Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

Метро 2033

Оросын залуу зохиолч Дмитрий Глуховскийн "Метро 2033" зохиолыг орчуулан оруулж байгаадаа таатай байна.

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага

Suspense Novel зохиолын хатан хаан Агата Кристигийн алдартай нэгэн номыг орчуулан оруулж байгаадаа таатай байна!

Monday, December 9, 2019

Хөөе, гараад ирээрэй! (Шиничи Хоши)

 
   Шиничи Хоши, түүнийг Японы богино хэмжээний өгүүллэгийн хаан гэдэг юм билээ. Мөн түүний бичсэн энэхүү богино хэмжээний өгүүллэг нь Японы хамгийн шилдэг шинжлэх ухааны зөгнөлт өгүүллэгүүдийн тоонд ордог бөгөөд түүнийг орчуулан хүргэж байгаадаа таатай байна. 

   Аюулт хуй салхи нэгэнтээ намдаж, тэнгэр эргээд номин хөх хөнжлөө нөмрөхөд, гамшиг сүйрэл хотоос холгүй байрлах багахан тосгоныг тойрч гаралгүй дайран өнгөрсөн байлаа. Тосгон болоод түүнийг тойрон хүрээлэх уулсын бэлд нэгэн хийд байх авч хөрсний гулгалт түүнийг газрын хөрснөөс арчиж орхижээ.

   "Энэ хийд энд хэр удаан байсан билээ?"
   "Ямартай ч маш эрт үеэс байсаар ирсэн гэж бодож байна."
   "Бид түүнийг даруй дахиж барих хэрэгтэй."

   Тосгоны иргэдийг жиг жуг хийлцэх хооронд оршин суугчид нэмэгдэн ирсээр байлаа.

   "Үнэхээр айхтар сүйджээ!"
   "Би бодохдоо, хийдийг энд байсан гэж бодож байна."
   "Үгүй дээ, харин тэнд байсан шиг санагдах юм."

   Тэднийг мэтгэлцэх хооронд нэг нь дуугаа өндөрсгөж ирээд асууруун, "Хөөе, энэ юун нүх вэ, та минь?"

   Диаметрээрээ нэг метр орчим хэмжээтэй нүх газарт үүссэн байхыг удалгүй хүмүүс анзаарч эхлэх нь тэр ээ. Тэд доош өндийж харсан ч тэндээс юу ч олж харсангүй, учир нь тэнд маш харанхуй байлаа, яг л яван явсаар дэлхийн төв хүртэл үргэлжилсэн гэлтэй.

   "Энэ арай үнэгний нүх юм биш байгаа?" гэж нэг хүн хэлээд, "Хөөе, гараад ирээрэй!" хэмээн нүх рүү орилов. Хүний урманд тэндээс цуурай ч сонсогдсонгүй. Дараагаар нь сайх эр чулуу аваад чулуудахаар завдтал, "Чи бидэнд хараал авчрах нь дутаа юу, холдож үз," хэмээн тосгоны нэгэн буурай зандрав. Гэвч залуу эр үгэнд нь орсонгүй. Яг л түрүүчийн адилаар, нүхнээс ямар ч чимээ анир дуулдсангүй. Тосгоны оршин суугчид ойгоос мод буулгаж, хөрөөдөж янзлаад, олсоор хооронд нь бэхлэн хашаа хийжээ. Тэгээд тэд нүхийг тойруулан тавиад, суурингаа засварлах ажилдаа ханцуй шамлан орцгоосон байна.

   "Биднийг юу хийх хэрэгтэй гэж бодож байна даа?"
   "Өнөөх нүхний цаахан талд хийдийг дахин барих ёстой биш бил үү?"

   Зөвшилцөлд хүрэлгүй маргасаар бүтэн өдрийг тэд үджээ. Энэ хооронд үг салхи шуурга мэт тарсаар хэвлэлийнхний чихэнд хүржээ. Нэг л мэдэхэд тэд машинтайгаа хүрч ирсэн байлаа. Удалгүй эрдэмтэн саатан мориллоо, бүхнийг мэдэгч мэт царай гаргасаар тэр нүхийг ажиглан зогсоно. Үүний дараагаар, мэдээж хэрэг, хэрэгт дуртай хүмүүсийн ээлж ирэх нь тэр. Завшааныг ашиглаж, ашиг хонжоо олох гэсэн сэргэлэн хүмүүс ч мөн адил ирцгээсэн байлаа. Хэн нэгнийг нүхэнд ойчих вий хэмээн сэрэмжилсэндээ орон нутгийн цагдаа нар эргүүл хийж эхэлсэн байна.

