Sunday, August 25, 2013

"Дракула Гүнтэн" (2-р бүлэг)

2-р Бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.

        Маргаан байхгүй би дуг нойрондоо дугжирч явснаас зайлахгүй, хэрэв үгүй бол ийм ер бусын газарт ирснээ анзааралгүй өнгөрнө гэж таарахгүй. Бидний дэргэдүүр нь өнгөрсөн дугуй арктай өргөн чулуун хаалга хүртэл өдий төдий зай байх агаад эдлэн газрын уг хэмжээ нь маш том мэт санагдаж байв. Гэвч одоохондоо энэ бүгдийг өдрийн гэрэлд харахад цаг эрт байна.
       Сүйх тэргийг зогсох үед, тэрэгний жолооч газарт шалавхан гэгч нь бууж надад туслахаар гараа тэр сунгасан юм. Энэ удаад түүний тусламжаас би татгалзсан боловч мөн л гарных нь ер бусын их хүчийг мэдрэх шиг болж билээ. Сарны гэрэлд цэв хүйтэн төмөр шиг харагдах түүний гарнаас баривал, хэрэв тэгээд тэр жаахан л хүчлэх юм бол минийхийг бяц атгах юм шиг санагдаж байлаа. Удалгүй жолооч эр ачаа тээшийг минь аваад шилтгээнрүү орох их хаалганы өмнө зогсч байсан миний дэргэд авчирч тавив. Хуучирч өнгө төрхөө алдсан уг хаалга зэвэнд идэгдсэн том хадааснуудтайгаас гадна урагш түрсэн гантиг чулуун хүрээтэй юм. Бүрэнхий байсан ч гэлээ чулуун дээрх сийлбэрүүд нь тод гэгч нь харагдах бөгөөд цаг хугацааны эрхэнд элэгдэж бас мууджээ. Морьтон удалгүй тэргэндээ заларч, морьдоо тэр хөтөлсөөр харанхуйд замхран одоход яах учраа ололгүй би зогсч байсан газраа ганцаар үлдэж хоцров. Хонх эсвэл хаалга тогших тогшуур уг хаалганд байдаггүй бололтой. Дүнсгэр энэ шилтгээний зузаан хана туургануудыг, хүнгүй мэт харанхуй цонхнуудыг нь лав л миний дуу хоолой нэвтлэнэ гэж бодохгүй байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Дотроо би тээнэгэлзэхийн зэрэгцээ эмээж эхэллээ. Ямар гээчийн газарт хүрээд ирэх нь энэ вэ? Бас ямар хүмүүсийн дунд? Мөн ямар янзын харанхуй адал явдалтай би орооцолдож орхив? Англи дахь үл хөдлөх хөрөнгийг гадны хүнд худалдахаар явсан хуулийн зөвлөхийн амьдралд тохиолддог жирийн хэргүүдийн нэг нь энэ гэж үү? Лондонг орхихоосоо өмнөхөн шалгалтаа амжилттай өгсөн тухайгаа дуулсан юм, одоо бол би бүрэн эрхтэй хуулийн ажилтан, тангарагтан албан хаагч болсон шүүдээ! Унтаагүй гэдгээ мэдэхийн тулд би нүдээ нухалж, хацраа чимхэж үзлээ. Энэ бүхэн надад яг л хар дарсан зүүд шиг санагдаж билээ. Тэгээд би сэрэнгүүтээ өөрийгөө гэртээ байгаагаа мэдэх болно, яг одоо цонхоор тусч байгаа шиг нарны гэрэл өрөөг минь гийгүүлэхэд, ажилд дарагдсан хүнд өдрийнхөө алжаалыг тайлахаар шүлэг нойрны ертөнцөд нойрссон би тэндээс эргэн ирэх болно .. Гэвч туршилтын үр дүн тэр дорхноо гарч хорсох хацар, улайх нүд хоёр минь намайг зүүдлээгүй гэдгийг мэдрүүлэв. Би үнэхээр сэрүүн байлаа, сэрүүнээр барахгүй Карпатын уулсын дунд, үл мэдэгдэх шилтгээний нүсэр том хаалганы өмнө цор ганцаараа зогсч байсан юм. Миний чадах цорын ганц зүйл бол тэвчээртэй байж, өглөө болохыг хүлээх байв.
       Ийнхүү бодож зогстол гэнэтхэн хаалганы цаана хөлийн чимээ дуулдаж, завсар зайгаар нь гэрэл тусах нь тэр! Төмөр гинж хангинан дуугарч, замган түгжээ тайлагдах нь сонсогдов. Цоожны нүхрүү түлхүүр орж, гурвантаа эргэснээр том хаалга сая нэг нээгдэв.
       Хэн байсан гэж санана. Өндөр нуруутай, цагаан сахалтай, хөлнөөсөө толгой хүртлээ өөлөх зүйл үгүй, дэгжин байрын хөгшин зогсч байв. Гартаа тэр эртний хийцийн мөнгөн дэнлүү барьжээ. Дэнлүүний гэрэл харанхуй орчныг гийгүүлж урт сүүдэр татуулсаар хоосон мэт байшингийн хөндий том тасалгааг гийгүүлж байлаа. Сайх хөгшин эр нуруугаа эгцлэн зогсоод, их л эелдэг байдлаар баруун гараа зангаж хэдий хачин аялгатай ч Англиар тун цэвэрхэн гэгч нь мэндэллээ.
       "Миний байшинд тавтай морилно уу! Биеэ барих хэрэггүй, гэртээ ирсэн юм шиг л байгаарай!" Ингэж хэлээд тэр яг л хөшөө шиг гацаж орхилоо. Хөл нь байрнаасаа огт хөдөлсөнгүй. Эвгүй байдалд орохгүйн тулд би өөрөө түрүүлж алхан босго давтал хөгшин эр ухасхийгээд гарнаас минь атгаад авдаг байгаа. Мөс шиг хүйтэн байсан гэж бодож байна уу, тэрнээс ч долоон дор, амьд гэхээсээ илүү үхсэн хүнийх шиг санагдаж билээ. Тэр дахиад л
       "Миний гэрт тавтай морил! Алив ор ор." гэлээ. Түүнтэй гар барилцаж байх үедээ морьтон эрийн гарнаас атгаж байх үеийнхтэй адилхан ер бусын их хүчийг би мэдрэв. Тэрхэн мөчид би тээнэгэлзэж адилхан хүнтэй би ярилцаж байна уу гэж эргэлзэхэд хүрснээ нуух юун. Түүнрүү би асуусан харцаар харж "Дракула гүнтэн үү?" гэж хэлэв.
