Friday, August 25, 2017

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага (1~р Бүлэг)

1~р Бүлэг Аялал эхэллээ.

Өндөр уулсын цаст оргил бүхий дур булаам дүр зураглал Сириэс Истанбулыг зорин хурдлах галт тэрэгний цонхоор зурсхийн өнгөрөх нь нүднээ үл анзаарагдана. Бельги мөрдөгч М. Херкуль Пойрот энэ үед кофегоо оочиж суусан ба зоогийн газарт байх хүмүүсийн зөвхөн нэг нь л түүний анхаарлыг татна ~ нуруулаг, туранхай бөгөөд 28 орчим насны залуухан хатагтай. Өглөөний цайгаа хэрхэн ууж суугаагаас нь харахад л өөртөө итгэлтэй, мөн туршлагатай жуулчин гэдэг нь илт ажээ. Ноён Пойрот бүсгүйн цонхигор цагаан царай, урт хар гэзэг болон саарал нүдийг таалан сууж байлаа. Дур булаам төрхтэй эмэгтэй, гэхдээ үзэсгэлэнтэй гэж хэлэхэд хэтэрхий нүдэнд хүйтэн юм хэмээн тэр дотроо бодно. 
Удалгүй өндөр нуруутай, туранхай эр зоогийн газар бүхий вагоны үүдээр орж ирлээ. Үс нь бууралтаж, арьс нь наранд борлосон байх энэ эр 40~с 50 орчим настай гэмээр харагдана. Тэр эмэгтэй рүү дөхөж ирээд яриа өрнүүллээ. Түүний аялга Англи байв.
   'Өглөөний мэнд, Хатагтай Дебенхэм.'
   'Өглөөний мэнд, Хурандаа Арбутьнот,' гэж бүсгүй хариулав.
   'Би энд тантай хамт сууж болохсон болов уу?'
   'Бололгүй яахав. Суу л даа, эрхэм ээ.' гэж хэлээд тэр уриалгаханаар инээмсэглэв.
    Тэр сандал дээр суугаад, өглөөний цай захиаллаа. Удалгүй тэр М. Пойротын зүг харлаа ~ түүний том, бас үзүүр нь мушгиралдсан живэр сахал болон хачирхалтай хийгээд өндөг шиг хэлбэртэй толгойг нь түргэхэн гэгч нь ажиглаад өөр тийш харцаа шилжүүлэв. Этгээд төрхтэй гадаад байна гэж тэр дотроо боджээ.
   Англи хосууд өглөөний цайгаа уухын зэрэгцээ эелдэг үгсийг солилцож байлаа. Мөн үдийн цайн дээр ч гэсэн тэд нэг ширээний ард хамт сууцгаалаа. Хурандаа Энэтхэгт өнгөрүүлсэн цэргийн амьдралынхаа талаар ярина, харин бүсгүй хурандаагийн асуусан асуултанд хариу болгож Багдадад говернэсс хийж байсан тухайгаа хэлнэ. Төд удалгүй тэд өөрсдийнхөө дунд дундын найзтай гэдгээ олж мэдмэгцээ илүү нөхөрсөгөөр харилцаж эхлэв.
   'Та Истанбулд саатах уу?' 
   'Үгүй дээ, би шууд явах болно. Хоёр жилийн өмнө Багдад руу явах замдаа би тэндхийг үзчихсэн.'
   'Үүнийг сонсоход таатай байна. Би ч гэсэн шууд явж байгаа.' гэж хэлэхдээ хурандаагийн нүүр үл ялиг минчийн улайлаа.
   'Догь хэрэг байна,' гэж Хатагтай Дебенхам сэтгэл хөдөлсөн шинжгүй хариулав.
