энэ бүхэн ердөө л ..."
   "Өндөг." гэж би хариулсан. "Харин одоо чи дараагийнхаа амьдрал руу явах цаг болсон байна."
   Тэгээд би чамайг үдэж өгсөн.

5 comments:

  1. Баярлалаа, Хүслэн ах! Гоё өгүүллэг байна! :D

    ReplyDelete
  2. Unshaad jaahan ch gesen taivshrah shig

    ReplyDelete
  3. iim goy uguullegvvd orchuulj hvrgedegt bayrlalaa 🤗 hetsvv bish bol angli hel dr davhar oruulj blh bolvu?

    ReplyDelete
  4. bayarlalaa Khuslen ahaa

    ReplyDelete