       Тэр мэхийн ёслоод "Таныг угтан авч буй энэ хүн бол би байна. Дракула. Гэрт минь ор л доо ноён Харкер. Гадаа их жихүүн байна. Та алжааж бас өлсч цангасан л байх, тиймээс та хооллож бас амрах хэрэгтэй." Ийнхүү ярьж байхдаа тэр дэнлүүгээ хананд өлгөөд, ачаа тээшийг минь газраас авлаа. Татгалзах гэсэн боловч тэр надад үйлчлэхийг өөрөө хүссэн юм.
       "Яалаа гэж, та чинь миний зочин шүүдээ. Цаг их орой болжээ, манай үйлчлэгч нар гэр гэртээ харьцгаасан байна. Танд би өөрөө үйлчлэх болох нь." гэж тэр хэлэв. Бид хоёр байшинд орж, маш том дугуй шатаар дээш өгсөж, боржин чулуун шалтай урт хонгилоор явлаа. Харанхуй урт хонгилд бидний алхаа гишгээнээс өөр орчны анирыг эвдэх дуу чимээ ер байгаагүй юм. Нуруугаар хүйт оргиулам уг аялал удаан үргэлжилсэнгүй, ингэж явсаар бид нэгэн хаалганы өмнө хүрч ирэв. Тэгээд гүнтэнг тэр хаалгыг нээх үед дотор минь цэлмээд ирэх шиг л болж билээ! Ханан дахь ил зууханд нь хийгээд удаагүй байгаа болов уу гэмээр том гэгч нь дүнз моднууд шад пад хийн шатах агаад өрөөний голд өргөн ширээний дээр оройн зоогийг бэлдэж зассан байгаа нь тод харагдана. Энэ ч сайны дохио шүү.
       Гүнтэн миний цүнхийг доош буулгаж, хаалгыг хаалаа. Тэгснээ тэр өөр нэгэн хаалгыг нээж өөр нэгэн өрөөнд явж орлоо. Найман ханатай жижигхэн энэ танхимыг ердөө ганцхан дэнлүү гэрэлтүүлж байх бөгөөд цаана нь бас нэгэн хаалга байх юм гэнэ. Гүнтэн тэр хаалгыг ч мөн адил нээж орхиод намайг орохыг урьсан юм. Ханандаа бас ил зуухтай, зуух нь шинэхэн моддоор сэлбэгдэж илч гэрлээ харамгүй хайрласан тохилог дулаан уг тасалгаа унтлагын өрөө байлаа.
       Гүнтэн миний цүнхийг унтлагын өрөөнд оруулж тавиад хаалга хаан гарахаасаа өмнө ингэж хэлэв. "Энд танд хэрэгтэй бүх зүйлс бий. Тэнд мөн угаалгын өрөө байгаа тул та өөрийгөө засч цэвэрлэж болно шүүдээ. Харин та бэлэн болохоороо эсрэг талын тасалгаанд ороод ирээрэй. Оройн хоолоор би таныг дайлж байна." гэв.
       Энэ бүх дулаан уур амьсгал, гэрэл бас гэгээ, мөн гүнгийн элгэмсэг дотно хүлээн авалт энэ бүхэн миний бүхий л айдас хүйдсийг үргээж орхих нь тэрдээ. Хэсэг хугацааны дараагаар би хэвийн байдалдаа орох үедээ л өөрийгөө маш их өлссөн байсныг мэдэрсэн билээ. Ингээд угаалгын өрөөнд орж өөрийгөө угааж цэвэрлэж аваад оройн зоог бэлдсэн өрөөрүү би явлаа.
       Гэрийн эзэн хананд тулсан дулаахан ил зуухны дэргэд зогсоод гараараа тэр ширээрүү зааж,
      "Тавтай хооллохыг танд хүсье. Намайг та өршөөж болгооно уу. Оройн хоолоо би альхэдийнээ барьчихсан тул тантай хамт хооллож чадахгүй болсондоо түмэнтээ хүлцэл өчье." гэлээ.
       Харин би түүнд ноён Хоукингийн илгээсэн захидлыг гардууллаа. Гүнтэн захидлыг нээж үзээд их л сэтгэл тааламжтай уншиж зогсов. Тэгснээ эелдэг гэгч нь инээмсэглээд захидлыг надад өгч уншихыг санал болгосон юм. Энэ нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.
       "Үргэлж л өвчин зовлонд ээрэгдэж байдаг би гэдэг хүн тулай өвчнөөс болоод хэсэг хугацаанд өөрийн бүх төлөвлөгөө, томилолтыг хойшлуулах хэрэгтэй боллоо. Тантай уулзаж чадахгүй болсондоо маш их харамсч байна. Харин би танруу өөрийгөө орлох хэн нэгнийг, мөн тун их итгэж найддаг энэ хүнийг илгээсэндээ сэтгэл хангалуун байна. Тэр бол эрч хүчээр дүүрэн, авъяастай, эелдэг зан харилцаатай залуу хүн байгаа юм. Мөн хянамгай, үг цөөтэй талдаа байж мэдэх ч миний удирдлаган дор боловсорч бэлтгэгдсэний хувьд энэ залуу танайд байх үедээ таны зааварчилгааг ягштал биелүүлэх болно гэдэгт итгэж байна." гэж бичжээ.
       Гүнтэн ширээрүү дөхөж ирснээ, хоолны бүтээлгийг сөхөж авахад амталж шарсан тун амттай тахианы махны үнэр ханхийв. Мөн ногооны салат, бяслаг бас дарс тэнд байлаа. Энэ дарснаас би хоёр хундгыг ууснаа санаж байна. Тийнхүү хооллож байх бүхий л хугацаанд гүнтэн надаас аяллын минь талаар хэл ам сугалчих шахам асууж, би ч нэрэлхэлгүй нэг нэгэнгүй хариулж суулаа.
      Зоог барьж дууссан ч гэлээ гэрийн эзний хүсэл сонирхол нь буурсангүй, ил зуухны дэргэд түүнтэй хамт суухдаа санал болгосон тамхийг нь би татаж суув. Бид хоёр яриад л бас яриад л заримдаа тэр тамхи татдаггүйдээ надаас уучлалт хүснэ. Надад ч мөн гүнгийн талаар мэдэж авах тун аятайхан боломж гарч ирсэнд ихээхэн олзуурхаж байлаа.