   Тэр үдэш галт тэрэг Коняд зогссон юм. Сайх хоёр Англи энэ үед цэвэр агаар амьсгалангаа биеийнхээ чилээг гаргахаар бууцгаалаа. Хэсэг хугацааны дараа Ноён Пойрот ч мөн адил агаар амьсгалахаар шийджээ, тэгээд тэр галт тэрэгний чингэлэгнүүдийн дотуур алхаж эхэллээ. Тэнд багагүй хүйтэн байв.
   Төд удалгүй харанхуйгаас нэг хүний хоолойг тэр олж сонсов. Арбутьнот ярьж байлаа. 'Мери-'
   Харин бүсгүй түүнийг саатуулж, 'Одоо биш ээ. Одоо биш. Бүх зүйл дуусахаар. Бүх зүйл бидний ард хоцорсон үед ~ тэр үед болцгооё~' гэв.
   Ноён Пойрот чиглэлээ өөрчиллөө. 'Хачин юм', гэж тэр өөртөө хэлэв. Энэ яах аргагүй Хатагтай Дебенхэмийн хоолой байсан ч түүний галт тэргэн дотор ярьж байсан өнөөх хурц бөгөөд авхаалжтай өнгө алга болсон байв.
   Удаах өдрийн үд дундын үед галт тэрэг гэнэтхэн зогсч орхив. Пойрот тасалбар түгээгчээс юу болсныг лавлав.
   Хатагтай Дебенхэм түүний яг ард байсан бөгөөд, 'Юу болов?' гэж Пойротоос Францаар асуув.
'Бид яагаад зогсчихов?'
   'Рестораны вагоны доод талаас гал авалцаж эхэлсэн юм байх,' гэж тэр тайлбарлаад, 'гэхдээ тэд засч эхэлсэн байна. Энэ тийм ч ноцтой гэмтэл биш бололтой.' гэлээ.
   Хатагтайн санаа зовсон байдалтай харагдаж байв. 'Гэхдээ цаг! Энэ ч биднийг хоцроох нь дээ.'
   'Тэгэх байх гэж айж байна,' гэж Пойрот санал нэгдэв.
   'Харин бид хоцорч яасан ч болохгүй! Хэрэв бид нэг цагаас илүү хоцрох юм бол бид Ориент галт тэргэнд сууж амжихгүй шүү дээ.'
   Түүний гар салгалан чичирж байлаа. Тэр яах аргагүй сэтгэл түгшиж байгаа нь илт байв.
   Аз болоход, түүний сэтгэл зовнил нь удалгүй мартагдсан юм. Учир нь 10 минут өнгөрөхөд галт тэрэг альхэдийнээ замдаа гарсан бөгөөд Истанбул хүртэл ямар ч саадгүй хүрч очлоо. Ноён Пойрот галт тэрэгнээс буугаад Токатлиан зочид буудлыг шууд зорьжээ. Гэртээ харихаасаа өмнө Истанбул хотыг хэд хоногийн дотор үзэж сонирхохоор шийдсэн нь энэ байлаа.
   Буудалд буумагцаа тэрбээр өөрт нь цахилгаан ирсэн эсэхийг асуув. Гурван ч цахилгаан ирсэн байсан бөгөөд яаралтай мэдээг агуулсан байсан нь түүнийг гайхшруулав.
   'Касснерын хэрэгт санаанд оромгүй өөрчлөлт гарлаа. Шалавхан хүрч ирнэ үү,' гэж тэр уншив.
   'Ямар тоогүй хэрэг вэ!' гэж тэр өөртөө хэлээд цагаа харлаа.
   'Би өнөө орой Истанбулыг орхих хэрэгтэй боллоо,' гэж тэр буудлын хүлээн авагчид хэлээд, 'Та надад Лондон хүрэх галт тэргэнд нэгдүгээр зэрэглэлийн суудал захиалж өгч чадах уу?' гэж асуув.
   'Мэдээж хэрэг, Монсьиор. Галт тэрэг өвлийн цагт бараг л хоосон байдаг юм. Орой 9 цагаас хөдлөх болно.'