   Нэгэн сэтгүүлч урт олсны төгсгөлд хүнд гэгч нь туухай уяад нүх рүү доош буулгалаа. Нүх түүний бодсоноос илүү гүн үргэлжилж байсанд түүний гайхаш тасарна. Төд удалгүй олс нь хүрэлцээгүй болж эхэлжээ. Хамгийн хачирхалтай нь, түүнийг эргүүлэн татах гэтэл олс нь ямар нэгэн зүйлд орооцолдсон бололтой татагдаж ер өгсөнгүй тул тусламж хэрэгтэй болсон байна. Хоёр, гурван ч хүн ирлээ, гэвч тэд хэтэрхий хүчтэй татсаны улмаас олс нүхний амсар дээр тасарч орхижээ. Энэ бүгдийг ажиглаж зогссон өөр нэгэн сэтгүүлч, гартаа барьсан камераа доош буулгаж, цээжээрээ зангидсан байсан олсоо суллаж эхэлсэн байна.

   Эрдэмтний хувьд, тэр нүхийг хэмжиж үзэхээр лаборатори дахь туслахуудтайгаа холбоо барьж, маш өндөр хүчин чадал бүхий бүрээг авчруулсан байлаа. Тэр янз бүрийн давтамжтай авиаг ашигласан боловч мөн л ямар ч цуурайг олж сонссонгүй. Эрдэмтэн эргэлзэж эхэлжээ, гэвч олон хүн өөрийг нь нухацтай нь аргагүй ажиглаж байхад тэр бууж өгч зүрхлэсэнгүй. Тэгээд бүрээгээ дахин нүх рүү хийж, дууг нь хамгийн чанга дээр тавиад, багагүй хугацааны туршид хангинуулжээ. Ийм чимээ газрын гадаргуу дээр хэдэн арван километр зайг туулах чадвартай. Гэвч тэр нүх бүгдийг нь тайван гэгч нь залгисан хэвээр.

   Эрдэмтний гайхаш нь барагдсан ч намба алдахгүйг хичээж, мөн өөртөө итгэлтэй байдлаар бүрээнийхээ чимээг зогсоогоод, "Нүхийг дүүргэх хэрэгтэй" гэж хэлэв. Нэгэнт л бусдын мэдэхгүй зүйлийг үгүйсгэхэд аюулгүй байдаг хойно.

   Хуран цугласан хүмүүсийн урам нь хугарсан бололтой, тэд тарахдаа бэлтгэцгээж эхлэв. Харин энэ мөчид, ашиг хонжоо эрж ирсэн нэгэн бизнесмэн тэдний дундаас гарч ирээд нэгэн саналыг тавилаа.

   "Надад энэ нүхийг өгч хайрла. Би та бүгдийн өмнөөс дүүргэж орхъё."

   "Нүхийг дүүргэж өгвөл бид гүнээ талархах болно," гэж тосгоны захирагч хэлээд, "Гэвч уучлаарай, таны хүсэлтийг хүлээн авч чадахгүй нь, бид энд хийд барих ёстой." гэлээ.

   "Хэрэв хийд барихыг хүсч байгаа бол би бариад өгье. Мөн нэмээд хурлын танхимтайгаар хийж өгч болох юм."

   Захирагчид хариу хэлэх боломжийг олголгүй тосгоны оршин суугчид хөл хөөр болж эхлэв.
"Үнэхээр тэгнэ гэж үү? Хэрэв тийм бол бид түүнийг тосгонтойгоо аль болох ойрхон бариулах хүсэлтэй байна."
   "Энэ чинь ердөө л нэг нүх шүү дээ. Танд өгье өө!"

   Шийдвэр нэгэнт гарсан нь тодорхой биз дээ? Тосгоны захирагчид татгалзах шалтгаан байсангүй. Бизнесмэн хэлсэн үгэндээ хүрч, жижигхэн ч гэлээ тосгонд ойрхон хийдийг уулзалтын танхимын хамтаар барьж өгсөн байна.

   Шинэ хийдэд намрын фестивалийг тэмдэглэх цаг ирэх үест бизнесмэн альхэдийнэ өнөөх нүхийг дүүргэх компанийг байгуулж, нүхний дэргэд барьсан жижигхэн байрандаа хоног төөрүүлж суулаа.

   Удалгүй мань бизнесмэн тосгон даяар кампанит ажил явуулж эхэлжээ. "Бидэнд гайхамшигтай гүнзгий нүх бий! Эрдэмтэд түүнийг дор хаяж 5,000 метр гүн гэж хэлсэн! Энэ бол цөмийн реакторын хаягдал зэрэг зүйлсийг хаяхад хамгийн төгс сонголт байх болно."