      Гүнгийн царай төрх нь тун сүрлэг бөгөөд дориун юм. Зүйрлүүлж хэлбэл яг л бүргэд шиг. Түүний урт нарийн хамар нь үл ялиг монхор ба хамрын нүх нь сартгар том, түүний дух нь хагас дугариг хэлбэртэйгээс гадна буурал суусан үс нь альхэдийнээ халцарч эхэлсэн боловч бусад хэсгээрээ өтгөн юм. Саглагар том хөмсөг нь бараг л хамар дээгүүрээ хоорондоо нийлэх дөхжээ. Харин түүний төрхийг улам илүү хурц болгох живэр сахалных нь дороос түүний амыг ажиглаж харна гэдэг амаргүй хэрэг байв. Гэвч яагаад ч юм түүний шүднүүд нь урт бас их шовх юм шиг санагдаж билээ. Улаан уруул, бараг л үрчлээсгүй цонхигор цагаан царай. Энэ бүхэн түүний насны хүнд байж боломгүй мэт санагдана. Бусад зүйлсийн тухайд цааш дурьдвал, чих нь өндөр нарийн дэлбээтэй, эрүү нь өргөн бөгөөд хүчирхэг, хацар нь нимгэхэн хийгээд хүнхэр. Биеийнх нь ерөнхий өнгө ер нь л цонхигор цагаан юм.
        Мөн миний ажигласан өөр нэг зүйл гэвэл түүний хоёр гар нь байлаа. Ил галын дэргэд өвдгөн дээрээ гараа тавин суух үед нь би сайн харж авав. Зузаан том бөгөөд навтгар хуруунуудтай түүний гар нь яагаад ч юм бээрсэн хүнийх шиг хувхай цагаан санагдаж билээ. Гаран дээрээ бага зэрэг үстэй, харин урт нарийхан хумснууд нь хурц үзүүртэй юм. Гүнтэнг санамсаргүйгээр надад хүрэх үед нь мөс шиг хүйтнийг би мэдэрч цочсондоо өөрийн эрхгүй татасхийж орхив. Надруу ойртох үед гүнгийн амьсгал нь огиудас хүргэм өмхий үнэртэж байсан гэдгийг онцлох байна. Мэдээжийн хэрэг энэ бүгдийг би өөрт нь мэдэгдэхгүйг хичээж суусан нь тодорхой.
       Гэвч гүнтэн энэ бүхнийг өөрөө мэдсэн үү яав, надаас зайгаа барьж эхлэх шиг болов. Тэгээд тэр үл ялиг инээмсэглээд эргээд буйдангаа налж суусан юм. Харин түүнийг инээмсэглэх үед ахиад л жирийн хүнд байж боломгүй мэт хурц цагаан шүднүүд нь ил гарах нь тэр. Бид хоёр хэсэг хугацаанд чимээгүй сууцгаав. Удалгүй үүр цайж, цонхоор харагдах харуй бүрий орчин бага зэрэг гэгээтэй болж эхлэв. Тэгтэл яг л урьд шөнийх шигээ ойн тэртээхээс чононуудын улих дуун сонсогдож эхэллээ. Энэ үед сүүдэрт суух гүнгийн нүд гялалзаж,
      "Сонсож байна уу, та тэднийг. Шөнийн хүүхдүүд. Ямар гээчийн аялгууг тоглож байгааг нь сонсооч гэм!" гэлээ. Тэгээд гүнтэн миний нүүрэнд тодорсон айдсыг анзаарсан бололтой "Аах, хот газарт оршин суугч та нарт анчны мэдрэмж хаанаас байх билээ." гэж хэлэх нь аймар ч юм шиг. Ингэж хэлээд тэр суудлаасаа өндийж,
       "Та их ядарсан байх. Маргаашийн үд дундыг өнгөртөл миний бие нь завгүй тул та ханатлаа унтаж амарч болно. Сайн нойрсоорой мөн сайхан зүүд зүүдлээрэй." гэж хэлэхдээ гүнтэн намайг хүндэтгэн бөхийгөөд өнөөх найман ханатай жижигхэн тасалгааны хаалгыг нээж үлдээгээд зоогийн өрөөнөөс гарч одов.
        Миний дотор хариултгүй үлдсэн түмэн асуулт эргэлдэж байв. Би эргэлзэж, мөн эмээж байсан юм. Мөн элдэв янзын хачирхалтай бодлууд толгойд минь хөвөрнө. Хэрэв бурхан тэнгэр гэж байдаг бол, хэрэв тэд намайг мартаагүй л бол өчүүхэн намайг харж үзээсэй билээ.

5-р сарын 7.

       Нар дээр хөөрч, гадаа өглөө болсон байв. Өнгөрсөн хорин дөрвөн цагийн ихэнхийг нь унтаж өнгөрүүлсэн тул орондоо дэмий хэвтэлгүй аяндаа босмоор санагдав. Хувцаслаж аваад би өөрсдийн оройн зоог барьж суусан зэргэлдээх өрөөнд явж орлоо. Тэнд өглөөний цайг хэн нэгэн бэлтгэж тавьсан байх агаад халуун зуухан дээрх төмөр данхтай кофег эс тооцвол бусад нь хөрч хүйтэн болжээ. Харин гүнтэн надад зурвас үлдээж, ширээн дээр орхиод явсан байна.
      "Би хэсэг хугацаанд шилтгээнд байхгүй байж мэдэх юм. Тиймээс намайг хүлээх хэрэггүй шүү. Д." тэнд ийнхүү бичсэн байлаа, товч бөгөөд тодорхой. Өглөөний хоолоо би амтархан идлээ. Тэгээд үйлчлэгч нарыг дуудах санаатай хонх дуугаргах гэсэн боловч эрээд эрээд би тэр тасалгаанаас олсонгүй дээ. Ийнхүү байдаггүй хонхыг эрж байхдаа би гүнгийн хөрөнгө мөнгөтэй, баян чинээлгийн баталгаа болсон өрөөн доторх ер бусын тавилгуудыг нь ажигласан юм - харин энэ бүхэн намайг үнэхээр алмайруулж орхисон шүү! Бидний дээр нь зоог барьж суусан ширээ гэхэд л сайн чанарын цэвэр алтаар бүрхэгдсэн байна, бодвол тэнгэргүй их үнэтэй эд байх! Цонхноос унжих хөшигнүүд, сандал болон буйдангийн бүрээс, мөн унтсан орны минь бүтээлэг даавуунууд гээд л цөм маш үзэсгэлэнтэй бөгөөд басхүү үнэтэй материалуудаар хийгдсэн байх аж. Мөн харахад их л хуучных юм шиг мөртлөө цоо шинээрээ мэт л санагдаж байлаа.