   'Баярлалаа,' гэж Пойрот хариулав. Түүнд оройн зоог барих хангалттай хугацаа үлдсэн байв.
   Түүнийг хоолоо захиалж байх хооронд мөрөн дээр нь хэн нэгэн нь гараа тавихтай зэрэгцээд 'Ноён Пойрот! Ямар гэнэтийн учрал вэ!' гэсэн танил дуу хоолой ардаас нь сонсогдов. Энэ намхан, махлаг бөгөөд 50 орчим насны эрхэм байлаа.
   'Ноён Боук!' гэж Пойрот дуу алдав.
   Ноён Боук Бельги хүн байсан бөгөөд Compagnie Internationale des Wagons Lits~д өндөр албан тушаал хашдаг нэгэн байв. Мань хоёр Пойротыг Бельгийн цагдаагийн албанд залуу мөрдөгч байхаас нь л нөхөрлөж ирсэн хуучны андууд байлаа.
   'Чи гэрээсээ их хол явж байх чинь, найз минь,' гэж Боук хэлэв.
   'Тийм ээ, Сирид амжуулах жаал ажил байлаа. Гэхдээ би өнөө орой гэр рүүгээ Ориент Экспрессээр явах бодолтой байна, хэрэв суудал олдвол.'
   'Тун догь хэрэг байна! Хоёулаа нэг галт тэргээр явах нь ээ. Чи замдаа надад өөрийнхөө талаарх сонин хачнаас ярьж өгөөрэй. Чамайг чинь алдартай мөрдөгч болсон гэж сонссон.'
   Ноён Боук халуун дулаанаар инээмсэглээд, ресторанаас гарч одлоо.
   М. Пойрот эргээд сахалныхаа үзүүрийг зутан шөл рүү дүрэхээс сэргийлэх ажилдаа оров. Удалгүй түүнээс холгүй ширээнд суух хоёр эрхэм түүний анхаарлыг татаж эхлэв. Залуу нь 30 орчим насны, нүдэнд дулаахан, Америк эр гэдэг нь илт. Харин нөгөөх нь 60 орчим насны гэмээр хөгшин эр байв. Гэвч түүний зовхиныхоо дор нуугдсан жижиг хоёр нүд нь Ноён Пойротынхтой учрах үед, мөрдөгчийн түүний талаарх бодол бүрмөсөн өөрчлөгдөж орхив. Тэрхэн агшинд Пойрот аюул заналхийллийг хөгшин эрээс мэдэрсэн байна. Энэ яг л сайх эрийн дотор ямар нэгэн зэрлэг араатан нуугдаад, ертөнцийг өөрийн хорон нүдээр ажиглаж байх шиг түүнд санагджээ.
Ноён Пойрот удалгүй өөрийн найз Боуктай зочид буудлын хүлээлгийн танхимд уулзлаа. Харин тэдний халуун дотно яриаг Пойротын галт тэрэгний тасалбарыг зохицуулж байсан буудлын ажилчин тасалдуулав.
'Хачирхалтай хэрэг боллоо, Монсьиор. Нэгдүгээр зэрэглэлийн бүх суудал захиалгатай байна. Хоёрдугаар зэрэглэлийнх ч мөн адил.'
'Юу? Жилийн энэ үед үү? Боломжгүй хэрэг!' гэж Ноён Боук гайхлаа.
'Уучлаарай, эрхэм ээ. Гэхдээ энэ үнэн.'
'Тийм байдаг байж. Та битгий санаа зов, бид галт тэрэгний тасалбар түгээгчтэй юу ч гэсэн ярилцаж үзэх хэрэгтэй.' гэж Боук, Пойротод хандан хэлэв. Тэгээд тэр цагаа хараад, 'Алив, хөдлөх цаг боллоо.' гэв.
   Өртөөн дээр очмогцоо Ноён Боук галт тэрэгний кондуктартай уулзав.