   Засгийн газраас түүнд зөвшөөрөл олгожээ. Атомын цахилгаан станцууд гэрээ хэлэлцээр байгуулахын төлөө өөр хоорондоо уралдаж эхэлсэн байна. Харин тосгоны оршин суугчдын санаа нь бага зэрэг зовниж байсан ч хэдэн мянган жил өнгөрсөн ч газрын гадаргууд ямар ч хор хөнөөл үгүй, мөн тэндээс олох ашгийг давхар хуваалцах болно гэсэн мэдээнүүдийг сонсоод тэд тайвширцгаажээ.

   Том хайрцагнууд ачсан ачааны машинууд нүхний зүг тасралтгүй цувж, атомын станцаас авчирсан хаягдлуудыг нүх рүү юүлнэ. Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яамнаас авчирсан хайрцаг дүүрэн хэрэгцээгүй, нууцлалтай баримт бичгүүд нүхний амсар дээр овоорно. Мөн хаях үйл явцад хяналт тавихаар ирсэн албаны төлөөлөгчид гольф тоглох зуураа ажлаа хийнэ. Харин эрх мэдэл багатай нэг нь цааснуудыг устгах зуураа пинбаллын тухай ярилцана.

   Нүх дүүрэх шинж мөддөө ажиглагдсангүй. Нэг бол маш гүнзгий, аль эсвэл ёроол нь маш том зайтай байх нь дамжиггүй. Харин нүх дүүргэх компани бага багаар бизнесээ өргөтгөсөөр.

   Халдварт өвчинд судалгаа хийхдээ ашигласан туршилтын амьтдын цогцоснуудыг их сургуулиуд авчрах боллоо. Мөн моргоос танигдаагүй хүмүүсийн цогцоснууд ч хааяа ирнэ. Хог хаягдлыг далайд хийхээс дээр хэмээх шийдвэрт хүрч зэргэлдээх хотоос нүх рүү чиглэсэн урт гэгч нь хоолойнуудыг барих төслийн ажил хийгдэж эхэлсэн байна.

   Нүх хотын оршин суугчдад амар амгаланг бэлэглэж байлаа. Тэд одоо зөвхөн үйлдвэрлэлдээ л анхаарна. Үйлдвэрлэл болоод бүтээн байгуулалт. Хүмүүс зөвхөн худалдаа, үйлдвэрлэлийн корпорациудад ажиллахыг хүснэ, нэгэнт л хэн ч хаягдал боловсруулах газарт ажиллахыг хүсэхгүй байгаа болохоор. Тэгээд ч энэ бүх асуудлыг нүх шийдчихэж байгаагаас хойш.

   Залуу охид хуучин өдрийн тэмдэглэлүүдээ, харин шинэ дурлалтай учирсан нэг нь хуучин амрагтайгаа авхуулсан зурагнуудаа нүхэнд ирж хийнэ. Цагдаа нар хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртүүдийг устгасандаа санаа нь амарна. Харин гэмт хэрэгтнүүд өөрсдийг нь буруутайг нотлох эд мөрийн баримтуудыг устгасандаа амьсгаа авна.

   Хэнбугай нь ч, юуг ч алга болгохыг хүснэ, нүх бүгдийг нь хүлээн авч байлаа. Нүх хотын бохирдлыг бүхэлд нь цэвэрлэж, далай, мөн тэнгэр урьд урьдынхаасаа илүү цэвэрхэн бөгөөд тунгалаг болж иржээ.

   Дээш тэнгэр баганадсан шинэ барилгууд ар араасаа сүндэрлэсээр, хот өргөжин тэлсээр.

   Нэгэн өдөр, шинээр баригдаж байсан барилгын төмөр арматур дээр нэгэн барилгачин амсхийж суулаа. Харин удалгүй тэр хэн нэгний хоолойг олж сонссон байна:

   "Хөөе, гараад ирээрэй!"

   Барилгачныг дээш харахад юу ч харагдсангүй. Маргаан байхгүй төсөөлсөн байж таарна хэмээн тэр сэтгээд ажилдаа эргэн оржээ. Төд удалгүй хоолой сонсогдсон зүгээс бяцхан чулуу унахдаа барилгачны дэргэдүүр шунгинан өнгөрсөн ч өдрөөс өдөрт өнгө нэмэх их хотын сүр жавхланд ховсдуулах түүний сонорыг булааж чадсангүй ...