       Элэгдэж муудаад өнгө төрхөө алдаж, цагаан эрвээхийнүүдэд идүүлсэн л болохоос биш иймэрхүү зүйлсийг би зөвхөн Хэмптоны Харшид л үзэж байснаа санаж байна. Харин би тасалгаануудаас толь олох гээд мөн л барсангүй. Угаалгын өрөөнд нь хүртэл байхгүй байсан нь үнэхээр хачирхалтай хэрэг шүү. Ямар азаар би сахлаа хусахдаа хэрэглэдэг жижигхэн толь цүнхэндээ авч авсан юм бол, түүнгүй бол хэцүүхэн хэрэг болох байлаа. Түүнчлэн гүнгийн дурьдсан өнөөх үйлчлэгч нарынх нь нэг нь ч над дээр орж ирсэнгүй. Тэр бүү хэл алсад хааяа нэг улих чонын улианыг эс тооцвол өөр бусад ямар ч дуу чимээ сонсогдохгүй байсан нь уг том байшинд өөрийгөө цор ганцаархнаа байгаа юм шиг л сэтгэгдэл төрж суулаа. Хэсэг хугацааны дараагаар би өглөөний дутуу орхисон хоолныхоо үлдлэгдлийг идлээ, оройны 5,6 цаг болж байсан тул үүнийг үдийн хоол эсвэл өглөөний зоогийн алин болохыг нь ялгахаа болив. Мөн би гүнгийн зөвшөөрөлгүйгээр харш дотор сэлгүүцэхийг хүсээгүй тул өрөөндөө гиеүрч суухаас өөр арга байсангүй. Уйдсандаа би гэдэг хүн гэнэтхэн юм уншмаар санагдаж эхлэв нь тэрдээ. Тэгээд өрөөнүүд дотуур мөн л эрэл хайгуул боллоо. Ном, сонин харагдсангүй, бүр бичиж тэмдэглэх ямар нэгэн цаасны өөдөс ч байсангүй, худалч хүнд бол өрөөн дотор бараг л юу ч байхгүй байсан гээд хэлчихэд буруудахгүй байгаа. Харин найман ханатай жижигхэн тасалгаанд унтлагын өрөөрүү нэвтрэх хаалга мөн зоогийн өрөөнөөс гарах бас нэг хаалганаас гадна хоёр ч хаалга байсныг би саналаа.
       Унтлагын өрөөний минь эсрэг талд байх нэг хаалга яагаад ч юм түгжээтэй байх нь тэр. Ямар цоожийг нь эвдэж доторхыг нь үзэлтэй нь биш. Харин хоёрдахь хаалгыг нээж үзтэл, бурхны аврал гэж! үнэхээр миний эрж байсан зүйлс тэнд байдаг байна шүү. Товчхон хэлэхэд хэмжээгээр жижиг л болохоос биш тун гайхалтай номын сан байх нь тэр.
      Уг номын сангийн тавиурууд дээр нь англи номнууд өрөөстэй байх бөгөөд бүр сонин хэвлэл болоод сэтгүүлүүд дугаар дугаараараа эгнээстэй байх аж. Номын сангийн голд байрласан ширээн дээр мөн хэсэг бүлэг сэтгүүл, сонингийн материалууд дэлгээстэй байлаа. Гэвч их хуучных юм. Харин номнуудын хувьд тэнд бараг л бүх төрлийн номнууд байв : түүх, газар зүй, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засаг, ургамал судлал, геологи, хууль эрхзүй гээд л, мөн тэдний ихэнх нь Англи оронтой холбогдож байсан нь тун их сонирхол татав. Бүр Лондонгийн төв хэвлэлийн газраас эмхлэн гаргасан "улаан" болон "цэнхэр" лавлах толь, Вайтекарын он дарааллын бичиг, хуурай болон усан замын цэргийн дүрэм журам гээд л эдгээр ер бусын цуглуулган дотор миний мэргэжлийн ном болох хуулийн жагсаалт байсан нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.
       Тийнхүү эдгээр сонирхолтой номнуудыг ажиглаж байх хооронд тасалгааны хаалга нээгдэж, гүнтэн ороод ирэх нь тэр. Намайг тавтай нойрссон эсэхийг минь асуугаад их л элэгсэг дотноор мэндчиллээ. Тэгээд тэр :
       "Энэ газрыг олсон чинь их сайн хэрэг болжээ. Чамд таалагдана гэдгийг би бүр мэдээд байсан юм. Энэ хэдэн номнууд - " гэж хэлээд тэр тавиур дээрх номнуудруу зааж "өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд надад их л хань болж байлаа шүүдээ. Лондонруу явахыг би эртнээс шийдсэн байсан тул энэ номнуудтай би олон арван гайхалтай цагийг хамтдаа өнгөрүүлсэн гэдгийг хэлье. Тэгээд би танай сайхан Англи орны чинь тухай судлах тусам би улам ихээр шунан дурлаж суулаа. Ард олны чинь дунд би хөл тавьж, ахуй амьдралыг нь судалж, зол жаргал, уйтгар гуниг болоод үхэл хагацал бүхнийг нь хамтдаа хуваалцаж байлаа. Ай даа! Эдгээр номнуудын ачаар л би танай хэлийг сурлаа шүүдээ. Чамд л гэж хэлэхэд, найз минь одоо ч гэсэн би суралцаж байна." гэлээ.
       "Гэхдээ, Гүнтэн минь. Та чинь Англиар ус цас мэт л ярьж байна шүүдээ" гэж би хариуллаа. Харин тэр инээд алдаж,
      "Баярлалаа, чиний магтаалд найз минь. Намайг ингэж хөөргөх хэрэггүй. Аян замтай зүйрлэвэл аяллынхаа ердөө би эхэнд нь л явж байна. Яахав дүрэм болоод зарим үгсийг мэддэг байж болох ч, яажшуухан чөлөөтэй ярихаа одоог хүртэл мэдэхгүй л байна."