   'Бид энэ эрхэмд суудал олох хэрэгтэй. Тэр миний найз байгаа юм.'
   'Гэхдээ, Монсьиор. Хачирхалтай ч гэсэн суудал бүгд захиалагдсан.'
   'Хмм, маргааш Белградад хүрэх үед сул суудал олон гарна. Асуудлын гол нь гэвэл өнөө шөнө л тийш очих хэрэгтэй байна даа. Ингэхэд, бүгд ирсэн үү?'
   Тасалбар түгээгч зорчигчдын жагсаалтыг хараад, 'Хоёрдугаар зэрэглэлийн 7~р бүхээг. Ноён Харрис хараахан ирээгүй байна. Гэвч 21:00 цаг болоход 4 минут дутуу байдаг.' гэв.
   'Тэгвэл Ноён Пойротын тээшийг 7~р бүхээгт оруулчих,' гэж Боук хэлэв. 'Хэрэв энэ Харрис хэмээх эрхэм ирэх юм бол түүнд бид хоцорсон гэдгийг нь санууламз.'
   Пойрот Ноён Боукт талархсанаа илэрхийлээд, тээшээ дагаж явсаар 7~р бүхээгт ирлээ. Тэнд зочид буудалд харсан өнөөх өндөр, залуу Америк эр сууж байлаа.
   Пойротыг орж ирсэнд тэр тааламжгүй байв, 'Өршөөгөөрэй,' гэж тэр Францаар хэлээд, 'Та эндүүрсэн бололтой.' гэв.
   'Галт тэргэнд өөр сул ор алга байна, Ноён МакКьюн,' гэж хэлээд тасалбар түгээгч хүлцэл өчив. 'Энэ эрхэмийг энд оруулахаас өөр арга байсангүй.'
   Тасалбар түгээгч ч мөн адил Америк эртэй адил төвөгшөөсөн байдалтай байхыг Пойрот анзаарчээ. Маргаан байхгүй сул орыг эзэнгүй хэвээр нь байлгахын тулд илүү мөнгө халаалсан нь тодорхой.
   Харин тасалбар түгээгчийг явах үед МакКьюний зан өөрчлөгдөв.
   'Галт тэрэг ч дүүрэн байх чинь!' гэж хэлээд тэр инээмсэглэв.
   Төд удалгүй галт тэрэг хөдөллөө. Ингээд тэдний Европыг хөндлөн гулд туулах аялал нь эхэллээ.
   Шөнийг тавтай нойрсч өнгөрүүлсний удаах өглөө нь Пойрот бүхээг дотроо ганцаараа сууж байлаа, тэр Лондонгоос өөрийг нь дуудсан цахилгааныг уншиж байв.
   Үдийн зоогоо Ноён Пойрот Ноён Боукын хамтаар оройтож барьсан ба амрах зуураа рестораны вагон доторхыг ажиглаж суусан юм.
   'Хэрэв би зохиолч байсан бол энэхүү дүр зураглалыг номондоо оруулах байлаа,' хэмээн Ноён Боук хэлэв. 'Бидний эргэн тойронд суух хүмүүс бүгд өөр хоорондоо адилгүй зиндааны улсууд, мөн үндэс угсаа хийгээд нас сүүдрийн хувьд ч ялгаагүй ондоо. Гэхдээ, гурван өдрийн турш тэд нэгэн дээвэр дор хооллож бас унтацгаах болно. Тэд нэг нэгнээсээ зайлж чадахгүй ээ. Харин гурван өдрийн дараа тэд өөр өөрсдийн замаар одоцгоож, ахин хоорондоо хэзээ ч уулзахгүй.'