      "Ойлголоо. Гэхдээ та маш сайн ярьж байна"
"Тийм ч сайн бишээ" гэж тэр хэлээд, "Хэрвээ би танай Лондонд явж очвол тэнд намайг мэдэхгүй хүмүүсийн дэргэд би танихгүй гадны хүн болох байх. Надад энэ хангалттай бишээ. Харин энд бол би язгууртан шүүдээ. Би бол Бояар. Маш олон хүн энд намайг мэднэ, заримынх нь хувьд би тэдний ноён нь. Гэвч танихгүй газар оронд буй танихгүй хүн бол хэн ч биш л гэсэн үг. Хэн ч түүнийг танихгүй, танихгүй юм чинь хэн ч түүнийг ойшоож үзэхгүй. Энэ тохиолдолд би бусдын л адил жирийн хүн болох учраас, хэн ч намайг хараад зогсохгүй, хэн ч миний үгийг сонсоод яриагаа таслахгүй. Харин хэл мэдэхгүй бол бүр ч долоон дор хэрэг болох биз. Энэ бүхнээс хагацахад хэцүү л санагдах байх. Гэхдээ би язгууртан ноён болоод их удаж байна, цаашид ч энэ хэвээрээ дуусах болно. Үгүй юм гэхэд хэн ч миний дээр гарах ёсгүй. Чи бол над дээр миний найз Петер Хоукинсын өмнөөс, Лондон дахь шинэ эзэмшлийг минь талаар тайлбарлах гэж ирсэн хүн шүүдээ. Тийм учраас чи энд байх хугацаандаа бусдын л адил надад итгэх хэрэгтэй, мөн би чамаас Англи хэлний аялгыг сурч авмаар байна. Ярьж байх явцдаа өчүүхэн төдий алдаа гаргасан ч гэсэн надад сануулж байхыг хүсч байна. Мөн намайг өршөөгөөрэй, өнөөдөр би тун их завгүй байлаа."
        Мэдээж хэрэг би гүнтэнд чадах хэмжээгээрээ туслах болно гэдгээ амлалаа. Тэгээд бас энэхүү номын санд орж байж болох уу гэж мөн асуусан юм. Харин гүнтэн, "Бололгүй яахав" гэж зөвшөөрөөд,
       "Чи шилтгээнд хүссэн газарруугаа очиж, сонирхож үзэж харж байж болно. Харин цоожтой хаалгануудруу ойртож хэрхэвч болохгүй шүү, орох гэж санахын ч хэрэггүй. Хэлж болохгүй, харж болохгүй зүйл гэж байдаг юм. Зөвхөн чи миний нүдээр харж, ухаанаар минь ухаарсан үедээ л үүнийг ойлгох байлгүй дээ." гэлээ. Түүний юун тухай ярьсныг нь сайн ойлгоогүй ч би үг дуугүй зөвшөөрлөө. Гүнтэн мөн цааш нь,
        "Бид Трансилванид байна. Харин Трансилваниа бол Англи биш. Тийм ч учраас чи бидний ёс жаягийг дагах хэрэгтэй, мөн энд маш олон зүйлс чамд сонирхолтой санагдаж байгааг чинь мэдэж байна. Мөн чи өөрөө ч надад ярьж өгсөн шүүдээ." гэлээ.
       Энэхүү харилцан яриа цааш үргэлжилсээр бүр их удаан үргэлжилсэн юм. Гүнтэн ярьж хөөрөх маш их сонирхолтой нь илт байлаа. Түүний яриан дундуур ч би асуух гэсэн олон арван асуултынхаа хариуг олж авсан билээ. Заримдаа хачирхалтай асуулттай тулгарсан үедээ  ярианыхаа сэдвийг тэр өөрчилж, мушгиж гуйвуулна, аль эсвэл намайг ойлгоогүй мэт булзааруулна. Гэхдээ л ерөнхийдөө би асуухыг хүссэн зүйлсдээ ерөнхийд нь хариулт авч чадсан гэдгийг хэлэх байна. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрлөө. Гүнтэнтэй нүүр хагарахын зэрэгцээ би түүнээс илүү сонирхолтой зүйлсийн талаар асуумаар санагдав. Тэгээд би уржигдрын үйл явдлууд, хачирхалтай цэнхэр дөлнүүдийн тухай, мөн яагаад тэрэгний жолооч эдгээр дөлнүүдийг хармагцаа, тэдний зүгт явсан талаар нь эхлээд асуулаа. Харин гүнтэн хэлэхдээ энэ бол жил бүрийн нэг л өдөрт, нэг л цагт үзэгддэг маш ховор үзэгдэл гэсэн бөгөөд олны ярьдгаар бол тэр шөнө, миний хувьд урьд өдрийн өмнөх тэр шөнө газар дэлхийн хамаг л муу ёрын зүйлс бүхэн амилж, хөдөлгөөнд орон ийш тийш доншуучилдаг юм гэнэ. Харин тэдгээр цэнхэр дөлнүүдийн тухайд бол зөвхөн эрдэнэс нуусан газарт л үзэгддэг болохыг гүнтэн ярьж өглөө.
        "Чиний урьд шөнө нааш ирэхдээ явж өнгөрсөн газарт", гэж хэлээд тэр цааш нь "эрдэнэс булагдсан гэдэг юм билээ. Итгэхэд үнэхээр бэрх ч гэлээ бодоод үзвэл эргэлзэх шалтгаан байхгүй шүү. Учир нь энэ газар нутгийн төлөө, их олон жилийн өмнөөс л Туркууд, Саксончууд болон Валлачууд өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн юм. Хөлөг баатрууд, эх орончид, гадны түрэмгийлэгчид гээд л уг газарт хүний цус дусаагүй хөрс нэг ч үлдээгүй гэлцдэг. Цаг үе ороо бусгаа байсан тэдгээр он жилүүдэд нэгэнтээ Австри болон Унгарчууд энэ газарт хөл тавьсан байна. Харин нутаг орноо хамгаалах гэсэн зоригт эрчүүд тэднийг угтан очжээ. Найман настай балчираас наян настай өвгөд хүртэл тэдний дунд байсан гэдэг юм. Чулуун гарам дээр тэднийг отож, хадан цохион дээр тэд хүлээцгээж байлаа. Хүсэн хүлээсэн мөч удалгүй ирэхэд чулуу моддыг дээрээс нь нүүлгэж, хиймэл хөрсний нурангиар тэднийг бүгдийг нь газартай нь булж орхисон гэдэг."
        "Тийм зүйл байж болно гэж үү?", гэж би гайхан дуу алдав. Тэгээд "Хэдий тийм байлаа ч тэдгээр газарт нэгжлэг хийлгүй өдийг хүртэл байх уу даа. Уг газрыг нээж үзэх хүсэлтэй хүн байхгүй байсан гэж үү?" гэж асуув. Гүнтэн энэ үед инээмсэглэлээ. Ийнхүү инээх үед нь мөнөөх л жирийн хүнд байж боломжгүй хурц цагаан соёонууд нь ил гарах нь тэр.
         "Яагаад гэвэл цаад тариачид чинь хулчгар бас мулгуу мангуу улс юм! Жилийн зөвхөн нэг л шөнө, нэг л цагт тэдгээр цэнхэр дөлнүүд үзэгддэг юмшүүдээ. Харин тэр өдөр нь өнөөх тариачид чинь гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй юмдаа. Хэдий тэр дөлнүүдтэй тааралдлаа ч гэсэн дараагаар нь өдрийн гэрэлд уг газрыг дахин эрж олно гэдэг бараг л боломжгүй хэрэг. Эрхэм та ч мөн адил тэдгээр газрыг дахин хэзээ ч олж чадахгүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна."
        "Ойлгомжтой." гэж би хариуллаа. Тэгээд "Таны зөв. Би бүр хаанаас нь эхлээд хайхаа ч төсөөлөхгүй л байна." гэлээ. Төд удалгүй бид өөр зүйлсийн талаар ярилцаж эхлэв.
        "Ингэхэд нээрэн" гэж гүнтэн хэлээд "чи надад Лондон хот болоод нэн ялангуяа миний худалдан авах гэж буй эзэмшлийн талаар ярих хүн үү, үгүй юу" гэлээ. Өөрийнхөө хайнга байдлын өмнөөс би уучлалт хүсээд, унтлагын өрөөрүүгээ явж цүнхэн дотроосоо бичиг баримтын зүйлсийг авчрахаар явлаа. Баримт бичгүүдийг би дугаарлан тоолж байх явцад зэргэлдээх өрөөнөөс хятад шаазан болоод мөнгөн халбага, сэрээнүүдийн тачигнах чимээг сонсов. Сонирхоод би өрөөний хаалгаар шагайтал ширээ цэвэрлэгдсэн байх бөгөөд дэнгийн гэрэл хоосон ширээг гийгүүлж байлаа. Тэгэхэд л гадаа харанхуй болсон байсныг би анзаарсан юм. Харин дэнгийн бүдэг гэрэлд би гүнтэнг буйдан налж суугаад, Брадшавын лавлах толь болоод бусад номын хуудаснуудыг эргүүлж байхыг нь харлаа. Бичиг баримтаа цэгцэлж дуусгаад би номын санд эргэн очив. Уншиж байсан ном, сонингуудаа гүнтэн ширээнээс холдуулж ирээд л их сонирхож байгаа бололтой суув. Үнэхээр ч тэр миний тайлбарлаж өгсөн бүх зүйлийг тун их сонирхон сонсч байсан юм. Тэгээд надаас энэ юун газар вэ, тэр юу вэ гэхчилэн өчнөөн олон асуулт асуусан гээч. Очих газрынхаа талаар тэр маш их судалсан нь илт байсан бөгөөд эцэстээ бараг надаас ч ихийг мэддэг болж таарлаа шүү. Гүнтэнгийн энэ бүх мэдлэг, хичээл зүтгэлийг нь магтахад тэрбээр,
         "Хаанаасдаа, гэхдээ найз минь, энэ бүхэн надад үнэхээр хэрэг болохгүй гэж үү? Тэнд очсон үедээ би цор ганцаархнаа л байх болно шүүдээ, харин миний найз Харкер Жонатан, эй уучлаарай, өөрийнхөө улсын заншил ёсоор би овгийг чинь түрүүлээд дуудчихлаа. Лав л тэнд миний найз Жонатан Харкер надад тус дэм болоод үргэлж дэргэд минь байхгүй шүүдээ. Тэр тэндээс их хол газарт, магадгүй шүүх зөвлөлийн танхимд бичиг цаасны ажил эрхлээд өөр нэг найз Петер Хаукинсын минь хамтаар сууж байх биз. Тийм үү?" гэлээ.
         Бид шууд л үндсэн ажил хэрэгтээ орж, Пюрфлит муж дахь эдлэн газрын талаар хэлэлцэж эхлэв. Чухал хэрэгцээтэй дүрэм заалтуудыг түүнд тайлбарлаж, бичиг гэрээнд гарын үсгийг нь зуруулж, ноён Хаукинсд илгээх дугтуйны хамтаар бэлэн болголоо. Харин гүнтэн надаас эзэмшил газрын талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэлт тавихад нь урьд өмнө хэрэг гаргаж бичиж тэмдэглэн авсан зүйлсээ би түүнд уншиж өгөхөөр шийдэв.
         "Пюрфлит  мужид, замын дэргэд, хуучин эзэн нь худалдахаар шийдсэн нэгэн байшинтай таарлаа. Хуучирч муудсан ч гэлээ миний шаардлагыг хангаж байсан нь сайн хэрэг шүү. Мөн уг байшин нь тойроод том зузаан гэгч нь чулуун хашаатай бөгөөд гаднаас нь харахад их л эртний хийцтэй барилга байв. Мөн засварт оролгүй их удсан нь тодорхой байлаа. Харин хаалганууд нь маш зузаан царс мод аль эсвэл төмрөөр хийгдсэн байх бөгөөд өмхөрч, муудаад мөн зэвэнд идэгджээ.
          Уг эдлэн газрын нэрийг Карфакс гэдэг юм байна. Харин 4 ханатай байшингийн хувьд хуучны Куатре Фачийн хууль бус хөрөнгөөр боссон гэдэгт нь маргах зүйл алга. Талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 20 акр бөгөөд дээр дурьдсан чулуун ханаар хүрээлэгдсэн ба хашаан дотор модод олон байсан нь уг эдлэн газрын ерөнхий дүр төрхийг нилээд дүнсгэр харагдуулж байв. Мөн моддын дунд хаврын горхиноос эх авсан жижиг хэмжээний цөөрөм байгаа харагдана. Байшингийн хувьд маш том хэмжээтэй бөгөөд дундад зууны гэмээр хийцтэй уг барилгын нэг хана нь гэхэд бүхэлдээ маш зузаан том гэгч нь чулуунуудаас бүтсэн байх агаад тороор хамгаалагдсан маш цөөхөн цонхтой юм. Ерөнхийдөө гаднаас нь харвал яг л эртний сүм дуган шиг харагдах аж. Мэдээж хэрэг надад түлхүүр нь байгаагүй тул байшин дотор орж үзэж чадсангүй. Гэхдээ Кодак аппаратынхаа тусламжтай нилээд хэдэн зураг дараад амжсан шүү. Мөн эдлэн газрын ерөнхий байр байдал нь тун замбараагүй байсан ба газрын хэмжээ нь магадгүй миний тооцоолсон хэмжээнээс ч их байж мэдэх юм. Гэхдээ л хангалттай хэмжээний том юм. Эдлэнгийн ойролцоо хэд хэдэн байшин байна. Тэдний нэг нь болох том барилгыг тун саяхан барьж байгуулсан бөгөөд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлэг нэрээр ашиглалтанд оржээ. Энэхүү байшин эдлэн газраас тун тодхон харагдана."