   Галт тэрэгний ресторанд нийтдээ 13 зорчигчид байсан бөгөөд Ноён Боукын хэлсэн нь үнэн байлаа: Тэнд ондоо үндэстэн, угсаатны төлөөллүүд үйлчлүүлж байв. Тарган том, үсэрхэг Итали эрхэм, туранхай, цонхигор Англи эрийн хамтаар сууж байна. Маргаан байхгүй туслах нь байж таарна. Мөн тэнд тод өнгийн хослол бүхий Америк хүн сууж байв. Итали, Америк эрхмүүдийг ажил хэргийн яриа өрнүүлэх хооронд Англи эрхэм цонхоор алсын барааг ширтэнэ. Гарцаа байхгүй тэдний харилцан яриа түүний сонирхлыг татахгүй байгаа нь илт.
   Тэдний дэргэд царай төрх гэж базаахгүй хатагтай суух агаад Парисын үнэтэй дэлгүүрүүдээс авсан хувцас, үнэт эдлэлүүд нь ч үүнд тус болж чадахаас нэгэнт өнгөрчээ.
   'Тэр чинь Гүнж Драгомирофф,' гэж Ноён Боук хэлэв. 'Тэр Орос, гэхдээ нөхөр нь хөрөнгөө улсыг нь коммунистууд мэдэлдээ авахаас өмнө босгож дөнгөсөн юм. Царай муутай, гэвч сонирхолтой хүн!'
   Өөр нэгэн ширээн дээр Мери Дебенхэм хоньтой төстэй төрхтэй, дунд орчим насны нэгэн тохьтой авхайн хамт сууцгааж байв, харин тэдэнтэй хамт нэгэн Америк хатагтай суух агаад эцэс төгсгөлгүй мэт ярих аж. Хурандаа Арбутьнот зэргэлдээх ширээн дээр сууна, ганцаараа. Харин цаана нь хана руу хараад, хар даашинзтай хатагтай суух бөгөөд үйлчлэгч байна хэмээн Ноён Пойрот түүнийг таажээ. Мөн гуч орчим настай гэмээр царайлаг байрын залуу, үзэсгэлэнтэй залуу хатагтайн хамтаар сууж байлаа. Сүүлийн үеийн загварын чиг хандлагаар дэгжин гэгч нь хувцасласан тэрбээр цонхигор царайтайн дээр том хүрэн нүдтэй ажээ. Пойрот түүнээс нүдээ салгаж төвдсөнгүй.
   'Хэрэв би буруу санаагүй бол Унгарын дипломат, гэргийн хамт. Би тэгж бодож байна,' хэмээн Ноён Боук найзынхаа сонирхлыг татсан хүмүүсийг харангаа хэлэв. 'Үнэхээр царайлаг хосууд.'
   Тэгээд МакКьюн болон түүний дарга сууж байлаа. Нүдэнд дулаан төрхтэй ч хүйтэн харц бүхий жижигхэн нүдтэй.
   Ноён Боук Пойротыг кофегоо ууж дуусгах хооронд өөрийн бүхээг рүү буцжээ.
   'Миний охин хэлэхдээ, эндхийн хоолнууд нь тасалбартаа орчихно гэж хэлсэн юмсан.' хэмээн Америк эмэгтэй үйлчлэгчид төлбөр төлөх зуураа Хатагтай Дебенхэмд хандан хэлнэ. 'Гэвч үйлчлэгчид мөнгө төлөх хэрэгтэй боллоо, бас энэ лонхтой усанд. Ядаж байхад бохир ус шүү. Тэдэнд Эвиан байдаггүй нь хачин санагдлаа.' гэж хэлээд тэр өмнөө өрөөстэй зооснуудыг ширтлээ. 'Үйлчлэгчийн өгсөн энэ юмыг хар даа. Динар ч бил үү, юу ч билээ. Миний охин бас хэлэхдээ ~'
   Энэ үед, Мери Дебенхэм эелдгээр хүлцэл өчөөд, ширээг орхин явлаа. Араас нь Хурандаа Арбутьнот босч түүнийг даган гарав. Удалгүй ресторан бүхэлдээ хоосорч, Ноён Пойрот болон МакКьюний захирлаас өөр хэн ч тэнд үлдсэнгүй.