           Намайг уншиж дуусахад, гүнтэн "Хуучирсан бас том гэнээ. Надад таалагдаж байна. Би их хуучинсаг үзэлтэй хүн тул шинэ байшинд амьдарч ер чаддагүй юм. Бас би эртний сүм мөргөлийн газруудад дуртай шүү. Манай Трансилванийн язгууртнууд нас барсан хойноо өөрсдийн ясыг лав л энгийн хүмүүсийн дунд тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх байсандаа. Мөн залуу хүмүүс шиг нарны гэрэл, хурц тод өнгө төрхөнд дурлахаа болиод би удаж байна. Энэ байшин маань ч их хуучирч муудсан байна. Сүүдэр багасч, эвдэрхий хашаануудын минь завсраар хүйтэн салхи сийгэх боллоо. Би сүүдэр болон харанхуйд дуртай, учир нь хэн ч бас юу ч миний бодол санааг надаас үргээж чаддагүй тул аятайхан байдаг юм." Ийнхүү гүнтэнг ярьж суух үед нь түүний үгс нь нүүрний хувиралтай нь зохицохгүй байх шиг санагдав. Түүний цонхигор нүүрэнд тодорсон инээмсэглэл нь яагаад ч юм надад хорон муухай юм шиг санагдаж билээ.
        Удалгүй гүнтэн надаас уучлалт хүсээд түр хугацаанд гарчихаад ирье гэж хэллээ. Тэр яваад нилээд хугацаа өнгөрлөө, тэгээд би эргэн тойрондоо буй номын сангийн номнуудаас сонирхож эхлэв. Нэгэн атлас номыг аваад нээж үзвэл Англи орны газрын зураг гараад ирлээ, энэ нь уг хуудсыг олон удаа уншсан гэсэн үг. Газрын зураг дээр тэмдэглээнүүд байх бөгөөд нэг нь Лондонгийн ойролцоох эдлэн газрыг тэмдэглэжээ, харин нөгөөх нь Йоркшайр эрэг дэх Экзетер болон Витбайг дугуйлсан байна.
       Тэгтэл гэнэт гүнтэн ороод ирэв. Тэгснээ тэр "Аха!" гэж хэлээд, "Номоо уншсаар л байна уу? Сайн байнаа! Гэхдээ та үргэлж ажиллаад байж болохгүй шүүдээ. Алив нааш ир! Таны оройн зоог бэлэн болсон гэдгийг хэлэх гэсэн юм." гэлээ. Тэгээд гүнтэн гарнаас минь сугадаад хоолны өрөөнд ороход үнэхээр ч ширээн дээр арааны шүлс асгаруулам сайхан хоол ундыг бэлтгэсэн байв. Гүнтэн мөн л сүүлийн удаагийнх шиг надаас уучлалт хүсээд оройн зоогоо барьчихсан тухайгаа хэлэв. Тэгээд мөн л урьд өдрийн өмнөх шөнийх шиг ширээнд надтай хамт суугаад, намайг хооллож байх хооронд элдвийн зүйлсийн талаар ярилцав. Хоолны дараагаар яг л өмнөх шөнө шиг намайг тамхиар дайлж, бас л янз бүрийн зүйлсийг асууж суув. Цаг их орой болжээ. Гэвч би юу ч хэлсэнгүй. Учир нь би гэрийн эзний хүсэл шаардлагыг дагаж байх үүрэг авсан шүүдээ. Бараг л өчигдрийг тэр чигт нь унтаж өнгөрүүлсэн тул миний нойр тэгтлээ их хүрээгүй ч өдрийг шөнөөр сольж буй энэ зуршилд би дадаж өгөхгүй байлаа. Хүмүүсийн ярьдгаар бол нас барах цаг нь тун дөхсөн хүмүүс үүрээр аль эсвэл өдөр шөнө солигдох мөчид өнгөрдөг гэлцдэг. Харин эрүүл саруул хүний хувьд иймэрхүү уур амьсгалын өөрчлөлтөнд маш их ядардаг болохыг би биеэрээ мэдэрсэн билээ. Гадаа тахиа донгодохыг сонсоод өглөө болтол ярьж суусандаа би итгэж чадсангүй.
      Дракула гүнтэн суудлаасаа өндийж, "Яагаад дахиад өглөө болчихов оо! Яахаараа би анзааралгүй танд ингэтлээ их төвөг удаж орхив оо. Чи миний шинэ нутаг Английн талаар ярихдаа арай бага сонирхлыг минь татахаар ярих хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол уйдсандаа би урсан өнгөрч буй цаг хугацааг ажиглах байлаа шүүдээ." ингэж хэлээд гүнтэн бөхийн салах ёс хийгээд, хаалга нээн өрөөнөөс гарч одлоо.
      Би унтлагын өрөөндөө ороод хөшгөө нээж үзтэл үзэгдэж харагдах зүйлс ховор бөгөөд харин миний харж чадах зүйл гэвэл ердөө алсад гэгээ орж буй саарал тэнгэрийн хаяа л байв. Тэгээд би хөшгөө хааж орхичихоод, энэхүү тэмдэглэлийг бичиж сууна.

5-р сарын 8.

Энэхүү тэмдэглэлийг бичиж суухдаа би маш их айж байна. Одоо би энэ өдөр тохиолдсон хачирхалтай зүйлсийг, мөн энэхүү хачин газрын талаарх бие сэтгэл тавгүй болгосон зүйлсийн талаар нэг нэгэнгүй бичье. Зөвхөн би эндээс эрүүл саруул буцахыг л хүсч байна, аль эсвэл энэ газарт ирээгүй байсан ч болоосой! Ордонд ирснээсээ хойш гүнтэнгээс өөр хэнтэй ч таарсангүй, хэнтэй ч ярилцсангүй. Яг л би энэ том байшинд түүнтэй хамт амьдарч буй цорын ганц амьд хүн юм шиг л өөрийгөө төсөөлж сууна. Эхлээд би тайвшрах хэрэгтэй. Үгүй бол төсөөлөл бас айдас минь намайг эзэмдэх нь багасахгүй ... ингээд юун түрүүнд би өөрт минь ямар санагдаж байгааг эхэлж бичье.
       Орондоо орсноосоо хойш би ердөө хэдхэн цаг л унтлаа. Нойр минь хүрэхгүй байсан тул босохоос өөр арга байсангүй. Ингээд би цонхны дэргэд очиж зогсоод шилний тусгалд ойх өөрийхөө дүрсийг харж зогсов. Удалгүй сахлаа хусахаар шийдэж татуургаа гарган ирж, эрүүндээ тулгах тэр мөчид хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавих нь тэр дээ! "Өглөөний мэнд" гэх гүнгийн дууг олж сонссондоо би бараг л итгэсэнгүй. Тэгээд айж цочсондоо уулга алдаж орхилоо. Өрөө минь бүхэлдээ цонхны шилний тусгалд харагдаж байсан атал гүнгийн тийнхүү ард минь гэнэтхэн гарч ирсэнд үнэхээр их балмагдав, магадгүй би орж ирснийг нь анзаараагүй хэрэг байх. Энэ үедээ би арьсаа хутганы хурц ирэнд исгэсэн байснаа мөн л мэдсэнгүй. Гүнтэнд би хариу мэндчилээд, эргэлзээгээ тайлахын тулд эргэж цонхруу харав. Осолдолгүй миний ард гүнтэн гэгээн дүрээрээ зогсч байсныг нь олж хараад сэтгэл бага ч атугай тайтгарав. Харин тэгтэл яасан гэж санана! Цонхны дэргэд байсан толинд минь түүний төрх харагдсангүй! Надаас өөр мөн өрөөн доторх тавилгуудаас өөр юу ч тэнд байхгүй байлаа! Арай би буруу хараагүй байгаа даа?
        Энэ бол бусад хачирхалтай үйл явдлуудын ердөө эхлэл нь байсан юм. Мөн түүнээс хойш гүнтэнг миний дэргэд байх үед нь туйлын тав тухгүй санагддаг боллоо. Эрүү минь зүсэгджээ, жижигхэн ч гэлээ тэр шархнаас багагүй цус гарсан байна. Сахлын татуургаа би доош нь тавьж , шархны наалт эрэхээр биеэ хагас эргүүлэв. Харин энэ үед гүнтэн миний царайг олж хараад, хоёр нүд нь улаанаараа эргэлдэх нь тэр, үнэхээр аймшигтай! Тэгээд тэр яагаад ч юм мөрнөөс гараа авч, тэгээд миний хүзүүг илж эхлэв. Надад үнэхээр эвгүй санагдсан тул биеэ түүнээс аль болох холдуулахыг хичээлээ. Тэгэхэд гүнгийн гар хүзүүнд минь зүүлттэй байсан загалмайн гинжинд хүрч орхисон нь түүнийг тэр дор нь өөрчилөх нь тэр дээ. Улаанаараа эргэлдэж байсан аймшигтай нүд нь эргээд аядуу зөөлөн харцаар солигдов.
        "Болгоомжтой байхгүй дээ", гэж тэр хэлээд "ер нь энд мэдэлтэй байхгүй бол энэ улс орон чиний төсөөлж байгаагаас чинь ч илүү аюултай газар шүү." гэв. Тэгээд тэр сахал хусахдаа хэрэглэдэг жижиг толийг минь авснаа "Харин энэ эд хогшил чинь үүргээ гүйцэтгэж, хангалттай хуучирсан байна. Тан шиг залуу эр хүнд ийм зүйл хэрэгцээгүй. Хаях хэрэгтэй!" гэж хэлээд цонх онгойлгож, толийг минь гаргаж шидэхэд удалгүй тэр доор чулуунд бут үсэрч, хэдэн мянган хэсэгт хагарах нь тодхон сонсогдов. Ингээд гүн юу ч хэлэгүйгээр гараад явчихлаа. Одоо би сахлаа хэрхэн хусах болж байна? Аз болоход сахлын татуурганы гэр нь гялгар металиар хийгдсэн байна, аль эсвэл бугуйн цагнийхаа ард талыг харах уу.
        Намайг зоогийн өрөөнд явж ороход, өглөөний цай бэлэн болсон байх бөгөөд харин гүнтэнг би олж харсангүй. Ингээд би ганцаараа өглөөний цайгаа ууж дуусгалаа. Мөн гүнтэнг ямар нэгэн юм ууж бас идэж байхыг харж байгаагүй нь үнэхээр хачин санагдаж эхлэв. Тэр үнэхээр хачирхалтай хүн юм! Цайлж дууссаныхаа дараагаар би шилтгээнийг үзэж сонирхохоор энд ирснээсээ хойш анх удаагаа өрөөнөөсөө гарч үзлээ. Шатаар би доош уруудаж, харанхуй хонгилоор явсаар удалгүй өмнө зүгрүү харсан цонхтой нэгэн тасалгааны дэргэдүүр зүгээр өнгөрчихөж чадсангүй.
        Анхаарлыг минь гойд их татсан тул цонхных нь дэргэд явж очив. Эндхийн байгаль орчин үнэхээр гайхалтай ажээ! Мөн уг шилтгээн маш гүнзгий ангалын ирмэг дээр байдгийг нь тэр үед л мэдсэн юм. Зөвхөн цонхноос доош шидсэн чулуу юунд ч хүрэлгүйгээр бараг л мянган фит газарт унахаар санагдаж байлаа! Харин ангалын нөгөө ирмэгээс цааш алсын бараа тасрах хүртлээ шигүү ой модод үргэжилжээ. Моддын завсар зайгаар гялалзах мөнгөн тууз мэт үзэгдэх гол горхинууд урсан байгаа харагдана.
        Гэвч одоо би байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулах хүсэлгүй байна. Хаалга, хаалга, хаалганууд, хаа сайгүй хаалганууд байлаа. Бүгд түгжээтэй бас цоожтой. Шилтгээний цонхнууд нь маш сайн торон хамгаалалттай тул лав л тэндээс гарах боломжгүй байх. Энэ шилтгээн үнэнхүү гяндан шиг ажээ. Харин би хэн болж таарав!

1 comments:

  1. Иргэж ирвэл хамгийн түрүүнд Дракула Гүнтэнгээ дуусгаарай !

    ReplyDelete