   'Өдрийн мэнд,' гэж тэрбээр аяархан бөгөөд гүнзгий хоолойгоор хэлэв. Түүнийг ирж өөртэй нь хамт суусан нь Пойротыг гайхшруулав. 'Намайг Ратчетт гэдэг. Хэрэв би буруу таагаагүй бол миний бие нь Ноён Херкуль Пойроттой ярилцаж байна, зөв үү?' гэж тэр асуув.
   'Тийм ээ, та зөв таажээ, Монсьиор.'
   'Таныг би нэг ажилд хөлслөх гэсэн юм.'
   'Би одоохондоо завгүй байгаа гэж айж байна.' хэмээн гайхсан Пойрот хариулав.
   'Мэдээж хэрэг. Гэхдээ, Ноён Пойрот, танд би их хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байна. Маш их мөнгө.'
   Пойрот хэсэг хугацаанд бодолхийн чимээгүй сууснаа, 'Та ингэхэд надаар яг юу хийлгэхийг хүсч байна, Ноён ... ммм ... Ратчетт?' гэж асуув.
   'Ноён Пойрот, би чинээлэг хүн, тун чинээлэг хүн. Харин над шиг ийм хүмүүс үргэлж л дайсантай байдаг хойно доо, хэн нэгэн нь намайг хөнөөхөөр заналхийлсэн. Хэдийгээр би өөрийгөө аргалж дөнгөх ч гэлээ,' гэж хэлээд тэр Пойротод халаасан доторх буугаа хальт харуулав. 'Би туйлын сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Санаарай, бид их мөнгөний талаар ярьж байгааг, Ноён Пойрот.'
   Пойрот мөн л хэдэн секунд бодолхийлэв. Эцэст нь тэр, 'Уучлаарай, Монсьиор, танд би тусалж чадахгүй нь.' гэлээ.
   'Танд $20.000 өгсөн ч гэсэн үү?' гэж хэлээд Ратчетт инээмсэглэв.
   'Тийм ээ, Монсьиор.'
   'Яагаад болохгүй гэж? Энэ хэргийн юу нь таны сонирхлыг татахгүй байна?'
   Пойрот босч зогсоод, 'Бүдүүлэг загнаж байгаад уучлаарай, гэхдээ та надад таалагдахгүй байна, Монсьиор Ратчетт,' хэмээн тэр шулуухан хариулав.
   Ориент Экспресс галт тэрэг Бельградад ирэхэд цаг үдшийн 9 хүрэхэд 15 минут дутуу байлаа. Ноён Боук Афинаас ирээд удаагүй байсан галт тэргэнд суусан бөгөөд оронд нь түүний 1 дугаарын бүхээгт Ноён Пойрот орсон байна. Цагийн зүү 21:15~г заах үед гадаа цас хаялж, галт тэрэг цааш хөдөлж эхлэв.
   Урьд өдрийн танихгүй зорчигчид энэ удаад илүү танил санагдах болжээ. Хурандаа Арбутнот бүхээгнийхээ хаалганы дэргэд зогсоод МакКьюнтэй ярилцана.
   Пойротын шинэ бүхээгнээс хоёр хаалганы цаана хөгшин Америк эмэгтэй, Хатагтай Хаббард, өнөөх хоньтой төстэй авхайтай хөөрөлдөнө.
   'Өө, энэ хүйтэн цаг агаарыг ээ! Өглөө болоход толгой чинь зүгээр болно гэж найдая. Чамд аспирин байхгүй гэж үү? Чи итгэлтэй байна уу? За тэгвэл, сайхан амраарай, хонгор минь.'
   Салах ёс гүйцэтгээд тэр эргэхдээ Пойротод хандаж, 'Хөөрхий эмэгтэй, Швед юм байна. Мөн багшилдаг бололтой. Эелдэг гэж жигтэйхэн ч Англиар сайн ярьдаггүй нь тоогүй. Уг нь охины маань талаар их л сонирхон сонсч байсан юмсан.' гэлээ.
   Пойрот, яг л галт тэргэн дэх бусад зорчигчдын адилаар одоо Хатагтай Хаббардын Турк дахь Америк коллежид багшилдаг охиных нь талаар мэдэх боллоо. Мөн тэд Хатагтай Хаббардын туркчуудын талаарх, бас тэдний залхуу хэвшил болон замынх нь тааруу нөхцөл байдлын талаарх сэтгэгдлийг нь альхэдийнэ мэдсэн байна.
   Удалгүй тэдний дэргэдэх хаалга нээгдэж, дотроос нь туранхай, цонхигор царайтай эрэгтэй үйлчлэгч гарч ирлээ. Бүхээг дотор, орон дээр Ноён Ратчетт сууж байхыг Пойрот харж амжив. Тэгээд хаалга хаагдаж орхилоо.
   Хатагтай Хаббард Пойрот руу улам дөхөж ирэв.
   'Та мэдэж байна уу, би тэр хүнээс жаахан жийрхээд байна.' гэж шивнэв. 'Үйлчлэгчээс биш ээ, нөгөө хүнээс нь. Би түүнийг аюултай хүн гэдгийг бүр мэдрээд байна аа. Тэр тусмаа миний зэргэлдээх бүхээгт байрлаж байгаа нь надад таалагдахгүй байна. Хэрэв тэр зандалчин байж таарвал би л лав гайхахгүй дэг.'
   Хурандаа Арбутнот, МакКьюн хоёр хонгилоор нааш ирцгээж байв. 'Миний бүхээгээр ор л доо,' гэж МакКьюн хэлэв. 'Тэгээд хоёулаа цааш нь ярьцгаая. Тэгэхээр, та Энэтхэгт байгаа британичуудыг ~'
   Тэднийг МакКьюний бүхээг орохтой зэрэгцээд яриа нь дуулдахаа болив.
   'Би явж орондоо орлоо,' гэж Хатагтай Хаббард Пойротод хэлэв. 'Сайхан амраарай.'
   Пойрот ч мөн адил өөрийн бүхээгтээ оржээ. Түүний бүхээг Ратчеттынхаас нөгөө талд нь байрлаж байсан юм. Пойрот орондоо ороод, нэг, тэгээд хагас цаг орчим хэртэй юм уншиж байгаад гэрлээ унтраалаа.
   Хэдэн цагийн дараа хэн нэгний орилох дуунаар тэр сэрэв. Өвдсөндөө орилох дуу шиг байх бөгөөд холгүйхэн сонсогдоно. Төд удалгүй түүнийг дагаад хонх жингэнэж эхлэв.
   Пойрот босч суугаад, гэрлээ даруй асаахдаа галт тэрэг зогссон байгааг анзаарав. Тэгээд тэр зэргэлдээх бүхээгний Ратчеттыг санаад, орноосоо босч, хаалгаа онгойлголоо. Тасалбар түгээгч энэ үед корридороор яаравчлан ирж байлаа. Тэр Ратчеттын хаалгыг тогшив. Хариу өгсөнгүй. Тэр хоёр дахь удаагаа тогшлоо, энэ үед корридорын төгсгөлөөс дахин хонх жингэнэж, гэрэлнүүд асав. Харин Ратчеттын бүхээгнээс хоолой сонсогдов. 'Ce n'est rien, Je me suis trompe.' (Юу ч биш дээ, би алдаа гаргачихлаа.)
   'Ойлголоо, Монсьиор,' гэж тасалбар түгээгч хэлэв. Тэгээд тэр дахин яаравчилсаар гэрэл ассан хоёр дахь хаалгыг зүглэн явлаа.
   Пойрот эргээд орондоо орлоо, тэгээд цагаа хараад, гэрлээ унтраав. 01:00 цаг болоход 23 минут дутуу байв.
   Тэр унтаж чадсангүй. Галт тэргэн доторх чимээнүүд хэтэрхий тод байлаа. Зэргэлдээх бүхээгт Ратчеттын хөдлөх нь, мөн корридороор зорчигчдын нааш цааш холхилдох нь сонсогдоно.
   Пойротын ам цангаж байсан бөгөөд ус захиалж авчруулахаа тэр мартсан байв. Тэр бугуйн цаг руугаа дахин харлаа. 01:00~с 15 минут өнгөрсөн байна. Тэр хонх дарж, тасалбар түгээгчийг ирэх үед ус авчруулах талаар бодон хэвтэж байтал дахиад нэг хонх жингэнэв. Тинг ... тинг ... тинг ...
   Пойрот хүлээлээ. Тасалбар түгээгч нэгэн зэрэг хоёр бүхээгт үйлчилж чадахгүй шүү дээ.
   Хонх дахиад, бас дахиад дуугарлаа. Хэн нэгэн нь тэвчээр алдарсан нь илт. Эцэст нь нэг юм тасалбар түгээгч ирлээ. Түүнийг уучлалт хүсэхийг Пойрот сонсов. Удалгүй эмэгтэй хүний хоолой дуулдав, энэ Хатагтай Хаббардынх байлаа. Тэр тасалбар түгээгчтэй жаал юм ярив. Харин тасалбар түгээгч түүнд тавтай нойрсохыг ерөөж, хаалга хаагдав.
   Пойрот энэ мөчийг ашиглаад, өөрийнхөө хонхыг дуугаргажээ. Тасалбар түгээгч ирэх үедээ сэтгэл гонсгор байлаа. 'Энэ Хатагтай Хаббард байна,' гэж тайлбарлаад, 'Тэр хэлэхдээ, өрөөнд нь хүн байна гэсэн. Төсөөлж байна уу, тийм хэмжээтэй өрөөнд шүү! Тэр хаана нуугдана гэж? Би түүнд энэ бол боломжгүй зүйл гэж хэлсэн, гэвч тэр сонсоогүй. Бидэнд санаа зовох хангалттай их зүйлс байна, тэр тусмаа энэ цас~'
   'Цас?'
   'Тийм ээ, Монсьиор. Галт тэрэгний зам дээр хэтэрхий их цас унасан байна. Тэгээд галт тэргийг зогсоох шаардлагатай боллоо. Магадгүй бид энд хэдэн өдөр ч саатаж болох юм.'
   Тэр Пойротод ус авчирч өгөөд, тавтай нойрсохыг хүслээ.
   Пойрот шилэн аягатай усаа уугаад, төдий л удалгүй нойрсч эхэллээ. Гэсэн ч тэр хэсэг хугацааны дараа эргээд л сэрэв. Зэргэлдээх бүхээгнээс дахиад л чанга дуу гарсан нь энэ байлаа. Хаалгыг налаад ямар нэгэн хүнд юм унах чимээ? Тэр орноосоо шалавхан гэгч нь босоод гарч харлаа. Тэнд юу ч байсангүй, улаан даашинзны хормой корридорын төгсгөлд дэрвэн өнгөрснийг эс тооцвол. Харин корридорын нөгөө төгсгөлд тасалбар түгээгч ямар нэгэн бичиг цаастай зууралдан сууна. Аниргүй байдал ноёлно.
   'Би санаа зовохоо болих хэрэгтэй,' гэж тэр өөртөө хэлээд, хөнжилдөө эргээд оров. Энэ удаад тэр үүр цайтал нойрсжээ.

Хоёрдугаар бүлэг: Хэрцгий, бас Аюултай Хүн.
(Орчуулмагцаа энд линк холбоно оо.)

0 comments:

Post a Comment